"Тул загас мэт юунд
Тулбиран гаслана, чи
Туурга (торгон) цэргээ бэхлэе гэж
Туйлбартай үгээ хэлэлцсэн биш үү?
Усны загас мэт юунд
Уяран гаслана, чи
Улс төрөө байгуулъя гэж
Учиртай үгээ хэлэлцсэн биш үү?" гэвэл уйлахаа зогссон ажгуу.
70. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай, Сохатай хоёр ихсийн газар тайлгын идээ өргөх үед Өүлэн үжин хоцорч очсон тул тайлгын идээний хуваариас хоцрогдов. Орбай, Сохатай хоёрт Өүлэн үжин өгүүлрүүн: "Есүхэй баатрыг үхэв гэж, хөвүүнийг минь балчир гэж ихсийн тайлгийн хишгийн архи сархаднаас яахин хождуулав, та? Нүд үзсээр үл өгөх, нүүхдээ үл хэлэх болов, та" гэв. "Урьж чамд өгөх ёсгүй
Учирвал чи идэх ёстой.
Хүргэж чамд өгөх ёсгүй
Хүртвэл чи идэх ёстой. Амбагай хаан үхээд Өүлэнд ийнхүү хэлэгдэх болов.
72. Аргацаан эдний эх, хөвгүүдийг нутагт нь орхиж нүүе. Бүү авч явахтун" хэмээгээд маргааш нь тайчуудын Таргудай Хирилтуг, Тодойн Гирта нар Онон мөрөн рүү хөдлөв. Өүлэн үжинийг хөвгүүдийн хамт орхиж нүүсэнд хонхотаны Чирха өвгөн очиж ятгахуйд Тодойн Гирта:
"Цээлийн ус ширгэв
Цэгээн чулуу хагарав" гээд Чирха өвгөний үгийг хайхрахгүй цааш нүүж "Чи ингэж ятгах буюу" гэж тэр өвгөний зоо нурууг жадлан хөөв.
73. Чирха өвгөнийг шархтай болж, гэртээ ирээд зовиурлан хэвтэхэд Тэмүжин үзэхээр одов. Хонхотаны Чирха өвгөн Тэмүжинд өгүүлрүүн: "Сайн эцгийн чинь хураасан улс тарж нүүсэнд ятгахаар яваад ийнхүү жадлагдав" гэвэл Тэмүжин уйлж гарав. Өүлэн үжин өөрийн биеэр туг барьж мордон, орхиж нүүсэн иргэдийн заримыг буцааж авчирав. Гэвч буцаж ирсэн иргэд бас тогтсонгүй, тайчуудын хойноос нүүжээ. 74. Ийнхүү тайчууд ах дүү нар бэлэвсэн Өүлэн үжинийг бяцхан хөвгүүдийн хамт нутагт нь гээж нүүсэн ажээ.
Оюунтай төрсөн Өүлэн эх
Оёдолт дээлийг огшуулан өмсөж
Оготор хормойг шуун бүсэлж
Онон мөрнийг өгсөж уруудаж
Олирс мойл түүж явж
Өчүүхэн хөвгүүдээ хайрлан тэжээж
Өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэв.
Чадалтай төрсөн Өүлэн эх
Царсан шорийг барин явж
Цавчим газрыг өгсөж уруудаж
Сөдөн гичгэний үндсийг малтан
Шөнө өдрийг хатамжин өнгөрүүлж
Суут хөвгүүдээ тэжээн өсгөв.
(Хатан төрсөн Өүлэн эх
Хайлаасан шор барин явж
Халдун уулыг өгсөж уруудаж
Хавийн мангирыг малтан түүж
Хаад хөвгүүдээ хайрлан тэжээж
Ханатал, цадтал идүүлэн өсгөв."Алтан товч" )
75. Гуа төрсөн Өүлэн эх Гох дэгээ барин явж
Гол завыг өгсөж уруудаж
Гогод мангирыг түүн явж
Хутагтан хөвгүүдээ тэжээж өсгөв.
Зарчимтай төрсөн Өүлэн эхийн
Затгас төмсөөр тэжээсэн хөвгүүд
Засагтан сайд болж өсөв.
Эх үжиний тэжээсэн хөвгүүд
Эрс сайд болон өсч
Эрх омог төгөлдөр болж
Эх Ононы эрэгт сууж
Өлгүүр гох усанд хаяж
Эрэмдэг загасыг шүүн барьж
Эх үжинийг тэжээх болов.
Зарчимт Өүлэний тэжээсэн хөвгүүд
Засагт эрс болон өсч
Замагтай усыг шүүрдэн байж
Загас жараахайг гөхидөн барьж
Заяат эхээ тэжээх болов.
No comments:
Post a Comment