5.31.2015

11.Бага хаад - Боди Алаг хаан

Батмөнх хааны дараа Даян хааны  ахмад хүү Төрболдын ууган хүү Боди-Алаг угсаа залгах байсан ч нас бага хэмээн баруун түмний жонон  Барсболд  1517 онд хаанд болжээ. Хэдий тийм ч Боди-Алаг баруун түмэнд очиж “ Би ёст эзэн чинь билээ, чи надад мөргө. Эс мөргөвөөс дайлалдая” хэмээн хатуу хэлсэн бөгөөд Барсболд жонон хүч сул ч байсан байх, бас эв эеийг ч бодсон байх 1519 онд  Боди-Алаг хаан ширээнд сууж мөн ондоо Барсболд жонон өнгөрчээ.

Баруун түмнийг  Барсболд жононгийн хүү Гүнбилэг мэдэх болов. Боди-Алаг жононгийн үед баруун түмэн нилээн хүчирхэг болж Гүнбилэг  жонон Ордосыг  эзэмшихээс гадна түүний дүү Алтан, Лабуг нар авга ах Арцболдын долоон түмэдийг, Баясал, Бодидари нар авга ах Убсанжын Асуд, Юншээбүүг, Баядари Цахарын цагаан татар нарыг захирч байлаа.

Харин Боди-Алаг хаан өнөөгийн монгол нутгийн зүүн хэсэг, одоогийн Өвөр монголын Хөлөнбуйр, Шилийн гол хавийн нутгийг эзэмшиж байв. 1524 оны үед Боди-Алаг хаан баруун гурван түмнийг тарааж, зүүн тэмэнд нэгтгэхийг санаархаж байсан ч Урианхай түмний бослого гарч төлөвлөгөөгөө орхин бүр баруун түмнээс тусламж хүсчээ. 

Ийнхүү урианхай түмэн Боди-Алаг хааны эсрэг боссон хорь гаран жилийн хугацаанд  Боди-Алаг хаан, баруун түмний жонон Гүнбилэг түүний дүү Алтан нар Урианхай руу нийт зургаан удаа цэрэглэжээ. Бослого 1544 онд дарагджээ. Энэ үеэс Урианхай нарын нутаг Хангай нурууны зүүн хэсэг халх түмэнд шилжжээ.

Урианхай нарыг дарсны дараа зургаан түмний монгол ноёд Чингисын найман цагаан гэрийн өмнө чуулж дайнд гавъяа байгуулсан хэмээн Боди-Алаг хаанд “Гүдэн” Гүнбилэгт  “Мэргэн жонон” Алтанд  “Төр хашигч Шидау” хэмээн цол хайрлажээ.

Үүний дараа Боди-Алаг хаан Хөх нуурыг эзлүүлэхээр Гүнбилэг Алтан нарыг илгээжээ. Гүнбилэг мэргэн жонон 1542 онд нас барсан тул Алтан хэргийг ганцаар үргэлжлүүлэн Ибрай тайшын талын Бурхай тайш руу довтолж  бутцохин Хөх нуурийг өөрийн бага дүү Бодидари тайжын ууган хүү Энхдалайд захируулжээ. Боди-Алаг хаан Алтанг хөхүүлэн Түшээт хан  цол олгосон бөгөөд  Алтан буцахдаа Хотонг дагуулжээ.

Боди-Алаг хааны үед баруун түмэн хүчирхэгжиж ирсэн бөгөөд их хааны зүүн түмэн Мин улстай дангаар харьцаж чадахгүй урианхайн гурван харуулаар дамжин харьцаж байлаа.
1547 онд Боди-Алаг хаан нас барж түүний орыг ахмад  хөвгүүн Дарайсун, Гүдэн цолтойгоор залгамжилж түүхэнд  Дарайсун Гүдэн хаан гэж алдаршжээ. Дарайсун хааны  эзэмшил нь өнөөгийн Шилийн гол аймаг, монгол орны зүүн хэсэг, өмнө зүг Хатаны гол, Хойд зүг Хөлөнбуйр хүрч байв.

Дарайсун хааны үед баруун түмний Алтан хан маш хүчирхэг болж, баруун түмнийг нэгтгэх нь битгий хэл Алтантай эвтэй найртай харьцах бодлого явуулж байв.
Дарайсун хаан 1551 онд Урианхайн гурван харуулын Фуюй, Доин харуулуудыг эзлэн авчээ. Урианхайн гурван харуул бол Мин улсын эхэн үеэс монгол нангиад нарыг зааглаж ирснээс гадна монголчуудын худалдааны гол гүүр болсоор ирсэн чухал түшиц газрууд билээ. 

Тухайн үед Фуюй харуул Кайюаны цаагуур Ляохэ гол орчмоор, Доин харуул Шанхай боомтоос баруунтаа Губэйкоугаас зүүнтээ нутагт, Тайнин харуул Ляонины цаагуур нутаглаж байлаа. Дарайсун хаантай зэрэгцэн баруун түмний Алтан ханы дүү Бадур урианхай гурван харуун руу довтолж баруун хэсгийг эрхэндээ оруулж авлаа.

Мин улсын хаалттай бодлогын энэ үед монгочууд урианхай харуулуудыг булаалдан эв эвдрэлцэж байсан ч Хятадууад өөрсдийн болзлоо хүлээлгэхийн тулд нэгдэж Мин улсын хилийг уулгалан  довтолж байлаа.  Тэр үеийн хятадын сурвалжуудад ” Бүдүүлгүүдийн удирдагч Дарайсун, Алтан, Бадур нар манай Цзиньжчоу руу довтолж 1000 гаруй хүн хороосон” хэмээн бичиж байсан бол Алтан Бадур  нар Датунь руу довтолж байхад Дарайсун хаан Сюаньфу, Чичэн, Цзинин руу халдаж байлаа.


Ийнхүү Дарайсун гүдэн хаан дотооддоо эв эвдрэлцэхийг үл хичээн Мин улсад өөрийн болзлыг тулган худалдаа хийхийг эрмэлзэж явжээ. Тэрээр 1557 онд нас баржээ. 

No comments:

Post a Comment