10.23.2018

Ужүлю шаньюй


Хуханье шаньюй Хуянь вангийн эгч дүү хоёрыг хатан болгон авсан ажээ. Эгч Жуаньчю хоёр хүү төрүүлсэн нь ууган хүүг нь Жүмочэ, отгоныг нь Нанжиясы гэдэг. Дүү их яньжи нь дөрвөн хүү төрүүлсэн нь ууган хүүг Дяотаомогао , удаахь хүүг Жүмишү гэх ба хоёулаа Жүмочэгээс ах. Хоёр багыг нь Сянь, Лэ гэдэг. Бусад хатдаас 10 гаруй хүүхэд буй.  Хуханье шаньюй Дяотаомогаог замгамжлагчаар сонгоод НТӨ 31 онд нас баржээ.

НТӨ 31 онд Хуханье шаньюйг хүү Дяотаомогао  нь Фүжүлэ шаньюй нэртэй залгамжилжээ. Фүжүлэ шаньюй болоод дүү Жүмишүг зүүн сэцэн ван, Жүмочэг зүүн гули ван, Нанжиясыг баруун сэцэн вангаар томилжээ. НТӨ 28 онд Фүжүлэ Хань улсын ордонд хоёр ч удаа элч илгээн  бэлэг хүргүүлж байв. Дараа жил нь Хань улсад бараалхах санал тавьж, НТӨ 25 оны цагаан сараар Фүжүлэ шаньюй Хань улсын хааны ордонд бараалхжээ. Хань улс урьдын адил их хэмжээний бэлэг өгч, хүндэтгэн хүлээн авсан байна.

НТӨ 20 онд Фүжүлэ шаньюй нас барахад дүү Жүмишү залгамжлан Сусе шаньюй хэмээгдэн ор суув. Сусе шаньюй болмогцоо зүүн гули ван Жүмочэг зүүн сэцэн ван болгожээ. Сусе шаньюй 8 жил сууринд суусан бөгөөд энэ хугацаанд Хүннү, Хань улсууд найрсаг харилцаатай байлаа. Тэрээр НТӨ 12 онд Ханьгийн хаанд бараалхахаар явах замдаа өвдөж, улсын хил хүрэлгүй нас баржээ.

Сусе шаньюйг эх өөр дүү Жүмочэ залган хаан ор сууж, Чея шаньюй хэмээн өргөмжлөгдөв. Тэрээр 4 жил ор суугаад НТӨ 8 онд  нас барахад дүү Нанжиясы Ужүлю шаньюй хэмээн өргөмжлөгдөн хаан суужээ. 

Ужүлю шаньюй болмогц эцэг Хуханье шаньюйн 2-р хатны хүү Лэ-г зүүн сэцэн ван, 5-р хатны хүү Юй-г баруун сэцэн ван болгов. Ужүлю шаньюйн үед Хүннү, Хань улс эв найртай байж, Хүннү ихээхэн хүчирхэгжин Хань улстай эн тэнцүү харилцаж байв. 

Нэг удаа Хань улс түшмэл Фань, Хань Жун нарыг Хүннүд элчээр илгээхэд тэд Хань улсын нутагт түрж орсон нум сум, тэрэг хийдэг сайн мод ургадаг хэсэг газрыг Хүннүгээс авч гавъяа байгуулахыг санаархахад Ужүлю шаньюй: “Сяо Сюань болон Сяо Юань хуандигаас Хуханье шаньюйг эцгийн ёсоор энэрч, цагаан хэрэмнээс хойшхи газрыг Хүннүгийн нутаг хэмээсэн билээ” хэмээгээд  Хань улсын элч Хүннүгийн газарт санаархсны учрыг Хань улсын хаанаас асуун: “Эцэг ахаас 5 үе болжээ. Энэ улсаас энэ газрыг асуугаагүй билээ. Өнөө юу болоод хүсээд байна, та?... Хүннүгийн баруун хилийн олон ноёд гэр тэрэг хийхэд энэ уулын модыг ашигладаг. Энэ бол дээдсийн газар болохоор манай нутгийн нэг хэсэг” хэмээн захидал илгээхэд Хань улсын хаан хариуд нь: “ Фань дураараа зарлиг хэмээн шаньюйгаас газар авна гэсэн нь хуулиар бол цаазлах ялтай. Гэвч өршөөлд багтааж хоёуланг нь уучлав. Өдгөө Фанийг өмнөд газар түшмэл болгосон” гэжээ.

НТӨ 5 онд Усуньчууд  Хүннүгийн баруун хилийг довтлоход Ужүлю шаньюй зүүн дүвэй ван Уилинд 5000 цэрэг өгч Усунийг довтлуулсанд  Усуньчууд Хүннүг дагахаа илэрхийлж, хан хөвгүүнээ барьцаанд илгээсэн байна. Гэсэн ч Хань улсаас Усаниас барьцаа авахыг эсэргүүцсэнд хан хөвгүүнийг буцаажээ.

НТӨ 3 онд Ужүлю шаньюй Хань улсад бараалхая гэсэнд ханьгийн түшмэлүүд “улсын хөрөнгө мөнгө үрж байгаа хэрэг, болохгүй” гэцгээжээ. Харин нэгэн түмэл “зуун жилийн чармайлтыг ганц өдөрт алдана” хэмээн батлан өгүүлсэнд Хань улсын хаан шаньюйг морилон ирэхийг урьсанд НТӨ 1 онд Ужүлю шаньюй 500 дагуултай Хань улсад морилжээ. Хань улс урьдын адил их хэмжээний бэлэг сэлт өгсөний дээр дээл хувцас 370, торго дурдан 30 мянган пи, хөвөн 30 мянган жинг шагнажээ.

Хань улсын ордны нөлөө бүхий түшмэл Ван Маны ятгалгаар Ухуаньчууд Хүннүд татвар өгөхгүй хэмээн эсэргүүцэхэд Ужүлю шаньюй уурлан, зүүн сэцэн вангаар цэрэг удирдуулан Ухуанийг цохиж, 1000 гаруй эхнэр хүүхдийг нь олзлон аваад Уханий ванд “адуу малын арьс ширээ авч ирээд сольж ав” гэж хэлүүлсэн байдаг. Ухуаньчууд эд агуурс, мал сүргээ авч ирсэн ч авчирсан зүйлсийг нь Хүннү нар аваад, олзны хүмүүсийг нь явуулаагүй ажээ.

НТ 9 онд Ван Ман өөрийн үндэслэсэн Синь улсаас шаньюйд шинэ тамга өгнө гэж элч илгээжээ. Ван Маны 6 элч их хэмжээний бэлэг сэлтийн хамт Ужүлю шаньюйд шинэ тамга гардуулж, хуучин тамгаа өгөхийг хүсжээ. Хуучин тамгийг буцааж өгч болохгүй хэмээн Хүннүгийн нэг түшмэл зөвлөсөн ч Ужүлю тамгаа буцаан өгчээ. Тамганы үгийг сольсныг мэдсэний дараа хуучин тамгаа буцаан авахыг шаардсан ч тамгыг нь нэгэнт эвдсэн байжээ. 

Сюан хуандигаас Хуханье шаньюйд өгсөн тамга нь “Хүннүгийн шаньюйн тамга” (xi) гэсэн үгтэй байв. Үүнийг Ван Ман “Синь-ийн Хүннүгийн шаньюйн тамга” (zhang) гэсэн үгээр сольжээ. (xi)гэдэг нь төрийн тамгыг илэрхийлэх ба (zhang) нь харъяат албан тушаалтны тамгыг нэрлэдэг аж.

Хуучин тамгаа авах шаньюйн шаардлагад Ван Ман хариу өгөхгүй байсаар байгаад НТ 10 онд Жүшийн ван Хүннүд дагаар орох гэж байгааг мэдээд баруун орныг хамгаалах жанжин Дань Цинь ванг цаазалсан байна. Үүнийг эсэргүүцсэн вангийн ах 2000 гаруй албат иргэдээ дагуулан Хүннүд дагаар орохоор ирэхэд Ужүлю шаньюй хүлээн авчээ. Улмаар Хүннү Жүшиг довтолж баруун орны олон иргэд Хүннүд дагаар оров. Хариуд нь Ван Ман Хүннүг 15 хэсэгт хуваан, тус бүрд нь шаньюй өргөмжилж, Хүннүгийн хүч чадлыг сарниулахаар шийдэв.  Хуханьегийн удмын 3 язгууртанд шаньюй цол олгож, их хэмжээний алт мөнгөөр шагналаа.

Үүнийг сонссон Ужүлю шаньюй ихэд уурлаж, Ван Ман энх ургийн гэрээг зөрчлөө гэдгийг зарлаж, зүүн гудухоу, баруун ижизи ван болон зүүн сэцэн вангаар цэрэг удирдуулан Юньжун тойргийг довтолж, ихэд сүйтгэв.

“Хань улсын судар”-ын “Хүннүгийн шастир”-т Ван Ман гэрээ зөрчсөний улмаас энх ургийн гэрээ тасалдаж дайн эхэлсэн талаар: “Анх Сюаньди хуандигаас нааш олон үе дайн байлдаангүй байв. Ард олон хөрөнгө чинээ баяжин, үхэр адуу үржин өссөн билээ. Ван Маны үед Хүннүг үймүүлэн, түүнтэй атаа өшөө барилдаж, хилийн ард үхэж үрэгдсэн нь олон болжээ. Бас 12 анги цэрэг бэлэн болоод мордсонгүй удсанаас цэрэг дайчид уйдаж, хэдэн жилийн дотор хил хязгаар хоосрон, хөдөө хээр хүний ясаар дүүрэв” хэмээн өгүүлсэн байдаг.

НТ 13 онд Ужүлю шаньюй нар барав.
“Монголын эртний түүх” “Хүннү”

No comments:

Post a Comment