10.04.2018

Ушилу шаньюй


НТӨ 105 онд Увэй шаньюй нас барж, түүний хөвгүүн Ушилу залгамжлан шаньюй болов. Нас бага тул хөвгүүн шаньюй хэмээх нь буй. Шаньюй  хил хязгаарын бодлогодоо анхаарал хандуулж, Хань улсын зүүн хойд Юньжун, баруун хойд Зюцюань, Дуньхуан тойрогт халдан довтлох болов. 

Нас бага Ушилу шаньюй болсныг далимдуулан Хань улс хүннүгийн язгууртнуудыг хагаралдуулан зөрчилдүүлэх зорилгоор шаньюйд болон баруун сэцэн ванд хоёуланд нь зэрэг элч илгээжээ. Баруун сэцэн ван Ханьгийн бодлогод авталгүй элчийг Ушилу шаньюйд хүргэсэнд  Ушилу хилэгнэн элчийг буцаалгүй үлдээжээ. Хүннү, Хань хоёр илгээсэн элчүүдийг аль аль нь буцаалгүй үлдээх болж, харилцаа хурцаджээ.

Хань улс баруун бүсийн оронд өөрийн ноёрхлыг тогтоож, Хүннүгийн нөлөөг бууруулах зорилгоор Ли Гуанли жанжнаар Даванийг довтлуулав. Хүннүгийн зүүн их дүвэй түшмэл шаньюйг хорлох санаа агуулж, Ханьд элч илгээн хэлүүлсэн нь “Шаньюйг алаад Хань улсад дагая. Хань улс холдоод байна. Цэрэг илгээж хүч нэгдэе гэвэл би хөдлөе” гэв.

Хань улс  энэ мэдээг аваад эелдэн дагуулах хот байгуулж, НТӨ 103 оны хавар Хүннүгийн зүүн их дүвэй түшмэлтэй тохиролцсноор Жоу Е  жанжинд 2000 цэрэг захируулан илгээж, Зүньзи ууланд болзсон цагтаа хүрчээ. Зүүн их дүвэй түшмэл хөдлөхийг завдсан ч сэрдэгдэн алагджээ. 

Шаньюйн цэрэг Ханьгийн цэргийг хөөн гүйцэж бүслэн байлдав. Жоу Е жанжин баригдсан ч цэргүүд нь бууж өгөлгүй тулалдсаар бүгд үхэж үрэгдсэн байна.
Ушилу шаньюй эелдэн дагах хотыг довтолж, хил орчмын нутгийг түйвээгээд буцжээ. Шаньюй эелдэн дагах хотыг дахин довтолж эзлэхээр бэлтгэж байсан ч НТӨ 102 онд өвчнөөр нас барав.
“Монголын эртний түүх” Тэргүүн дэвтэр “Хүннү” номноос

No comments:

Post a Comment