12.22.2015

Монголын Юань улсын хаад – Заяат хаан Төвтөмөр

Хайсан хүлэг хааны дэд хөвүүн Төвтөмөр 1304 онд төржээ. Гэгээн хаан Шадбалын үед Хайнань газрыг сахин сууж байгаад Есөнтөмөр хааны үед зарлигаар эгэн ирж ван хэргэм хүртсэн байна.

1328 онд Есөнтөмөр хаан нас барж түүний хүү Ашидхэв Шаньду хотноо хаан өргөмжлөгдөхөд сарын дараа буюу 9 сард Төвтөмөр Дайду хотноо эцгийн шадар ноёдын туслалцаатайгаар хаан суужээ.

Хаан суусан даруй Ашидхэв хааны жанжид Ванчин, Зүүндэй, Хулдай, Түмэндарь  нарыг ээлж дараалан бутцохиж Шаньдуг эзлэн  эсрэг этгээдээ төвшитгэсэн байна.

1329 оны цагаан сараар Төвтөмөр хаан ах Хүслэндээ элч зарж их орыг залгамжил хэмээн хэлүүлж 3 сард Яньтөмөрт эрдэнийн тамга бариулан ах Хүслэн хаандаа хүргүүлжээ. Тамгыг хүлээн аваад Хүслэн хаан Төвтөмөрийг хунтайжид өргөмжлөн, Яньтөмөрийг баруун гарын чинсан болгож, цэргийн явдлыг мэдүүлж  дархан цол олгов.

1329 оны 5 сард хунтайж Төвтөмөр,  хаан ахаа тосохоор Дайду хотоос мордож 8 сард Онгоцот хэмээх газар золголдон их найр үүсгэснээс  4 хоногийн дараа Хүслэн хаан гэнэт нас баржээ. Ингээд Шаньду хотод Төвтөмөр эргэн хаан суув.

1330 оны 1 сард Юньань газрын Тэгэн, түмний ноён Бэх нар Төвтөмөр хаанаас урван хэд хэдэн хотыг байлдан эзлэсэнд  Төвтөмөр хаан Өлзийд 5 түмэн цэрэг өгч байлдуулахаар явуулсанд Бэх нар түм гаруй цэргийг нь устган үлдэн хөөсөнд хаан дахин 10 түмэн цэрэг цуглуулан илгээсэнд  11 сард хааны цэрэг Бэх нарыг ихэд дарж Бэхийн дүү Баясгал, хамсаатан Байбух, Баянтөмөр зэрэг 10 гаруй хүнийг барьж алжээ. Босогчид дарагдсан ч цөөн тооны хүмүүс уул шугуй, далайн хойгт дутаан ороод гарч ирэхгүй болсон тул Төвтөмөр хаан зарлиг буулгаж их цэргийн хагасыг нь Юньаньд дарангуйлан суулгаж хагасыг нь эргүүлэн татаж нутаг оронд нь буцаав.

Юньаны бослогыг төвшитгэсний дараа Төвтөмөр хаан улсын сан хөмрөгөөс 2300 лан алт, 14600 лан мөнгө, 1700 бүхэл торго, 91 алтан бүс гарган энэ удаагийн байлдаанд гавъяа байгуулсан 91 хүнийг ихээр шагнажээ.

Төвтөмөр хааны үед чинсан Яньтөмөрийн эрх мэдэл үлэмж их болсон бөгөөд улсын санхүүгийн байдал ихэд доройтсон байна. Хаан “Жиньань газрын хүн түмэн таар аму хүргэж ирвэл долдугаар зэргийн түшмэл болгоно. Шаньши газрын хүн 15000 таар аму хүргэж  ирвэл долдугаар зэргийн түшмэл болгоно. Лхенэн газрын  хүн 2 түмэн таар аму хүргэж ирвэл долдугаар зэргийн түшмэл болгоно. Лам хүн бас аму хүргэж ирвэл багшийн зэрэг нэмж олгоно” хэмээн зарлиг буулгаж байжээ.

Төвтөмөр хаан 1332 онд Шаньду хотод тэнгэрт хальжээ. Тэрээр  зураг зурах дуртай, чадварлаг найрагч нэгэн байв.


No comments:

Post a Comment