2.29.2016

Жаргалд умбасан өдөр

                                              Жаргалд умбасан өдөр
С.Сэлэнгэ
Аав ээжийгээ догдлуулан байж
Алган дээр нь ирэхдээ жаргасаан би
Алаг дэлхийд ирснээ дуулган
Амьдрал хурайлж орилохдоо баярласаан би
                   Ай миний жаахан биеэрээ
                  Жаргалд умбасан өдөр минь ээ
Өмгөр жаахан хошуугаараа
Өөрөө мөөмөө эрэхдээ жаргасаан би
Амин хэлхээгээр ивлэн асгарсан
Ангир уургаа амтлахдаа баярласаан би
                   Ай миний жаахан биеэрээ
                   Жаргалд умбасан өдөр минь ээ
Хүчлэн байж нүдээ нээгээд
Бурхан ээжийгээ харахдаа жаргасаан би
Хүйн холбоогоор учирсандаа талархан
Хөөрхөн хуруугий нь атгахдаа баярласаан би
                 Ай миний жаахан биеэрээ
                Жаргалд умбасан өдөр минь ээ
Тэвэрт нь ирж зүрхий нь сонсоод
Тэнгэр аавыгаа таниад жаргасаан би
Ханхар цээжинд нь наалдан байж
Хайр нөмрий нь ойлгохдоо баярласаан би
              Ай миний жаахан биеэрээ
             Жаргалд умбасан өдөр минь ээ
Өөдөсхөн намайг өр зүрхнээсээ хайрлах
Өвөө эмээтэйгээ золгохдоо жаргасаан би
Үнэн голоосоо яаран хүлээсэн
Өчнөөн ах эгчтэйгээ уулзахдаа баярласаан би
              Ай миний жаахан биеэрээ
             Жаргалд умбасан өдөр минь ээ

                                                                                                2016 он

No comments:

Post a Comment