3.15.2020

Уйгурын хожуу хаант улсын Баянчур хаан


Уйгур улсыг үндэслэгч Кутлук Билгэ Күл (Гули Пэйло) хаан 747 онд нас барсны дараа хүү Баянчур нь хаан сууринд суув.

Баянчур шууд хаан болсонгүй, түүнтэй хаан ширээ булаалдагч гарч иржээ. Тэсийн бичээст “Уйгур улсад хаан хоёр болов. Гэхдээ нэгэн нь хуурамч хаан байжээ” гэсэн товч мэдээ гарна. Тэр хуурамч хаан бол Байырку аймгийн тэргүүн Уйгурын ябгу Тай Билгэ тутук байлаа. Сурвалжид “ Тай Билгэ тутук өшилсний учир, ганц хоёр язгууртан өшилсний учир.. гэж тэмдэглэж үлдээсэн нь Тай Билгэ тутук Баянчуртай хаан ширээний төлөө тэмцэлдэж байсныг гэрчилж байна. Ингээд Тай Билгэ тутук есөн татар, огузын зарим аймгийг багтаасан шинэ эвсэл байгуулж Баянчуртай дайтаж эхэлжээ.

Баянчурын талд арван уйгур, эдиз, буку, тонра гэсэн долоо найман аймаг, Тай Билгэ тутукын талд Байырку, есөн татар зогсож байв. Тэд бэлтгэлээ базааж байгаад 748 оны дунд үеэс байлдаж эхэлжээ. Эхний тулалдаан 748 оны 6 сард Сэлэнгийн сав Шып толгойд болжээ. Тай Билгэ тутукын байырку аймаг дангаараа Уйгуртай байлджээ. Дараа нь 9 сард Чыгылтыр нууранд Уйгуртай хоёр ч удаа тулалджээ.

Дараагийн тулаанд байыку нартай есөн татар хүч хавсарч Туулын Бөхөгийн голд болон Хараагийн голд  749 оны 3-4 сард гурвантаа зэвсэг зөрүүлсэн байдаг. Харин дангаараа есөн татарчууд 749 оны 9 сард Багануурын Сайр хээрийн эхэнд Хэрлэнгийн Гурван Бүрх голд Уйгуртай тулалджээ. Үүнээс хойш 751 оны 5 сард есөн татарчууд мөн дангаараа Уйгуртай тулалдсан мэдээ байдаг. Учир нь Байырку аймгийн тэргүүн Тай Билгэ тутук Уйгарт ялагдаад 749 оны 11 сард Тангийн баруун нийслэл Чанань хотод очиж Тан улсыг дагажээ.

Баянчур хаан эцгийнхээ ор сууринд 750 онд л бүрэн суужээ. Тай Билгэ тутукын эвслээс байырку нарыг буулган авсаны дараа Баянчур хаан улсдаа шинэчлэл хийж өөрийн хөвгүүдээ ябгу болгон барун, зүүн гарыг захируулав.

752 онд баруун хойш Хэм Хэмчигийн зүг аялж чик аймгийг дагуулав. Тэр ондоо Тэсийн эхэнд ордоо байгуулж, хэрэм бариад гэрэлт хөшөө босгожээ. 753 онд улсын төвөөс баруун хойд зүгт одоогоор байршил нь тодорхойгүй хоёр голын бэлчирт зусаж хана хэрэм, орд өргөөгөө бариулж мөн гэрэлт хөшөө босгосон байна.

754 оны зун Өтүгэнд буюу Хангай нурууны төвд ордоо буулгаж мөн хана хэрэм босгож, гэрэлт хөшөө босгож, өөртөө “Тэнгэрээс болгоосон улсыг хураасан Билгэ хаан цол” хатандаа “Улсын Билгэт хатан” цол өргөжээ.

755 онд Баянчур хаан илдний үзүүрийг өмнө зүг чиглүүлж, гурван карлукыг дарах аянд мордож, Булчу хэмээх голд карлукыг бутцохилоо. Тэндээс Хэм Хэмчиг нутгийг тохинуулахаар яаран буцаж Тэсийн хэрмэндээ зусчээ. Түүний хойно Орхон Жирмантайн бэлчирт улсын өргөөгөө байгуулав. Энэ бол Уйгур улсын дотоод хөдөлгөөн намжиж улсын голоо төвлөн сууж, хятадын Тан улстай идэвхтэй харилцах боломж бүрдснийг  харуулж байна.  Үнэхээр ч Баянчур хааны гэрэлт хөшөөний бичээст хонин жилээс (755) эхэлж “табгач хаан” буюу Тан улсын хаан хэмээн дурьдагдаж эхэлдэг.

Тэрээр хаан эцгийнхээ Тан улстай харилцаж байсан бодлогыг амжилттай үргэлжлүүлж 750-755 оны хооронд Тан улс руу жил бүр элч илгээсэн байна. 756 онд Суцзун хаан ширээнд суухад Баянчур хааны элч очиж Ань Лушаны бослогыг дарахад оролцуулахыг хүссэн мэдээ байдаг. 756 оны 10 сард Суцзун хаан Ли Чэнцай, Ши Динфань тэргүүтэй элчийг Уйгур улс руу зарж Тан улсын хэд хэдэн мужид тархаад байгаа Ань Лушаний бослогыг дарахад туслахыг хүссэн байна.

Ань Лушань бол согд эцэгтэй, түрэг эхтэй нүүдэлчин угсааны хүн байв. Тан улсын хил дээр цэргийн алба хааж байсан тэрбээр 736 онд хороо цэргээ авч Хятан нартай байлдаад ялагдан үхэх ял авсан боловч эзэн хааны өршөөлийг хүртсэн гэдэг. 741 онд ордныхныг хахуульдаж Инчжоугийн цэргийн тойргийн захирагч болсон ба яваандаа Тан улсын хилийн цэргийн 3 тойргийг мэдэх болсон Ань Лушань 755 онд 32 өндөр албан тушаалд хятад бус хүнийг тавьжээ.  Улмаар Ань Лушань хааны ордноос 22 хятад бус цэргийн даргатай 6000 цэргийг, хангах 3000 адууны хамт өгөхийг хүссэн байна. Эзэн хаан сая л буруу зүйл хийснээ ухаарч адуу илгээхийг хориглосон зарлигийг өөрийн мутраар бичсэн боловч нэгэнт оройтож Ань Лушань Тан улсыг донсолгосон алдарт бослогоо эхлүүлсэн байлаа. 756 оны сүүлээр Ань Лушань хязгаарын болон хилийн чанадын 150000 хүнтэй их цэргийг удирдан нийслэл хот руу хөдөлжээ. 757 онд тэрбээр өөрийгөө хаанд өргөмжилсөн байна. Түүний зөвлөх түрэг гаралт Ашина Чэнцин байв.

Хэрэв Ань Лушань хүчирхэгжиж Тан улсыг самрахдаа хүрвэл хятадад зугтаж очсон түрэг язгууртнууд толгой өндийхөөр барахгүй шинэ тулгар Уйгур улсыг сөнөөхийг эрмэлзэх нь гарцаагүй байлаа. Тиймээс Баянчур хаан Тан улсад туслахаар шийджээ.
Баянчур хаан өөрийн биеэр цэрэг авч очин Шофаны захирагч Го Цзы-и лугаа нэгдэж Шар мөрний дэргэд тунра нарыг бутцохив. Тэндээс 756 оны 12 сард Го Цзы-и-гийн хамт Хунь Янь Гу нэрт хөндийд буужээ.

757 оны 2 сард Баянчур хаан их жанжин Долань тэргүүтэй 15 хүнийг Ань Лушаний бослогыг дарахад туслуулахаар илгээв. Мөн оны сүүлээр Уйгурын хаан ширээ залгамжлах ханхүү Еху, жанжин Дидэ нар 4000 цэрэгтэйгээр бас л бослогыг даралцахаар Тан улсад очжээ.

Тулаан эхлэхийн өмнө 757 оны 10 сард Фуфэнд Го Цзы-и Уйгурын Эху нарыг 3 өдөр ихэд дайлан найрлажээ. Тулааны өдөр болоход хоёр улсын жанжин нар Фэнгуй голын дэргэд цэргээ засав. Босогчид гэнэдүүлэн дайрахын тулд морьт цэргээ Тангийн цэргийн зүүн талд бүгүүлэв.  Пүгү Хуайэнь Уйгурын морьт цэргийн хамт босогчдын бүгсэн цэргийг илрүүлж цавчин хядаж, босогчдын ар талд нэвтрэн Бэйтингийн захирагч Ли Сые-г ар өврөөс нь цохилоо. Еху ханхүү нүүдэлчдийн дайтах урлагийг эцэг шигээ чадварлаг эзэмшсэн хашир жанжин гэдгээ харуулан эхлээд Чюйво-д ирснийхээ адилаар Бишитубо Пэйло ноёныг илгээж өмнөд уулсын хажуугаар зүүн зүг явуулан уулын хөндийд бүгсэн цэргүүдийг устгуулжээ. Гао Цзы босогчидтой тулалдаж эхэлсэн боловч удалгүй сандран ухарлаа. Үүнийг анзаарсан Уйгурууд тэр дороо баруун уулсыг давж, туг хиуруудаа дэлгэж босогчдын ар талыг эрчтэйгээр цохив. Босогчид эргэн хараад ихэд балмагдлаа. Босогчдыг хэдэн ли газар элдэн хөөв. Ийнхүү Тан улс Уйгурын цэргийн тусламжтайгаар бослогын цэргийг бутцохиж, Ань Лушаний хүү Ань Цинсюй-н удирдсан цэргийг Чанань, Лоян хотуудаас хөөн гаргажээ. Уйгурууд ялан дийлснийхээ хариуд Лоян хотыг 3 өдрийн турш тоножээ.

Баянчур хаан Сэлэнгийн хөвөөнөө өнөөгийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт орших Бай-Балык буюу  “Баян балгас” хотыг согд табгачуудад зориулан барьж өгөв гэсэн мэдээ байдаг. Энэ нь Ань Лушаний босгыг дарсных нь хариу шагнал бололтой. Бай балыкын тухай мэдээ 757 оны үйл явдлаас хойш гарч эхэлдэг.

Баянчур хаан амласнаа биелүлж Тангийн дотоод бослогыг дарж өгсөн тул энх ургийн гэрээг хийж болно гэж үзээд 758 оны 6 сард Дохай Апа тэргүүтэй 80 хүнтэй элчийг Тан улс илгээн, 2 жилийн өмнө бүтэлгүйтсэн саналаа дахин уламжилжээ. Тангийн хаан гүнжээ Уйгурт өгье гэсэн боловч түшмэдүүдтэйгээ зөрөлдөн, зарлигаа буулгалгүй Уйгурын элчийг 40 хоног хүлээлгэв. Гэвч хаант төр босогчдоос 2 нийслэлээ эргүүлэн авсан ч бослого бүрэн дарагдаагүй, Уйгурын болзлыг хүлээн авахгүй бол эргээд бүр ч доор байдалд орж мэднэ гэж үзээд Суцзун хаан Дохай Апа-г цолоор шагнаж, насан бага Нинго гүнжийг Баянчур хаанд хатан болгох зарлиг буулгажээ.

Ли Юй тэргүүтэй элч гүнжийг хамгаалан явж Уйгурын хааны ордонд хүргэхээр 758 оны 9 сард Чанань-аас хөдлөв. Суцзун хаан гүнжээ Сяньян хүртэл дагаж гүнжийн сэтгэлийг хэдэнтээ аргаджээ. Гүнж “одоо манай улс гэр маш түгшүүртэй боллоо. Үхэхэд эргэлзэх зүйл алга” гэж нулимс унаган өгүүлжээ. Элчийн ирэхэд Баянчур хаан түрэг малгай, улаан дээл өмсөөд гэрт сууж байжээ. Ли Юй вангийн гардуулсан бэлэг сэлтийг бүгдийг нь Баячур хаан доод хүмүүстээ тарааж өгөөд буцахад нь Суцзун хаанд 500 адуу, булганы арьс, нарийн цагаан ноосон нэхмэл зэрэг бэлгийг хүргүүлжээ. Санасандаа хүрсэн Баянчур хаан 757 сүүлээр Гучжо Дэлэ (Күлчур Тегин), сайд Дидэ нарын удирдсан 3000 цэргийг Хятад руу бүрэн дарагдаагүй бослогыг дарахад туслуулахаар илгээлээ. 10 сард Баянчур хаан Кай жанжныг 3 хатагтайн хамт илгээж, гүнжтэй ураглуулсанд талархлаа илэрхийлэв. Мөн Хиргис лүгээ дайтаж ялсан тухай мэдээ хүргүүлжээ.

759 оны 4 сард Күлчур тегин Тангийн цэргийн 9 захирагч лугаа нэгдэж босогчидтой тулалдсан ч нэгдсэн удирдлага, зохион байгуулалт муугаас болж ялагдан Чанань руу зугтжээ. Босогчдын хашир жанжин Шы Сымин 2 жилийн өмнө үхсэн Ань Лушаний мулгуу хүү Ань Цинсюй-г хороож 5 сард өөрийгөө хаан хэмээн зарлав. Уйгур цэргүүд амжилтгүй байлдсан ч Тангийн хаан хожмоо бодон бүгдэд нь зэрэг дэв, бэлэг сэлт шагнажээ.

Баянчур хаан 759 оны зун нас нөгчив. Хаан юугаа хальсан мэдээг Тангийн ордонд 7 сарын 10-нд Уйгурын элч хүргэсэн байна. Суцзун хаан гашуудал зарлав. Уйгурын хааны ордныхон Нинго гүнжийг нөгчөөж хаандаа дагалдуулан оршуулахыг завдав. Гүнж “ Дундад  улсад хүргэн өнгөрвөөс эхнэр 3 жилийн турш өглөө үдэш авсных нь дэргэд байдаг ёстой. Түүгээр ёс гүйцдэг... Тиймээс би хааныг дагалдан одох шаардлагагүй” гэснээр амь хэлтэрчээ. Хэдий амь гарсан боловч Уйгурын заншлаар нүүрээ эсгэн уйлж, улаан харыг хамтад нь урсган гашуудах ёслол хийв. Гүнж талийгаач хаанаас хүүхэдгүй үлджээ. 8 сарын 27 нд Нинго гүнж улсдаа буцав.
“Монголын эртний түүх”     

No comments:

Post a Comment