Хубилай хааны дараа
их ор суусан Төмөр 1265 онд мэндэлжээ. Төмөр
хааны эцэг Чингим нь 1243 онд Хубилайн
их хатан хонгирад аймгийн Чаби хатнаас төрсөн ба хаан ширээ залгах хунтайж
байсан боловч 1286 онд янь ван цолтой эцгээсээ
өмнө өвчнөөр нас баржээ. Төмөр хааны эх
нь мөн хонгирад аймгаас гаралтай Хөхжин
хатан.
Хубилай хааны үед
Төмөр 1287 онд өвөг эцгийн хамт Хайдугийн холбоотон Наянг даралцаж явсан ба мөн
Эштөмөрийн хамт Хаданы урвалтыг даржээ.
Төмөр 1293 онд
хунтайж өргөмжлөгдөөд Хархорумд захирагчаар томилогдон сууж байтал 1294 онд Хубилай
хаан таалал болж алтан ургийн ноёд түмшэл дээд нийслэл Шандуд цуглан хуралдахад
түүний ах Гамбал “Төмөр сууринд суувал түшмэл болж хүчээ өгье!” гэснээр олон ноёд түшмэл дэмжиж их орд
суулгажээ.
Төмөр хаан
эрдэмтэн мэргэдийг ихэд сайшаан хөхүүлж байснаас гадна сайд түшмэдээ ихэд
буруушаан донгодож “ Намайг хаан сууснаас хойш ноёд түшмэдэд барагдашгүй их
хишиг хүртээж байна. Үргэлж ингэж тараагаад байвал урьд хааны хурааж хадгалсан
хөрөнгө хоосроход хүрнэ. Үүнээс хойш голдуу үгээгүй ядуус болон цэргийн хүмүүст
хишиг түгээ” хэмээн зарлиг буулгаж байжээ.
Төмөр хааны үед
улс гэр амар тайван дайн дажингүй тул тэрээр өвөг дээдэс шигээ цэргийн гавъяа
байгуулаагүй ч өршөөлт энэрэнгүй засгийг явуулж байжээ.
1301 онд давааны
арын муж буюу Хархорум руу цэргийн хэргийг тохинуулахаар очсон түшмэл буцаж ирсний дараа хаанд “Эдүгээгийн Хархорумын хойд биед буудай
таривал нэн тохиромжтой.Урьдын хэрэглэж байсан тариалангийн эд хэрэгсэл бий.
Ийнхүү нийслэл хотын сахиул зургаан салаа
цэргийн арван хүн тутмаас хоёрыг нь гарган тариа тариулбаас найман хүний
хүнсийг таслахгүй байж чадмой. Гэвч Хархорумын уур амьсгал хэтэрхий хүйтэн тул
хятад цэрэг тэнд өвөлжиж чадахгүй. Монгол цэрэг дотроос гэр нь баян, бие нь
чийрэг хүнийг сонгож болно.” хэмээхэд Төмөр
хаан цэргийн ноёдод Хархорумын цэргийн
тариаг өргөтгөж тариалангийн эд, багаж хэрэгслийг зохистой олговол зохино
хэмээн зарлиг буулгаж байжээ.
Төмөр хаан их
сууринд 13 жил их ор суугаад 1307 онд таалал төгсчээ. Түүнд Хайсан хүлэг хаан
Өлзийт хэмээн цолыг нэхэн өргөмжилж тэрээр Өлзийт Төмөр хаан хэмээн түүхэнд алдаршжээ.
No comments:
Post a Comment