10.09.2018

Жүдихоу шаньюй


Гоулиху шаньюй сууринд нэг жил суугаад НТӨ 101 оны өвөл өвчнөөр нас барахад түүний дүү зүүн их дүвэй ван Жүдихоу залгамжлан шаньюй болов. Шаньюй болмогцоо буцаалгүй үлдээсэн элч нар болон олзлогдсдыг Хань улс руу чөлөөлөн явуулжээ.

НТӨ 99 онд Хань улс 3 замаар цэрэг илгээсний  Ли Гуанли жанжин 30000 цэрэг захиран Зюцюанаас мордон Тэнгэр уул хүрч, баруун сэцэн ванг довтлов. Энэ удаагийн байлдаанд хүннү нар багахан хохирол амсав. Ли Гуанли цааш довтолж Жотү ууланд хүрсэн ч хүннүгийн цэрэгтэй тааралдалгүй буцжээ.

Ханьгийн 5000 цэрэг бүхий нөгөө замын цэргийг Ли Лин удирдан Зүянь бэхлэлтээс умар зүг мордсон ч Ли Лин жанжин өөрөө олзлогдон, түүний цэргээс амьд гарсан нь 400 орчим байлаа. Ли Лин ч шаньюйн хайр хүндэтгэлийг хүртэн охинтой нь сууж, хүннүд хүчин зүтгэх болжээ. НТӨ 99 онд Хань улсын  умар зүг довтолсон 3 замын цэргээс нэг замын цэрэг нь байлдалгүй буцаж ирсэн бөгөөд нөгөө хоёр нь үндсэндээ бүрэн сүйрчээ.

НТӨ 97 онд Хань улсын Ли Гуанли жанжин 60000 морьт цэрэг, 70000 явган цэргийг Лю Бодэгийн 10000 цэргийн хамт захиран Шофанаас, Южи жанжин 30000 цэрэг удирдан Уюанаас, Ао жанжин 10000 морьт цэрэг, 30000 явган цэрэгтэй  Яньмэнээс  тус тус мордож, Хүннүг 3 замаар довтлов.

Ли Гуанлигийн цэргийг Жүдихоу шаньюй 100000 цэрэгтэй Юйушуй голын өмнө тосон байлдав. 10 хоног байлдаад Хүннүгийн цэрэг ухарчээ. Южи болон Ао нарын цэрэгтэй хүннүгийн цэрэг тулгаран байлдаагүй тул хоосон буцжээ. Ийнхүү Хань улсын Уди хааны илгээсэн 3 замын цэргийн довтолгоо бас л амжилт олсонгүй.

Жүдихоу шаньюй НТӨ 96 онд нас баржээ.
“Монголын эртний түүх” “Хүннү” номноос     

No comments:

Post a Comment