Чингис хаан төр улсаа байгуулсан
үед монголын арми арван хоёр түм илүү хүнтэй болсон ба бүгд морьт цэрэг байлаа.
“Монгол хүн дайнд мордохдоо хүн бүр хоёр, гурван морь бэлтгэх буюу зургаа
долоог ч бэлтгэх нь буй” гэж 12-р зууны үед монгол нутгаар биеэр жуулчлан явсан Сүн улсын элч Шюй Дин
тэмдэглэсэн байдаг. Энэ олон тооны агтыг гагцхүү мал аж ахуй эрхэлдэг
монголчууд л хангахаас бус өөр үндэстэн бол сэтгэшгүй хэрэг билээ.
Марко Поло “хүнс
дутагдах үест хүн бүр морины нэг судсыг ханаж уун морины цусаар амьдармой”
хэмээн бичиж үлдээсэн нь морь бол цэргийн амьд зэвсэг болох бөгөөд тухайн үед
зам харилцааны хамгийн хурдан хэрэгсэл болж байв.
Мориноос гадна
тэр үеийн монгол цэргийн гол зэвсэг бол нум сум, махир илд, төмөр шийдэм, урт
жад, халх бамбай бөгөөд эдгээр зэвсэг
бол тэр үеийн хамгийн хурц зэвсэг болно.
Дайнд зэвсэг
чухал ч түүнийг эзэмшигч дайчдын ур чадвар шийдвэрлэх үүрэгтэй нь мэдээж.
Тиймээс их хааны төмөр морин цэрэг хэрхэн
бэлтгэгдэж байсан нь хүн бүхэнд сонин.
“Монгол татаарын
бүрэн тэмдэглэл” “Юань улсын түүх” зэрэгт монгол үндэстний үр хүүхэд нь морины
нуруун дээр өсөн бойжиж харвах намнахдаа гаргуун, мориндоо мордвол байлдаанд
бэлэн, мориноос буувал малаа хариулдаг тухай олонтоо бичиж үлдээсэн байдаг.
Мөн ан гөрөөг
нарийн нягт зохион байгуулалттайгаар хийдэг нь хүнс тэжээлээ базаахаас гадна
цэргийн томоохон сургуулилт болдог байна.
Бас тусгайлан
цэргийн сургуулилтыг хийж байжээ. Энэ тухай монголч эрдэмтэн И.Н.Березин “ Тэд
Чингисийн үнэнч нөхөр болох Боорчи, Мухулай, Зэлмэ нарын удирдлага дор харвалт,
мэхлэх, зайлах, бултах хийгээд, байлдааны нягт журам ба байлдах аргын
сургуулилтыг хийдэг юм” хэмээн тэмдэглэжээ.
Чингис хааны
цэрэг байлдааны талбарт хатуу сахилга баттай байсан. Байлдааны явцад дайсны
олзонд шунан саатаж үл болох ба дайралт сарнивал анхны байрлалдаа эргэж ирэх
ёстой ба үл ирэгсдийг цаазлан шийтгэдэг байж.
Хэнгэрэг бол
монгол цэргийн байлдааны сүр сүлд болохоос гадна байлдааны дохио болдог байна.
Монгол цэргийн хэнгэрэг хар бухын арьсаар бүрсэн гэж “Монголын нууц товчоо”-нд
гардаг бол Юань улсын үед Хубилай хаан их хэнгэрэгээ заанд ачин явдаг гэж Марко
Поло тэмдэглэжээ.
Перс түүхч
Жувейны “Дэлхийг байдан дагуулагчын түүх” номондоо Чингисийн цэргийн зохион
байгуулалт нь Адамаас аваад Чингис хааны үрс дэлхий ертөнцийн ихэнхийг эзлэх
хүртэл ямар нэг улс гүрэн, ямар нэгэн эзэн хааны цэрэг боловч татаарын цэрэг
адил цэргийн түүхэнд ер байгаагүй, бичиг номонд тэмдэглэгдээгүй. Энэ цэрэг бол
аюул түгшүүртэй нугаршгүй тэмцдэг, ач өршөөлийг марталгүй хариулдаг, аливаа
байдалд зохицдог. Энэ нь хишиг пүнлүүд горилсонгүй, мөртөө зэрэг чимэгт ч
дурласангүй. Дайны үед байлдааны талбарт шувтлан дайрахдаа тэд сургуультай арслан
барс авын амьтанд довтлох мэт ордог, энгийн тайван өдрүүдэд харин хонь шиг
номхон, үнээ шиг өгөөмөр. Хүчир бэрхшээл, аюул түгшүүртэй үед тэд ердөө уурлаж
бухимддаггүй хэмээн магтан бичсэн байдаг.
No comments:
Post a Comment