1.29.2017

Буган хөшөө

Монголын хүрэл ба төмрийн түрүү үеийн нэг чухал дурсгал бол буган хөшөө юм. Эрдэмтэд буган хөшөө хэмээн гонзгой урт чулууны хажуугийн дөрвөн талыг сайтар засаж, гурав зааглан гол төлөв нүүрэн талын, заримдаа нүүрэн ба ар талын оройн хэсэгт нар сар хоёроос гурван ташуу зураас, хүний нүүрний дүрс, хөшөөний их биеийг ороолгон сүрэг бугыг загварчлан дүрслэн тэдний доогуур бүс татаж зэр зэвсэг зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөө чулууг хэлдэг. Хөшөөнөө чинжаал, байлдааны алх, хутга, нум сум, жад, бамбай зэрэг зэр зэвсэг, хүрэл толь дүрслэхээс гадна зарим хөшөөний бүсийг янз бүрийн хээ гарган чимсэн байдаг.
Буган хөшөө дунджаар 1-4 м өндөр, 20-40 см зузаан, 30-80 см өргөн хэмжээтэй бөгөөд түүнийг үйлдэхэд зураг, сийлбэр, уран баримлын аргуудыг хослуулан ашигласан байна. Мөн бугыг бодит байдлаар дүрсэлсэн, бугын оронд адуу, зээр зэрэг өөр амьтад дүрсэлсэн, эсхүл огт амьтны дүрсгүй бүс, зэр зэвсэг болон бусад зүйлсийг дүрсэлсэн хөшөө ч бий.

Евроазийн хээр талын бүс нутагт хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед өргөн тархсан түүх соёлын гайхамшигт дурсгал болох буган хөшөөг эрдэмтэд 100 гаруй жилийн өмнөөс судалж 700 гаран буган хөшөөг илрүүлжээ.
Үүнд монгол нутгаас 550 орчим, Өвөр байгалийн нутгаас 20 гаруй, Саян Алтайгаас бас 20 орчим, Уулын Алтайгаас 60 орчим, Казакстан Дундад Азиас 20 орчим, баруун тийш Оренбург, Кавказ, Укриан Эльба гол хүртэл 10 гаруй олджээ.
Буган хөшөөг эрдэмтэд хэлбэр төрхийн хувьд үндсэн гурван төрөлд хувааж үздэг.
1.Монгол-Өвөр байгалийн бугын загварчилсан дүрст буган хөшөө
2.Саян-Алтайн амьтдын бодит дүрст буган хөшөө
3.Ази-Европын амьтны дүрсгүй буган хөшөө

Монгол-Өвөр байгалийн бугын загварчилсан дүрст буган хөшөө
Энэ төрлийн буган хөшөө тооны хувьд хамгийн олон бөгөөд манай улсын Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Булган, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутаг бий боловч гол цөм нь Хангай, Хэнтий Соёны уулсын орчмын нутаг юм. Монгол улсын нутгаас гадна Өвөр байгаль, Тува Алтайд цөөн тоогоор тархжээ. Архангайн Эрдэнэмандал сумын нутагт Хануй багийн төвөөс зүүн тийш Хануй голын хойд дэнж дээр олон жижиг 2-3 м голдочтой дугуй далангаас бүтсэн том дөрвөлжин хэлбэрийн тахилын байгууламжууд хиригсүүр, том
дөрвөлжин хашлага бүхий бусад байгууламж, хэдэн арван буган хөшөө бүхий ёслол, оршуулгын цогцолборыг бий. Энд бүх хөшөөнөө бугыг загварчилан дүрсэлсэн бөгөөд нар, сар, зэр зэвсэг, гоёл чимэглэлийг сийлжээ. Монгол нутагт ингэж загварчилан дүрсэлсэн буган хөшөө элбэг.

Саян-Алтайн амьтдын бодит дүрст буган хөшөө.
Энэ төрлийн буган хөшөө Монгол улсын баруун талын Увс, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгийн нутагт зонхилон тархсан байдаг. Энэ төрлийн буган хөшөөний нэг нь Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын нутаг Дөрөлжийн амны өргөн хөндийд том хиригсүүрийн дунд буй дөрвөн буган хөшөө юм. Эдгээрийн нэг хөшөө нь цайвар саарал өнгийн боржин чулуугаар хийсэн 3 м өндөр бөгөөд түүний оройн хэсэгт төвгөр гарган малгай мэт зүйлийг дүрсэлсэн ба хөшөөний оройн хэсгийн эргэн тойрон нэг эгнээ олон хонхор гаргаж доод талаар нь нарийвтар бүс татаж гурав заагласан байна. Хөшөөний баруун хажуугийн дээд оройн хэсэгт хоёр ташуу зураас, бүснээс хоёр үзүүр нь дээш тахийж ээтийсэн эдлэл, нүүрэн өргөн талын дээд хэсэгт нар, дунд хэсэгт дөрвөн бугыгнэгийг нь хөндлөн, гурвыг нь хөшөөний орой уруу хандуулан цувуулж бодит байдлаар дүрсэлжээ.Зүүн хажуугийн дунд хэсгийн дээхэн талд зогч буй ганц буга, арын өргөн хажуугийн оройн хэсэгт нар, дунд хэсэгт таван бугыг хөшөөний орой уруу хандуулан цувуулж бодит байдлаар дүрсэлж, бүсний доод талд чинжаал урлажээ.

Ази-Европын амьтны дүрсгүй буган хөшөө.
Буган хөшөөний нэгэн өвөрмөц төрөл болох буга болон амьтны дүрсгүй харин нар, сар заримдаа ээмэг ч гэдэг, зэр зэвсэг, бүс зэргийг дүрсэлсэн хөшөө Монгол орны баруун аймгуудын нутгаар мөн Оросын Алтай, Дундуд Ази, Дорнод Европ хүртэл цөөн тоотой тархсан байдаг. Эдгээрийн нэг нь Увс аймгийн Түргэн сумын Дэлгэр мөрөн багийн төвд бий. Хөшөөний дээд хэсгээр нарийн ховилон хонхор тойруулан татаад нүүрэн ба ар талын дээд хэсэгт тус бүр нэг нэг нар, хажуу нарийн талд ташуу гурван зураас татжээ. Дунд хэсгийн урд талд алхан зээтүү, дунд талд тахир эдлэл, арын өргөн талд саадганд буй нум дүрсэлжээ.
Мөн сумын Бурхутайн өвөрт буй нэгэн хөшөөний дээд хэсгийн ар, өвөр талд тус бүр нэг онги дүрсэлж доогуур нь нарийн зураасан бүс татжээ. Улаангом хотын хойд талаар урсах Хархираагийн голын Цагаан сайрт буй нэгэн хөшөөний оройг нь хүний хүзүү мэт нарийсган засаж өргөн талд нь олон зэрэгцээ хонхорыг хоёр эгнээ доош ташуу дүрсэлсэн ба хажуугийн нарийн талын дээд хэсгээр нэг эгнээ олон хонхор, түүнээс арай доогуур ганц нарийн ховилон зураас татжээ. Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт нэг дор буй 6 буган хөшөөний гурав нь загварчилсан бугын дүрстэй гурав нь бугын дүрсгүй зэр зэвсэг дүрсэлсэн байдаг.

Буган хөшөө тал хөндий, уулын ам бэл, жижиг уул толгойн орой дээр ганц нэгээрээ буюу хэд хэдээрээ бүр арав хориороо ч тохиолдох ба хиригсүүр дөрвөлжин булшны дэргэд тэдний хана, булангийн хөшөө болгож босгосон байдаг. Буган хөшөөг тойруулан чулуугаар цөөн хэдээс хэдэн зуун жижиг цагираг өрж үйлдсэн байх нь элбэг. Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Шивэртийн аманд буй буган хөшөө бүхий дурсгалд 30-35 см өндөр, 2 м голдочтой чулуун далантай өрлөг 7 байсныг малтахад тус бүрээс нь нэг нэг адууны толгой, нэг удаа тэмээний толгойн яс гарчээ.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хануй голын хөндийн олон арван буган хөшөө бүхий томоохон цогцолбороос зарим хэсгийг малтахад хазаарын хүрэл амгай, зуузай зэрэг гарсан байна. Буган хөшөөнүүд тэднийг тойрсон хэдэн арван зуу хүртэлх тахилгын чулуун өрлөг, том дугуй чулуун далантай булш, дөрвөлжин булш зэрэг нь нэг бүхэл бүтэн цогцолбор дурсгалыг бүрдүүлсэн байх нь цөөнгүй.

Буган хөшөө нь оршуулгын зан үйлд хэрэглэгдэхээс гадна хөшөөн дээр буганаас гадна металл зэр зэвсгийг дүрсэлсэн байдгаас түүнийг металл зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрч хүй нэгдлийн овгийн байгууллын дотоод зохион байгуулалтанд үндсэн өөрчлөлт оруулж, эцгийн эрхт ёс тогтсон тэр үед дайчин эрд зориулан бүтээж байжээ. Буган хөшөөг хүрэл зэвсгийн сүүлч, төмөр зэвсгийн түрүү үеийн дөрвөлжин булшийг үйлдэхэд жирийн материал болгон өргөн ашигласан, түүн дээр хүрэл зэвсгийн дунд үед холбогдох зэр зэвсгийн зүйлсийг дүрсэлсэн, түүнийг баатар дайчин эр хүнд зориулан босгосон зэргээс энэхүү гайхамшигт дурсгал, сүрлэг баримлыг хүрэл зэвсгийн сүүл үеэс (МЭӨ 2000 жилийн сүүлч) эхлэн төмөр зэвсгийн түрүү үеийг ( МЭӨ 700-300 он) дуустал бүтээж байжээ.

Буган хөшөөний эртний дурсгалууд зөвхөн Монгол улсын төв нутгаас олдож байгаа нь энэхүү гайхамшигт дурсгал анх Монголын төв нутагт хүрэл зэвсгийн дунд үед үүсэж төмөр зэвсгийн түрүү гэхэд Монгол нутаг даяар түгэн дэлгэрч цаашдаа одоогийн Тува, Байгаль нуурын наад бие хүртэл өргөн тархсан ба улмаар Казакстан, Дундад Ази, Оренбург муж, Умард кавказ, Эльба мөрний сав хүртэл цөөн тоогоор нэвтэрсэн нь суурьшмал иргэдийн дунд олон арваар бүтээгдэж байгаагүй нүүдэлчдийн дурсгал юм.


Монгол улсын түүх” тэргүүн боть

1.27.2017

Их Юань улсын мандсан төрийн Хөх судрын учир шалтгаан хийгээд товчит тольтын долдугаар анги

Хятад бичгийн ихэд үнэнч, туйлын богд Күнз өгүүлсэн нь “Хэрэгт үүсгэл төгсгөл буй, бодист эх эцэс амуй” хэмээжүхүй. Тийнхүү ертөнцийн хүн язгуур удам үндсээ мэдэх нь зүй болой. Хэдийгээр хааны сууринд хүрсэн тэнгэрийн хөвгүүн боловч, үлгэрлэвээс эцэг эхээ, эцэг эх хэмээн онцгойлон ачлах, элбэрэх, тахимдахыг эс мэдвээс энгийн хүмүүнд ч хүрэхгүй бус уу? Түүнчлэн хүн төрөлхтөн өөрийн уг үндэс, язгуур удмаа үл мэдэн, өөрийн урьдас дээдсийн үйл явдал ба нэр овгийг эс мэдээд, үүнээс гадна хэдий тэнгэрийн утга, газрын зүйг цөм ухаж, дэлхийн ёс, орчлонгийн учрыг цөм нэвтрэвч түүнийг төө ямхын модыг өндөр асрын нурууны дээр тавиад, тэр модыг асраас өндөр хэмээх мэт уг үндэсгүй лүгэй нэгэн адил болмуй.

Тийнхүү тайж Инжаннаши би Монгол тоотноо нийтээрийг мэдтүгэй ухтугай хэмээн эцэг ноёныхоо хураасан Хөх Монголын Их Юань улсын олон зүйлийн судар бичиг, шастир түүх бүрийг цөм уудлан гаргаж, эцэг ноёныхоо санааг залгамжлан, энэ их Юань улсын судрыг бүртгэн гаргаж, хойчих үед мэргэн мунхаггүйеэ мэдтүгэй, ухтугай хэмээн судар бүрийг зах дараалан үзвээс аль судар нь боловч тэр мэт нарийн нягт илэрхий тодорхой ч зарлигаар орчуулсан Юань улсын төвийн судар, улсын тэмдэглэл боловч, гээгдэж орхигдсон ба дутуу торгон маш олон.

Дундад улсын хятад, ар газрын Монголыг эгнэгт хүний тоонд оруулахгүй, ерийн адгуус болбоос дөрвөн хөлтэй тул хэвтээгээр явмуй, ар газрын хүн гагц хоёр хөлтэй болоод босоогоор явах нь адгуус малаас баахан өөр буй за, бус зүйлийн үйлс явдал, зан авьяас нь шууд мал адгуус болой хэмээн нэгэнтээ басамжлан санаад, хэдий арван хувийн арвихан эрдэмтэн нь боловч тийн баримтлан санаж атал, санамсаргүй алтан гадас од умар этгээдийн манх элснээ бууж, Шэн-Ү хуанди богд баатар Чингис хаан мэндлээд, аянга цахилгаан мэт нэгэнтээ аянгалмагц, даруй нэг зуун жаран хоёр жилийн дэлхий дахиныг байгуулж, эдгээр Чжун Юаний хятадыг боол болгосонд эдгээр өчүүхэн атхаг эхнэр, өвөрчлөлт хятад нар тэнгэрийн цаг, газрын хэмжээний их зүйг огт бодохгүй, онц өөрийн тэр нэг зүйлийн өмхий атхаг сэтгэлээ эрхлэж, бас тэнгэрийн тооноос зөрчиж чадахгүй тул, тэсэл алдран шүд загатнан, гар нухалхийлэн, толгойгоо маажилхийлэн Их Юань улсын арван дөрвөн хааны нэг зуун жаран хоёр жил боол болж, арай Мин улсад хүрмэгц, даруй хорслоо , хариу авах газаргүйдээ хуял эхнэрийн уулийн хоншоороо билүүдэж, Чжу Фуцзы-гийн төв ариун их Ган-мү сударт Монгол ийм муу, тийм харгис, энэ мэт өршөөлгүй, тэр мэт мэдэлгүй хэмээн амны тав, хэлний зоргоор учир томоогүй чалчиж бялчсан болой. Энэ атхаг санааг ном, бичиг хоёул өвөрлөсөн бус, цөм ном бичгийг үзсэн өчүүхэн оюутан, нимгэн ухаантнаас үүсгэн өдсөн буюу.

Хөх Монголын их Юань улсын эзэд үнэхээр тэр мэт харгис хартай бөгөөс дээд тэнгэр бас юунай Юань улсад нэг зуун жаран хоёр жилийн дэлхий дахиныг соёрхох аж! Бас ч юунай эдүгээ хүртэл долоон зуун арван жил болтол Монгол хэмээн нэг зуун далан хошуу тайж нарыг үржүүлж, хойд этгээд түмэн газар шахмыг эзлүүлэх буй!

Монголын болхи бүдүүлэг тэнэг шүүдэг ба оморхог бардам цөлс чилдэс нь маш үнэн боловч эгнэгт Монголд далд нууц зальхай харгис ба гүн хүнд хор хар үгүй болой.

Жич мунхаг би онц Монголоо өмгөөлсөн ба үгүйг хойч өдрийн мэргэд бээр хянан үзэж, мунхаг миний санаанд энэ нэгэн ангийн шударга шүүмж хэмээн санамуй. Эдгээр хятад бичээч нар адагтаа биеийг зөв, сэтгэлийг хэлбэрэлгүй арилган чадаагүйгээр улс төрийн их хэргийг зоргоор өө гарган, сэв эрэн муушаах нь маш ичингүйрэлтэй болой. Тийнхүү бөлөг бүрийн сүүлд хэлбийгүй шүүмжлэлд мунхаг Инжаннаши миний хариу цоолсныг мэргэд бээр инээдэм болгон тольдтугай.

В.Инжаннаши “Хөх судар” номын хэсгээс...


Их хааны өлгий нутгаар...

2016 оны зун зүүн зүгийн нутгаар гэж цаг агаар зарладаг шиг монгол орны маань дорно зүг гандуу тачирхан байлаа. Бид Улаанбаатараас Хар зүрх уулын дэргэдэх Хөх нуурыг зорин гараагаа эхэлсэн юм. Төв замаасаа салаад 30 гаруй км шорон замаар явдаг тул давхисаар Хөх нууранд эрт ирлээ. Дөнгөж наадмын дараа болохоор хүн машин ёстой хөлхөж байна. Урьд нь бараг таван жилийн өмнө ирж байсан газар шүү дээ. Их өөрчлөгджээ. Хүмүүс их ирдэг болж, урьд нь ганц амралт байсан бол одоо олон болж , хаалт хашилт их болж, түүнээ дагаад машин явж чадах болгоноор зам гаргажээ.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хар зүрхний Хөх нуур бол манай түүхийн дурсгалт газруудын нэг билээ. 1189 онд Тэмүжин Хамаг Монголын хаанд Чингис цолтой өргөмжлөгсөн газар бөгөөд “Монголын нууц товчоо”-нд хэдэнтээ дурьдагдана. Их хаан бага балчир насандаа Тайчуудад баригдан хоригдож байхдаа Сорхон шарынхны тусламжтай оргоод гэрийнхнээ олж Өвөр Хүрэлхи доторх Хар зүрхний Хөх нуурт ирэн тарвага зурам агнаж идэн хэсэг амьдарсан байгаа юм. Бас эцгийн сүйлж өгсөн Бөртэг аван нутаг буцахад нь хадам аав ээж нь хүргэж өгөхөөр хамт явсан ч Дай сэцэн замаасаа буцан Бөртийн эх Цотан Хөх нуур хүртэл хамт явсан хэмээн “Нууц товчоо”-ноо өгүүлдэг.

Хөх нуур түүхэн дурсгалт газраас гадна байгалийн үзэсгэлэнт газар. Өврөөрөө модгүй араараа модтой Хар зүрх уулын хормой дор их бага хоёр нуур бий. Хүний хөлд дарагдаагүй сайхан цагт хандгай орж ирж ус уучихаад явдаг байсан газар гэх.
Бид нэг муурын байшин олж төвхнөөд хотоос ихэд замбараагүй ачсан ачаагаа янзалчихаад эргэн тойрноор хэсэг зугаалаа, зураглалаа. Эхний өдөр сайхан өнгөрлөө.

Маргааш өглөө шиврээ борооноор Хангал нуураар Балдан бэрээвэн хийд орохоор хөдлөв. Цэнхэрийн голоо гараад зүүн тийш хорь гаран км явахад Өмнөдэлгэр сумын нутаг Таван толгой хэмээх газар Түрэгийн үеийн тахилын онгон таарах ба нутгийнхан энэ газрыг Чингисийн тулга гэж нэрлэдэг. Тус тахилын онгоны хашлага хавтгай чулуу нь хээ нь уран гоёмсог агаад ихэд тод хадгалагджээ. Цаашаа Өвөр элгэний голоо гараад бас хорь орчим яваад Хангал нууранд хүрнэ. Чингис хааны адуун сүргийн нутаг, эмнэг хангалын өлгий нутаг. Урт нь 2 км өргөн хэсгээрээ км ч хүрэх үзэсгэлэнтэй нуур аж.

Хангал нуураас Бэрээвэн хийд бас л хорь орчим км. Өмнө талд луу мэт Арвангурван Сансар уул, өрнө талд барс мэт Баянхараат уул, умар нь жигүүртний хаан гарьд мэт Мөнх-Өлзийт, дорно талд нь арслан мэт Баянхангай. Ийм дөрвөн хүчтэний дунд халхын Утай Гүмбэн гэх үзэсгэлэнт байгалийн дундаа Балдан Бэрээвэн хийд оршино. Горооны замаар тойроод ирэхэд үзэж харах зүйл арвин, хийх зан үйл ч элбэг, нэлээн цаг хугацаа орох ажээ. Бид зан үйлээ гүйцээчихээд эргэж Жаргалант голынхоо дэргэд хонолоо.

Өглөө эрт нутгийн эгчийн зөвлөснөөр Бэрээвэн овоонд эрчүүд нь мөргөж, Номт ууланл очиж хадаар урласан байгалийн бүтээл монгол орны газрын зургийг үзэж сонирхлоо. Эндээсээ Жаргалант голынхоо хойд биеийг барьж явсаар Дунд жаргалантын буган чулуун цогцолборт хүрэв. Энд таван буган чулуу хэд хэдэн дөрвөлжин булш байна. Дунд жаргалантын голын энэ хөндийг Тэмүжин Жамуха хоёр хамт нутаглаж яваад салж Тэмүжины хөсөг шөнөжин явж буусан Айл харгана хэмээх газар гэж үздэг.

Бид эндээсээ Жаргалантынхаа голыг даган хөвөрсөөр Ар нуур хэмээх жижиг нуурыг өнгөрөн гол орхин алдарт “Нууц товчоо”-ны Хорхунаг Жубурын хөндий буюу Хурхын голын хөндийн хойд биеэр давхисаар Биндэр нуурын ард орших Биндэр овоон дээр ирлээ. Овооныхоо зүүн доод биед байх Рашаан хадны дэргэд нэгэн үхэртэй нөмөр булаалдан дийлж аваад тухлан цайлж суух зуураа монгол овог аймгуудын тамганы иж бүрэн цуглуулга, түүний эргэн тойрны сүг зураг, бичиг үсэгийн дурсгалыг үзэж хэсэг саатлаа.

“Монголын нууц товчоо”- нд Бидэр хошуу хэмээн гардаг энэ Биндэр овооноос зүүн хойшоо 10 орчим км-т Дайчин хэмээх уулын оройг ороон босгосон 3 км урт өндөр нь зарим газраа 3 метр ч хүрэх өргөн нь 2.5 метр зузаан нэг хэрэм байх нь Өглөгчийн хэрэм. Үүнийг эрдэмтэд Хятан улсын үед хамааруулан үздэг. Хэрэмийн голд байх өндөр хадан цохиог нутгийнхан Чингисийн морины уяа нэрлэх аж. Өглөгчийн хэрэмнээс Батширээт сумын төв 40 орчим км. Бархын гол, Эгийн голдоо шинэ модон гүүр барьжээ. Манай орны хамгийн их ой модтой сумын нэг Батширээт сум нь Эгийн голын хөвөөнд буриад түмний нутаг. Энэ өдөр олон сайхан түүхийн дурсгалтай танилцсан бид сумын төвийн буудал сайхан амарцгаалаа.

Маргааш өглөө нь сумын төвийн “Зайсан толгой”-д гарч ёроолд нь байх хүүхдийн тоглоомын талбайд хүүхдүүдээ жаал баясгаж аваад бид Биндэр сумаар дайран Баян-Адрага сум уруу хөдлөв. Биндэр сумын наадамтай таарч наадмын хуушуур идчихээд Онон голын үзэмжийг бишрэн даган давхисаар Баян-Адрага сум орлоо. Монголын сүүлчийн хаан Богд гэгээний хатдын нутаг. Хатаддаа зориулж Баян-Адрагачууд Хатдын өргөө байгуулж, музей болгон аялагчдад зориулан хаалгаа нээжээ. Баян-Адрага сум бол монголчуудын өвөг хүн нарын өлгий нутаг.
Сумын төвийн дэргэдэх Дуурилаг нарсан ой хөрсөн дороо хүн нарын дурсгалыг хадгалсаар өдий хүрчээ. Дуурилаг нарсанд малтсан хүннүгийн язгууртны булш монгол нутгаас олдсон хүннүгийн язгууртнуудын арав хүрэхгүй булшны нэг бөгөөд хүн нарын зүүн жигүүрийг захирч байсан язгууртны булш гэж үздэг.
Дуурилаг нарс хэмээх их нарсан ой бол үнэхээр сайхан. Манайхан ойн гүн уруу орж майхан саваа барьж хээрээр гэр хийж хонолоо.

Өглөө аажуухан цайлчихаад Онон голын гармаар гарч Дадал сум уруу хөдөллөө. Голоо гараад л гандуу шар нутаг угтсан юм. Бороо хур бага болохоор зам цагаан, гол ус нь элдэв шавар намаггүй байсан болохоор тоостойгоо уралдаад л Дадал сум хүрч Гурван нуурын дэргэд нэгэн жуулчны баазад буув. Буриад зон, мод хоёр нийлсэн газар болохоор эндхийн жуулчны баазууд ихэвчлэн сайхан дүнзэн байшингууд байх.
Эрт буусан бид эргэн тойрноор алхалж, орой зарим нь галын наадам, галаа тойрон бүжих буриад түмний ёохор бүжиг сонирхож хонов. Өглөө нь соц нийгмийн хэцүү үед босгосон Чингис хааны гэрэлт хөшөөнд мөргөж ёслов. Тэмүжин хүүгийн төрсөн Дэлүүн болдогт сөгдөж мөргөв. Их хааны ундаалж явсан Хажуу булгаас сүслэн амсав. Энэ их хүний хойчис болон энэ монгол улсад төрсөндөө бахархан сэтгэл сэргэн хөгжөн баясав. Сайхаан.

Өдөр дунд гэхэд бид Балжийн голоо гармаар гараад Агац баг хүрч цаашлан Дэгэн жигэн хэмээх Дэгэн хавцал ууланд Онон гол хашигдаж тойрсон байгалийн үзэсгэлэнт газар хүрч ёстой л байгалийн сайхныг биширч суулаа. Үнэхээр үзэсгэлэнтэй энэ сайхан оронд төрсөндөө дахин бахархан баясав.
Маргааш нь Дадал сумаас Онон голоо гүүрээр гарч Норовлин сумаар дайран дорно зүг, монгол нутгийнхаа зүүн хязгаар Халхын голыг зорьсон юм.



1.24.2017

Их Юань улсын мандсан төрийн хөх судрын учир шалтгаан хийгээд товчит тольтын дөтгөөр анги

Энэ Их Юань улсын “Хөх судар”-ыг эрдэмтэн сайд айлдан тольдож уншихуйд, урьд эрхбиш энэ судрыг үзэх арга ухааныг заасан товчит тольт бүхнийг хянан үзвээс зохимуй. Аливаа бичиг үзмүй хэмээгч түүний учир шалтгааныг нарийвчлан мэдсүгэй хэмээсэн санаанаас өдсөн дуршаалт сэтгэл тул, одоо чухам тэр бичгийн өмнөх хойнох, ил далд оршил цохолбор ба нарийн бүдүүн товчоо шүлэг бүрийг эрхбиш хянан үзвээс зохимуй. Зарим бичиг айлдагч мэргэд тийм бус, ямар зэргийн гүн хол амт чанартай бичиг ба утга уянгатай товчоо, шүлэг оршил, цохолборыг цөмийг нь орхиод ганц үлгэрийг нь үзмүй. Тэр нь бичиг үзмүй хэмээгч бус чухам бичгийг бүрэлгэмүй хэмээгч болой.

Энэ бичгийг Хань, Цзинь, Тан, Сүн-гийн засаж чимэглэсэн сул үлгэр шастир лугаа үлитгэж (адилтгаж) үл болмой.Тэдгээр сул шастир өчүүхэн бичгүүд хэмээгч цөмөөр өчүүхэн төдий ор сэдэв байваас мэргэд бээр даруй түүнд зуун зүйлийн учир шалтгаан нэмж, салаа сүеэ ургуулан, түмэн мянган давхар чимэх уянга оруулан, өөрийн оюунаа дэлгэрүүлэн, өгүүлэл санаагаа орчлонд хоцруулан, тэр бичгийг үзухүйд амттай болгожухуй.

Энэ -Хөх судар” хэмээгч тийм бус, энэ болбоос Их Юань улсын нэг зуун жаран хоёр оноос урагш бас гуч, дөчин жилийн хэрэг лүгээ хамт байхын тул, урьд хожидыг нийлүүлбээс нийт хоёр зуун оны хэрэг, шууд үнэн хэргийн арван хувиас нэг хувь ч бүрдэн гарч чадахгүй бөгөөтөл, хаанаас нэмэх чимэх учир буй аж! Энэ судрын Чингис богд хэмээгч хүний чихэнд сонстон, морины хөл хүрч болох газар бөгөөс олонхид нь цөм хүрч дайлан үзсэний тул, хэрэг маш олон, алийг нь нарийвчлан гаргаж бүртгэн чадах аж.

Тийнхүү энэ судар эдгээр ойр хол харьяат улсаа бүгд товчоолон хурааж хэлсэн нь дөрвөн өнгийн өөрийн улс, таван харь аймагтан хэмээн нийлүүлэн хэлжүхүй. Хэрэв ялган хэлбээс,дөрвөн өнгө улс хэмээгч тэргүүнд:
Хойт газрын Бэт улс, арван хоёр их улс, далан таван бага аймаг бүхнийг цөм хурааснаар, улс бүрд хүндлэгдсэнээр хөдлөн гармагц улс бүрд хүндлэгдэн эрхлэгдэхийн тул, таван өнгийн дээдийг эзлэв хэмээн хүндлэгдэх дээд хөх Монгол улс хэмээгээд зүүн этгээд Солонго улс хэмээгч Гуули улсыг хэлмүй. Тийнхүү Солонго Солонгод эдгээр улс цөм цагаан дээл өмссөнөөр эдгээрийг цагаан улс хэмээмүй. Өмнө этгээдийн Дундад улс, Чжун Юаны газрын хятад нанхиад бүхнийг галын хамаатай, халуун амьгалт орон хэмээж улаан улс хэмээмүй. Жич, баруун этгээд Төвд Тангад, Хотон, Уйгар эдгээрийн хүний сэтгэл нь хартай бөгөөд царай бас харын тул өрнөд хар улс хэмээжүхүй.Энэ дөрвөн зүгийг дөрвөн өнгөөр хувааж өнгө улс хэмээжүхүй.

Жич, таван харь улс хэмээгч нь баруун өмнө: Энэтхэг , Балба, Цорон, Ромын зэрэг улсыг нэгэн харь хэмээжүхүй. Цэх баруун: Сарлаг, Сартуул, Хасаг, Бөрүд эдгээр улсыг хоёрдугаар харь улс хэмээжүхүй. Цэх хойно: Орос, Тогмог, Илдэш, Жүрхэн эдгээр улсыг гуравдугаар харь улс хэмээжүхүй. Зүүн хойно: Охин улс, Нохой толгойт улс, Нэвтэрхий хэнхдэгт улс, Ганц нүдэт улсыг дөрөвдүгээр харь улс хэмээжүхүй. Зүүн өмнө: Ганц хөлт улс, Хавтгай биет улс, Өндөр хөлт улс, Морин царайт улсыг тавдугаар харь улс хэмээжүхүй. Эдгээрийг хуучин монгол үгсийн сударт таван харь, Гилигэд Тэшиг улс хэмээжүхүй. “Гилигэд Тэшиг” хэмээгч нь хуучин үг, энэ үеийн үгээр хэлбээс “этгээд өөр сонин жигтэй” улс хэмээсэн үг.

Чингис богдын судар бичиг цэдэг тууж нь уйгар үсэг, шар үсэг, төвд үсэг, хятад үсэг жич монгол манжийн зүйлийн судар гарсан нь маш олон. Гагц зарим сударт маш хэтэрхий дэлгэрүүлээд нэгэн цагийн зарлиг үсгийг хэдэн зуун хуудас бичээд, зарим сударт хэдэн сарын хэргийг хэдхэн мөрөнд товхиод, хүний ухаж төсөөлөхүйеэ маш бэрх болгожухуй.

Нанхийдын “Цзы Чжи Тун Цзянь Ган-мү бичиг”-т Богд Чингис хааны дөчин таван сүүдэрт Мон нэрт голын аманд мандал цогцлон, хаан сууснаас урагшийн хэргийг огт тоочсонгүй, гагц хаан сууснаас хойшхи Их Юань улс төгстөл ихээхэн хэмжээтэй хэргийг цөм тоочин товхин гаргасан боловч, эгнэгт Сүн улс ба Юань улсаас хожмын Мин улсын хятад сударч нар тэмдэглэсний тул, хятад хүн өчүүхэн сэтгэл, муу эхнэрийн бяцхан зангаа гээн чадсангүй, эгнэгт өмхий атхагийг устган төсөглөсөнгүйн эрхээр онц Монголыг нэгэн зүйлээр доромшоон муушааж хэлсүгэй хэмээн ташимгайлан бичсэн нь маш олон, онц нэгэн зүйлээр муу хэлсүгэй хэмээн өө сэв гарган учир үгс нэмж, өргөс сондуу нуун, өдөж сонжиж зохион бичжүхүй. Энэ нь өөр учирт бус, Монголд тэмцэхүйеэ хэтэрхийеэ дарагдан нэг зуун жаран хоёр жил боол болсны хорсол болой. Хүчээр эс тулан чадваас, үгсээр муушаан үлдээсүгэй хэмээжүхүй.

Тайж Инжаннаши би гээгдэж орхигдсон бүхнийг үсэг, бадаг дараалан цөм эрэн бүртгэн гаргаж хамтаарыг цөм үес үест нь бүртгэн оруулж бүрэн бүтэн болгож, Монголын уг учраа мэдсүгэй хэмээгчдэд хялбар болгов. Гагц уг хэрэг нь маш олон, улс аймаг нь хэтэрхийеэ арвин, хүний нэр нь адбиш үлэмж, газрын дуудалт үнэхээр элбэг.

В.Инжаннаши “Хөх судар” номын хэсгээс


1.23.2017

Дорнод нутгаар аялсан минь

Бид хэд Хэнтий аймгийн хойд сумдаар аялсаар Норовлин сумаас Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг уруу орсон юм. Тэгээд хойгуураа явсаар Эрээнцав хүрээд урагшлан Чойбалсангаар Буйр нуур Халх гол хүрэх төлөвлөгөөтэй. Бид гэдэг маань эгч дүүс тавуулаа гэр бүлтэйгээ долоон том хүн долоон хүүхэд гурван машинтай явсан юм. Гурван машин маань toyota hilux pickup, toyota kluger, wrangler jeep байлаа.

2016 оны энэ зун Дорнод аймаг их гантай шав шараараа хөндий тал биднийг угтан өнгөрч
байлаа. Баян-Уул сум бол Ульханаар ОХУ уруу гардаг Чойбалсан хоттой сайжруулсан замаар холбогдсон том суурин юмаа. Буриадууд их болохоор дүнзэн байшин элбэг харагдана.Эндээс Улз голоо дагаж явсаар Баяндун сум хүрч хонолоо, халуун ус, зочид буудалтай зочломтгой буриад зоны нутаг.

Маргааш өглөө нь Дашбалбар сумаар дайран Хайчийн цагаан нуур хүрч өдрийн цайгаа уугаад Эрээнцав хүрч зүүн Эрээнцавд тухаллаа. Уг нь эндээс Орос уруу гарах санаатай байсан ч хилийн гаднах оросын хот Борзя зайтай тэгээд ч сонирхол татах зүйлгүй гэж нутгийнхан хэлсэн тул тэр бодлоосоо татгалзаж амжаагүй байтал дэлгүүрийн ханан дээрх нэг зураг сонирхол татсан нь Чулуунхороот сумын 9 билүү 7 гайхамшиг. Түүн дээр монгол оронд хоёрхон байдаг гурван улсын хил нийлдэг хилийн баганы зураг байлаа. Тарваган дахын овоо Чулуунхороот сумаас 80 гаруй км зайтай аж. Сумынхан шууд яваад очвол хилийнхэн нэг хүн дагуулж өгөөд үзүүлчихдэг гэх!

Найрагч Д.Нямсүрэнгийн
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох нь сайхан хэмээн шүлэглэсэн Эрээнцав. Зүүн баруун хэмээн хоёр хуваагдах бөгөөд хилийн боомт гэхэд ихэд ил хуль газар юм. Долоо хоногт нэг удаа Чойбалсан хот уруу галт тэрэг явдаг юм байна. Хармсалтай нэг зүйл гэвэл Улз гол маань тасарсан байх юм. Дашбалбар сумын араас л багассаар яваад ийшээгээ тасарчээ. Харамсалтай.

Эрт гарсан бид хилийн застав дээр үдээс өмнө очсон боловч аз дутаж заставын даргыг түр орлож буй нэг нөхөр биднийг хилийн багана үзүүлэх нь битгий хэл шуурхай групп дуудаж бараг хорих болтой юм болоод явчихлаа. Яаж ч учирлаад бидний хэлсэн, есөн гайхамшигийнхаа нэгээр сонгосон сумынхны зааж өгсөн үгийг тоосонгүй. Урам хугарсан бид Шаварт нуураар Баян хан уулынхаа араар шууд Монгол нутгынхаа хамгийн нам дор цэг Хөх нуур чиглэн явлаа. Хөх нуур ч харагдлаа, нэг машины маань  нумны улны өнгө хугарчлаа гэж... Гурван улсын хилийн багана үз л гээд байна даа.

Хөх нуурандаа хонолоо. Үнэхээр сайхан нутаг ажээ. Маргааш нь буусан газраа өнжиж машин тэргээ янзалж Эрээнцав уруу хоёр ч удаа давхиж хот хүрээ аймаг сум руу ярьж гүйсээр байгаад хил уруу явах зөвшөөрөлтэй болж авлаа. Хоёр хоног Хөх нууранд хоносон бид өглөө эртлэн Эрээнцаваар Тарваган дахын овоо хэмээх гурван улс, Монгол улс, ОХУ, БНХАУ-ын хилийн уулзвар ...дугаар тоот багана хүрч хэсэг саатав. Хамгийн хачирхалтай нь хятадын тал багана уруугаа сайжруулсан зам тавьчихсан, тайз маягийн тавцантай хүмүүс давхиж ирээд зураг хөргөө авахуулчихаад буцаад давхичих юм билээ. Манайхан хууль дүрмэндээ ч баригддаг биз, аялал жуулчлал гэсэн ямар ч ухагдхуун тэнд алга. Зүгээр л сумынхан л манай гайхамшиг гэх. Ингээд бид буцаад Эрээнцавын уугуул иргэн мэт Эрээнцавынхаа буудалд гэртээ байгаа мэт л хонолоо. Энэ хавиараа дөрөв тав хоног эргэлджээ.

Маргааш өглөө эртлэн гарсан бид Яхь нуураар Чойбалсан орохоор Гурванзагал сумыг чиглэн хөдлөв. Хөх нууран дээр өглөөний цай ууж хэсэг зургаа авахуулж аваад Гурванзагалд өдрийн ундаа уулаа. Гурванзагал сумын төвд Манлай баатар Дандинсүрэнд зориулсан дурсгалын хөшөөтэй, төвийн хажууд ширгэж багасаж байгаа ч Сүмийн нуур хэмээх сайхан нууртай юм.

Гурванзагалаас Яхь нуурыг GPS-дээ хийгээд хөдөлсөн юм. Энд нэг алдаа гарсан нь GPS маань Яхь нуурын зүүн эрэгт аваачсан нь ширгээд намаг шавар , дов сондуул ихтэй эрэг уруу дөхөхийн аргагүй газар байлаа. Их нуур маань алсад харагдаад байдаг. Уг нь хойноос нь юм уу баруун эргээр нь очсон бол. Ийм л юм боллоо.

Чойбалсанд үдээс хойш аажуухан ирлээ. Анхны сэтгэгдэл бол бусад аймгийн төвүүдийг бодвол том суурьшлын бүс юм аа. Хоноглох буудлаа сонгоод маргааш эндээ амарчихаад нөгөөдөр нь эрт алдарт Мэнэнгийн тал Буйр нуур орохоор шийдэцгээлээ. Болбол цаашаа Нөмрөгийн дархан газар орохоор тохиров.Чойбалсан хот үзэж харах хөшөө дурсгал их, бас Хэрлэн голынхоо хөвөөгөөр “Найрамдал” нэртэй сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй ер нь тун дажгүй шүү. Чойбалсан гуайн морь унасан шинэ хөшөө дөнгөж боссон үетэй ч таарлаа.

Товлосон өдрөө эртлэн замд гарав. Хилийн гадна гарсан гэх түйрийн утаа биднийг бараг Мэнэнгийн тал хүртэл дагав. Алсын бараа харагдахгүй, осолдохгүй урдах зам маань л харагдаж байлаа. Мэнэнгийн тал маань гандуу, хатсан шар тал угтав. Уг нь ч тэгшхэн цэлийсэн сайхан нутаг юмаа. Мэнэнгийн талд бас нэг асуудал байгаа нь нефтийн цооногууд. Хөрсний бохирдол, гадаргуун эвдрэл гээд л байгальд сөргөөр нөлөөлж байгаа нь илт байна. “Петрочайна дачин тамсаг”-аас цааш зам бол там болжээ.

Эрт гарсан бид Буйр нууранд эрт ирлээ. Буудаллах газар хайж хэсэг давхиж байгаад нэг жуулчны бааз сонгон бууж хоёр өдөр сайхан амрахаар тухлав. Буйр нуур үнэхээр сайхан газар юм. Ус нь гүнзгий биш гүехэн, гараад сайхан элстэй. Нуурын ёроол нь бас элсэрхэг тул ороход тухтай хөл гар нухаад байхгүй. Хүүхдүүд ч ёстой нэг шавайгаа ханатал гэдэг шиг усанд орсон доо. Бас завиар аялаж болно. Нар шингэх, нар мандахад талын энэ нуур ямар үзэсгэлэнтэй вэ? Гайхалтай биширмээр тансаг газар.

Хоёр өдөр сайхан амарчихаад Буйрт ирсэнийх Халхын гол түүний дагуух дурсгалууд, боломж гарвал Нөмрөгийн дархан газар үзэж сонирхохоор монгол орныхоо дорно зүг уруу улам цаашиллаа. Халхын гол бол бидний монголчуудын эх нутагтаа хийсэн сүүлчийн дайны гэрч бөгөөд япончуудыг ялан дийлсэн баатарлаг түүхийн өлгий нутаг. Ялалт багаас Халхгол сумын төв хүртэлх хоёр өртөө газарт олон хөшөө дурсгал бий. Халхгол сум бол үзэж харах зүйл арвин, түүх соёлын дурсгал элбэг нутаг юм.

Хөх өндрийн овоогоор дайраад Халх голын хөндий рүү ороход хамгийн түрүүнд То вангийн бүтээсэн хэвтээ Жанрайсаг бурхны Их бурхант цогцолбор таарна. Тэгээд М.Екэйн хөшөө, Ханан хөшөө, С.Сэрээтэрийн дурсгал, онгоцноос унасан бөмбөгний эдгэрээгүй дайны ул мөр гээд л явж өгнө.

1939 оны 6 дугаар сард Баянцагааны нуруунд баатарлаг гавъяа байгуулсан зөвлөлтийн танкын бригад командлагчийн дурсгалыг хүндэтгэсэн Яковлевын хөшөө, Монгол дайчдад зориулсан 80 баатрын хөшөө, Зөвлөлтийн дайчдад зориулсан 90 баатрын хөшөө, Хамар даваан дээрх Халх голын ялалтын 45 жилийн ойд зориулан 1984 онд босгосон Ялалтын хөшөө гээд л хөшөө дурсгал бол тасрахгүй үргэлжлэнэ дээ. Найрагчийн маань хэлснээр Хөшөө тийш очих ардын зам баларсангүй, Халхын голын хөшөө дурсгалууд нь хээр хөдөө, эзгүй талд гэхэд сайхан тохижуулж мод зүлэг их тарьсан байх аж.

Монгол орны хамгийн зүүн захын сум Халхгол сум. Хамар давааны бэлд Халхын голын хөвөөнд сайхан байрлалтай сум юм аа. Гэхдээ хүмүүс нь зусландаа гарцгаасан уу ил хуль байлаа. Харин сайхан хуушууртай байсан шүү.

Нөмрөгийн дархан газар уруу явахад асуудал ихтэй юм билээ. Зөвшөөрөл бичиг цаас бүрдүүлэх гээд л... Тиймээс бид Ялалт багын өмнө холгүй байх 13-р зуунд холбогдох Шонх таван толгойн хүн чулуу сонирхчихоод Буйр нууранд хүрч хонохоор буцав. Шонх таван толгойд ирлээ.


Түрэгийн үеийн хүн чулууг бодвол хүнийг суугаа байдлаар бодитоор дээл хувцастай нь дүрсэлсэн байх бөгөөд энд хоорондоо 200 орчим метр зайтай хоёр хүн чулуу байх нь, нэг нь толгой нь тасарч эвлүүлэн тавьсан , нөгөө нь цагаан гантиг чулуугаар урлан хийсэн нь бүтнээр барахгүй шинэ шахуу харагдсан нь эртний хоёр хүн чулууны нэгийг төв музей уруу зөөсний дараа нутгийнхан сэтгэл гарган дуурайлган урлаж яг хуучин байранд нь хожим залсан аж.

Ингээд бид өглөө эрт гараад шөнө оройтож буудалдаа ирсэн ч үзсэн харсан зүйлдээ сэтгэл хангалуун байлаа. Сарны гэрэл, чийдэнгийн туяанд бужигналдан үзэсгэлэнт Буйрын хөвөөнд үдшийн  хоолоо идчихээд маргааш нь цэлгэр тэнүүн дорнодын их талаар давхисаар Чойбалсан хотод ирж хоноглочихоод өглөө эрт нутгийн зүг хүлгийн жолоо залж билээ. Шинэ засмал зам Хэрлэн голын өмнүүр тавигдсан тул Хэрлэн барс хотын туурийг Туг уулнаас дурандсныг эс тооцвол зам дагаж хөгжил гэж өдөртөө л нийслэл хотоо бараадав. Сайхан аялал байлаа.


1.13.2017

Цагаан чулуутын овоо

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвөөс баруун урагш 10 орчим км-т Сөртийн хөндийн хойд биед Хотгойд түмний шүтээн Цагаан чулуутын овоо бий.
Шадар ван Чингүнжавыг Бээжинд цаазалсны дараа түүний биенээс үлдсэн эрхий хурууг хиа нар нь нутагтаа авчран манж нараас нууцлан нутгийн олонтойгоо нийлж энэ газар хүндэтгэн оршуулсан гэдэг.

Голын том  овоог хүрэн өнгийн хавтгай чулуугаар үелэн өрж метр гаруй өндөр болгож тэгшлээд дахин шатлан багавтар дөрвөжин өрж дээр нь модоор дөрвөн талт пирамид босгосон байдаг ба чулуунуудыг Эрхэлийн улаан толгой, Гэзэгт уулын Тэвхэн сайр гэдэг газруудаас бага багаар нууцлан зөөж цуглуулжээ. 

1.10.2017

Ээжийн нутаг

Миний ээж хуучнаар Сайн ноён хан аймгийн Жонон бэйсийн хошуу, шинэ засгийн хувиараар Цэцэрлэг мандал уулын аймгийн Хүрээ марал уулын хошуу, одоогийнхоор Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул билээ. Миний ээжийг С.Сэлэнгэ гэдэг.
Хангайн нурууны үргэлжлэл
Хангалын давааны өвөр
Хайртай ээжийг минь
Халуун энгэртээ тосож авсан нутаг
Буурал ээжийн минь энгэрт эрхэлж өссөн та
Бугатын голынхоо довон дунд тоглож өссөн та
Үүл ороон тэнгэрт тэмүүлэх
Өндөр сүрлэг Бугатын уулс
Өршөөлт ээжийг минь
Өлгийдөж авсан нутаг
Таван хүүхэд төрүүлж өсгөсөн та
Түмэн хүүхэд сургаж хүмүүжүүлсэн та
Баатар эр эзэн савдагтай
Баянбулаг шүтээнт хайрхан
Буянтай ээжийг минь
Баринтаглаж тоссон өлгий нутаг
Нүүж суухдаа нүдэн нуурандаа тольдож явсан та
Нутгийн тахилгат Чандмань толгойдоо мөргөж явсан та
Сарлагын бух урамдах
Саруул сайхан уулсын таг
Сайхан ээжийг минь
Сүү ивэлгэн угтаж авсан нутаг
Нарны илчнээс илүү халуун дулаан сэтгэлтэй та
Номны мөрнөөс дутуугүй нарийн торгон мэдрэмжтэй та
Очирваань хайрхантай хаяа дэрлэх
Олон сайхан уулс толгод
Онгон байгалийн үзэсгэлэн бүрдсэн
Оргилон ундрах Элстий булаг
Далангийн нуруугаа дөтлөн давах
Дунд Цахир Зүүн Муруй Хэц таван даваа
Хожмын түүхийн мананд төөрсөн
Хадат Бугатын хүрээний туурь
Холын тэртээгээс хөхрөн харагдах
Хөмөрсөн аяга шиг Хөдөө нуур
Өвөг монголчуудын өв их соёл
Өндөр хирэгсүүр, өвгөн чулуу
Өнө эртнээс улбаа нь тасраагүй
Өвгөдийн минь нутаг, ижийн минь нутаг
Зурсан юм шиг сайвар морьтой
Зуслангийн айлуудаар бууж мордоход
Зочлон угтах цайлган түмэнтэй
Заяа тэнүүн ижийн минь нутаг
Үүлгүй шөнө сарны гэрэлд
Үлий сүлжин алсыг зориход
Үлгэрийн юм шиг бараан сүүдэр
Угтан урсах ижийн минь нутаг
Балчир багын дурсамжаа хөглөн
Бодлын үзүүр дэх мөрөөдөлдөө хөтлөгдөн
Хөдөө нуурандаа хүслээ шивнээд
Хонгор нутгийн хоймроос холын тэртээ зорьсон
Араг савар нийлүүлэх
Ачит эхийнхээ хормой дор
Ааруул хурууд эргүүлж явсан
Амгалан ижийн минь нутаг
                                                Н.Энхболд 2017 он