12.27.2019

Шиби хааны үеийн зүүн Түрэг улс


609 онд нас барсан зүүн Түрэгийн Киминь хааныг түүний хүү Дуги шад залгамжлав. Шиби цол авчээ. 615 хүртэлх түүний хаанчлалын мэдээ баримт ховор.
Түрэгийн сүүлчийн хаадын үед бараг тасралтгүй үргэлжилж байсан дотоодын дайн байлдаанд чирэгдэж байсан түрэгүүд 603-615 оны үед хэдийгээр Суй улсын хилд ойр нутаглаж, хаад нь тэднээс ямар нэг байдлаар хараат явсан хэдий ч элдэв байлдаангүй хэсэг зуур амгалан суусан бололтой. Шиби хааны харъяат ард иргэдийн тоо олширч аажмаар хүч чадал нь сэргэж ирэв. Энэ явдал эсрэгээр Суй улсын шүдний өвчин боллоо.

Суй улсын түшмэл Пэй Цзюй эзэн хаандаа “уг нь түрэгүүд энгийн ойлгомжтой тул та ядах юмгүй тэдний дунд хагарал үүсгэж чадах ч харамсалтай нь тэдний дунд олон ху (согд) нар амьдрах болжээ. Харин тэд их зальтай, хортой аргатай. Тэд нар л түрэгүүдийг сургаад байна. Би Шишухусы гэгч нэгэн Шиби хааны дэргэд байж олон хорлонтой үйл сэтгэж хаанд үйлчилдэг гэж сонссон, түүнийг устгавал зохилтой” гэж нэг удаа айлтгажээ. Суй улсын хаан Ян Гуан түүний хүсэлтийг зөвшөөрсөнд Пэй Цзюй ... Шишухусы-д “Тэнгэрийн хүү олон тооны үнэт эд агуурс худалдаалахаар гаргалаа, тэр одоо Ма И хотод байна. Бүдүүлгүүдтэй хөлтэй наймаа хийх амой. Хэн эрт ирнэ, тэр сайныг авна” гэж хэл хүргүүлжээ.

Шишухусы сувдаг бөлгөө. Шиби хаанд хэлэлгүй хамгийн түрүүнд худалдаа хийх хүсэлдээ автан өөрийн хүрээг авч, мал сүргээ туун шөнө хүртэл зогсолтгүй явсаар хэлсэн газар нь хүрч Пэй Цзюй түшмэлийн урхинд орж алагдсан байна. Үүнээс болж Шиби хаан дотроо Суй улсад дургүйцэх болов. Пэй Цзюй бас Шиби хааны дүү Чицзи шадад Суй улсын хааны ургаас хатан буулгаж хооронд нь яс хаяхаар оролдсон нь Шиби хааны дургүйг улам хүргэжээ.

Суй улсын эхний хааны үед хуримтлуулсан баялаг сан, улсын хүч чадал дараагийн Ян Гуаны хаанчлалын эхэн үед маш богинохон хугацаанд дундарч багасах болжээ. Хамгийн гол нь жирийн иргэдийн өчүүхэн ч эсэргүүцлийг цус урсган дарж, хүй элгээр хядах болсон нь эргээд томоохон бослого хөдөлгөөн гарахад нөлөөллөө. Үүнээс гадна Ян Гуан хойд 3 хөрш Когүрю, Тугухунь, Түрэгтэй дайтаж эхэлжээ.

Байнга гарах болсон нэгэн бослогын үеэр Ян Гуан хаан хил хязгаар шалгах нэрээр 615 оны 8 сард нийслэл Лоянаас гарч Фэньянгун ордонд иржээ. Энэ үед Шиби хаан түүнийг цэрэглэж гэнэт довтлохыг оролдсон байна. Түүний санааг 599 онд Киминь хаанд өгсөн хожим нь Шиби залгаж авсан Ичэн гэх хятад хатан задалж элч илгээн мэдэгдсэн байна. Ян Гуан яаралтай зугтаж, Яньмэнь-д очсон ч Шиби хаан хотод нь бүслэн хаажээ. Шиби хаан Ян Гуаныг бүслэхийн хамт Яньмэнь, Госянь хоёр хотоос бусад 39 хотыг эзэлжээ. Яньмэнь-д Ян Гуан түгжигдсэн үед Госянь-д ханхүү Ян Цянь нөөц цэргийн хамт түрэгүүдтэй тулалдаж байв.

Суй улсын хаан хотод бүслэгдэн суух үедээ модонд зарлиг сийлж, голын усанд хаяж ойр орчмын захирагч нарт мэдэгдэж, туслах цэрэг дууджээ. Тэд цэрэг авч туслахаар ирэхэд Түрэгийн Шиби хаан цэргээ татаж буцжээ.

Энэ үеэс эхлэн Суй улсад хямрал нүүрлэж, энд тэндгүй тариачдын бослого гарч үүнийг далимдуулан язгууртнууд бие даах болов. Шофаныг мэдэж байсан Лян Шиду түшмэл Түрэгийн Шиби хааныг дагалаа. Шиби түүнд Даду Бицзя хаан цол өгч чонын толгойт туг олгожээ. Лян Шиду зарим түрэг овгийг Шофанд суулгажээ. Яньмэнийг захирах Лю Учжоу мөн Түрэгээс цэрэг агтны тусламж авч байлаа. Шиби хаан түүнд Динянь хаан цол өгч бас чонын толгойт туг өгчээ. Түүнчлэн Увэйн захирагч Ли Гуй, одоогийн Хэбэйн зарим газрыг захирч байсан Доу Цзяньдэ, Ланьчжоу-д сууж байсан Се Цзюй мөн Ван Шичун нар Түрэгтэй холбоо тогтоолоо. Хожим Тан улсын анхны хаан болсон Ли Юань бас 617 оны 6 сарын 19 нд зүүн Түрэгийн Шиби хаанд Лю Вэньцзинийг элчээр илгээж холбоо тогтоон тусламж хүсчээ. Ли Юань захиандаа “цэрэг босгохыг хүсч байна... эзэн та (Шиби хаан) чадвал надтай нэгдэж өмнө зүг хөдөлнө үү” гэж бичиж байв. Түүнийг Лунмэнд байхад Шиби хаан тегин Кан Шаоли-д 500 цэрэг 2000 морь өгч илгээв. Кан Шаоли тегин, Ли Юань-тай 10сарын 15 нд нэгдэж дараа нь тэд Ханьчэнийг эзэлжээ. Чананийг эзлэхэд дэмжиж, Ли Юань-д нэмж 2000 морьт цэрэг өгчээ. Ли Юань удалгүй хаан болж Тан улсыг байгуулснаа зарлав.

Тэр үед Түрэг улс дахин хүчирхэгжиж Киданаас баруун тийш Тугухунь, Гаочан хүртэлх бүх улс, овог аймгууд Түрэгийг дагах болжээ.

618 оны 6 сард Суй улсыг Тан улс халсны дараа урьдын холбоотнууд санал зөрж хоорондоо дайсагнах боллоо. Шиби хаан 619 оны 2 сард цэрэглэн гол гаталж, Сячжоу-д ирж буув. Шофаны захирагч Лян Шиду түүнтэй нэгдсэн бол Шиби хаан, Ма И-гийн захирагч Лю Учжоугийн цэрэгт нэмж 500 морьт цэрэг өгч, одоогийн Шаньси мужийн Дайсянь-аас баруун хойш буй Гоучжу уулнаас Тайюань-ийг идэхээр мордуулжээ. Гэвч энэ төлөвлөгөө хэрэгжсэнгүй. Тан улсын золоор Түрэгийн Шиби хаан 619 оны 3 сард гэнэт өвдөж үхэв.Түүний хүү Шибоби хаан суухад нас нь хэтэрхий бага байсан тул Нибу шад болгож, Ючжоу тойргийн чанх ард өргөөлж, зүүнгарыг захируулж байхаар илгээжээ. Шиби хааны дүү Эльтебер шадыг хаан өргөмжилж, Чуло хаан хэмээн нэрлэв.
“Монголын эртний түүх”

No comments:

Post a Comment