Сүлючюаньчю
шаньюй НТӨ 60 онд нас барав. Жуаньцю
хатан болон зүүн их цецюй Дулонцитэй хуйвалдан, ордны эргэлт хийн, баруун сэцэн
ван Түцитаныг Уяньгюйди шаньюй хэмээн өргөмжлөв. Уянгюйди шаньюй болмогц өмнөх шаньюйн талын
хүмүүсийг цаазлан хороож, харгислал үйлдэж эхэлжээ. Уяньгюйди шаньюйн
харгислалд язгууртнууд төдийгүй ард олон дүргүйцэх болжээ.
Шаньюй энх ургийн гэрээ байгуулъя гэж дүү Шэнжиг
Хань улсад илгээв. НТӨ 59 онд уханьчууд Хүннүгийн зүүн хязгаарын Гүси ванг
довтолж, олон ардыг олзлон явжээ. Шаньюй уурлан Гүси ванг шийтгэх гэхэд хадам
эцэг Ушаньмү ван тэргүүтэй зүүн гарын ноёдын хамтаар Зихоушанийг НТӨ 58 онд Хуханье шаньюй хэмээн өргөмжилжээ.
Хуханье зүүн бүс
нутгаас 40-50 мянган цэрэг дайчлан Уяньгюйди шаньюйг довтолсноор Уяньгюйди
ялагдан амиа хорложээ. Хуханье орд өргөөг нь эзлэн авч ахыгаа зүүн гули ван
болгоод баруун сэцэн ванг алах зарлиг
гаргажээ.
НТӨ 58 оны өвөл нь
баруун сэцэн ван, жижү ван Босүтаныг Түци шаньюй хэмээн өргөмжлөн хэдэн түмэн
цэргээр Хуханье шаньюйг довтолжээ. Хуханье ялагдан зугтжээ. Түци дайнаас эргэж
ирээд өөрийн ахмад хүүгээ зүүн гули ван, бага хүүгээ баруун гули ванд
өргөмжилжээ. Баруун хузе ван, Данху вантай хуйвалдан Түци шаньюйд баруун сэцэн
ван шаньюй болох гэж байна гэсэн мэдээ хүргэсэнд баруун сэцэн ван болон түүний хүүг
цаазалсныхаа дараа хилс болохыг нь мэдэж Данху ванг хороожээ. Энэ бүхний эцэст
баруун хузе ван бослого гарган өөрийгөө Хузе шаньюй өргөмжлөв. Үүнийг сонссон
баруун Оди ван өөрийг Чэли шаньюй өргөмжлөв. Мөн Ужи дүвэй өөрийгөө Ужи шаньюй
өргөмжилснөөр Хүннү улс нэг зэрэг 5 шаньюйтай болж, өөр хоорондоо амь өрсөн
дайтах болов.
Түци шаньюй
цэргээ удирдан зүүн зүгт Чэли шаньюйг довтолж, Дүлонцигээр Ужи шаньюйг
довтлуулав. Ужи болон Чэли шаньюйн цэрэг ялагдан, баруун хойш зугтан Хузе
шаньюйн цэрэгтэй нийлж 40000 цэрэгтэй болов. Ужи болон Хузе нар шаньюй
цолноосоо татгалзан Чэли шаньюйг дэмжихээр болж, хүчээ нэгтгэсэн байна.
Үүнийг сонссон
Түци шаньюй 40000 цэргийг Хуханье шаньюйн цэргээс сэргийлэн суулгаад, өөрөө 40000 цэрэг удирдан
Чэли шаньюйг довтлоход Чэли шаньюй
ялагдан баруун хойш зугтжээ. Түци баруун өмнөш эргэж Сидүньд очиж суусан ба
дараа жил нь Хуханье шаньюй өөрийн дүү баруун гули ванг баруун зүг илгээн, Түци
шаньюйн суулгасан иргэдийг довтолж 10000 гаруй хүнийг алжээ. Үүнийг сонссон
Түци шаньюй 60000 цэрэг аван ирэхэд Хуханье шаньюй 40000 цэрэгтэй тосон байлдсан байна. Энэ удаа Түци шаньюй
ялагдан амиа хорлож, Дүлонци болон Түци шаньюйн бага хүү нар Хань улс руу
зугтжээ. Үүний дараа Чэли шаньюй зүүн зүг яван Хуханье шаньюйд бууж өгөв.
Энэ үед Түци
шаньюйн дүү Сюсүн өөрийгөө Жүньжэнь шаньюй хэмээн өргөмжлөн баруун зүгт
нутаглах болжээ. Мөн Хуханье шаньюйн ах зүүн сэцэн ван Хүтү-Уси бас өөрийгөө
Жижи шаньюй хэмээн өргөмжилж зүүн талын
нутгийг мэдэх болов. Жүньжэнь шаньюй өөрийн цэргийг удирдан зүүн зүгт Жижи
шаньюйг довтолсон боловч өөрөө алагдан цэргүүд нь бууж өгчээ. Хүчирхэгжсэн Жижи
шаньюй Хуханье шаньюйг довтлон зугтаалган, орд өргөөг нь эзлэн суужээ.
Хуханье шаньюй
албат иргэдээ дагуулан Хань улсад дагах болсон бөгөөд хятад сурвалжид Жижи
шаньюйг умард Хүннүгийн шаньюй, Хуханьег өмнөд Хүннүгийн шаньюй гэж нэрлэсэн
байдаг.
Хуханье шаньюйн
ордонд Хань улсаас тавьж буй шаардлагыг хэрхэх талаарх зөвлөгөөний үер гарсан
маргаан “Хань улсын судар”-ын “Хүннүгийн шастир”-т тэмдэглэгдэн үлджээ. Зүүн
Ижизи ван Хань улсыг даган тэдний тусламжийг авбал Хүннүг сэргээн нэгтгэж болно
гэхэд олон ноёд түшмэд эсэргүүцэн: “Болохгүй, хүннү заншлаар хүч чадлыг
дээдэлдэг бөгөөд доорхи хүмүүсийг номхотгодог билээ. Агт морьдын нуруун дээр
хатгалдан байлддаг болохоор олон нүүдэлчдийн дунд нэр алдраа дуурсгасан билээ.
Дайнд үхэх нь дайчдын алдар болой. Ах дүү төр булаалдаж буй энэ цагт ах нь биш
бол дүү нь захирах болно. Үхлээ ч гэсэн нэр алдартай байх болно. Үр хойчис
маань үргэлж нутгаа захирна. Хань улс хүчирхэг байгаа ч Хүннүг зарлигдаж
чадахгүй. Яахин өвөг дээдсийн ёсыг огоорч Ханьд түшмэг болном. Дээд язгуурт
шаньюйг бид гутааваас нүүдэлчин олон элэглэх болно” хэмээсэн байдаг.
Эцсийн эцэст
Хуханье шаньюй Хань улсын шаардлагыг хүлээн авч, Хань улстай энх ургийн гэрээг
шинэчлэн байгуулахаар шийджээ. Хуханье шаньюй болон Сюань хааны байгуулсан
шинэчилсэн энх ургийн гэрээнд Хүннү нь Хань улсын хараат улс гэдгийг илэрхийлэх хэд хэдэн заалт болох шаньюйн хүүг Хань улсад
барьцаанд илгээх, шаньюй Ханьгийн хаанд хүндэтгэл үзүүлэх, бэлгэдлийн шинжтэй
татвар төлөх зэрэг заалтууд оржээ. Хуханье шаньюй Хань улсын дээрх шаардлагыг
арга буюу хүлээн зөвшөөрсөн ч, Ханьгийн эдийн засаг цэргийн тусламжийг ашиглан
Хүннү гүрнийг дахин нэгтгэхэд гол анхаарлаа чиглүүлж байв.
Хуханье шаньюй
гэрэний үүргээ биелүүлж НТӨ 53 онд өөрийн хүүгээ Хань улсын ордонд илгээж, НТӨ
51 оны цагаан сараар өөрөө Хань улсын нийслэл Чананьд очин Ханьгийн хаанд
хүндэтгэл үзүүлсэн нь Хань улсын түүхэнд томоохон үйл явдал боллоо.
Жижи шаньюй Хань
улстай найрсаг харилцаа тогтоох гэж хэд хэд оролдсон ч амжилт олсонгүй. Хань
улс Хуханьег илт дэмжиж байв. Тиймээс Жижи шаньюй баруун бүс нутгийн орнуудад
өөрийн нөлөөг бэхжүүлж, өөрийгөө шаньюйгаар өргөмжлөөд байсан Түци шаньюйн бага
дүү Илилүг довтлон ялж, 50000 цэргийг нь өөрийн захиргаандаа оруулжээ. Мөн Жижи
шаньюй Усунь, Ужэ, Динлинийг нэгтгэн авав.
Хуханье шаньюй
НТӨ 52 онд Ханьгийн хилийн Уюань бэхлэлтийн орчим сууж байгаад НТӨ 47 онд
уугуул нутагтаа буцжээ. Шаньюйг буцахад Хань улсын түшмэл Чан, Мэн нар Но гол
хүртэл гарган өгч Лаошан шаньюйн Юэжигийн вангийн гавлаар хийсэн алтан аяганд
архи ууж, цусан тангараг тавьсан гэж “Хань улсын судар”-т бичжээ.
Жижи шаньюй
Хуханье шаньюйн довтолгооноос болгоомжлон баруунш шилжин Канжүд очсон бөгөөд
Таласын хөндийд бэхлэлт хот байгуулан ихэд бэхжиж авчээ. Хань улс Таласын
хөндий хүрч Жижи шаньюйг бүслэн байлдсан бөгөөд Хүннү, Канжү, Парфи цэргүүд
баатарлан тулалдсан ч ялагдан, НТӨ 36
онд Жижи шаньюй алагджээ. Жижи шаньюй алагдсанаар Хүннү дахин нэгдлээ. НТӨ 33
онд Хуханье шаньюй Хань улсын хаанд хүндэтгэл үзүүлэх сүүлчийн аянаа хийж
Чанань-д очжээ.
Хуханье шаньюй
Хуянь вангийн эгч дүү хоёрыг хатан болгон авсан ажээ. Эгч Жуаньчю хоёр хүү
төрүүлсэн нь ууган хүүг нь Жүмочэ, отгоныг нь Нанжиясы гэдэг. Дүү их яньжи нь
дөрвөн хүү төрүүлсэн нь ууган хүүг Дяотаомогао , удаахь хүүг Жүмишү гэх ба
хоёулаа Жүмочэгээс ах. Хоёр багыг нь Сянь, Лэ гэдэг. Бусад хатдаас 10 гаруй
хүүхэд буй. Хуханье шаньюй Дяотаомогаог
замгамжлагчаар сонгоод НТӨ 31 онд нас баржээ.
“Монголын эртний
түүх” “Хүннү”
No comments:
Post a Comment