Эсэн хаан нас
барсны дараа монголд дахин бутрал явагдаж хаад түргэн солигдож байлаа. Энэ үес
Мин улсын сударт Монгол хаадыг бага хаад хэмээн бичих болжээ. Тайсун хааны
хоёрдугаар хөвгүүн Маркус 1454 онд наймхан насандаа хаан ор суув. 1455 онд
Ойрадтай дайтсан дайнд Маркус хааныг үхэгт тэргэнд суулган дагуулж явсан гэдэг.
Энэ цагаас түүнийг үхэгт хаан Маркус гэх болжээ.
Энэ цаг дор монголд хааны эрх
мэдэл бага харин Эсэн хааныг хороосон
Алагтөмөрийг дарсан Харчины Болай тайш, Онгиуд аймгийн захирагч Бэлгүүдэйн
удмын Мулихай нар их эрх мэдэлтэй байлаа.
Алагтөмөр
чинсангийн хүү Анхат Болайгаас эцгийн
өшөөг авахыг санаархах болсонд Болай дотогшлон нүүж Мин улсын хил дагуу
нутаглах болжээ. 1457-1461 оны хооронд Болай Алчу ноёнтой хамтран Мин улс руу байнга
уулгалж тэндээс нангиадуудыг шахаж Ордосыг тусгаарлаж авч чаджээ.
Энэ үеэс Мулихай Болай нарын зөрчил бүр ихсэж
Болай Ордосыг орхиж Урианхайн гурван харуулыг эрхэндээ оруулж аван улмаар
Зүрчид рүү довтлох болжээ. Болай зүрчид руу гурван харуултай нийлэн 90000 цэрэг
гаргаж байсан гэдэг.
Маркус үхэгт хаан
Мин улстай харьцаж бэлэг солилцож элч явуулан тогтмол худалдаа арилжаа хийхийг
санаархаж байхад Болай дангаараа бие
даан Мин улстай харилцаж байжээ.
1465 онд Болай Маркус хааныг хорлож, удалгүй Болайг Мулихай ван хороожээ. Мулихай Тогтох буха
хааны Алтжин хатны хүү Молоныг хаан болгосон ч жил ч хүрэлгүй 1465 онд өөрөө хороожээ.
Маркус хаан хорин настай, Молон хаан хорин таван настай байжээ.
Молоны өслийг
Хасарын удмын Шигүшидэй баатарын хүү
Өнөболд авсан гэдэг. Өнөболд ванг цэрэглэн хөдөлгөснийг мэдсэн
Мулихай зугтсан ч түүнийг барьсан Өнөболд:
“Есүхэй баатар
эцэг минь билээ. Өүлэн эхээс Тэмүжин,
Хасар, Хачиун, Отчигон бид нэг хэвлийтэй бөлгөө. Сочихэл эхээс Бэгтэр,
Бэлгүүдэй хоёр нэг хэвлийтэй бөлгөө.
Бэгтэрийг Богд эзэн Хасарыг дагуулж явж аллаа. Түүний өшөөгөөр чи Молон
хааныг хороов. Хаан маань үр үгүй тул Хасарын удам би чамайг хорооё” хэмээн ах
дүүстэй нь хамт хороожээ.
No comments:
Post a Comment