Ялу мөрнөөс хойших Манжуурын дорнод этгээдэд хятан нарын
зүүн хөрш түнгүс угсааны зүрчидын тархай бутархай олон аймаг оршиж байв. Тэд
хятан нарт тогтмол алба гувчуур өргөж байсан ба Хятан улс зүрчин нарыг дотор нь
3 хуваан захирч байлаа. Тэдгээрээс хамгийн тэрс үзэлтэй нь “бүдүүлэг зүрчин”
нар байсан бөгөөд тэдний доторхи Ваньянь аймгаас хятан хаад нийт зүрчин нарыг
захирах цэргийн захирагчийг үе залгамжлуулан томилдог байсан байна.
1112 онд Агуда (1068-1123) хэмээгч Ваньянь
аймгийн толгойлогчоор ахыгаа залгамжлан сонгогдож, уламжлал ёсоор Хятаны хааны
ордноос цэргийн захирагчийн цол хүртжээ. Гэвч Агуда хятаны төрд тэрсэлж эхлэв.
1114 оны намар тэрээр Хятан-Зүрчидийн хилд орших худалдаа, засаг захиргааны
чухал цэг болох Нинжянжоу руу дайрч эзэлжээ.
Хятан гүрний хаан Елюй Яньси эхэндээ зүрчид нарын
бослогыг тоогоогүй тул орон нутгийн удирдлагуудад асуудлыг шийдэхийг тушааж,
нэмэгдэл хүч болгон Бохай дахь Зүүн нийслэлээс гаргасан багахан цэргийн хүч
илгээжээ. Зүрчидүүд тэр хүчийг хялбархан ялав. Түүгээр ч зогсохгүй Хятан гүрний
умардын сайд Сяо Фэнсяний дүү Сяо Сусяний удирдсан цэргийн хүчийг ч гэсэн
Сунгари мөрний эрэг дээр бутцохиж улмаар 1114 оны сүүлээр Нинжяний ойр орчмын зарим
аймгуудыг өөртөө нэгтгэж чадсан байна.
1115 оны эхээр Агуда шинэ улс байгуулж Алтан улс (1115-1234) хэмээн нэрлэв.
Хятаны засгаас түүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Алтан улсын хаан Хятантай хил
залгах бүс нутгийн засаг захиргааны хамгийн том төв болох Хуанлунфу-г 1115 оны
эцсээр эзлэн авсанд Елюй Яньси хаан өвөл болмогц их цэрэг удирдан Сунгари
мөрнийг гаталж зүрчидийн нутагт довтолсон ч Агудаад ялагдлаа.
Елюй Яньси хааныг зүрчид нартай байлдаж явах хойгуур
Хятаны хааны ордонд түүний эсрэг хуйвалдаан гарав. Алтан ургийн Елюй Жаннү гэгч
хааны нагац, Дээд нийслэлийн тэргүүн сайд Елюй Чүнь-ий (1063-1122) эхнэр хүүхэдтэй
хуйвалдан Дээд нийслэлд элч илгээн хаан ширээнд суухыг Елюй Чүньд санал
болгожээ. Гэвч Чүнь энэ саналыг боломжгүй гэж үзэн хүлээж авсангүй. Яг энэ
мөчид түүнд хааны элч ирж ордны бослого гарч болзошгүйг мэдэгдсэнд тэрээр
Жаннүгийн элч нарын толгойг авч хаанд илгээснээр хуйвалдаан бүтэлгүйтэв.
Хуйвалдаанд оролцсон гэх 200 гаруй ноёныг хатуу шийтгэн боол болгожээ. Зүрчид
рүү зугтаж явсан Жаннүг баривчлан хэрцгийгээр тамлан хороов. Харин Елюй Чүнь-ийг
хятаны цэргийн тэргүүн удирдагчаар томилж, Зүрчидийн эсрэг цэргийн хүчийг
удирдахыг даалгажээ.
1116 оны эхээр шинээр дэгдсэн Бохайн бослогын хүчинд
Дорнод нийслэл эзлэгдэж, бослогыг тэргүүлэгч Гао Юанчан гэгч Их Юань улсыг
байгууллаа гээд биеэ хаанд өргөмжлөн Зүрчид нараас тусламж хүссэн байна. Харин
Агуда өөрийг нь барьж хороожээ. Ийнхүү Дорнод нийслэлд хамаарч байсан Ляо
мөрнөөс зүүн тийш Хятан гүрний нутаг Агудагийн мэдэлд шилжлээ.
Хятан улс Дорнод нийслэлээ Алтан улсад алдаж улмаар мөхөж
болзошгүй буй тухай мэдээ авсан Сүн улсын хаан Хуйзун (1100-1126) бүдүүлгийг
бүдүүлгээр дарах нангиадын уламжлалт бодлогыг баримтлан Агудаад элч илгээн урьд
алдсан 16 мужийг эргүүлэн авах боломжийн тухай тандан асуув. Хариуд нь Алтан
улс, Сүн улсад Хятан гүрнийг 2 талаас нь цохиж мөхөөх тухай ашигтай санал
тавьжээ. Гэвч 1114 онд Тангудын цэрэг Сүн улсад халдан довтолж харилцан
байлдсаар 1119 оныг хүргэсэн тул Алтан улстай эвсэж цэрэг хөдөлгөх боломж Сүн
улсад гарсангүй. Агудаад мөн хөрш гүрнийг мөхөөхөд хүч дутах тул бэлтгэлээ
базаах хэрэгтэй байлаа.
Дорнод нийслэлийг эзэлсэн Агуда 1117 онд Елюй Чүний хятан
цэргийн хүчийг хялбархан няцааж улмаар цэрэг илгээн Ляо голын баруун этгээд
дэхь хятаны зарим сууринг түйвээн өөрийн болгов. Улам хүчирхэг болж байсан шинэ
улсад хятан ноёд урван дагах нь улам олширч байлаа.
1118 оны эх гэхэд Елюй Яньси хаан Алтан улстай хэлэлцээр
хийхээс аргагүй байдалд хүрэв. Ялан дийлнэ гэдэгтээ итгэлтэй болсон Агуда бохай
гаралт түшмэлийн зөвлөгөөгөөр 8 сард Хятаны хаанд туйлын хүнд 4 шаардлага
тавьжээ:1.Хятан хаан Алтан улсын хаан энэ тэнцүү болох, 2.Алтан ургийн ноёдыг
барьцаа болгон ирүүлэх, 3.Хятан улс Алтан улсад алба өргөх, 4.Хятан улс зөвхөн
Өрнөд, Өмнөд нийслэлээ авч үлдээд үлдсэн Дээд, Дунд нийслэл, Шинжунфу тойргоо
Алтан улсад өгөх.
Хятаны төр Агудагийн эдгээр шаардлагыг хүлээж авах
боломжгүй байв. Гэвч 1118 онд Хятаны газар нутагт өлсгөлөн газар авахын
зэрэгцээ улсын хаа сайгүй бослого тэмцэл өрнөж, Хятаны төрд итгэх итгэл
багасаж, Алтан улсад дагаар орох ноёд, ардын тоо ихэссээр байлаа. Тиймээс Елюй
Яньси хаан хэлэлцээр хийж цаг хожихын үүднээс Агудад “Дорнод далайн ван” цол,
их хэмжээний хөрөнгө мөнгө өгөхийг санал болгосон боловч 1119 оны зун Агуда тэр
бүгдийг доромжлол хэмээн хүлээж авсангүй. Сүн улстай хийх хэлэлцээр дуусч аль
аль тал аман байдлаар харилцан тохиролцсон тул Хятан улсыг мөхөөх шинэ аян
дайныг эхлүүлэв.
Зүрчидүүд 1119 оны дундуур хятаны өвөг дээдсийн нутаг,
алтан ургийн хаадын оршуулга бунхан, сүм хийдүүд оршин байх өөрөөр хэлбэл Хятан
гүрний оюун санаа, шашны төв болсон Дээд нийслэлийг эзлэн авав. Елюй Яньси хаан
сэтгэлээ хуурч, ан ав найр наадмаас өөр зүйл хийсэнгүй. Ноёд хааныг сэнхрүүлэх
гэсэн боловч түүний шадар сайд Сяо Фэнсянь саад болсоор байлаа. Ийм нөхцөлд
1121 оны хавар ордны дотор дахин хуйвалдаан гарав. Елюй Яньси хааны 2 дахь
хатан Вэнь хүргэн дүү цэргийн жанжин Елюй Юйдутай хамсан өөрийн хүү Цинь ванг
хаан ширээнд залахыг оролджээ. Хуйвалдааныг өрсөлдөгч хатны дүү Сяо Фэнсянь
илрүүлж, хуйвалдагч хатан хороогдов. Зугтан одсон Елюй Юйду жанжин Алтан улсад
дагаар орж, 1121-1122 оны өвөл эргэж ирэхдээ Зүрчидийн цэргийг удирдан Дундад
нийслэл рүү дайрч эзэлжээ. Дундад нийслэл эзлэгдмэгц Елюй Яньси хаан Өмнөд
нийслэл дэх ордноо Елюй Чүньд даатгаж орхиод Өрнөд нийслэлд хүрч ирэв. Тэрээр
Сяо Фэнсяний ятгалгаар Цинь ванг хороолгуулсан боловч төд удалгүй эзэн хаан
түүнд ч бас үл итгэн амиа хорлохоос аргагүй байдалд оруулав. Елюй Яньси хаан
өөрөө баруун тийш Шар мөрний их тохойн умард этгээд рүү дутааж Тангудуудаас
тусламж авахыг оролджээ.
1122 оны хавар зүрчид нар Сүн улсын алдсан 16 мужийг
хамрах Өрнөд нийслэл рүү дайрав. Харин Сүн улс хэлэлцсэн ёсоороо Өмнөд нийслэл
рүү дайрчээ. Зүрчид нар Өрнөд нийслэлийг эзлэн авсан ч түүний эргэн тойрныг
түвшитгэхдээ бэрхшээлтэй тулгарав. Учир нь зугтсан Елюй Яньси хаан тангудын
хүчтэй хамсан цэрэг босгож чадсан байлаа. Агуда Манжуураас өөрийн биеэр ирж
цэрэг удирдан 2 тал байлдсан ч хятан хаан ялагдан Иншань уул руу дутаажээ.
Харин Агуда Сүн улстай өрсөн Өмнөд нийслэлийг эзлэхээр одов.
Хааныг ийнхүү дутааж, алс бөглүү газар хорогдож байх
хооронд Елюй Даши (1087-1143) тэргүүтэй хятан
ноёд хаан ширээнд Елюй Чүнь ноёныг өргөн залав. Ийнхүү Хятан улсын суурьшмал
иргэд Чүнь ноёны эрхшээл дор, харин нүүдэлчид Елюй Яньси хааны эрхшээлд үлдэн 2
хуваагдав.
Алтан улсын аян дайны амжилтыг Сүн улс анхааралтай
ажиглаж байлаа. Алтан улстай хийсэн аман хэлэлцээр ёсоор Сүн улс цэрэг хөдөлгөн
хүссэн газраа өөрөө байлдан эзлэх ёстой байв. Харин ийнхүү Хятан улс руу
халдвал Хятан Сүн улсын хооронд 100 жилийн өмнө байгуулсан Шань-юаний гэрээг
зөрчсөн хэрэг болох байлаа. Хятан шинэ хаан дээрх хэлэлцээрийн дагуу Тангуд улс
Сүн улс руу дайрахдаа эвсье хэмээн санал гаргасныг Хятан улс хүлээж аваагүй
болохыг Сүн улсад сануулж, тус гэрээг зөрчин Алтан улстай эвсэж буйг буруутгасаар
байв. Харин Сүн улс Елюй Чүньд бууж өгөхийг санал богожээ. Елюй Чүнь Сүн улсын
зүгээс ирж болзошгүй аюулаас сэргийлж, цэргийн жанжин Сяо Гань, Елюй Даши нарыг
өмнөд хил рүү илгээж, 1122 оны зуны эхээр Сүнгийн эхний дайралтыг няцааж
чаджээ.
Хятан улс Сүн улсын цохилтыг давж гарсан ч 3 сар хаан
ширээнд суугаад байсан Елюй Чүнь тэнгэрт халив. Түүнийг орыг залгах үр
байсангүй, тиймээс Сяо Гань, Елюй Даши тэргүүтэй ноёд төрийн эрхийг хатан Сяо
Дэфэй-д шилжүүлэхийг дэмжив. Тэрээр өмнө нь хааны эсрэг хуйвалдаанд оролцсон
хэргээр хоригдож байгаад Чүнийг хаан болох үед дэргэд нь ирээд байв. Харин
Хятаны бусад ноёд язгууртнууд хатан болон түүнийг дэмжигсдийн үйлдлийг
таашаасангүй, зарим нь сэм хуйвалдаж Сүн улсад бууж өгөхийг оролдож, зарим нь
харяат иргэдээ дагуулан Сүн улсад шууд дагаар оржээ. Ийнхүү урвагсдын
тусламжтайгаар намар нь Сүн улс дахин дайралт хийв. Хугоу мөрнөөс холгүй орших
хоёр улсын хил дээр болсон хүч тэнцвэргүй тулаанд Сяо Гань, Елюй Даши нар уран
арга хэрэглэн дийлжээ.
Сүн улс цэргээ татсан явдал Алтан улсад шинэ боломж
олголоо. 1122 оны сүүлээр Цавчаал боомтыг эзлэн Өмнөд нийслэлд тулж ирэх хүртэл
Агудаад Сяо Дэфэй хатан найрамдан хараат улс болох санал тавьсаар байв. Харин
Агудаад энэ саналыг хүлээж авах шаардлага байсангүй. Тэрээр бараг ямар ч
эсэргүүцэлгүй Өмнөд нийслэл рүү давшин орох зуур Сяо Гань, Елюй Даши нарын
цэргийн нөмөр дор Сяо Дэфэй хатан хотоос зугтааж чаджээ. Төдөлгүй зугтагсад зам
салж, хоёр хуваагдсны нэг болох си,
бохай цэргүүдээс бүрдсэн хүчийг Сяо Гань тэргүүлж төрсөн нутгийнхаа зүг Дээд
нийслэлийн ойролцоох бүс нутаг руу дутаасан бол хоёр дахь цэргийн хүчийг Елюй
Даши тэргүүлэн Елюй Яньси хаантай нэгдэхээр хүлгийн жолоог залсан байна. 1123
онд Сяо Гань нутагтаа хүрч Их Си улсыг байгуулсан боловч 5 сарын дараа Сяо Гань
төрөл нэгтнүүддээ алуулснаар мөхөв. Харин Елюй Даши тайху хатныг ятган 7000
цэрэгтэй Иншань ууланд хүрч Елюй Яньси хаантай золгов. Елюй Яньси хаан, хааны
орыг зөвшөөрөлгүй эзэлсэн тайху хатныг цаазлан харин Елюй Дашийг амьд үлдээжээ.
Улсынхаа бараг бүх нутаг дэвсгэрээ алдсан Елюй Яньси хаан
Өмнөд нийслэлийг эргүүлэн авах оролдлого хийж 1123 оны хавар Елюй Дашид цэрэг
өгч илгээв. Гэвч Елюй Даши Цавчаал боомтыг эзлэх үедээ зүрчид нарт баригдаж,
хүчинд автан зүрчид цэргийг Елюй Яньси хааны байгаа газар газарчлан хүргэжээ.
Алтан улсын цэргийг ирэх үед хаан Иньшань ууланд байсангүй, ханхүүгээс бусад
хааны гэр бүл алтан ургийн ноёд язгууртнууд цөм зугтаж амжилгүй баригдсан
байна. Амьд үлдсэн хаан, ханхүү хоёр уулзсан ч Тангуд улсад орогнох эцгийнхээ
саналыг ханхүү хүлээж авалгүй говийг гатлан умард тийш одоод Угу, Дилиэ
аймгуудыг эзэлж өөрийн улсыг байгуулах гэж оролдсон боловч бүтсэнгүй. Хэдэн
сарын дараа буюу 1124 оны эхээр Сүн улсын шаардлагаар Тангуд улсын хаан
санаагаа өөрчлөн Хятан гүрний нутгаас хэсэг газар шагнуулсны хариуд Алтан улсын
хараат болсноо зарласан билээ. Тиймээс Елюй Яньси хаан Шар мөрнийг гатлан
өнөөгийн Өвөр Монголын төв, Хөх хотын хойд нутагт оршиж байсан Тулюйбү аймагт
орогнохоор одов.
Агуда Елюй Дашийн гавъяаг үнэлэн цол хэргэм хүртээгээд
зогсохгүй гүнж хүртэл буулгаж өгсөн байна. Гэвч Елюй Даши 5 сарын турш
"хоригдсоны” эцэст Агудаг 1123 оны намар нас барсан хойно Алтан улсын
гараас мултарч дутаасаар 1124 оны зун Елюй Яньси хаантай уулзаж чадав. Елюй
Яньси хаан түүнтэй нэгдсэндээ баярлан дахин Алтан улс руу довтлох төлөвлөгөө
боловсруулж эхэлжээ. Хөрш Алтан улс, Сүн улс, Тангуд улс өөрийнх нь эсрэг
эвсээд байсан нөхцөлд нутгаа алдсан хааны энэ төлөвлөгөө хэрэгжих ямар ч
үндэсгүй байлаа. Тиймээс Елюй Даши хаантай зөрчилдөн хүчтэй эсэргүүцсээр, эцэст
нь өөрийн замаа хөөхөөр шийджээ. Сарын дараа тэрээр Елюй Яньси хааныг шөнө
дөлөөр орхин өөрийн дагалдагсдын хамт баруун умар зүг Монголын тал нутгийг
зорилоо. Елюй Даши замдаа Хятаны сүүлчийн цэргийн тэргүүнээр өргөмжлөгдөв. Харин
Елюй Яньси хаан Алтан улсад ялагдан 1125 оны эхээр Инжоуд баригдан улмаар
Манжуурт хүргэгдэн, тэндээ насан эцэс болжээ. Ийнхүү Хятан гүрэн 1125 онд
мөхөв.
“Монголын эртний түүх”
No comments:
Post a Comment