Даду хан хаан ширээнд суугаад Бугя хаан цол авчээ. Энэ
үед Даду хан Туу ябгу-ийн удам дотроос хамгийн ахмад нь болоод байв. Хятад
сурвалжид Даду хааныг бас Дяньгю гэж нэрлэдэг бол визант сурвалжид Тарду гэж тэмдэглэх боловч зарим тохиолдолд
зүгээр хаан гэж дурдах тал бий.
Грек сурвалжийн мэдээгээр баруун түрэгийн Тарду ябгу
түрэгийн хаан ширээнд суухаасаа өмнө их төлөв Кучагийн арын Эктаг уулнаа
өргөөлж байсан билээ. Хаан болоод 600
оны 6 сард одоогийн Хөх хотын чиглэлээр Суй улсын хил руу довтлов. Шочжоу
хотоос Ши Ваньсуй Даду хааны цэргийг угтаж мордлоо. Далан хар уул хүрэхэд
Тардугийн цэрэг зууралдан байлдалгүй буруулав. Араас нь мөшгөсөн Суйгийн цэрэг
2 мянгаад хүнийг алсан байна.
Суй улс бас Линчжоу руу ханхүү Ян Су-гийн цэргийг илгээв.
Дациньшаньд Суй улсын цэрэгтэй зууралдан байлдахаас зайлсан Тарду хаан
дүүгийнхээ хүү Эльтеберийг илгээж Жаньганийг говийн зүүн талаас довтлуулав. Ян
Цзянь хаан Жаньгань руу туслах цэрэг илгээж чухал боомт, гарцуудыг хаасан
байна. Амжилт олоогүй Эльтебер эцсийн эцэст ухарчээ.
Өөрийнх амийг аварсанд Жаньгань талархаж Суй улсын хаанд
захидал илгээсэн байдаг. Даду хаан дахин Тули хан Жаньганийг довтлох байх гэж
эмээсэн Суй улсын хаан Чжао Чжунцинд 2 түмэн цэрэг өгч түүнийг хамгаалав.
601 оны хавар Даду хан 1 буман цэрэг авч Хэнань-д Дай
тойргийн цэргийн захирагч Хань Хуныг хотод нь бүсэлж бутцохижээ. Энэ үед Чжао
Чжунцин жанжин Лэнинчжэнээс гарч түрэгүүдийг отоонд оруулж, 1000 гаруй түрэг
цэрэг хороов.
602 онд Түрэгийн Аусыли иркин гол гаталж, Тули ханыг
довтолж 6000 хүн, 2 буман толгой мал булаажээ. Суй улсын ханхүү Ян Су түрэгийн
Аусыли иркиныг довтолж, Тули ханаас булаасан бүхнийг буцаан авч өгөв. Суй улсын
цэрэг гол гаталж буцмагц Аусыли-гийн аймаг дахин Тули хан Жаньганийг довтолсон
боловч Ян Су цэрэг илгээж тэднийг ухраав.
Даду хаан Тули хан Жаньганийг байнга шахуу уулгалах
болсон учир нь Юнюйлюй хааныг амьд байхад 599 онд Суй улсад зугтаж очсон Тули
хан Жаньганийг, Суй улсын Ян Цзянь хаан Түрэгийн хаанд өргөмжилж, Киминь цол
өгсөнд байлаа. Даду хаан түрэгийн хаан суурин залгамжлах ёсыг зөрчиж, чуулган
зарлалгүй дураараа хаан болсон учир Тули ханыг устгахыг удаа дараа оролджээ.
Даду хан Суй улстай ид байлдаж байсан 602 оны эхний
хагаст Баруун түрэгийн өндөр тэрэгтэн аймгууд Нили хан, Еху хоёрыг довтолж
бутцохижээ. Түүнчлэн өндөр тэрэгтэн нарын дарамт шахалтаас болж түрэгүүд улс
орноо орхин нүүж эхлэв. Түрэгээс 90 мянган хүн Суй улсыг зорьжээ. Түрэгийн
захиргааг хүлээн зөвшөөрч байсан аймгууд ч нүүж суух болов. Өндөр тэргтний
бослого 603 онд ид хүчээ авч, сыцзе, фулицзюй, хунь, хуса, аба, пугу гэсэн
арваад аймаг нэгдэж Даду хааныг довтолсонд аймаг улс нь бутарч Даду хаан өөрөө
Тугухунь улс руу зугтааж, сураг алдарчээ.
Түрэгийн Түмэн хаанаас хойш хаан ширээнд суусан 8 хаан
бүгд түүний удмаас гарсан хаад. Харин Даду хаан бол Түмэн хааны дүү Истеми
ябгу-гийн ахмад хүү билээ. Түүний 4 жилийн хаанчлалын дараа Түрэг улс хоёр
салж, 460 оноос хойш тэдний нутаг болж байсан Алтай нуруу хоорондынх нь хил
хязгаар боллоо.
Түрэг улс Орхон голын сав газар ба Талас голын саваар
төвлөрсөн зүүн, баруун хоёр улс болон хуваагдан салж, зүүн нь Төлж, баруун нь
Тардуш гэж нэрлэгдэх болжээ.
No comments:
Post a Comment