9.01.2014

Хөгнө хан уул

Монголчуудын эртнээс нааш тахиж шүтэж ирсэн халхын алдарт дөрвөн хан уул Нагалхан, Богдхан, Батхан, Хөнгөхан уулс минь билээ. Мөн дээдэс минь Отгонтэнгэрийг "Очирвааний орон" Хөгнөханыг "Улаан сахиусны орон" Хэнтий ханыг "Намсрай бурхны орон" хэмээн хүндэтгэж иржээ.
Хөгнөхан уул маань Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумдыг дамнан орших ба эртнээс дээр үеэс тахиж ирсэн Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо зэрэг тахилгатай газрууд бий.
Хөгнөхан уулын системд хамрагдах уулс нь харьцангуй нам, хамгийн өндөр оргил Цэцэрлэг 1968.8 м өндөртэй. Түүний захын хамгийн нам уулс, цав толгод 1300-1500 м өндөртэй.
Хөгнөханы бэсрэг уулсын нэг болох Зүүн Хайрхан уулын умарт биеэс эх аван урсах Тарнын гол ба Туул гол руу цутгах ба Тарнын голын баруун гараас Ар Жаргалант, Чулуут зэрэг голууд цутгадаг. Ууландаа гол горхи бараг байхгүй, харин гүний усны нөөц сайтай олон булагтай.
Тарнын голын баруун биеэр зүүн урагш 80 орчим км урт үргэлжилсэн "Их Монголын элс" буюу манайхны Элсэн тасархай хэмээн нэрлэх болсон элсэн тарамцаг оршино.
Хөгнөхан ууланд буга, гөрөөс, гахай, мануул, үнэг, хөрс, чоно, дорго, өмхий хүрэн, туулай зэрэг амьтадтай. Мөн дагуурын зараа, сахалт багваахай, жижиг соотон багваахай, урт сүүлт зурам, хадны барагшин, орог зусаг, үлийн цагаан оготно, монгол чичүүл сибирийн алаг даага зэрэг жижиг хөхтөн амьтад элбэг юм.
Суурин жигүүртнээс цармын бүргэд, харцага, идлэг шонхор, шилийн сар, начин шонхор, хайргууна шонхор, хотны бүгээхэй, адууч чогчоохой, хон хэрээ, шаазгай, шар шувуу, ууль, ятуу хийгээд нүүдлийн жигүүртнээс хөхөө, өвөөлж, элээ, гол горхиор ангир, галуу, нугас, тоодог,хавтаалж, зуун хурга зэрэг шувууд ирдэг.
Хөгнөхаан ууланд Өвгөн болон Залуу хийд, Мойлтын амны хойд талд Сэнжит цохионд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янгирын зураг, Ямаатын цагаан хөтлийн ар талын амны хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн элсний зүүн дэргэд боржин чулууны хөшөө, Аман хадны буюу мааний хадны мааний үсэг, Хөгнөхаан уулын баруун урд үзүүр Устын амны дэлээс 12 орчим км-т Ташуугийн өвөлжөө гэдэг газар Хийдийн давааны ар талд олон тооны булш зэрэг түүх соёлын дурсгалууд элбэг.

No comments:

Post a Comment