11.22.2020

Анхны малчид – Энеолит буюу зэс чулууны үе

 


Төв Азийн хувьд одоогоос 5300 - 4600 жилийн тэртээ үйлдвэрлэх аж ахуй бий болж, шинэ соёлууд үүсэн бүрэлдсэн байна. Энэ бүс нутгийн оршин суугчид мал аж ахуй, газар тариаланд шилжин орж, зэс ба хүрлийн төмөрлөг эзэмшиж байсан бол уул-тайгын оршин суугчид анчид, загасчид хэвээр үлджээ.

Зэс чулууны үед Төв Азид бие биеэс харилцан хамааралтай болон эс хамааралтай 4 угсаа соёлын бүс нутаг зэрэгцэн оршиж байсан байна.

-Дорнод хээр талын (Дорнод Монгол ба Өмнөд Өвөрбайгаль)

-Дорнод ойн (Дорнод Монгол Өмнөд Өвөрбайгаль)

-Өмнөд (Монголын говийн бүс ба Умард Хятад)

-Өрнөд (Баруун Монгол) болно.

Эдгээр нь тус бүрдээ дурсгалуудын шинж төрх, соёлын ерөнхий төрх, соёл түүхийн хэлхээ холбоо зэргээрээ ялгаатай юм.

Сэлэнгэ мөрний дунд урсгал, Шилка, Эргүнэ голын хоорондох хөндий, Онон голын сав нутаг, дорнод Монголын хээр тал зэрэг өргөн уудам нутгийг хамарсан угсаа соёлын нийтлэг энеолитийн үед бүрэлдсэн байна. Энэ үед Дорнод Монгол ба Өвөрбайгалийн хээр талын оршин суугчдын хувьд мал аж ахуй аажмаар голлох аж ахуйн нэг болсон бололтой. Үүний зэрэгцээ Өвөрбайгаль ба Дорнод Монголын оршин суугчдын амьдралд энэ үед анх удаа төмөрлөг – зэс ба хүрэл орж ирсэн билээ. Төмөрлөгтэй дөнгөж танилцсан төдийгүй түүнийг боловсруулж байсан болохыг зарим нэгэн олдворууд болон зэс-хүрлийн баас, дуслууд гэрчилдэг юм.

Зэсийг боловсруулах арга ажиллагаа 4 үе шатыг дамжин хөгжсөн байна. Эхэндээ зэсийг чулууны адил давтаж боловсруулдаг байсныг “хүйтэн боловсруулалт” гэж нэрлэдэг. Хоёрдугаар шатанд цул зэсийг хайлуулж задгай хэвэнд цутгах болсон бол гуравдугаар шатанд зэсийн хүдрийг хайлуулж эхэлжээ. Дөрөвдүгээр шатанд зэс дээр нэмэлт төмөрлөг хийж зохиомол төмөрлөг гаргасан нь хүрэл юм.

Тухайн бүс нутагт энеолитийн үед гэрийн тэжээмэл малыг оршуулгын зан үйлд ашиглах явдал үзэгдэх болжээ. Неолитийн үед булшин дээр ямар нэгэн танигдах тэмдэг тавьдаггүй юм уу эсвэл сийрэг байрласан цөөн чулуу тавьдаг байсан бол энеолитийн үеэс булшнуудыг том хавтан чулуугаар дарж тавьдаг болсон нь хээр талын дунд холоос үзэгдэх бараатай болсон байна. Ингэснээрээ тэд малчдын овгийн болон гэр бүлийн оршуулга байгаа газраа бэлчээр нутаг болгон эзэмших эрхтэйг баталгаажуулсан тэмдэг болж байгаа мэт юм.

Умард Монгол, Өвөр байгалийн соёлын суурингуудаас илэрсэн ясны олдворууд дотор загас (хэлтэгэ, улаан нүдэн, алгана, цурхай), зэрлэг амьтан (хар сүүлт, хандгай, буга, гахай, зээр, туулай, нугас, галуу), гэрийн тэжээмэл амьтад (адуу, үхэр, хонь) тохиолддог байна. Булш ба суурингаас нохойны оршуулга, ан агнуурын болон загас агнуурын багаж хэрэгсэл олдож байгаа нь, мөн зэрлэг ан амьтдын яс гэрийн тэжээмэл амьтны яснаас илүү олон олдож байгаа нь Өмнөд Өвөрбайгаль ба Дорнод Монголын оршин суугчдын хувьд ан агнуур урьдын адил голлох үүрэг гүйцэтгэж байсныг харуулж байна. Мал аж ахуй магадгүй газар тариалан үндсэн аж ахуй болж хараахан чадаагүй байна.

Гэтэл мөн цаг үеийн Говийн дурсгалуудаас тариа нухах самбар чулуу, нүдүүр, нухуур олноор олддог юм. Эдгээр нь зээтүү хэлбэрийн зарим эдлэлийн хамтаар аж ахуйд томоохон өөрчлөлт гарч газар тариаланд шилжин орж байсныг харуулдаг. Энэ үеийн дурсгалууд томоохон хотгор газарт хатсан гол , нуурын эргээс олдож байгаа нь тухайн үед одоогийнхоос илүү дулаан, чийглэг уур амьсгалтай байсныг гэрчилж байна.

Хүн амын төрхийн хувьд Өмнөд Өвөрбайгаль ба Дорнод Монголын ойн ба тал хээрийн бүсэд монголжуу төрхийн хүмүүс оршин амьдарч байжээ. Ойн анчид, загасчид хүрээлэн буй орчиндоо дасан зохицох урьдын хэлбэрээ боловсронгуй болгож байсан бол талын оршин суугчид мал аж ахуй магадгүй газар тариаланг эзэмшиж байжээ. Үүнд НТӨ 3-р мянганы сүүл үеэс 2-р мянганы эхэнд болсон цаг уурын өөрчлөлт чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ үед Монгол ба Өвөр байгальд цаг агаар хуурайших үйл явц явагдсан нь эцэстээ хөгжингүй мал аж ахуйг голлох аж ахуй болгон сонгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Аж ахуйн өөрчлөлт нь улмаар эдийн соёл ба оршуулгын зан үйлд өөрчлөлт гараад зогсохгүй аажмаар угсаа соёлын ялгаа болж гүнзгийрсэн гэж үзэж болно.

“Монголчууд” номноос

No comments:

Post a Comment