Хятадын түүхийн
“Го юй” буюу “Улсын өгүүлэл” зохиолд “ Урьд Чэн ван ( НТӨ 1024 – 1005 он) Цияньд язгууртнуудын хуралдааныг хийлгэхдээ Чу
улсыг Цзин жоугийн бүдүүлэг аймаг гэж үзээд ... Сяньбийн хамт тахилгын гал
мануулахаар явуулсан тул хуралдаанд оролцож чадсангүй” гэснээр Сяньби нэр анх
хятад сурвалжид тэмдэглэгджээ. Мөн эртний хятад зохиолд “Сяньби шиг бэлхүүс
нарийн, хүзүү гуалиг” хэмээн шүлэглэн бичсэн нь ч бий.
“Хожуу Хань улсын
судар” “Сяньбийн шастир”-т “Сяньби хэмээгч нь Дунхугийн салбар бөгөөд Сяньби
ууланд очиж сууснаар тийнхүү нэрлэгджээ. Хань улсын эхэн үед Модуньд цохигдон
алс холын Ляодун боомтын гадна дутаан очиж, Ухуаньтай залгаа суухаас өмнө
Дундад оронтой байнгын харилцаагүй байлаа... НТ 49 онд Сяньби анх элч
илгээжээ” хэмээжээ.
Хүннүгийн Модунь
шаньюйд цохигдсон Дунху нар Ухуань, Сяньби хэмээн хоёр хуваагдан зугтаж,
Ляодунгийн боомтын гадна очиж суужээ. Сяньби нар Хүннүгийн зүүн гарт багтан,
Ухуаний ард сууж байсан тул Хань улстай шууд
харилцаа үгүй учир сурвалжид нэг хэсэг тэмдэглэгдсэнгүй. НТ 45 онд
Сяньби болон Хүннү нар Ляодунг довтолсон ч Хань улсын цэрэгт цохигдон ухарчээ.
Энэ үеэс л Сяньби нар сурвалжид олонтоо үзэгдэх болсон нь бүс нутгийн улс төрд
идэвхтэй оролцох болсныг харуулна. Ялангуяа Хүннү гүрэн хоёр хуваагдах болсноос хойш бие даасан бодлого
явуулах болжээ.
Сяньбийн Пяньхэ
Хань улстай нийлж, Хүннүгийн зүүн гарын Июйзы аймгийг довтолж, 2000 гаруй
хүнийг алсан. Түүнээс хойш Пяньхэ жил
дараалаан умард Хүннүг довтолж, алсан хүнийхээ тоог Ляодунд мэдүүлж, шагнал авч
байжээ.
НТ 54 онд
Сяньбийн толгойлогч Юйчоубэнь, Маньтоу нар Хань улсын хааны ордод очиж, дагахаа
илэрхийлжээ. Хань улсын хаан Юйчоубэнийг ван цолоор, Маньтоуг хоу цолоор тус
тус шагнав.
НТ 90 оны дундуур
Хань улс сяньбийн цэргийг умард Хүннү рүү довтлуулж, томоохон ялалт байгуулсан
талаар сурвалжид
“ ... Хүннүг цохиулахад умард шаньюй зугтаан одов.. Сяньби түүний газарт орж
суув. Хүннүгийн үлдсэн 100000 гаруй өрх бүгдээрээ өөрсдийгөө Сяньби хэмээв.
Сяньби түүнээс эхлэн аажмаар
хүчирхэгжив” гэжээ.
НТ 97 онд
Ляодунгийн Сяньбичууд Фэйжи сум рүү довтолсон
бол НТ 101 онд Юбэйпинийг дээрэмдээд, Юйяныг довтолсон ч амжилт олсонгүй. Хань
улсын цэрэг мөрдөн хөөсөн ч Сяньбийн цэргийн отолтонд өртөж, жанжид цэргүүд нь
бүгд үхжээ.
НТ 115 оны намар
Ляодунгийн Сяньби Улю сум руу халдаад, Фүли хуаранг довтолсон. 117 онд
Ляосигийн Сяньбийн Ляньсю нар Ханьгийн хил хязгаарт халдахад, Ухуаний
толгойлогч Юйжизюй хилийн тойргийн цэргүүдтэй нийлж, Сяньби нарыг цохижээ. НТ
118 оны Сяньбийн 10 түмэн цэрэг Дай тойрог руу довтолж, өвөл нь Шангу тойрог
руу томоохон довтолгоо хийв. 119 оны Сяньби нар Мачэн харуулаар орж, ахлах түшмэлийг
нь алав.
120 онд Ляосигийн
Сяньбийн толгойлогч Улинь, Цижизянь нар албат иргэдээ дагуулан Хань улсад
дагав. Гэвч 121 онд Цижизянь бослого гаргаж, Зюй-юныг дээрэмдэж, Юньжун
тойргийн захирагчийг алав. Сяньбичүүд цаашлан Ухуаний Сючанийг Мачэн хотод бүслэв. Хань улсын туслах цэрэг ирж байж арайхийж Сючаныг бүслэлтээс гаргав. 122 онд дахиад л Яньмэн,
Динсян тойргуудад халдаж, цөс зориг нь бадарсан хэдэн зуун морьтон дайчид Хань
улсын умард хилийг түйвээж байв. 123 оны өвөл
Цижизянь өөрөө түм илүү морьт
дайчдаа удирдан Дун Линаар орж, хэдэн зам хуваагдан, өмнөд Хүннүг Манбайд
довтолж, жижү ван болон 1000 илүү хүн алав. 124 оны намар Гаолюг дээрэмдэн, мөн
өмнөд Хүннүг цохив.
126 оны намар
Сяньбийн толгойлогч Цижизянь цэргээ удирдан Дай тойргийг уулгалж, тойргийн захирагчийг
алжээ. 127 оны хавар Хань болон өмнөд
Хүннү хамтарч, 10000 гаруй цэргээр Сяньбийг довтолж ялалт байгуулжээ. Түүний
хариуд Ляодунгийн сяньбийн 6000 гаруй морьт цэрэг Ляодун, Сюаньтүг дээрэмдэв.
Ухуаний Гэние хил дагуух Ухуань цэргийг дайчилж, хилээс гарч Сяньбийг
довтлон ялжээ.
129 онд
Сяньбичүүд Юйян, Шофанийг уулгалсан бол 131 онд Ухуаний Гэние цэргээ удирдан гарч,
Сяньбийг довтлон ялж, 800 хүн алж, хүн мал олныг олзолжээ.
132 оны өвөл
Ухуаний Гэние цэргээ удирдан умард зүг Сяньбийг довтолж ялсан бол 133 оны хавар
өмнөд Хүннүгийн гудухоу Фүшэн Хань улстай хамтарч мөн Сяньбийг цохижээ. Үүний
хариуд Сяньби нар 133 онд Ляодуныг уулгалж, Мачэн хотыг довтолж, Дай тойргийн
цэргийг бут цохижээ. Удалгүй Сяньбийн толгойлогч Цижизянь нас барснаар Сяньби
нарын довтолгоо цөөрсөн хэмээн түүхэнд тэмдэглэжээ.
No comments:
Post a Comment