Энэ Их Юань улсын
“Хөх судар”-ыг эрдэмтэн сайд айлдан
тольдож уншихуйд, урьд эрхбиш энэ судрыг
үзэх арга ухааныг заасан товчит тольт
бүхнийг хянан үзвээс зохимуй. Аливаа
бичиг үзмүй хэмээгч түүний учир шалтгааныг
нарийвчлан мэдсүгэй хэмээсэн санаанаас
өдсөн дуршаалт сэтгэл тул, одоо чухам
тэр бичгийн өмнөх хойнох, ил далд оршил
цохолбор ба нарийн бүдүүн товчоо шүлэг
бүрийг эрхбиш хянан үзвээс зохимуй.
Зарим бичиг айлдагч мэргэд тийм бус,
ямар зэргийн гүн хол амт чанартай бичиг
ба утга уянгатай товчоо, шүлэг оршил,
цохолборыг цөмийг нь орхиод ганц үлгэрийг
нь үзмүй. Тэр нь бичиг үзмүй хэмээгч бус
чухам бичгийг бүрэлгэмүй хэмээгч болой.
Энэ бичгийг
Хань, Цзинь, Тан, Сүн-гийн засаж чимэглэсэн
сул үлгэр шастир лугаа үлитгэж (адилтгаж)
үл болмой.Тэдгээр сул шастир өчүүхэн
бичгүүд хэмээгч цөмөөр өчүүхэн төдий
ор сэдэв байваас мэргэд бээр даруй түүнд
зуун зүйлийн учир шалтгаан нэмж, салаа
сүеэ ургуулан, түмэн мянган давхар чимэх
уянга оруулан, өөрийн оюунаа дэлгэрүүлэн,
өгүүлэл санаагаа орчлонд хоцруулан,
тэр бичгийг үзухүйд амттай болгожухуй.
Энэ -Хөх судар”
хэмээгч тийм бус, энэ болбоос Их Юань
улсын нэг зуун жаран хоёр оноос урагш
бас гуч, дөчин жилийн хэрэг лүгээ хамт
байхын тул, урьд хожидыг нийлүүлбээс
нийт хоёр зуун оны хэрэг, шууд үнэн
хэргийн арван хувиас нэг хувь ч бүрдэн
гарч чадахгүй бөгөөтөл, хаанаас нэмэх
чимэх учир буй аж! Энэ судрын Чингис
богд хэмээгч хүний чихэнд сонстон,
морины хөл хүрч болох газар бөгөөс
олонхид нь цөм хүрч дайлан үзсэний тул,
хэрэг маш олон, алийг нь нарийвчлан
гаргаж бүртгэн чадах аж.
Тийнхүү энэ
судар эдгээр ойр хол харьяат улсаа бүгд
товчоолон хурааж хэлсэн нь дөрвөн өнгийн
өөрийн улс, таван харь аймагтан хэмээн
нийлүүлэн хэлжүхүй. Хэрэв ялган
хэлбээс,дөрвөн өнгө улс хэмээгч тэргүүнд:
Хойт газрын Бэт
улс, арван хоёр их улс, далан таван бага
аймаг бүхнийг цөм хурааснаар, улс бүрд
хүндлэгдсэнээр хөдлөн гармагц улс бүрд
хүндлэгдэн эрхлэгдэхийн тул, таван
өнгийн дээдийг эзлэв хэмээн хүндлэгдэх
дээд хөх Монгол улс хэмээгээд зүүн
этгээд Солонго улс хэмээгч Гуули улсыг
хэлмүй. Тийнхүү Солонго Солонгод эдгээр
улс цөм цагаан дээл өмссөнөөр эдгээрийг
цагаан улс хэмээмүй. Өмнө
этгээдийн Дундад улс, Чжун Юаны газрын
хятад нанхиад бүхнийг галын хамаатай,
халуун амьгалт орон хэмээж улаан улс
хэмээмүй. Жич, баруун этгээд Төвд Тангад,
Хотон, Уйгар эдгээрийн хүний сэтгэл нь
хартай бөгөөд царай бас харын тул өрнөд
хар улс хэмээжүхүй.Энэ дөрвөн зүгийг
дөрвөн өнгөөр хувааж өнгө улс хэмээжүхүй.
Жич, таван харь
улс хэмээгч нь баруун өмнө: Энэтхэг ,
Балба, Цорон, Ромын зэрэг улсыг нэгэн
харь хэмээжүхүй. Цэх баруун: Сарлаг,
Сартуул, Хасаг, Бөрүд эдгээр улсыг
хоёрдугаар харь улс хэмээжүхүй. Цэх
хойно: Орос, Тогмог, Илдэш, Жүрхэн эдгээр
улсыг гуравдугаар харь улс хэмээжүхүй.
Зүүн хойно: Охин улс, Нохой толгойт улс,
Нэвтэрхий хэнхдэгт улс, Ганц нүдэт улсыг
дөрөвдүгээр харь улс хэмээжүхүй. Зүүн
өмнө: Ганц хөлт улс, Хавтгай биет улс,
Өндөр хөлт улс, Морин царайт улсыг
тавдугаар харь улс хэмээжүхүй. Эдгээрийг
хуучин монгол үгсийн сударт таван харь,
Гилигэд Тэшиг улс хэмээжүхүй. “Гилигэд
Тэшиг” хэмээгч нь хуучин үг, энэ үеийн
үгээр хэлбээс “этгээд өөр сонин жигтэй”
улс хэмээсэн үг.
Чингис богдын
судар бичиг цэдэг тууж нь уйгар үсэг,
шар үсэг, төвд үсэг, хятад үсэг жич монгол
манжийн зүйлийн судар гарсан нь маш
олон. Гагц зарим сударт маш хэтэрхий
дэлгэрүүлээд нэгэн цагийн зарлиг үсгийг
хэдэн зуун хуудас бичээд, зарим сударт
хэдэн сарын хэргийг хэдхэн мөрөнд
товхиод, хүний ухаж төсөөлөхүйеэ маш
бэрх болгожухуй.
Нанхийдын “Цзы
Чжи Тун Цзянь Ган-мү бичиг”-т Богд Чингис
хааны дөчин таван сүүдэрт Мон нэрт голын
аманд мандал цогцлон, хаан сууснаас
урагшийн хэргийг огт тоочсонгүй, гагц
хаан сууснаас хойшхи Их Юань улс төгстөл
ихээхэн хэмжээтэй хэргийг цөм тоочин
товхин гаргасан боловч, эгнэгт Сүн улс
ба Юань улсаас хожмын Мин улсын хятад
сударч нар тэмдэглэсний тул, хятад хүн
өчүүхэн сэтгэл, муу эхнэрийн бяцхан
зангаа гээн чадсангүй, эгнэгт өмхий
атхагийг устган төсөглөсөнгүйн эрхээр
онц Монголыг нэгэн зүйлээр доромшоон
муушааж хэлсүгэй хэмээн ташимгайлан
бичсэн нь маш олон, онц нэгэн зүйлээр
муу хэлсүгэй хэмээн өө сэв гарган учир
үгс нэмж, өргөс сондуу нуун, өдөж сонжиж
зохион бичжүхүй. Энэ нь өөр учирт бус,
Монголд тэмцэхүйеэ хэтэрхийеэ дарагдан
нэг зуун жаран хоёр жил боол болсны
хорсол болой. Хүчээр эс тулан чадваас,
үгсээр муушаан үлдээсүгэй хэмээжүхүй.
Тайж Инжаннаши
би гээгдэж орхигдсон бүхнийг үсэг, бадаг
дараалан цөм эрэн бүртгэн гаргаж
хамтаарыг цөм үес үест нь бүртгэн оруулж
бүрэн бүтэн болгож, Монголын уг учраа
мэдсүгэй хэмээгчдэд хялбар болгов. Гагц
уг хэрэг нь маш олон, улс аймаг нь
хэтэрхийеэ арвин, хүний нэр нь адбиш
үлэмж, газрын дуудалт үнэхээр элбэг.
В.Инжаннаши “Хөх
судар” номын хэсгээс
No comments:
Post a Comment