9.07.2014

Богд хан уул

Халхын дөрвөн их хан уулс Богд хан, Хөгнө хан, Бат хан, Нагал хан билээ. Эдгээрээс Богд хан уул маань эртнээс, тодруулбал Хэрэйдийн Ван ханы үеэс Хан уул хэмээн нэрлэгдэн тахигдан шүтэгдэж  ирсэн ба Манжийн засгийн үед буюу 1778 онд сайд ван Юндэндорж тэргүүтэн Богд Жабзундамбын Богд цолыг Хан ууланд өргүүлэн манж хааны зарлиг гаргуулж жилд хоёр удаа зун намар тахиж байхаар болж дэлхийн хамгийн эртний дархан цаазат уул болжээ. 

Мөн ДТД 2268 метрийн өндөр байх ноён оргил Цэцээ болон ДТД 2256 метрийн өндөр байх Түшээ оргилуудад гүн цол шагнаж жил бүр улсын сангаас цалин пүнлүү олгодог болж. 1809 он гэхэд Богд хан уулын 28 аманд тусгай цагдаа ажиллаж уулын нутаг дэвсгэрт орох  зөвшөөрлийг гагцхүү Богд гэгээн олгодог журамтай болсон байв.

Газарзүйн хувьд Богд хан уул Хэтийн нурууны салбар хэсэгт багтах бөгөөд араар Туул гол эмжин урсах ба Богд уулаас Түргэний гол, Баруун зүүн Зуун модны гол, Хүрхрээ зэрэг голууд урсаж туул голд нийлдэг.

Хэнтий нурууны голлох амьтны аймгийг бүрдүүлэгч хөхтөн амьтны нутагшлын хамгийн урд хил нь Богд хан уул юм. Тарвага, зурам, зараа, мануул, булга, шилүүс буга, бор гөрөөс, аргаль, янгар тэргүүтэн 54 хөхтөн амьтантай бол жигүүртнээс бөднө, болжмор, хараацай, харуулдай ,тогоруу, өрөвтас,харцага, шонхор, бүргэд зэрэг 194 шувуу бүртгэгджээ.

Богд хан уул нь өөр өөрийн онцлогтой том жижиг үзэсгэлэнт 32 амтай. Зуун модны ам гацуурын төгөлтэй бол Жаргалант, Тайны аманд хусан төгөл, Хүрхрээ Зүүн Богины ам шинэсний төгөлтэй. Бумбатын амны ханан хад, Төххурахын амны харуул хад, Өгөөмөр, Залаатын амны агуй зэрэг сонин тогтоц элбэг.

Мөн Шавартын амны элэг цөсний, Нүхтийн амны нүдний гэх мэт 20 гаруй гол горхи, 100 орчим булаг шанд байсан нь сүүлийн үед ихэд ховорджээ.


Богд хан уул түүх соёлын дурсгалын арвин их ховор дурсгал агуулж байдаг. 100000 жилийн өмнө  хүмүүсийн амьдарч байсан ором бууц, 3000 жилийн өмнөөс зурсан бүхий л цаг үед хамаарах  сүг зургаас  эхлэн 1700 гаад оны үед баригдан өнгөрсөн зууны үед нураагдсан сүм хийдийн туурь зэрэг 50 гаруй дурсгал бүртгэгдэн хамгаалагдсан байна.

No comments:

Post a Comment