1.20.2020

Монгол нутагт зүүн Түрэгийн дараа үүссэн Сеяньтогийн хаант улс (628-647 он)


Сеяньто нарыг “Хүннүгийн тусдаа салбар, өөрөөр хэлбэл тэлэгийн аймаг” гэж Цжычжи тунцзянь”-ий 195-р бүлгийн 6140-д дурддаг. “Танхуйяо” буюу “Тан угсааны тойм”-ын 96-р бүлгийн 1726-д “тэдний өөрсдийн үгээр бол тэд се овогтон. Эрт цагт тэд яньто руу довтлон тэдний хүн амыг булаахын тулд аймаг олныг нь устгажээ. Эндээс тэдний Сеяньто нэр үүдэлтэй” гэж тэмдэглэжээ. 

Мөн  сударт бас “сеяньто бол тэлэгийн тусгай аймаг мөн. Се аймагтай холилдон суудаг тул сеяньто гэнэ” хэмээн тэмдэглэсэн байдаг. Мөн “Урьд Янь улсын Муюн Цзюний цагт хүннүгийн шаньюй Хэцытоу 35 мянган хүнтэй өөрийн аймгийг дагуулан сеяньто нарт ирсэн. Эд тэд нарын удам” гэсэн тайлбар хийсэн байдаг. Өөр нэг сударт “сеяньто бол тэлэгийн тусгай аймаг мөн. Түрүү Янь улсын (349-360 он) Муюн. Цзюний үед хүннүгийн Хэлатоу шаньюй 35000 албаттайгаа дагаар орж ирэв. Яньто бол тэдний удам болой. Се аймагтай холилдон сууснаас сеяньто гэгджээ. Хааны ургийг илиду хэмээнэ. Үеэс үед хүчирхэг аймаг байсан” гэж бас тэмдэглэжээ.

Сеяньто бол дайны цагт 7000 цэрэг жагсаадаг өндөр тэрэгтний хүчирхэг аймаг юм. 603 оны үед сыцзе, фулицзюй, хунь, хуса, аба, пугу гэсэн арваад өндөр тэрэгтэн аймаг нэгдэж Даду хааныг довтолсонд аймаг улс нь бутарч Даду хаан өөрөө Тугухунь (Тогоон) улс руу зугтаж сураг алдарчээ. Харин баруун Түрэгийн хаан ширээнд Мухань хааны хүү хүү Далобяний ач Чуло (Чурын) суув. Чурын голдуу эртний Усуний нутагт сууж байсан бөгөөд хоёр бага хан тавьж нэгийг нь Ши улсад суулгав. Тэр Талас голоос Амударъяа мөрөн хүртэлх баруун Түрэгийн нутгийг захирч байжээ. Нөгөө бага хан Истеми, Даду нарын нутаглаж байсан Кучагийн арын Актаг ууланд өргөөлж Баруун түрэгийн дорнод хэсэг болон өндөр тэрэгтэн аймгууд Карашар, Турфан, Хами хавийн газрыг захирч байжээ. Чурын хааны гол түшиг тулгуур нь баруун Түрэгийн Дулу аймгийн холбоо байжээ.

Баруун түрэгийн Чурын хаан 605 онд өндөр тэрэгтэн аймгуудыг довтолж мөн тэдний хэдэн зуун ахлагчдыг цуглуулж бүгдыг цаазалжээ. Үүнээс болж Алтай болон Тэнгэр уулын өндөр тэрэгтэн аймгууд Чурын хааныг эсэргүүцэн босч өөрсдийн төрийг байгуулахыг оролдсон юм.

Боссон өндөр тэрэгтнүүд Циби аймгийн иркин Гэлэн-ийг Иучжэнь Мохэ хаанд өргөмжлөв. Гэлэн хаан Таньхань (Тамган) ууланд өргөөлж суув. Одоогийн Турфан хотын умард этгээдэд байдаг мөнх цаст уул гэж үздэг. Мөн Алтайн Сеяньто аймгийн Ишибо иркинийг Еде хаанд өргөмжилж бага хаан гэж нэрлэжээ.

610 онд баруун Түрэгийн Даду хааны ач хүү Шэгуй хаан, Чуло хаантай байлдаж түүнийг Суй улс руу хөөж явуулжээ. Шэгуйн гол түшиж байсан аймгууд нь баруун түрэгийн Нушиби нарын холбоо билээ. Түүний үед баруун Түрэг хүчирхэгжиж зүүн этгээдийн Алтайн уулнаас баруун этгээдэд Тэнгис хүртэлх нутгийг эзлэн захирчээ. Шэгуй хаан уламжлал ёсоор Куча хотын умард этгээдийн Саньмишань ууланд өргөөлөх болов. Тэр үед Таньхань уул, Яньмо ууланд сууцгааж байсан өндөр тэрэгтний Гэлань, Ишибо хаад өөрсдийн хаан цолоо орхиж Шэгуйг дагацгаажээ.
Шэгуй хааны дараа 617 онд түүний дүү Тун ябгу баруун Түрэгийн хаан боллоо. Тун ябгу өндөр тэрэгтнүүдийг хялайж явах болов. 

Тэрээр 619 онд өндөр тэрэгтэн аймгуудыг довтлоход Алтайн баруун этгээдэд суух Ишибогийн аймаг Тун ябгугийн эзэрхийлэлийг хүлээж захирагдсан ч удалгүй баруун Түрэгт өрнөсөн хаан ширээний төлөөх тэмцлийн үеэр 620 онд Зүүнгарын өндөр тэрэгтнүүдийг толгойлж байсан Циби, Сеяньто аймгууд сууж байсан нутгаасаа нүүж одоогийн Монгол улсын нутгийг зорьжээ. Ишибогийн ач Инань-ий толгойлсон 7000 өрх сеяньточууд эхлээд Тан улсын нийслэл Чанань хотоос чанх баруун хойд зүгт 6000 ли (2754 км) орших Юйдуцзюнь (Өтүгэн) уул орчим суурьшжээ.

Тэр үед Монголд нутаглаж байсан өндөр тэрэгтэн аймгуудыг зүүн Түрэгийн Сэли хааны хүү Юйгу шад, Сэли хааны ах Шиби хааны хүү Тули хан болон Чуло хааны хүү Ашина Шээр нар захирч байв. Энэ 3 ханхүүгээс Ашина шээрийн тухай бол Чуло хааны хүү 11 настай байхдаа зэрлэгүүдийн дунд өөрийн ухаан эр зоригоор хэдийнээ алдаршсан байв. Сэли хаан түүнийг өндөр тэрэгтэн нарыг захируулахаар То шад гэж өргөмжилж томилсон. Ашина шээр говийн умардад байрлаж тэлэгийн уйгар, букут, тонра нарын өндөр тэрэгтэн аймгуудыг Юйгу шадын хамт захирах болжээ.

626 онд сеяньто, уйгур зэрэг аймгууд босч Юйгу шадыг бутниргэсэн ба Ашина Шээр бас тэднийг довтолсон ч ялагдсан тул өөрийн овгоо авч Бешбалык хотын баруун этгээдэд очиж суужээ. Ашина Шээр “сеяньто нар нүгэл үйлдэн хамгийн анх манай улсыг сөнөөсөн” гэж ярьж явсан нь сеяньто нар Түрэгийн эсрэг бослогод голлох үүрэгтэй оролцсныг батлахаас гадна эл мэдээ ашина түрэгүүд Монгол оронд суухаа больж, говийн өмнө нутаглах болсныг гэрчилнэ.

Тан улсад анхаарлаа хэт хандуулж байсан зүүн Түрэгийн Сэли хаан улсынх нь дотоод улс төрийн амьдрал гэнэт ингэж огцом өөрчлөгдсөнд сая нэг сэхээ авч сөрөг арга хэмжээ авч байдлыг тогтворжуулахыг оролдож эхлэв. Өөрийн хүү Юйгу шадад 10000 цэрэг өгч баруун жигүүрээс, үеэл дүү Тули ханд хэдэн мянган хөнгөн морин цэрэг өгч зүүн жигүүрээс босогчдыг цэрэглэв.

Юйгу шадын цэргийг Уйгурын зонхилогч Пуса 5000 цэргээр эсэргүүцэн тулалдаж бутцохив. Юйгу шадад үеэл Ашина Шээр тусалсан ч тус болж чадсангүй. Тули ханы тэргүүлсэн Түрэгийн зүүн замын цэрэг 628 оны зун Сеяньто нарт ялагдаж, Тули хан арай ядан цөөн цэрэгтэй зугтжээ. Ийнхүү Түрэгчүүдийн оролдлого нуран унасанд тэдний дотор өрнөж байсан хямралыг улам дэвэргэж, Сэли хааныг эсэргүүцэх явдал эрс ихсэв.

“Тан угсааны тойм”-ын 94-р бүлэгт  “628 оны 12 сард Түрэгүүд бослого гаргав. Сэли хаан Сеяньто руу зугтав. Сеяньтогийн иркин Инань-ийг хаанд өргөв. Инань сөрж зүрхэлсэнгүй. Инань хаан орд өргөөгөө Дамо дахь Юйдуцзюнь уулын хормойд байгуулав. Хуйгу, байгу, аде, тунло, пугу, си олон аймаг  дагав” гэсэн мэдээ байдаг.
Засгийн эрх Инань хаанд ирснийг батлан тэрээр зүүн Түрэгийн Сэли хаанд эзэмшил нутаг зааж олгов. Энэ нь Сэли хаанд таалагдсангүй, тэрбээр хүчирхэгжиж байсан сеяньто нараас эмээж, говийн өмнө буцаж ирж нутаглажээ. Мөн Тан улс Цяо Шиван нэрт түшмэлийг илгээж, Инань-д жуух бичиг, хэнгэрэг, туг хүргүүлж, Чжэньчжу Пига цол өгсөн нь төв Азид нүүдэлчдийн шинэ улс байгуулагдсныг хүлээн зөвшөөрсөн хэрэг болов.

Тан улсын цэрэг 629 оны 12 сарын 13-нд дайнд мордож 4 сар үргэлжилсэн байлдааны эцэст Сэли хаан баривчлагдснаар ашина түрэг нарын байгуулсан Түрэгийн хаант улсын 75 жилийн тусгаар улсын түүх төгсөв. Сэли хаан олзлогдсны дараа Сеяньтогийн Инань хаан орд өргөөгөө дорно зүгт Туул голын хойд эрэгт Дувэйцзянь ууланд шилжүүлжээ. Сеяньто улсын хил хязгаар нь дорнодод Шивэй, өрнөдөд Алтан уул, өмнөдөд их говь, умардад Ханьхай аж. Эртний хүннүгийн нутгийг эзэлсэн байна.
Сеяньтогийн анхны хаан Инань бол 605-617 оны үед Алтайн өвөрт Эрчис голоор нутаглаж байсан Сеяньто аймгийг захирч байсан Ишибо-гийн ач билээ. Тэр хаан болоод улсаа өмнөд умард гэж 2 хуваан хүүхдүүдээ Даду ше (Тардуш шад) Тули ши (Төлис шад) болгож захируулав. Улсаа ийнхүү 2 хуваасан нь 492 онд Зүүнгарт очиж, аймаг улсаа хоёр хувааж Алтай, Тэнгэр ууланд салж суусан эртний өндөр тэрэгтэн аймгийн уламжлалыг дагасан хэрэг.

Тан Сеяньто улсуудын харилцаа эхлээд найрсаг аястай байсан боловч 639 оноос дайсагналцаж эхлэв. Шиби хааны хүү Тули ханы дүү Гэшешуай, хүү Хэлоху хоёр 639 оны 5 сарын 20 –нд Тан улсын хааныг хороохыг оролджээ. Үүнийг далимдуулан Тангийн түшмэдүүд түрэгүүдийг Хатан голын умардад гаргахыг шаардах болов. Тан улс Сэли хааны холын хамаатан Сымо-г Иминишу хаан өргөмжилж, Сеяньто улсын хаанд түрэгүүдийг Хатан голын умардад гаргах болсноо хэлүүлжээ.

Инань хаан энэ явдлыг таатай хүлээж авсангүй. Цэрэг гаргаж их говийн гол замуудыг хааж байрлуулав. Мөн Тангийн хаанд  элч илгээж, таны шийдвэрийг дагаж болох ч түрэгүүд таны эсрэг босвол бид тэднийг устгахыг зөвшөөрнө үү гэж хэлүүлжээ.
Тан улс 641 оны 2 сард Сымо хаанд 4 түмэн цэрэг, 9 түмэн агт, 1 буман түрэг иргэн өгч Хатан голын ард Динсян хотод суулгав. Энэ үеэр Тангийн хаан Лоян хот хүрч улмаар умард зүгт Тайханьшань ууланд мөргөл үйлдэхээр замд гарахад ихэнх цэрэг хааныг дагаж, умард хилийн цэргийн тоо эрс буурав. Инань хаан үүнийг ашиглан хүү Тарду шадад их цэрэг өгч Байдао хүрч Шаньянлин ууланд шивээл гэж явууллаа.

Тарду шадын цэргийн тоог 40000-80000 хооронд эргэлдэж байсан гэдэг ч үүнээс ч бага байсан байж мэднэ.  Сурвалжаар бол нэг цэрэг 4 морьтой байсан гэдэг. Сеяньтогийн ханхүүгийн захирсан 5 аймгийн цэрэг 641 оны 12 сард Иньшань уулыг давж Сымо хааны 10 овгийг гэнэт довтлохыг оролдсон ч тэр зугтан Тан улсаас тусламж гуйжээ.

Тан улс 4 замын их цэрэг цуглуулж, Тарду шадыг довтолсон ч гол тулалдааныг Ли Цзи-гийн цэргүүд үүрсэн байна. Тэдэнтэй Сымо хааны түрэгүүд нэгджээ. Хүч нэмсэн Ли Цзигийн цэрэг Ночжэнь голд гүйцэв. Сар гаран дайсантайгаа нүүр тулалгүй мөрөө буруулж явсан Тарду шад гүйцэгдснээ мэдмэгц 10 ли (4,6 км) өргөнтэй хавчиг газар байр хийжээ. Тиймээс цэргээ явгалж, 5 дахь цэрэг бүр нөгөө дөрвөн цэргийнхээ хөтөч хийв. Газрын хавчиг байдлаас гадна өмнө нь Сеяньточууд баруун түрэгийн Шаболо хаан, зүүн түрэгийн Ашина Шээр нартай байлдахдаа хэрэглэж амжилт олсон явгалж тулалдах аргаа хэрэглэхээр шийдсэн аж.

Тулалдаан эхлээд Сеяньточууд Түрэгийн цэргийн жагсаалыг эвдэж, зугтсан түрэгүүдийг мөшгөж урагшлах үед Ли Цзигийн цэрэг тосч тулалдав. Сеяньтогийн цэргүүд Тангийн цэргийн шинэхэн хоёрдугаар эгнээ рүү суман мөндөр буулгаж, Тангийн цэргийн морьдыг ихэд хороох болсон тул Ли Цзи агт морьдоо арагш татаж, цэргээ явган цэргийн жагсаалаар жагсааж, урт жадаар зэвсэглэв. Зуутаар багласан Тангийн цэрэг урагш давшиж, Сеяньтогийн цэргийн жагсаалын завсар зайг чиглэж хатгалдав. Сеяньтогийн цэргийн байр эвдэгдэж ухрах үед Тангийн морин цэрэг тэдний хөтөч нарыг довтолж агт морьдыг булаасан байна.

Зугтааж амжсан Тарду шад бол Сеяньтогийн цэргийг Тангийн хэдэн мянган морин цэрэг хөөсөн боловч гүйцсэнгүй харин тэднийг мөшгөх үеэр гэнэт их цас унаж, Тангийн цэргийн арваас найм нь осгожээ.

Дахиж зэвсэг зөрүүлэх гэж талууд яарсангүй. Тан улстай хийсэн дайнд ялагдсан Сеяньтогийн хаан бусад өндөр тэрэгтэн аймгуудыг өөрийн захиргаанд баттай барихын тулд Тан улстай худ ураг болохыг зорилоо. Тан улс эхэндээ дайтаж байснаас өөртөө ойртуулсан нь дээр гэж үзэж худ ураг болох саналыг дэмжсэн ч удалгүй Инань хааны санааг таамагласан Тангийн хаан уг саналаас эвтэйхэн татгалзахын тулд сеяньто нарыг хуримын сүй болгож ихээхэн хэмжээний мал авчирч өгөхийг хүссэн байна.
Инань хаан 643 онд өөрийн ач хүүгээрээ Тан улс руу адуу 50000, үхэр тэмээ 10000, хонь ямаа 100000 өгч явуулжээ. Үүний дараа ч Тан улсын хаан худ ураг болсонгүй бүр, Инань хаан бэлэг цуглуулахын тулд харъяат аймгуудаас авах алба гувчуураа нэмнэ гэсэн Тангийн хааны түшмэлийн санаа байндаа тусч, Инань хааны харъяаны олон өндөр тэрэгтэн аймгууд хаандаа дургүйцэх боллоо.

645 онд Сеяньто улсын хаан Инань өвчнөөр үхэж түүний байгуулсан улсын дотоодод засгийн төлөөх тэмцэл өрнөлөө. Сеяньтогийн умард жигүүрийг Инаний татвар эмээс төрсөн ахмад хүү Еман Тулиши хан захирч байв. Харин өмнөд жигүүрийг Инаний 4-р хүү Бачжо захирч байлаа. Эдний дунд 638 онд Тан улс цол хэргэм өгөх нэрээр хэдийн хагарлын үрийг цацаж чадсан аж. Мөн Бачжо-г Тарду шад байхад нь Тан улстай байлдах санаачлагыг Еман гаргасан билээ. Инань хааны оршуулгын үеэр бүгд цуглах үед Бачжо гэнэт аймагтаа буцан цэргээ бэлтгэж байгаад Еманыг довтолж хороов.
Энэ үед Тан улс их цэргээр Когүрю улсыг довтолж байлаа. Энэ дайн сүүлдээ сунжирч Тангийн цэргүүд өлсөж ядран, Когүрюгийн цэргийн эсэргүүцэл нэмэгджээ. Тан улсын цэргийн гол хүч Ляодуны хойгт ийн дайтаж байгаа сиймхийг 645 оны 10 сард хаан болсон Бачжо ашиглахыг оролдож эхний довтолгоогоо 12 сарын сүүлээр хийлээ. Сячжоуд халдсан боловч Чжиши сыли тосч байлдаад Бачжо хааныг 600 ли (276 км) газар мөшгөжээ.
Бачжо цөөн цэрэгтэй зугтааж нутагтаа ирэв. Тан улсад удаа дараа ялагдсан Бачжо хаан дотооддоо бас харгис бодлого явуулж байсан нь бүр нэрмээс болов. Инань хаанд зүтгэж байсан түшмэдийг хядаж өөрийн хүмүүсээ томилж байсан явдал олон түшмэдийг түгшээж дургүйцлийг төрүүлж байлаа. Гэхдээ Сеяньто улсыг Тан улс эсвэл дотоодын хямрал бус хүчирхэгжиж байсан Уйгурын толгойлсон тогуз огузын шинэ холбоо сөнөөсөн юм. 

Энэ тухай “646 оны 7 сард Уйгурын толгойлогч Тумиду пугу, тунло аймгийн цэргийн хамт Бачжо-г довтолж ялав” хэмээн сурвалжид тэмдэглэжээ.
Сеяньтогийн хоёрдохь хаан Бачжо Уйгурын довтолгооны дараа цөөн хэдэн морьтны хамт Ашина Шицзянь иркин руу зугтжээ. Тэр бол Сеяньтогийн нэг овгийн тэргүүн юм. Ийнхүү Бачжо зугтаж чадсан ч түүнийг Уйгурууд мөшгөж хөнөөгөөд ургийг нь хүйс тэмтэрсэн байна.

Сеяньтогийн үлдсэн 50-60 мянган хүн Инань хааны дүүгийн хүү Думочжи-г хаан болгож Итэуши цол өргөмжилсөн байна. Бачжо хаан алагдсны дараа үлдсэн сеяньто нар Өтүгэн ууланд нутаглах гэж буйгаа Тан улсад мэдэгдэж Туул голоос баруунш нүүжээ. Тэгээд ч сеяньто нарыг Өтүгэн ууланд нутаглах чимээнээр Тэлэгийн 9 аймгийн тэргүүд сандарч, хэдийгээр сеяньто нарын хүч чадал буурсан ч дахин тэднийг дагаж эхэлжээ.
Монгол оронд өрнөж буй үйл явдал Тан улсын ордны бодлоготой үл зохицох тул Ли Шиминь хаан Сеяньтогийн Думочжи хааныг тайвшруулж, улсыг нь тохинуулах нэрийн дор цэрэг илгээхээр шийдвэрлэв. 646 оны 8 сард Тангийн хаан Ли Цзи жанжинг илгээж сеяньто нар тэрслэх сэжүүр гаргах төдийд устга гэж даалгажээ. Тангийн цэрэг Өтүгэнд гэнэт ирсэнд Думочжи сандарч шууд тулж байлдахыг санаархсан хэдий ч бэлтгэлгүй тул дагаар орсон дүр эсгэжээ.

Ли Цзи асуудлыг нэг мөр шийдэхийг хүсч Думочжи дагаар орсон ч сеяньто нарыг довтолж 5000 хүн алж, 30000 хүн олзолжээ. Думочжи зугтаж тэр үед Уйгурт ирээд байсан Тангийн элч Сяо Сые-д бууж өгснөөр Тан улсад очиж амьдарсан бөгөөд хэргэм зэрэг хүртэж эзэмшил газартай болсон гэдэг.

Сеяньто улс ингэж мөхсөн юм. Нэг хэсэг сеяньто нар Өтүгэн ууланд үлдсэн бол нөгөө хэсэг нь баруун зүг нүүжээ. Гуравдахь хэсэг буюу Ли Цзигийн олзолсон 30000 сеяньто говийн өмнө Тангийн хил хязгаарт нүүлгэж 648 онд Гаолань, Цилянь тойрог байгуулж суурьшуулсан байна.

Монголд үлдсэн сеяньто нарыг 647 онд Тангийн хааны ургийн Даоцзун довтолсон. Түрэгийн Ашина Шээр дагалдаж явжээ.
Ли Цзигийн довтолгооны дараа 15-25 мянган сеяньто нар баруун тийш Алтай чиглэн нүүсэн. Тэд Алтай хүрсэн ч Тан улс мөрдөж 648 онд Чжиши сыли, мөн дараа Ашина Шээр нар хоёр ч удаа довтолсон байдаг.
“Монголын эртний түүх”



No comments:

Post a Comment