6.25.2014

Монголчуудын үеийг эргэн харахад

Арван гуравдугаар зууны үеийн монголын байлдан дагуулал нь дэлхийг хөмрүүлэн эргүүлж , бөмбөрцгийг Германаас Солонгос хүртэл нэвт сүлбэж, хаант болон эзэнт улс гүрэн бүгдийг сөгдүүлэн дагуулж хуучин ертөнцийн ихэнх хэсгийг чичрүүлэн өөрчилсөн бөлгөө.

Бөмбөрцөгийг чичрүүлсэн монголчуудын цар хүрээ, нөлөөллийн хувьд юутай ч адилтгашгүй болой. Монголын арми Германы хил, Адриатикийн эрэг дээр зогсож байснаасаа хойш гучин жилийн дараа Япон, Явыг дайран довтолж байжээ. Ялалтыг зохион байгуулагч гэдгээрээ дэлхийд хамгийн агуу их хүн болох Чингис хааны цэргийн сод ухааныг бид арга буюу хүлээн зөвшөөрдөг билээ.

Хээр талаас цэргийн ажиллагаагаа эхэлж газар зүйн хувьд давуу талтай байлаа гэж үзсэн ч, хүч чадлаар сул, хоорондоо эв нэгдэлгүй байсан улсуудыг довтолж устгасан гэж үзсэн ч, ямар ч болов түүний үйл ажиллагааны жинхэнэ үр дүнг бүрэн ойлгох аргагүй нэн гайхамшиг хэвээр байсаар байна.  

Бүхэл Ази болон Европын хагас дахь улс төрийн төрх байдал нүүдэлчдийн хүчит шуурганд дагжин чичэрч хамгийн хүчтэй соёл иргэншил бүхий улс гүрнүүд ч хүчинд автагдан нам дуугүй суухаас өөр үггүй болсон байлаа. Европынхныг хуурай болон усан замаар Азид нэвтрэн орж ирэх сувгийг нээлттэй болгов. Чингисийн үед эхэлсэн тэр хэлхээ холбоо сүүлд нь өрнөдийнхний санаачлагаар дахин сэргэж Алс дорнодод хүрэх шинэ замыг эрэлхийлэх болж Америк болон Сайн итгэлтийн хошуугаар тойрон Энэтхэгт хүрэх далайн замыг нээжээ.

Монголын эзэн хаант улс ноёрхож байх хугацаанд Ази болон түүний нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх их замууд  цагдаа харуулаар хамгаалагдан аюулгүй байдлыг бүрэн хангасан байлаа. Европын зоригт аялагчдын нэг Плано Карпини болон түүний нөхөд Лионоос гарч явснаас хойш жараад  жилийн дараа Францисконы гэлэнгүүд Бээжинд хамбын суудалтай болж Хятад дахь Монголын засаг захиргаанд Марко Поло иргэний алба хааж байжээ.

Эзэн хаант гүрний улс төрийн эв нэгдэл сулран ганхаж Бэрх, Хүлэгү нар хоорондоо 1260 онд байлдах болсон цагаас Их Монголын задрал эхэлж Азиар өнгөрөх эх газрын аян зам удаашралтай, аюултай, саад бэрхшээл дүүрэн болжээ.

Монголчуудын цэргийн техникийг эртний хүннү, скифийнхтэй харьцуулж болмоор ч тэд илүү ур чадвартай, илүү мэргэжил дадлага бүхий удирдагчтай байж үр дүн нь онцгой ялгарч байна. Монголын ялалт бол биширмээр сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд эцсийн эцэст соёл иргэншилт ард түмнийг ялсан ялалт болой...

Английн түүхч Ж.Ж.Саундерс “Монголын байлдан дагуулал” номноос зурвасхан...


No comments:

Post a Comment