8.05.2015

Уушигийн өвөрийн буган чулуун дурсгал

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун тийш 20 хүрэхгүй км-т Уушигийн өвөр хэмээх сайхан тавиу хөндий,  Дэлгэр мөрний хойд биед дэлхийд ховор буган чулуун дурсгал бий.  

Чулууны энэ урлаг Монголын умард хэсэг, Өмнөд сибирийн тал хээрт МЭӨ 1000-аад жилийн үед амьдарч байсан скифчүүдийн бүтээл бөгөөд  оршуулгын зан үйл, өргөл мөргөлийн зориулалттай бүтээгджээ.  

Буган чулуун хөшөө нь дөрвөн талт гонзгой чулууны оройд  эсрэг харсан хоёр талд нь нэг юмуу хоёр том дугуй,  эсвэл том, жижиг хоёр дугуй дүрс сийлж, түүний доогуур олон жижиг хонхор гарган зааглаад  доош нь бүс хүртэлх голын зайд сүрэг бугыг уран гоёор дүрслэхээс  гадна цөөн тохиолдолд  адуу, гахай, ирвэс, янгир, хүн, загас зэрэг амьтдыг бугатай хамт болон дангаар нь дүрсэлж, бүснээс олон төрлийн зэр зэвсэг зүүж, ойр орчимд нь нум сум, хээ хуар ч сийлсэн  байдаг.

Уушигийн өвөрийн буган чулуун цогцолбор нь төв Азийн өргөн уудам талд тархсан буган чулууд дотроос томоохонд тооцогдох ба энд нийт 15 буган чулуу, тэднийг тойрсон олон хирэгсүүр бий.
Эдгээр буган чулуунуудын гадаргуу дээр баруун, зүүн тийш чиглүүлэн дүүлж яваа бугыг хөшөөний биеийг ороолгож , эсвэл нэг талд нь багтаан дүрсэлснээс гадна зарим хөшөөн дээр ирвэс, гөрөөс зэрэг амьтдыг сийлсэн нь ч бий. Буган чулуун хөшөөнд нийтлэг байдаг хүзүүний зүүлт, нум сум, толь, тагнай хээтэй бамбай, зээтүү, хутга, бүс зэргийг эдгээр хөшөөдөөс харж болно.


Мөн Уушигийн өвөрт өөр хаана  ч байхгүй оройн хэсэгтээ хүний толгойг урнаар дүрсэлсэн буган чулуу байхаас гадна 3000-4000 жилийн настай ч бүдгэрч балраагүй тод хээтэй  буган хөшөө ч бий.

No comments:

Post a Comment