“Монголчуудын
өвөг дээдэс хичнээн зовлон зүдгүүрийг туулж, ямар их хатан зориг гаргасныг бид
өдрөөс өдөрт улам илүү мэдэрч байна” Жак Уэтерфорд
...Нэр алдраа
дуурсгасан түрэмгийлэн эзлэгчид дайн тулалдааныг нэгэнт орхиж хөндийрсөн байдаг
тавин насанд Чингис хааныг сүлдэт туг нь нүүдэлчин аймгуудыг олон зууны турш
дарлан доромжилж явсан суурин орнуудын цэргийн хүчийг сөрөн тулалдахаар алс
холын аглаг нутгаа орхин аян дайнд мордоход хүргэсэн юм.
Туг сүлдээ сүслэн
дагасан тэрбээр амьдралынхаа үлдсэн он жилүүдэд говийг туулж, Шар мөрнийг
гатлан Хятадын нутаг дахь хаант улсууд, Дундад азийн түрэгүүд, алс холын
уулархаг Афганистанаас Инд мөрнийг хүртэл Персүүдийг олон удаа довтолж, ялалт
байгуулж суу алдраа мандуулсан юм.
Чингис хааны
тулалдааны шинэлэг арга барил нь дундад зууны Европын өвч дуулгатай тайж нарын
үе өнгөрснийг нотолж, анги хэсгээрээ хамтдаа урагшлан довтолдог төмөр мэт хатуу
сахилгатай морин цэргээр солигдсоныг харуулсан
юм.
Монголын цэрэг 25
жилийн хугацаанд дайтан эзэлсэн улс орон, хүн ам нь дөрвөн зууны туршид
Ромчуудын эзэлснээс ч хол давсан байна. Монгол морьдын туурайнд Номхон
далайгаас Газар дундын тэнгис хүртэлх бүх гол мөрөн, нуур цөөрмийн ус цалгилж
байлаа.
Хүчирхэгжин мандах үедээ 11-12 сая хавтгай дөрвөлжин бээр газрыг эзэлж
байсан Монголын эзэнт гүрэн цар хэмжээгээрээ Африктай дүйж, Карибын тэнгис дэх
арлын улсууд, Төв Америк, Канад, Мексик, АНУ-ыг оролцуулсан хойд Америкаас ч
давсан байлаа.
Түүнд мөс цасанд
даруулсан Сибирээс халуун дулаан цаг ууртай Энэтхэгийн хөндий, Пакистаны
тутаргийн талбайгаас Унгарын улаан буудайн тариалан, Солонгосоос Балканы хойг
хүртэл үргэлжлэх асар уудам нутаг багтаж байлаа. Монголчуудад эзлэгдсэн тэдгээр
нутагт өдгөө гурван тэрбум гаруй хүн ам бүхий 30 гаруй улс орон оршиж амьдарч
байна.
Энэхүү амжилтын
гайхалтай тал бол нийт монголчууд нэг сая хүрэхгүй өөрөөр хэлбэл өнөөгийн аль
нэг компанийн ажиллагсдаас хавьгүй цөөн байсанд байгаа юм.
Энэхүү нэг сая
хүнээс Чингис хаан нэг бумаас илүүгүй зоригт эрсийг шилж армиа бүрдүүлсэн нь
орчин цагийн хөл бөмбөгийн томхон цэнгэлдэх хүрээлэнг дүүргэх төдий билээ.
Чингис хааны
морьт цэргүүд 13 дугаар зууныг туулахдаа тив дэлхийн хил хязгааруудыг өөрчлөн
шинэчилсэн юм. Тэр хад чулууг бус улс үндэстнүүдийг бүтээн бий болгож байлаа.
Дорнод Европт Монголчууд славянийн арав гаруй вант улс, хотуудыг Орос оронд
нийлүүлсэн. Зүрчид Түвд, Тангуд улсыг, Зүүн түргестаны Уйгарын нутагтай Сүн улсын
үлдэгдлийг нэгтгэн гурван үеийн туршид Хятад улсыг эмхлэн байгуулсан юм.
Монголчууд эзэмшил нутгаа тэлж өргөжүүлэхийн хэрээр тэдний тогтоосон хил
хязгаарыг орчин цагт бараг тэр хэвээр нь хадгалж хоцорсон Солонгос, Энэтхэг
улсууд үүссэн.
1162 онд түүнийг
мэндлэх үед Хятадууд Европыг, Европчууд Хятадын тухай дуулаагүй, тэдний хооронд
хэн ч аялан зорчоогүй үе байсан. Тэгвэл Чингис хаан 1227 онд бие барахын цагт
тэдгээр орнуудад дипломат болон худалдааны хэлхээ холбоо тотсон нь өдгөө хадгалагдсаар
байна.
Чингис эзэнт
гүрнийхээ тулгуурыг бат бэх бүрдүүлсэн болохоор төр улс нь түүнээс хойш 150 жил
хүчирхэгжин өргөжсөн бөгөөд дараа дараагийн зуунд сарнин задарсан боловч үр сад
нь олон хэсэгт хуваагдан гүрэн улсаа удирдаж Орос, Турк, Энэтхэг, Хятад мэтийн
том гүрнүүдийг захирсаар байсан юм. Тэд хаан, эзэн хаан, султан, шах, эмир
болон далай лам гэх мэт цол хэргэм эдэлсээр байсан. Түүний угсаа залгамжлагчид
эзэнт гүрний голомтыг 700 –ны туршид тэргүүлсэн билээ. Британчууд Бахадур
шахыг хөөн зайлуулж хоёр хүү, ач нарынх
нь толгойг авах хүртэл Моголчууд хэмээгдэн Энэтхэгийг захирсан. Чингис хааны
угсаа залгамжлагч нарын сүүлч Бухарын эмир Алимхаан Зөвлөлтийн улаан хувьгалын
түрлэгт автагтан 1920 онд эрх мэдлээ алдах хүртлээ Узбекстаныг захирч байлаа.
Олон булаан
эзлэгчдийг түүх буруушаан зэмлэж амь насыг нь егүүтгэсэн. Их Александр 33
насандаа Вавилионд учир битүүлгээр амиа алдсан бол албатууд нь түүний гэр
бүлийнхнийг егүүтгэн, газар нутгийг нь эзэмшсэн. Юли Цезарийг хамтран
зүтгэгчид, урьдын холбоотнууд нь Ромын сенатын танхимд хутгалан хөнөөсөн.
Устгал сүйрэл, бослог самууныг даван туулсан ч ганцаардаж цөхөрсөн Наполеон энэ
гаригийн хамгийн буйд нэгэн аралд орь ганцаар хоригдсоор хорвоог орхисон.
Гэтэл Чингис хаан
бараг 70 насалсан ч цэргийнхээ хүрээнд, гэртээ, дотны хайртай хүмүүс, анд
нөхөд, түүний тушаалаар эзнийхээ төлөө амиа өргөхөд бэлэн үнэнч цэрэг эрсийнхээ
дунд бие барсан юм...
Жак
Уэтэрфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч
эзэн Чингис хаан” номноос
No comments:
Post a Comment