588 оны 8 сард болсон Гератын тулалдаанд алагдсан Чулохоу
хааны хүү Жаньгань эцгийн адил Тули хан болж Түрэгийн хаант улсын дорнод
хэсгийг захирахын хамт хил залгаа кидан, кумоси, байси, гучин татар, шивэй
зэрэг хөрш аймгуудыг хянаж, тэднээс татвар хураах хэргийг хариуцдаг байжээ.
Суй улстай 597 онд ураг барилдсны дараа тэрээр нэг хэсэг
түрэгийн хуучин бууц Дуцзиньд нутаглахыг оролдсон ч Юнюйлюй, Даду хоёрт байнга
довтлуулж, арга буюу говийн өмнүүр Шочжоу тойрогт байгуулсан Даличэн хотод суух
болжээ. Юнюйлюй, Даду нарын довтолгоо ширүүссэн тул Жаньгань дахин нүүж Хэнаньд
шилжэн суув. 607 онд Тули хан Жаньгань улс орноороо аялж явсан Суй улсын хааныг
одоогийн Хөх хотын өмнүүр урсах Цзинхэ голын дэргэд хүлээн авч уулзсан байдаг.
Юнюйлюй, Даду хоёр нэг удаа Жаньганийг довтлоход тэрээр
зугтаж Суй улсын нийслэлд 599 оны 5 сард хүрэлцэн очжээ. 7 сард нь Суй улсын
хаан Ян Цзянь түүнийг Түрэгийн хаанд өргөмжилж, Иличжэньдоу Киминь цол
өргөмжлөв. Суй улсын энэ бодлогын улмаас Түрэг улс түүхэндээ анх удаа хоёр
хаантай болж хүн ард нь хуваагдахад хүрчээ. Гэвч хятад сурвалжийн мэдээгээр
Жаньганийг 10-20 мянган хүн дагаж байсан тул түүнийг 599-603 оны үед нөлөө
бүхий хаан байсан гэж тооцох аргагүй.
Харин өндөр тэрэгтнүүдэд ялагдан сураггүй
болсон Даду хааны дараа Киминь хааны эрх мэдэл аажмаар нэмэгдэж хуучин Юнюйлюй,
Даду нарт захирагдаж байсан зүүн түрэгүүд түүнийг дагах нь ихэсжээ. Зүүн
Түрэгийн хаант улсын голомт ингэж говийн өмнө шилжсэн бөгөөд Жаньганиас хойшхи хаад гол төлөв одоогийн
Өвөр Монголын төв хэсгээр суух болсон байна.
Даду хаан ялагдаж зугтсны дараах хэдэн жилд Зүүн түрэгийн
нутагт ямар үйл явдлууд болж өнгөрснийг мэдэх аргагүй. 603-607 оны үед
холбогдох сурвалжийн мэдээ баримт байдаггүй.
Баруун Түрэгийн Чурын хаан Зүүнгарын өндөр тэрэгтнүүдтэй
байлдаж байх 605 оны орчим говийн
умардад, Туул голын араар нутаглах пугу, тунло, баегу аймгууд Түрэгээс
тусгаарлажээ. Тэгээд ч энэ үед говийн арын нутагт жинхэнэ түрэг овог аймгууд
нутаглаж байсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь 597-601 оны үед холбогдох хятад
сурвалжид хэд хэдэн удаа 10, 20 болон 90 мянган түрэгүүд удаа дараалан говийн
өмнөх нутагт нүүн ирж Жаньганийг дагах болсон гэж тэмдэглэсэн байдаг.
Киминь хаан Монгол орны өндөр тэрэгтэн нарыг буцааж
хураахыг оролдоогүй бололтой. Гадаад харилцааны хувьд ч бие даасан бодлого алга
болжээ. Урьд элч илгээж байсан Когүрё улсаас 607 онд элч ирэхэд Киминь хаан Суй
улсад мэдэгдэж байлаа. Тэр зөвхөн Суй улсын шинэ хаан Янди-тай хэдэн удаа
уулзсан, түүнд талархсан гэх мэдээ байна. Киминь хаан 609 оны 12 сард үхжээ.
No comments:
Post a Comment