1328 онд
Есөнтөмөр хаан Шанду хотод нас барахад
их орыг түүний хүү хунтайж Ашидхэв залгав. Тэрээр 1320 онд төрсөн бөгөөд түүний
эцэг нь Хубилай хааны хүү Чингимийн ахмад хөвүүн Гамалагийн Есөнтөмөр
хаан бөгөөд эх нь хонгирад удмын Бабухан
хатан.
Ашидхэв хааныг
Шаньдуд их ор сууснаас нэг сарын дараа Дайду хотноо Хайсан хүлэг хааны итгэлт
ноёд Яньтөмөр, мэргэдийн Баян нар түүний хүү Төвтөмөрийг хаан ор суулган
Шандутай дайн зарлан хоёр тал хоёр сар гаруй тэмцэлдээд балчир хааны тал ялагджээ. Ашидхэв хааны хувь
заяа түүхэнд тодорхойгүй үлдсэн ч ихэнх түүхчид дайны хөлд амь үрэгдсэн гэж
үздэг.
Есөнтөмөр хааны
талынхнаас хаан суурийг өөрийн талд баттай шилжүүлж авсан Төвтөмөр хаан их орыг
өөрийн ах Алтай орчим нутаглаж байсан Хүслэнд шилжүүлэхээр элч илгээжээ. Энэ ч
учир шалтгаантай байв. Хайсан хүлэг хаан Хүслэнг цохож хаан суулгахаар нэр зааж
байжээ.
Хүслэн хаан 1300
онд Хайсан хааны Ихэрэс овгийн Шүншири хатнаас төржээ. Төмөр хаан нас нөгчихдөө
өөрийн ач хүү Хайсангаар их суурийг залгамжлуулсан ба Хайсан хаан их суурийг авмагц дүү Аюурбалбадаа
хунтайж өргөмжлжээ. Аюурбалбад хаан
суусны дараа 1315 онд Хүслэнг ван өргөмжлөн алтан тамга соёрхоод хунтайж өргөмжлөх
хэргийг зөвлөлдөхөд чинсан Тэмүдэр бялдуучлан Есөнтөмөр хааны хүү Шадбалыг
хунтайж болгожээ. Иймээс 1317 онд Аюурбалбад хаан Хүслэнг Дайду хотоос холдуулж
Юанань газрыг захируулахаар явуулжээ.
Хүслэн Юанань
явах зам зуураа босож Алтай уулнаа хүрч Цагадайн хаант улсын ивээлд оржээ. Энэ
газар арав гаран жил амьдрахад Аюурбалбад хаан нас нөгчиж, Шадбал хаан
хорлогдон, Есөнтөмөр хаан ч төрөл арилжжээ. Мөн Ашидхэв хаан алагдаж дүү
Төвтөмөр нь хаан суужээ.
Хүслэн хааныг Алтайд
сууж байхад хаан ширээндээ ирж залрана уу хэмээн илгээсэн Төвтөмөр хааны элч
ирэхэд хаан ширээ залгамжлах Хайсан хүлэг хааны ахмад хөвүүн мөн боловч дүү Төвтөмөр нь хаан суугаад хэдэн сар
болчихсон байсан тул итгэж ядан байлаа. Гэвч зүүн баруун гарын олон ван
ноёд ихэд шамдуулан ятгасан болохоор
зүүнш аялж эхэлжээ. Түүнийг Цагаадайн улсын эзэн Балтөмөр хамгаалан дагалдан
явжээ.
1329 оны цагаан
сард Хүслэн хаан Хархорум хотын хойхно
байх Цэцэг цагаан нуурын дэргэд их ор суун Дайду тийш элч илгээн “Миний дүү
урьдаас ном бичиг унших дуртай билээ. Иймээс төрийг засч тэгшрүүлсний хойно
бичгийн эрдэмтдийг сонгож, түүх шастирийг ялган, эрт эдүгээгийн самуурсан ба
олж алдсан тэргүүтнийг үргэлж надад
сэрэмжлүүлэн ярьж өгөх болтугай!” хэмээн Төвтөмөрт хэлүүлжээ.
Дайду хотод сууж
байсан Төвтөмөр баруун гарын чинсан Яньтөмөрт эрдэнийн тамга бариулж Хүслэн хааныг угтуулав. Яньтөмөр Шаньду
чиглэн ирж явсан Хүслэн хаанд эрдэнийн
тамгийг өргөж хаан суурийг улам баталгаажуулжээ. Хүслэн хаан Дайду хот руу элч илгээн өвгөдийн сүмийг
тахиулж, Төвтөмөрийг хунтайж өргөмжлөв.
Мөн оны 8 сард Хүслэн
хааныг угтсан Төвтөмөр нар Онгоцот хэмээх газар золголдон их найрыг үүсгэжээ.
Дөрвөн өдрийн дараа Хүслэн хаан нас нөгчлөө. Энэ тухай хожим Тогоонтөмөр хаан “Төвтөмөр
муу сэтгэлээ үл хаян, өөрөө угтаж ирээд, олон түшмэдтэйгээ миний эцгийг хорлож
билээ” хэмээжээ.
Хүслэн хааныг нас
барсны дараа Хутагт хаан хэмээн өргөмжилжээ.
No comments:
Post a Comment