12.01.2014

Өвөг монгол Хятанчууд

Хятанчууд анх Лууха голын баруун талаар Шар мөрний умард саваар нутаглаж байсан бөгөөд яваандаа Шар тэнгисийн эрэг хүртэлх нутагт тархан суужээ.
Хятанчуудын сударт манай дээд өвөг Гэ Уту хэмээгч үе улиран умард этгээдэд баатарлан Дунху хэмээн нэрийдэж байсан бөлгөө. Хан улсын үед Модун хаанд сөнөөгдөн мөхөөд Сяньби ууланд батлан сууж Сүмбэ овогтон хэмээгдэв гэсэн нь тэд яах аргагүй бидний өвөг монголчууд болох нь тодорхой.
Хэл судлалын талаар хийсэн судалгаагаар ч монгол хэлтэн байсан нь нотлогдсон ба хятан нарын 100 үг тутмаас 70 үг нь Монгол үг байдаг. Жишээ нь: Боули-Боол, шава-шувуу, ике-их, найхэ-нохой, толи-туулай гэх мэт. Мөн Тан улсын сударт Хятан нарын аж ахуй, үг хэл зан заншил нь Монголын Шивэй нартай адил хэмээн тэмдэглэсэн байдаг.
Хятанчууд 5-р зууны сүүлчийн хагасаас 7-р зууны эхэн хүртэл монголын Тоба вэй улс болон Хөх түрэгийн хаант улсын харьяанд байж байгаад 8-р зууны дунд үеэс аль нэг улсад харьяалагдахаа больж хүчирхэгжин найман аймаг нь гучин найм болтлоо өссөн байна. Энэ үеэс Хятан нар тэргүүнээ хан гэх болжээ, 
907 онд Елюй овгийн Амбагай ханд өргөмжлөгдсөнөөр улсаа Хятан гүрэн гэж нэрлэн язгууртнуудынх нь эрх мэдэл нэмэгдэж, засаг төрийн байгууллагууд нь байгуулагдан нүүдэлчин иргэдээ захирах умард өмнөд гэсэн хоёр түмэнд хуваажээ.
Хятанчууд монгол зүрчид хотон газруудыг эзлэн авснаас гадна нанхиад улсыг бүрмөсөн эзлэхэд хүрсэн ба сүүлдээ урт цагаан хэрмийн доторх нэлээд мужаар хэмжээ болгожээ.Энэ үеийн Нанхиад орон  Хятан нарыг хүчирхэгжихэд саад хийж чадсангүйгээр барахгүй, бүр Нанхиадын урвагч түшмэлүүд Хятаны язгууртнуудыг зулгуйдан, Хятанчуудыг төр ёсоо бэхжүүлэхэд нь туслаж байв.
Амбагай хан 907 оноос хойш нийт есөн жил төр барьж Хятаны ханг гурван жилд нэг удаа сонгох дэгийг зөрчин өөрийгөө их хаанд өргөмжилөн хаан  ширээг угсаа залгамжлах болгожээ. Хятанчууд 922 оны үед улсын цэргийг ерөнхийлөн захирах тушаал бий болгож, 50000 хүнтэй их цэрэг байгуулан улам хүчирхэгжин гадаад байдал нь үлэмж бэхжин 923 онд Перс улсаас 924 онд  Солонгосын гурван хаант улсын нэг Шелла улсаас элч нар ирж бараалхаж байжээ.
Хятанчууд 923-924 онд гэхэд Зүүн далай Шар тэнгисээс Алтайн уулс, Цагаан хэрэмнээс Хэрлэн гол  хүртэлх өргөн уудам нутгийг эрхэндээ оруулсан байлаа. Харин 1005 оны үед Сүн улстай найрамдсаны дараа хүлгийн жолоо, зэвсгийн үзүүрийг Солонгос, Уйгар, Тангуд зэрэг газар орнуудад хандуулах болжээ.
Хятан гүрэн 200 гаруй жил тогтносны эцэст эзлэгдсэн олон аймаг, улс ардын тэмцэл хөдөлгөөн хүчтэй өрнөсөөр Хамниган угсааны Зүрчид нар 1113 онд бослого гаргаж өөрийн нутгийг чөлөөлөн 1115 онд Зүрчидийн Алтан улсыг байгуулан улмаар тэд Сүн улстай хүч хавсран Хятан гүрнийг хоёр этгээдээс нь хавсайдан газар нутгийг нь танасаар 1125 он гэхэд бүрмөсөн мөхөөжээ.
Хятаны нэг хэсэг нь хаан угсааны Елюй Дашийн захиргаан доор баруун тийш нүүж Баруун ляо улсыг байгуулан 100 хүрэхгүй жил оршин тогтносон байна.



No comments:

Post a Comment