8.25.2015

Эльтэрес хааны дурсгал

Өвөрхангай аймгийн Уянга сумын төвөөс  17 км зайтай  Онгийн голын цутгал Таримал голд нийлдэг Мааньт хэмээх жижиг голын баруун биед орших Мааньт  уулын өвөр хормойд эртний түрэгийн нэгэн томоохон цогцолбор дурсгал байдаг. Үүнийг анх 1891 онд оросын эрдэмтэн  Н.М.Ядринцев  нээн олж  судалжээ.  

Уг дурсгал нь уртаараа 68 м, өргөнөөрөө 48 м хэмжээтэй гонзгой дөрвөлжин шороон хэрэмтэй, зүүн талын ханандаа 3 м өргөн үүдэвстэй, тойрон хүрээлсэн шуудууны оромтой бөгөөд үүнээс зүүн зүгт 980 м зайд 160 гаруй балбал чулуу байх ба энэ дурсгалыг эрдэмтэд Түрэгийн Эльтерес хаан, Ильбилгэ хатан хоёрт зориулан босгосон гэж үздэг.

Гол  хөшөөний дээд нүүрэн талд эртний Түрэгийн овгийн гол билэгдэл янгирын тамгыг сийлж, түрэг бичээсийг дөрвөн талд нь мөр мөрөөр дээрээс доош чиглэлээр сийлжээ.


Онгийн голын түрэг бичээс ч гэж нэрлэгдэх энэхүү дурсгалын ерөнхийй агуулга нь Түрэгийн дээд өвөг Буман хаан дөрвөн зүг, найман зовхисын түмнийг хяхан унагаж  даран сөнөөсөн, мөн захирсан хаанаа хөөн тонилгосон, түрэгийн ард түмэн наран ургах зүүн зүгээс наран шингэх баруун зүг хүртэл тархан суусан, баатар эрс балбал чулууг талбиж Түрэгийн ард түмний алдар мөхөх дөхсөн гэх мэт өгүүлсээр  хонин жилийн долоон сард дээд тэнгэр хүчит баатар хаан халин одож сэцэн тамачыг хөдөөлүүлсэн тухай өгүүлдэг байна.


No comments:

Post a Comment