6.04.2019

Хөхлүд хааны үеийн Жужан (Нирун) улс

410 онд Тоба Вэй улсын Тай-цзу хаан Жаруны эсрэг гэнэдүүлэн довтлоход тэрээр зугтан зайлах замдаа нас баржээ. Энэ үед түүний хүү Дуба нь нас бага байсан тул нүүдэлчид Жаруны дүү Хөхлүдийг Айкугай кэхань буюу Вэй улсын хэлээр “сайхан шинжит хаан” цолтойгоор Жаруны орыг залгуулжээ. Хөхлүд хаан ор суугаад умардад Хэшуе эзэмшлийг нэгтгэн, зүүн тийш Биличэнь хүрээг довтолжээ.
Энэ үед Жужан улс нь гадагш дайн тулаан хийсэн талаар өөр баримт байхгүй бөгөөд хаан харьцангуй энх тайванч бодлого явуулж, элдэв зөрчлөөс аль болох зайлсхийж явжээ. 411 онд Жужаны Хөхлүд хаан элч заран Янь улсын Фэн Ба хааны охин Ло Лан гүнжийг гуйж, 3000 адуу өргөжээ. Фэн Ба түшмэдүүдтэйгээ зөвлөн, тэднийг эсэргүүцэхэд “охин хүн угаас нөхрөө дагах тавилантай. Мянган мод газар юуны хол билээ. Хаан би өөрөө бусдын заншлыг хүндэтгэдэг учраас яахин мэхэлж болох билээ” хэмээн зөвшөөрөн, 2000 морьт цэргээр хамгаалуулан охиноо Жужанд хүргүүлжээ.
Ийм холбоог Вэй улс сайшаагаагүй нь илт билээ. Вэй улсын явуулгаар 411 онд Юэхоудодицянь тэргүүтэй Хөхлүдийн садангийн хэдэн зуун хүн Хөхлүдийг орхин Умард Вэй улсын ивээлд орохоор оджээ. Хөхлүд амгалан байдлыг эрхэмлэж тэдний араас нэхэн уулгалсангүй зөнд нь орхисон байна.
Үүний хор уршгаар Хөхлүдийг Жужаны хаан суудлаас авч хаях ордны хуйвалдаан, төрөл төрөгсөд, авга нарынх нь дунд эрчимжиж иржээ. Хаан төрийн хэрэг цалгардах, назгайрах шинжтэй болсны золиос нь Хөхлүд хаан өөрөө суудлаасаа эгнэгт зайлуулагдсан явдал болно. Үйл явдал хэрхэн өрнөсөн талаар Вэй улсын сударт ийнхүү бичжээ.
414 онд Янь улсын (409-436 он) хаан Фэн Ба-тай ураг барилдах найрамдлын гэрээ хийжээ. Фэн Ба Хөхлүдийн охиныг эхнэр болгон авахаар тохироод байтал сүйт бүсгүйг хүргэний талд хүргэж өгөх ёстой байсан Хөхлүдийн ахын хүү Булучжэнь “Таны балчирхан охин чинь алс хол газар одох нээ, тэнд гэрээ санан бэтгэрэн шаналж өвчилбөл яана, тиймээс энэ Шули, Удиян нарын түшмэдийн охид үнэн хэрэгтээ инжинд нь хамт явж, тэнд байх ёстой бус уу” хэмээн Хөхлүдэд хэлжээ. Тэрээр зөвшөөрсөнгүй. Гэтэл Булучжэнь тэднийхээс гараад Шули болон бусдад хандан Хөхлүд алс харийн оронд та нарын охидыг инжинд явуулах бодолтой байна хэмээжүхүй. Тэгэхэд нь Шули нар Хөхлүдийн гэрийн орчим шөнө цуглахаар тохирч, Хөхлүдийг гэрээс гарахыг нь отож байгаад барьж авчээ.
Ингээд Хөхлүдийг охиных нь хамт Умард Янь улсын нийслэл Хэлун хот руу илгээжээ. Булучжэнь, Шули, Татар нарт хөөгдөн ордноо орхин ирсэн Жужаны хаан Хөхлүдийг Янь улсын хаан Фэн Ба зочны ёсоор угтан авсан байна. Хөхлүд хаан Фэн Ба-д бичиг барин умард нутгаа буцахыг хүссэнд Фэн Ба: “улсаас холдон түмэн газрын хол явахад дотоодтой ямар ч холбоо байхгүй болно. Хэрэв их цэргээр хамгаалуулан хүргүүлэх бол хоол хүнс, унааг залгуулах хэцүү. Цөөхөн цэрэгтэй явахад хүчин чадал бат биш. Ер нь мянган мод газраас улсыг довтлоход эртний хүмүүс мөхөсддөг байхад хэдэн мянган мод газрыг хэлэх үү” гэхэд Хөхлүд дахин гуйж “би олон түмнийг чирэгдүүлэхгүй, харин надад 300 морьт цэрэг байхад л болно. Лай Цзиньд хүрээд авбал улсын иргэд баярлан хүлээн авах болно” гэсэнд Янь улсын хаан зөвшөөрч түшмэл Ван Лин-г 300 морьт цэргийн хамт түүнийг хүргүүлэхээр томилсонд Ван Лин холын албанаас зүрхшээн Хэй Шань ууланд хүрмэгц Хөхлүд хааныг алаад өөрөө буцжээ.
Үүний дараа хуйвалдагчид Булучжэнийг хаан ширээнд залсан ч тэрээр төрийн хэргийг Шули-д мэдүүлжээ.
Өндөр тэрэгтэн Чилохоу урьд өмнө өөрсдийнхөө удирдагчийн эсрэг босон, Жарунд зам заан өгч Өндөр тэрэгтний хүрээг ялагдуулсан хүн билээ. Жарун үүнд нь ихэд талархан ахлагчаар тавьжээ. Булучжэнь нь Жаруны хүү Шэба-гийн хамт Чулохоугийнд морилон түүний бага эхнэртэй янаг амрагийн харьцаатай болсон байна. Өнөөх эм, эр нөхрөө Татарыг хаан ширээнд залах хүсэлтэй, түүнийгээ батлан алтан хазаар илгээсэн хэмээн Булучжэньд хов хүргэжээ.
Үүнийг сонссон Булучжэнь 8000 морьт цэрэгтэй эргэн ирж, түүнийг бүсэлсэн байна. Чулохоу үнэ цэнэтэй эд юмсаа шатаан, эцэст нь хоолойгоо хэрчин амиа егүүтгэжээ. Үүний дараа Булучжэнь цэрэглэн Татарыг гэнэдүүлэн довтолсон ч тэрээр цэрэг илгээн, Булучжэнийг Шэба-гийн хамт барин цаазлаад өөрөө орыг нь эзлэн суув.
Татар Жаруны авга ах Пухуний хүү юм. Тэрээр эхлээд баруун газрын тусгай хүрээг захирч байв. Ард олныхоо итгэлийг хүлээсэн хүн байсан бөгөөд тэдний дэмжлэгээр Моуханьгэшэнгай хаан буюу “Ялгуусан хаан” цолтойгоор хаан ширээнд заларчээ.
Татар хаан хэдийгээр хаан удмын Юйцзюлюй ургийн хүн боловч хаан ширээг задгамжлан асан Онгудайн удмын хүн биш юм. Баруун Жужаны толгойлогч Онгудайн орыг ахмад хүү Цзегуйчи залгах ёстой байсан боловч түүхэнд дахин нэр гараагүй бөгөөд магадгүй эцгийн хамт барьцаанд үлдэж, тоба нарын гарт амиа алдсан байж болно. Отгон хүү буруулан одоод мөн л үрэгдсэн тул Жарун түүнийг залгамжлан, улмаар Битүбатын угсаа залгамжлалыг үгүй хийж, дангаар захиран суужээ. Түүний дараа хүү нь ор залгах эрхтэй боловч балчир байсан тул дүү Хөхлүд хаан болжээ. Түүнийг үеэл Булучжэнь (магадгүй Цзегуйчжи-гийн хүү байх) хуйвалдаанаар залган авсан. Ингэхдээ тэрээр Жарун Хөхлүд нарын адил цол чимэг хүртээгүй нь угаасаа хууль бусаар хаан ширээнд суусныг харуулна. Булучжэнээс хаан ширээг булаан авсан Татар бол Онгудайн дүү Пухуний хүү билээ.

No comments:

Post a Comment