9.16.2014

Ачит нуур

Ачит нуур нь Увс, Баян-Өлгий аймгийн дунд орших цэнгэг уст нуур бөгөөд нуурын эрэг нь тал нутаг байх бөгөөд баруун хойд, зүүн хойд талдаа намгархаг гадургуутай.  Энэ нуур Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Хархираа Түргэний уулсын хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол , Бөх мөрөн гол, Улиастай голуудын усаар тэжээгдэнэ.
Ачит нуур нь илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгдөг.
Ачит нуурын усны ил талбай 311 хавт.дөр.км, хамгийн урт нь хойноосоо урагш 30 км, өргөн 16 км хүрэх ба ДТД 1464 метрийн өндөрт оршино.
Ачит нуурын Дэвэлийн арал орчмоор 158 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг ба монгол орны Улаан номонд орсон хар өрөвтас, гангар хун, хээрийн галуу, хошуу галуу, цагаан сүүлт нөмрөг, зэрлэг гургуул, хонин тоодог, жороо тоодог, Азийн цацууль, итэлгэн цахлай зэрэг ховор шувуудтай.

Ачит нуураас баруун хойш орших Шанаган хэмээх газраас түрэгийн бичигт хөшөө олдсон. Нуурын эргэн тойронд ихэвчлэн дөрвөд, хасаг үндэстнүүд амьдардаг

Ачит нуурын тухай домог. Галдан Бошигт манжийн цэргээс зугатаан Ховдод ирсэний дараа их зуд болж хамаг мал сүрэг нь үхэж үрэгдэн, хамж базаасан амуу тариагаа дуусгасан тул цэргүүд нь хэд гурваараа хэрэн тэнэж хоол хүнс эрж явдаг байжээ. Хавар цагт нэгэн хэсэг цэрэг Цагаан голыг өгсөн явж нэгэн нуурын дэргэд ирж амсхийж, ядарч туйлдсан цэргүүд нэгнийгээ нуурын харзалсан уснаас ус авхуулахаар явуулжээ. Өнөө цэрэг модон хувингаараа ус хутгатал устай цуг олон загас хувинд орсонд бөөн баяр болоод аваад иржээ.
Ийнхүү цэргүүд өлсөж үхэх аюулаас аврагдан тэндээ саатан тухалж тэнхэрч аваад уг нуурыг үхэх аюулаас аварсан үнэхээр ачит нуур минь гэснээс болж “Ачит” нуур нэртэй болсон гэж домоглодог.


Өөр нэгэн домог ч бас байдаг. Эрт үед хүмүүс дайснаас дүрвэж өвс, ургамал, бэлчээр сайтай нутаг хайж яваад аяншин ядарч, өлсөж ундаасан зvдэрч байтал нэгэн томоохон нуур харагдахаар нь тэнд очтол тэр нуурын мандлаас нэг том загасны сэрвээ цухуйгаад хөлдчихсөн байжээ. Дээрх хүмүүс түүнийг цавчин авч идэн тэнхэрч ихэд баярлан “Ээ хөөрхий Ачит нуур минь” гэж дуу алдсан гэдэг. 

No comments:

Post a Comment