Дархадын хотгор
бол Хөвсгөл аймгийн нутаг Хорьдол сарьдагын нуруу, Баяны нуруу, Улаан тайгын
уулсаар хүрээлэгдсэн Шишгэдийн голын ай сав, түүнд цутгах олон жижиг голын
хөндийгөөс бүрдсэн уртаашаа 150 орчим км, өргөөшөө 40 гаруй км үргэлжлэх
үзэсгэлэнтэй сайхан нутаг билээ.
Дархадын хотгорын
хойд хэсгээр Тагна, Соёны өндөр уулс, зүүн өмнөд хэсгээр Жиглэг, Жарын даваа,
Дэлгэрхаан, Уран дөш зэрэг дуу алдам өндөр сүрлэг шовх уулсын оргилууд , баруун талд нь Ивэд,
Хармай, Мунгараг голуудын сав бүхий Хан
тайга, Хөх Тайга, Лам тайгын салбар уулс, харин өмнөд талдаа Өлийн халзан
даваа, Тоомын өндөр сайхан даваанууд сүндэрлэнэ.
Дархадын цэнхэр
хотгор бол монголчууд бидэнд төдийгүй хөх гаригынханд тэнгэрээс хайрласан хишиг
гэлтэй. Үнэхээр үзэсгэлэнтэй нутаг. Гэхдээ энд цөлжилт хэдийн газар авчээ. Хоймор сайхан нутагтаа элсэн манхантай тааралдана чинээ бодсонгүй
явлаа.
Мэдээж энэ нь дэлхийн дулааралтай холбоотой л байх. Үүнээс гадна хүний буруутай үйл ажиллагаа ихэд
нөлөөлж байна. Ой модыг хайр гамгүй
огтолж ахуй хэрэглээндээ хэрэглэж байна.
Ялангуяа голын эхэнд мод ихээр огтолсноор олон гол горхи ширгэж алга
болж байна.
Энэ нутгийн 300
гаруй нуурын 20 орчим нь ширгэж алга болсноос нилээн томдоо орох Цойцон нуур үгүй
болжээ. Харамсалтай, үнэхээр хармсалтай ... Бидний бахархаж омогшдог онгон
дагшин байгаль маань биднээс улам бүр
алсран холдож байна уу даа!
No comments:
Post a Comment