4.27.2018

Хүйсийн говийн домог


Энэ манай үед биш эрт урьдын цагт гэнэ. Одоогийн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт орших Хүйсийн говьд нэгэн айл байжээ. Тэднийх ам бүл олуул, үр хүүхэд өнөр бөгөөд хятад газраас ирсэн их зам тосон сууж, харь орны өнгөлзлөгөөс нутгийнхаа хилийг хамгаалах гэр харуулын үүрэг гүйцэтгэн байжээ.

Гэтэл нэг удаа  Хятад  газраас  хар  санаа өвөрлөн ирэх хятад түшмэлийг нутгийнхаа шороон дээр бүү гишгүүл. Мэсийн үзүүрээр хөнөөх, найруулсан хорын хүчээр устгах алин болохоо өарсдөө шийд” гэсэн даалгавар бүхий нэгэн дугтуйтай захиа өртөөгөөр дамжин тэр айлыг зорьжээ. Гэвч элчийн өвөр дамжин явсан тэр захиа зорьсон газраа хүрсэнгүй, харин манж хятадын тагнуул туршуулуудын гарт оржээ. Иймд өөрийн элч, хятад түшмэлийн амийг аврахаар хятад газраас нэг баг цэрэг нааш хөдөлж өнөө айлд хүрэн өвгөд хөгшид, үр хүүхэд, эцэг эх, гэр хотлоор нь баривчлан алах ял тулгаж гэнэ. 

Энэ үед эзгүй байсан том хүү нь ч ирж “Эцэг эх, дуү нарын амийг өршөөгөөч, оронд нь намайг зоосны нүхээр түмэн хэсэг огтчин алсан ч гомдолгүй” гэж харийн цэргүүдээс өвдөг сөгдөн гуйж гэнэ. Мөн эцэг эх нь “Бидний үр үндсийг битгий таслаач, том хүүгийн минь л амийг өршөө” гэж хятад цэргийн даргаас гуйгаад хүүхдээ сэмхнээр: “Чи л амьд үлдэж үр үндсээ залгамжил, бас биднийхээ өшөө хонзонг харь манж хятадын цэргээс авч чадах хүн нь ганц чи л байна” гэж учирлан хэлж гэнэ. 

Ингэтэл хятад цэргийн ноён дотроо аймшигт төлөвлөгөө зохион залуу баатар эрд хэлсэн нь: “Танайхны үр үндсийг таслахгүйн тул ганц чиний л амийг өршөөе, Харин чи өөрийн гараар эцэг, эх, дүү нарынхаа толгойг ав” гэжээ. Чингээд цөмөөрөө нэг доор хядуулснаас нэг нь ч болсон амьд үлдэж,харь манж хятадын цэргээс үрэгдсэнийхээ өшөө хонзонг авахын тул залуу баатар эр арга буюу өөрийн гараар төрсөн эцэг эх, дүү нарынхаа толгойд мэсний үзүүр хүргэх болж. 

Манай хүн зүрх шимшрүүлэн, элэг эмтлээн, нулимс унагаан халаглан байж эцэг, эх, дүү нарынхаа толгойг авсаар бага дүүгийн нь ээлж болоход томоогүй тэр балчир жаал “Ахаа миний хүзүүнд хатиг гарчихсан юм. Битгий хөндөөрэй” гэж хүүхдийн шингэн дуугаар хэлж байсан гэдэг. Гэвч тэр залуу баатар эр ч өршөөгдсөнгүй. Хятад цэргийн ноён хэлснээсээ няцаж, цэргүүддээ тушаал өгөн түүнийг баривчлуулаад өөрийнх нь сэлмээр толгойг нь цавчин алжээ.

Ийнхүү нэгэн өрх гэрийн хүмүүсээс нэгийг нь ч үлдээлгүй үзэшгүй муухайгаар доромжлон тэднийг толгой дараалан устган, гэр хотлоор нь хүйс тэмтэрсэн нүгэлт хэрэг болсон эл газрыг түүнээс хойш “Хүйсийн говь” гэж нэрлэх болжээ.





No comments:

Post a Comment