552 онд Амгай
хааныг тэнгэрт хальсны дараа түүний хүү Амаржин Умард Ци (549-577 он) улс руу зугтан оджээ. Амьд үлдсэн Жужанчууд Амгайн эцгийн бага дүү
Дэншуцзыг өргөмжлөн удирдагч болголоо. Удалгүй түрэгийн хаан Түмэн нас барж,
түүний сууринд хүү Коло нь Исиги хаан цолтойгоор суусан ба тэр Жужаны Дэншуцзы
хаантай Му Лай ууланд тулалдан ялсан байна. Гэвч түрэгийн Коло хаан нас
эцэслэв. Ингээд Коло хааны дүү Кигинь Муюй хаан цолтойгоор сууринд суужээ.
Үйл явдал ингэж
өрнөжээ. Амгайн хүү Амаржин явахдаа үеэл ах сэлифа цолт Дэнчжу болон түүний
хөвгүүн Годойн албат нарыг авч явсан. Зугталгүй үлдсэн Жужанчууд 552 онд Дэнчжугийн хоёрдугаар хөвгүүн
Тибэдийг өргөмжлөн удирдагчаа болгосон байна.
553 онд Умард Ци улсын хаан Вэн Суан Ти,
Дэнчжу болон түүний хөвгүүн Годой нарыг нутагт нь буцаажээ. Удалгүй Тибэд
хааныг Хятан нар довтлон хороосны дараа Жужанчууд Дэнчжу сэлифаг өргөмжлөн
удирдагчаа болгов. Гэвч өндөр тэрэгтний Афути нарын эрчүүд түүнийг хороож,
Годойг хаан ширээнд суулгасанд түүнийг эсэргүүцэгчид Амгайн авга ах Дэншуцзыг
хаанд өргөмжилсөн бөгөөд ийнхүү Жужан улс нэгэн үе хоёр хаантай болсон байна.
553 оны сүүлээр
Түрэгийн удирдагч Коло Жужан улсад довтолж, ялалт байгуулснаар Годой хаан албат
нарынхаа хамт Умард Ци улсад очиж хорогдоход Умард Ци улсын хаан Түрэгүүдийг
довтлон хөөж, Жужанчуудыг ивээлдээ аваад зогсохгүй Годойг алж хаан ширээнээс
буулгаад, Амгайн хүү Амаржинг Жужаны хаан болгож, бэлэг сэлт болж, хорогдож
хоолохыг нь хариуцсан байна.
Гэвч удалгүй 554
оны 3 сард Амаржин хаан Умард Ци улсын эсрэг босоход Ци улсын хаан Вэнь Сюань
өөрийн биеэр цэрэглэн Амаржинг ихэд дарсан ч түүнийг олзолж чадсангүй. Мөн энэ
үед Жужанчууд түрэгүүдтэй хэд дахин байлдсан ч ялагдал хүлээсээр байв.
554 оны 4
сард Жужанчууд дахин Умард Ци улсад
довтолсон ч цохигдон ухарчээ. Ци улсын цэрэг тэднийг араас нь мөшгөн хөөж,
Амаржин хааны эхнэр хүүхэд тэргүүтэй 3 түмэн хүнийг олзлон авсан байна. Амаржин
хаан сураггүй алга болжээ. Энэ үеэр Жужаны Ичжань дархан Баруун Вэй улс руу довтолсон ч мөн ялагдан
хэдэн мянган хүнээ алдав.
Үүнээс хойш 554
оны 5 сард Умард Ци улсын хаан Вэнь Сюань умард зүг довтлон Жужаныг бутцохисон.
554 оны 6 сард 5
түмэн цэрэгтэй байсан Жужанчууд аймаг олноороо дорно зүг рүү нүүж, өмнө зүг рүү
дайран орохыг завджээ. Ци улсын Вэнь Сюань хаан урьдаас бэлтгэлтэй байсан тул
сонин хэлбэрийн халхавч бариулан байлдснаас ихэд ялжээ.
Амаржин хаан
сураггүй алга болсноос хойш Жужаны цорын ганц удирдагч болоод байсан Дэншуцзы
хаан, түүний талын Жужанчуудыг Умард Ци улсын хаан 555 оны 6,7 сард довтлон,
тэдний селифа цолт Айяньди, Лоуади, Тутоуфа нарыг 2 түмэн иргэдийн хамт олзолж,
хэдэн буман үхэр, хонь дээрэмджээ. Ялагдан доройтсон Жужаны язгууртан Лицзяти
гэгч өөрийн аймгийн хамт Умард Ци улсыг дагав.
Үүний дараа
түрэгийн Муюй хааны довтолгоонд ялагдал хүлээсэн Дэншуцзы хаан 1000 гаруй өрх
иргэдээ дагуулан Баруун Вэй улсын нутагт зугтан очжээ. Энэ тухай сурвалжид: “Жужан
Түрэгт шахагдан бүх улсаараа дагаар орохыг хүссэнд Ли Би цэрэг дагуулан тэднийг
угтсан. Шувууны өдөөр сүлжин хийсэн асар бүхий бүрээ гишгүүр, цан хэнгэрэг
болон ихэд хүндэтгэн хүлээж аваад янз бүрийн торго дурдан 6000 толгой шагнажээ”
гэжээ.
Гэвч энэ үед
Баруун Вэй улсыг Умард Ци улсаас хамгаалах гол өмөг түшиг нь Түрэгүүд болж
байсан учраас түрэгийн Мухань хаан Баруун Вэй улсад удаа дараа элч довтолгон
Жужанчуудыг хядахыг шаардан шахалт үзүүлж байлаа. Баруун Вэйн хаан Табгач, Ко
Чжоу Вэнь хатны ятгалгаар хүндэтгэн хүлээж авсан Дэншуцзы хаан тэргүүтэй 3000
хүнийг олзлон Түрэгийн элч нарт өгчээ.
Тэднийг Чаньань хотын Цинмэнь хаалганы
гадна толгойг нь цавчин цаазалсан бөгөөд эрийн цээнд хүрээгүй хүүхдүүд харин
энэ цуст хядлаганд өртсөнгүй. Тэднийг Баруун Вэйн хаан хан хөвгүүд болон
бэйсүүдийн гэрт зарц боол болгон өгчээ. Энэ үйл явдал 556 онд болсон бөгөөд
Жужан улс бүр мөсөн мөхсөн байна.
No comments:
Post a Comment