5.19.2015

2.Бага хаад - Төгстөмөр хаан



Аюушридар Билэгт хааныг залгаж 1378 онд түүний төрсөн дүү Төгстөмөр Усхал цолтой хаан сууж монголын нилээд хэсгийг өөртөө нэгтгэж чадсан ба Инчаньд төвлөрөн хятадыг уулгалах болжээ. 

Мин улс хариуд нь 1380 онд их цэрэг хөдөлгөн Хархорум хүртэл довтлон ихэд эвдлэн сүйтгэж буцахад монголчууд мөн оны сүүлчээр Хэбэй муж руу довтлон Мин улсын томоохон жанжин Лю Гуаныг устгажээ.

Мин улс Төгстөмөр хааныг дарахын тулд эхлээд Ляодунд төвлөрч байсан Мухулайн угсааны Нагачу жанжны цэргийг устгахаар 1387 онд  Гиринээр дамжуулан манж нутгийн гүн уруу хоёр зуун мянган цэрэг оруулсан ба Чанчун хотын орчим Нагачу ширүүн тулалдаан хийсэн боловч давуу хүчтэй дайсанд аргагүй эрхэнд бууж өгчээ.

Нагачуг дарсан Мин улс Төгстөмөр хаантай шийдвэрлэх тулааныг 1388 оны хавар хийж Төгстөмөр хаан ялагдан шадар түшмэл Нэцэлай, чинсан Ширмэн нарын цөөн хүний хамт Хархорум руу зугтаж гарсан ба хөвүүн, төрийн сайд, албат 2900 хүн, энгийн ард 70000, мөн 150000 толгой мал олзлуулсан хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

Төгстөмөр хаан зугтсаар Туул голд ирэхэд Аригбөхийн угсааны ноён Есүдэр түүн лүү довтолж ихэд дийлэн түүнийг сумны хөвчөөр боон хороожээ. Төгстөмөр хорлогдсноор улс төр ихэд тогтворгүй болж Нэцэлай Мин улсад шахагдан дагаар ороход Есүдэртэй нийлсэн чинсан Ширмэн түүнийг дарж хөнөөв. Мөн Ляодунгийн Ажашир ван Тавинтөмөр ван нар Мин улсыг дагажээ.Цагийн байдал ороо бусгаа болж монголчууд хурдан тарж бутарч эхэллээ.

Төгстөмөр хаан Тогоонтөмөр хааны хүү, Аюушридар хааны дүү бөгөөд 1342 онд төрсөн тэрбээр Мин улсын түрэмгийлэлийн эсрэг шийдвэртэй тэмцэгч нэгэн байлаа

No comments:

Post a Comment