4.26.2016

Чингис хааны зарлигийн бичээс

2019 оны 5 сард Чингис хаан Хорезм улсыг дайлаар мордож, Найманы нутгаар явж байхдаа хааны шадар барлаг Лю Чжун Лу, Жабар нарт барсын толгойт алтан пайз өгч Чингис хааны урилгын зарлигийг бариулан  Чань-Чун бомбыг залахаар Шаньдун мужын Лайчжоу өөд томилжээ.

Уг зарлигт

“Мэдэгдэх нь, Алтан улсын жаргал цэнгэл хэлтийдсэн учир мөнх тэнгэр буруу үзжээ. Хаан миний бие ар газар төрсөн тул тугал хургын хамт өсөж, хүчир бэрхшээлийн дунд бойжин, идэж уух өмсч эдлэх нь дөхөм борогжуун бөгөөд хүсэл тачаалд үл шунах ажгуу. Ард иргэдийг үр хөвгүүдээр үзэж, цэрэг байлдагчид ах дүү мэт ханддаг. Хэлэхүйд эелдэг, энэрхүйд өгөөмөр, харъяатныг боловсруулахад биеэр манлайлж, хатгалдан байлдахуйд үхэхийг үл сэтгэмүй. Тийнхүү долоон оны дотор их үйлсийг бүтээж, таван өнгө дөрвөн харийг нэгэн жолоогоор шударгатгавай. Энэ болбоос хаан миний эрдэм чадал бус болой, харин Алтан хааны төр доройтсны үр бөгөөд мөнх тэнгэрийн ивээлээр их суурийг хаан надад соёрхож, өмнөш Чжао овогтны Сүн улс лугаа зах залган, умарш Уйгар лугаа үргэлжилж, дорно өрнийн улс угсаатан цөм өргөл барин харьяат болов. 

Бодвоос энэ нь манай Шаньюйгийн улсаас нааш олон зуун жилд ер байгаагүй хэрэг болжээ. Түүнчлэн төр гүрний энх үйлсийг засахуйд эс хүрэлцэх газар бас байх тул бэрхшээмүй. Харинхүү онгоц салыг үйлдэх нь гол мөрнийг гатлах хэрэгцээ мэт, мэргэн эрдэмтнийг урин сонгох нь дэлхий дахиныг төвшитгэх хэрэгцээ болжээ. Хаан миний бие сууринаа сууснаас нааш төр улсын түмэн засагт сэтгэлийг чилээсэн атал, түшмэд сайдын дотор зөвлөх мэргэд хараахан илрээгүй болой. Сурвалжлан сонсвоос, багш та болбоос төр тунгалаг, суртахуун цэгц, үзсэн түгээмэл, сонссон оновчтой, эрдэм гүн, мэдлэг өргөн, ёс ариун эрхэм тул эзэн хаадын оврыг ахиулж, эрхэм хувилгаадын сурталыг бүрэлдүүлжээ. Бас аглаг агуйд удаан саатаж, агуу дүрийг далд байлган, аршийн их ёсыг бясалгаснаас агуйн оронд хурсан билигтэн номтон асар олон хэмээлээ. 

Багшийг Шаньдуны уул нутагтаа бясалган саатаж ахуйг хаан би Чжунюанаар дайлахуйдаа сонссон бөгөөд цээж дүүрэн бишрэн бахдаж байлаа. Тийн атал хэрхэн хөсгөөрөө залсангүй учир нь уул усан аглаг хол, албан тушаал биед тулгаран аху тул өөрөө эс бараадаж ёсыг алдвай. Өдгөө шадар түшмэл Лю Чжун Лу нарыг сонгож, хөнгөн унаа хөсөг тэргийн хамт түмэн газрын алсаас багшийг урихаар томилбой. 

Хэрвээ багш та алс холын элсэн говийг бэрх хэмээн алжаалгүй, түмэн иргэдэд амгаланг энэрэх, хаан миний  тэнхлүүнийг тохинуулах сэтгэлийг өвөрлөж морилон ирвээс, таны аршийн ширээнд хаан би биеийг ариутган үйлчилж, багшийн сургасан үгсийг хэдүй ч болов эрхэмлэн хүлээх ажгуу. Өдгөө хаан миний өчүүхэн сэтгэлийг илтгэж, түмний нэгэн төдийг бичиглэн бариулав. Эрхин багш их ёсондоо толилж, хамаг тусыг хэзээд  үйлддэг атал хар тэргүүтний хүслийг хэрхэн хөсөрдүүлэх  буй за!   Үүний тул зарлиг бариулав, толилму. “ хэмээжээ.

No comments:

Post a Comment