6.14.2020

Баруун (Хар) Хятан улс


1125 онд Хятан гүрэн мөхөв. Елюй Даши хаанаасаа салж Иншань уулын баруун хойд этгээдийг зорин 3 хоног явж өнөөгийн Өвөр Монголын Улаанцав аймгийн нутагт орших Айбага голыг гатлан Цагаан татар буюу Онгуд нарын нутагт хүрч хүч сэлбээд, тэндээсээ Орхон голын баруун хойд этгээдийн Кэдун дахь Бэйтин духуфу-д (Умардыг хамгаалах яам) хүрчээ. Елюй Даши энд цэргийн агт морьд цуглуулж, Вэй-У, Чундэ, Хуйфань, Синь, Далинь, Зихэ, То гэх 7 хотыг өөрийн шууд удирдлага дооорх цэргийн тойрог болгон зохион байгуулав. Тэрээр энэхүү зохион байгуулалтын тусламжтайгаар цэрэг бүрдүүлэн Алтан улсын умард хилд довтолж байлаа. Мөн тэрээр Уйгур улсад элч илгээж өөрийн төрөлх нутагтаа эргэн ирж Хятан-Уйгурын эвсэл байгуулахыг санал болгож байжээ. Елюй Даши Кэдунд ийнхүү 5 жилийг өнгөрөөж, 1130 оны 3 сарын 13 нд бараан үхэр, цагаан мориор тахилга үйлдээд өөрийн улсыг байгуулах тохиромжтой газрыг эрж хайхаар цэргээ удирдан Төв Азийг чиглэн хөдөлжээ. Тэрээр замд гарахаас жилийн өмнө буюу 1129 онд Дахуан шивэй, Дила, Ванжила (Хонгирад), Чачила (Жажирад) Йэси, Бигудэ, Нила, Далагуай, Дамили, Миэржи (Мэргид), Хэжү, Угүли, Зүбү, Пусувань, Танггү, Хумуси, Сиди, Жиүэрби гэсэн 18 аймгийн төлөөлөгчдийг хуралдуулж тусламж хүсч байсан байна.

Елюй Дашийн хүч Орхоны хөндийгөөс хөдөлж Алтайн нурууг давсны дараа Енисэйн киргизүүдийг дайрч Эрчис, Эмиль мөрний сав нутаг дахь Или Тарвагатайд хүрчээ. Тэнд Елюй Даши бэхлэлт хот босгон хүчээ зузаатгасаар 40000 өрхөд хүрэв. Энэхүү бэхлэлт хотоос Гаочангийн Уйгурын Билгэ  хаантай холбогдон түүний дэмжлэгтэйгээр нутгаар нь аюулгүй зорчин исламын шашинт Зүүн Хархаант улсын дорнод хил хязгаарт нэвтэрч, 1131 оны зун шууд түүний төв хотуудын нэг болох Кашгарыг онилон довтлохоор шийджээ. Гэвч исламын ертөнц рүү халдсан эхний довтолгоо бүтэлгүйтэн, Кашгарын удирдагч Хархаантын Тамгач-хан Хасаны хөвгүүн Ахмадад дийлдэн ухарч ахин Уйгурын нутгаар дамжин Эмильд буцаж ирсэн байна.

Тэрээр Эмельд ирсэн хойноо даруй ул суурьтайгаар хүчээ дахин базааж эхлэв. Ингэхийн тулд юуны түрүүнд өөрийн Хар Хятан улсыг (хятад. Баруун Ляо) байгуулж, Гүр хаан хэмээн өргөмжлөгдөхийн сацуу Тянь-ю гэх оны цол авч хэрэглэв. Үүний дараа Хархаантын харъяаны харлагуудын Хайялыг, Алмалыг зэрэг хамгийн ойр хот суурингуудаас эхлэн улмаар Хархаантын өөр нэг чухал төв болох Баласагуныг 1134 онд эзэлжээ. Чү мөрний үржил шимт хөндийд орших энэхүү хот түүний улсын нийслэл болов. Жувэйний мэдээлснээр  Хар Хятаны цэргүүд нийслэл хотын ойролцоох Хам-Хэмчиг, Барсхан, Тараз, Яфинч зэрэг нуур, гол мөрнүүдийн ай саваар орших газруудыг довтолж, хангли, харлугийн зарим нүүдэлчдийг дагуулаад зогсохгүй мөн 1137 оны хавар гэхэд анх дийлдсэн киргиз, Кашгар, Хотан, Уйгурын Бешбалыкийг эзлэн хараат улс болгов.

Хар Хятан улс Зүүн Туркестаны гол төвүүдийг ийнхүү эзэлсний дараа Баруун Туркестаныг байлдан эзлэх аян дайныг 1137 оны 5 сараас эхлүүлэв.
Уйгарын Бешбалыкаас хөдөлсөн түүний хүч Ферганы үржил шимт хөгдийгөөр дамжин Трансокс дахь Баруун Хархаант улсын ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Эхний тулгаралт Сырдаръяа мөрний эхэнд орших Хужандад болж хятаны ялалтаар төгсөв. Баруун Хархаан Махмуд нийслэл Самарканд руу ухарсан бол Елюй Даши түүнийг нэхэлгүйгээр Ферган, Шаш дахь Узганд, Андижан, Ташкент зэрэг олон хот тосгодыг эзлэн цэрэг, эдийн засгийн хувьд бэхжин 1141 оныг хүргэв.

1141 онд Елюй Даши болон Баруун Хархаант улсын хооронд шийдвэрлэх тулалдаан болов. Энэ тулалдааныг Елюй Даши өдөөсөн хэрэг бус харин тухайн үед Зүүн Туркестанд оршиж байсан улс төрийн хүчнүүдийн хоорондын зөрчил тэмцэлтэй холбогдох 2 шалтгаанаар үүсэн явагдсан байна. Эхний шалтгаан нь Хорезмын шагт улс, Селжүкийн эзэнт гүрний харилцаанаас үүдэн гарчээ. Хорезмын улс бол Селжүкийн султаны боол цэрэг кипчак гаралтай Ануш-Тигин Гарчагийн (1077-1097) 1077 онд үүсгэн байгуулсан улс байв. Хар Хятаны үед Хорезмын тэргүүн болсон Ануш-Тигиний ач хүү Атсиз шаг нь селжүкүүдээс тусгаар оршихын тулд 1138 оноос бослого тэмцэл гаргах болж, 1141 он гэхэд үнэнхүү хүч мөхөсдөж Селжүкийн эрхшээлд орсон байжээ. Тиймээс 1141 онд Атсиз шаг (1127-1157) өөрийг нь эрхшээх Селжүкийн султан 

Ахмад Санжарын (1085-1157) эсрэг эвсэхийг Елюй Дашид санал болгов.
Харин хоёр дахь шалтгаан нь Хархаант улс, Селжүкийн харилцаанаас үүдсэн байна. Хархаан Махмудын урилгаар Санжар селжүк цэргүүдээ дагуулан 1141 оны 7 сард Самаркандад ирэв. Түүний ирсэн зорилго хятанчуудтай тулах явдал биш харин Самарканд орчим хүчээ авч буй харлугийн нүүдэлчдийн бослогыг дарах явдал байв. Санжарын цэргийн хүчинд дийлдсэн харлугууд түүнд бууж өгч өргөл барьсан боловч түүнийг нь Санжар хүлээж авсангүй. Тиймээс харлугууд Елюй Дашид хандан Хархаант-Селжүкийн эсрэг эвсэхийг санал болгожээ.

Хятан-Хархаант улсын хоорондын тулалдаан 1141 оны 9 сарын 9-нд Самаркандын ойролцоох Хатваны талд болжээ. Хатваны тулалдаанд Хархаант-Селжүкийн эвсэлд Зүүн Туркестаны ихэнх нутгуудаас, тэр бүү хэл Иракаас хүртэл хүч бүрэлдэн оролцсон бол Хятаны талд монгол аймгууд, харлуг, хорезм, хятадууд багтаж байв. Тулалдаан удаашран сунжарсангүй, тулалдааны дараа Санжар, Махмуд хоёр хоёул амь мултран дутааж, Бухар, Самарканд тэргүүтэй Трансоксын нутаг хар хятанчуудын шууд мэдэлд оржээ. Елюй Дашийн хүч Самаркандад нэвтэрсний дараа дагаар орохыг хүссэн исламын шашинт ноёд язгууртнуудыг 3 сарын турш хүлээн авч, тухайн бүс нутгийг захирах түшмэдийг сонгон томилжээ. Ингэхдээ Самркандыг захирах эрхийг Махмудын хүү Ибрахимын мэдэлд шилжүүлэн үлдээж, түүнийг өөрийн охинтой гэрлүүлэв. Үүнээс  гадна тус тулалдааны дараа 1142 онд Хорезмын шагын Хорасаны Мевр, Нишапур зэрэг торгоны замын хотууд руу дайрч бие даах гэсэн оролдлогыг Елюй Даши таслахын тулд Эрбүз нэрт жанжиныг Хорезм руу илгээж, эцэст нь Атсиз шаг Хар Хятан улсад 3000 алтан динарын алба гувчуур өргөж байж дагаар орсон байна.

Хатваны тулалдаанаас 2 жилийн дараа буюу 1143 онд Елюй Дашийг тэнгэрт халих үед Хар Хятан улсын хил хязгаар Баруун Туркестаны Хорасан (1160-1180 оны хооронд) Трансоксоос Зүүн Туркестан дахь Алтайн нуруу (1175 он хүртэл), Уйгур хүртэл, өмнө талдаа Балх (1165-1198 оны хооронд), Хотан Хамигаас хойш Балхаш нуурын хойд хэсэг, Эрчис мөрөн хүртэл нутгийг хамарч, газар нутгийн хэмжээгээрээ Сүн, Алтан улстай энэ зэрэгцэхүйц томорсон байлаа. Түүний дагуул улсууд нь Хорезм, Зүүн, Баруун Хархаант, Гаочангийн Уйгур, Харлуг, Хангли, Найман аймаг, 12-р зууны дунд үе хүртэл Орхоны хөндийн монгол-түрэг аймгууд байв. Елюй Дашийг өөд болсны дараа төрийн эрхийг түүний хатан Сяо Табуян (1143-1150), хүү Елюй Илиэ (1151-1163), охин Елюй Пусувань (1164-1177) нар барьжээ. Энэ үе бол Хар Хятан улсын дундад үе болно. Хар Хятан улс улам хүчирхэгжиж, исламын шашинт хөрш улсуудын хямрал, зөрчлийг ашиглаж бүс нутагт эзлэх байр сууриа улам бэхжүүлсэн үе юм.

Сяо Табуян, Елюй Илиэ нарын үед гарсан нэг том өөрчлөлт бол Алтан улсын нөлөө Монголын өндөрлөгийн нүүдэлчин аймгууд болон Уйгур улсад нэмэгдсэн явдал юм. Уйгур улс Уйгур улс 1144 оны сүүлээр Алтан улсад алба гувчуур өргөх болжээ. Өөрөөр хэлбэл Уйгур улс Хар Хятан, Алтан улсын аль алины хараат улс болон хувирсан ажээ. Харин Алтан улс 1141 онд Сүн улстай найрамдлын гэрээ байгуулсны дараа 1146 онд Гурван голын монголчуудыг өөрийн хараат улс болгосон байна. Тус онд Алтан улс мөн Хар Хятан улсыг хараат улс болгохоор элч илгээсэн боловч Хар Хятан улс санаархлыг нь тас цохиж, элчийг хороосон ажээ. Түүнээс 10 жилийн дараа 1156 онд Алтан улс нүүдэлчдийг захирах хотыг Кедунд байгуулахыг оролдох үед тэнд нөлөөгөө тогтоож байсан хятаны хүч тодорхойгүй шалтгаанаар ухарсан байна. Хар Хятан, Алтан улсын хооронд байнга өрсөлдөөн тэмцэл явагдаж байсан нь 1161 оны зун Алтан улсын дотор гарсан хятанчуудын бослогоор тод илрэв. Тус онд Алтан улсад зүтгэж байсан Саба нэрт ноён бослого гарган улмаар Хар Хятан улсад хүчээ өгөхөөр Монголын тал нутаг руу оджээ. Тэр Хэрлэн мөрнийг гатлан Хар Хятантай нэгдэхээс өмнө Алтан улсаас илгээсэн өөр нэг хятан жанжин болох Елюй Уоуо-д баригдаж алагджээ. Гэвч Уоуо Сабагийн адил Алтан улсад зүтгэхийг хүссэнгүй өөрийгөө хаан ширээнд залж, өөр нэг хятан улс байгуулсан боловч зүрчидүүдэд дийлдэн 1163 онд цаазлуулсан байна.

Елюй Илиэ-ийн дүү охин Елюй Пусванийг төр барьж эхлэх үед Трансоксын нутаг дахь исламын улсуудын зөрчил тэмцэл улам ихэссэн байлаа. Хорезмын шаг Атсизын хөвгүүн 2-р Арслан хаан (1156-1172) Санжарыг нас барсны дараа харлугуудтай хамсан Самарканд руу 1158 онд дайрсны хариуд Самаркандын шинэ хаан Чэгри хан (1157-1161) Хар Хятан улсаас тусламж хүссэн ажээ. Гэтэл Хар Хятан исламчуудын хэрэгт  шууд хутгалдахыг хүсээгүй учир Самарканд Харлуг-Хорезмын гарт орсон байдалтай байв. Харин Елюй Пусувань төрийн эрхэнд гарсан хойноо ахын адил шийдвэргүй байр суринаас хандангүй. Хорезмын шаг 2-р Арслан жил бүр төлөх ёстой алба гувчуураа төлөхөө больсноор барахгүй 1160 оноос Хорасан руу дайрах болжээ. Пусувань тайху Хорасанд цэрэг илгээж 2-р Арслан хааны цэргийг ялсанд Арслан Хорезм руугаа буцахаас өөр арга үлдсэнгүй.

2-р Арслан хаан 1172 онд нас барсны дараа Султан шаг, Текиш хоёр хөвгүүн нь хаан ширээнд  суух бололцоотой болов. Арслан хааны хатан Теркен отгон хөвгүүн Султан шагийг дэмжиж хаан ширээнд залсан ажээ. Энэ явдал ууган хөвгүүн Текишд таалагдсангүй, зорьсондоо хүрэхийн тулд Хар хятан улсад асар их эд баялаг, алба гувчуур санал болгон хариуд нь тусламж хүсчээ. Елюй Пусувань тайху Сяо Долүбү нэрт эр нөхөртөө их цэрэг өгч Хорезм руу илгээв. Хар Хятаны цэрэг ирж явааг мэдээд Теркен хатан хүүгийн хамт зугтан дагуул улсынхаа нэгд толгой хоргоджээ. Зорилгоо гүйцэлдүүлсэн Текиш 1172 оны 12 сард өөрийгөө хаанд өргөмжлөн улмаар 1174 онд зугтаж явсан Теркен хатныг хөөж бариад цаазалжээ. Тэрээр эхэндээ Хар Хятанд алба гувчуур төлж байсан боловч яваандаа Хар Хятаны тусламжаас татгалзан бие даах гэж оролдож эхлэв. Тэр бүү хэл 1170-аад оны дунд үеэс Хар Хятаны элч нарыг удаа дараа хороон алах болжээ. Харин Султан шаг дүрвэн явсаар Газна, Афганстан дахь гуруудын нутагт хүрч дараа нь Текиш, Хар Хятаны харилцаа муудсныг ашиглан Пусувань хатнаас тусламж гуйхаар шийдсэн байна. Сяо Долүбүгийн удирдсан хятан цэргүүд энэ удаа Текишийг довтлон ширээнээс унагаж, оронд нь Султан шагийг Хорезмын тэргүүн болгохыг оролджээ.

Хэдийгээр Елюй Пусуваний үед баруун хязгаарт улсын хэрэг амжилттай явагдаж байсан боловч түүнийг төр барих сүүлийн жилүүдэд зүүн хязгаарт улс төрийн байдал тогтворгүй болж ирэв. 1175 онд Хар Хятан улсын нөлөөнд байж алба гувчуур өргөж байсан Хангли, Найман аймгууд 30000 өрхөө дагуулан Алтан улсад дагаар орохоо илэрхийлжээ. Ингэснээр Хар Хятан улсын зүүн хойд хил Алтайн уулсаас баруун тийш хумигдаж Балхаш нуураар хязгаарлагдах болов. Алтан улс Хар Хятаны  хариу үйлдлээс сэргийлэхийн тулд 1177 оноос Тангуд-Алтан улсын хилийн худалдааг хаах хүртэл арга хэмжээ авах болсон байна.

1177 онд Хар Хятаны ордонд гарсан зөрчлөөс шалтгаалан Елюй Пусувань хатан хороогдож орыг нь хоёр дахь хөвгүүн Елюй Жилүгү (1178-1211) залгамжилжээ. Тэр бол Хар Хятаны сүүлчийн гүр хаан байлаа. Түүнийг хаан ширээнд заларч байх үед эцэг Долүбү нь Султан шагт огузын түрэгүүдийг дарж, Мерв, Сарахс, Наса, Абивард зэрэг Хорасаны хотуудыг эзлэн авахад тусалж байв. Долүбүгийн ажиллагаа 1181 он хүртэл үргэлжилж үр дүнд нь Хорасан дахь Султан Шагийн эрх мэдэл нэмэгдсэн ажээ.
Харин Хар Хятаны цэргийн гол хүч ийнхүү исламын ертөнцөд байлдаж байх зуур Текиш Хар Хятан Султан шагийн эвслийг бүх талаар эсэргүүцэж байв. Тэрээр Хар Хятаны умард хөрш болох кипчакуудтай худ ураг болох замаар хүчээ хуримтлуулж, энэхүү шинэ холбоогоо ашиглан Хар Хятаны умард хил болох Талас голын нутагт халдаж эхэлжээ. Мөн 1190 онд Хар Хятаны хараат Хархаадын захирч байсан Бухар руу дайрч эзлэн хяналтаа тогтоосон байна.

1198 онд Афганстан дахь Бамиан хотын гур удмын захирагч Бах ал-Дин Сам гэгч Хар Хятанд алба гувчуур төлөгч дагуул хот Балхыг эзлэв. Энэ нь Хар Хятан улсын эдийн засгийн сонирхолыг хөндсөн бол Текишийн хувьд Хорезмын тусгаар тогтнолд заналхийлсэн аюул байв. Багдадын халифын Трансокс дахь нөлөөг хязгаарлахын тулд Текиш Хар Хятанаас тусламж гуйхаас өөр аргагүй болов. Хар Хятан улс 12000 цэрэг бүхий хүчийг Текишд илгээсэн боловч цэргийн хамтарсан хүчийг гурууд гэнэт довтолж ялжээ. Елюй Жилүгү амь үрэгдсэн 12000 хятан цэргийн амь бүрийг 10000 динар мөнгөөр үнэлж, нөхөн төлөхийг Текишээс шаардсан байна. Харин энэ шаардлага Текиш хятанчуудтай эв зүйгээ олохын тулд дайтах гэж байсан эсрэг тал болох гуруудад тусламж гуйж хандахаас аргагүй байдалд оруулав. Гурууд Текишд Багдадын халифын хүч нөлөөг тулган хүлээлгэсний дараа сая Хар Хятанд төлбөр төлөхөд нь тусалжээ. Ийнхүү Хорезм улсад Багдад дахь Аббасын халифт улс, нэн ялангуяа түүнийг захирч байсан селжүкүүдийн нөлөө бодитой мэдэгдэх болов. Хэдий тийм боловч Хорезм улс Хар Хятан улстай муудалцахыг огт хүсэхгүй байв.

Хорезмын шаг Текишийг 1200 онд нас барсны дараахь нөхцөл байдалд ч гэсэн Хар Хятан улс Баруун Туркестаны улс төрд гол тоглогч байж, бүс нутгийн шинжтэй аливаа зөрчил тэмцлийг шийдэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байлаа. Текишийг нас барсны дараа гурууд Хорезмийн мэдэлд орсон Хорасанд цэрэг оруулж Мерв, Сархс хотуудыг эзлэн авч тэргүүн захирагчаар нь Хорезмын эзгүй болсон хаан ширээнд өрсөлдөх боломжтой Хиндү ханыг тавьжээ. Энэ явдал Хиндү ханы төрлийн, ах Ала ал-Дин Мухаммадад (1200-1220) аюулын дохио болов. Учир Мухаммад бол Текишийн хүү, тиймээс Хорезмын хаан ширээг өвлөн авагч зүй ёсны хүнд тооцогдож байлаа. Мухаммад Хорезмын хаан ширээг албан ёсоор залгамжилсны дараа Хорасан руу цэрэг довтолгон дайрчээ. Ингэхдээ тэрээр гуруудад нэг бол хамтран илүү том хүч болох Хар Хятаны эсрэг тэмцье, үгүй бол хууль ёсоор эзэрхэгч Хар Хятан улстай хамтран Хоасаныг эргүүлж өгтөл тулалдана гэж шаардлага тавьж байв. Гурууд шаардлагыг хүлээж аваагүй тул Мухаммад 1201 оны 9 сард Хорасанд цэрэг оруулж газар нутгаа эргүүлж эзэлж эхлэв. Гэвч түүний энэ амжилт түр зуурынх байжээ. Гурууд шинэ удирдагч Шихаб ал-Дин ал-Гурийг томилж, дотоод асуудлаа шийдсэний дараа 1204 оны намраас эхлэн Хорасан руу бус харин шууд Хорезм руу довтолж эхэлжээ. Мухаммад кипчак гаралтай эх Теркен хатны хамт эсэргүүцэл үзүүлэхийг оролсон боловч чадсангүй, тиймээс Хар Хятан улсаас тусламж хүсчээ. 

Хар Хятан улс Хорезмыг нөлөөндөө байлгах сонирхолтой байв. Гурын удмынхан болон Хорезмын зөрчилд Таянгу тэргүүтэй Хар Хятаны цэргийн хүч оролцсоноор улс төрийн тогтворгүй байдал амархан шийдэгдэв. Нэг талаас Хорезмын хүч, нөгөө талаас Хар Хятаны хүчинд автсан гур удирдагч Шихаб ал-Дин Хорасаны Балх, Мерв зэрэг хотуудын дунд орших Андхуд хэмээх тосгонд шахагдан баригдаж, эцэст нь бууж өгөв. Бууж өгөх хэлэлцээрийн дараа Амударъяа мөрний хоёр талыг хил хязгаар болгон албан ёсоор тогтоогоод Таянгу жанжин цэргээ татжээ. Ингэснээр зөрчил түр зуур намжив.

Хар Хятан улс түүний эрхшээл доорх Хорезмын ноёрхол Их Монгол улсын цэргүүд тус бүс нутагт нэвтрэн орж ирэх хүртэл үргэлжилсэн билээ.1208 онд Хүчүлүг тэргүүтэй Найманы үлдэгдэл хүч Чингис хааны цэргээс зугтан Хар Хятан улсад орогножээ. Тэд Бешбалык, Кучагаар дайран Тэнгэр уулыг давж Баласагун дахь Гүр хааны ордонд ирэв. Насан өндөр болсон Елюй Жилүгү хаан Хүчүлүгийг найрсагаар хүлээн аваад зогсохгүй охинтойгоо гэрлүүлжээ. 1209 онд Хар Хятаны дагуул болох Уйгур улсын Идугут хаан хүчирхэгжиж буй Чингис хаанд дагаар орохоо илэрхийлжээ. Уйгурын дараа 1211 онд Хайялык дахь Хар Хятаны өөр нэг дагуул болох Харлугийн Арслан хан Чингис хаанд дагаар оров. 
Түүнийг дагаад Алмалык дахь Хар Хятаны харъяаны захирагч ч Монголчуудад дагаар орсон байна. Гүр хааны сүр хүч доройтон буурсныг ашиглан мөн онд Хүчүлүг ордны дотор бослого гарган төрийн эрхийг гартаа авчээ. Ийнхүү Хар Хятан улсын төрийн уламжлал тасарч үнэн хэрэгтээ мөхөв. Хар Хятан улс Хүчүлүгийн удирдлага дор цааш 5 жил оршин тогтносон ч 1216 онд Зэв жанжины удирдсан цэрэгт хөөгдөж зугтсан Хүчүлүг өнөөгийн Афганстаны зүүн хойд хэсгийн Бадахшан хэмээх уулархаг мужид нас нөгчсөн билээ. Ингэснээр  Хар Хятаны төр албан ёсоор монголчуудын мэдэлд оров. Хэдийгээр Хар хятан улс мөхсөн ч түүний төрийн олон түшмэд, ноёд язгууртнууд монголчуудад зүтгэж, тэднээр дамжин Хар Хятаны улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өв уламжлал Их Монгол улсад өвлөгдсөн билээ.
“Монголын эртний түүх”    

No comments:

Post a Comment