8.18.2014

Хэрлэн Барс хотын туурь

Сайхан мэдээ.  Хэрлэн Барс хотын  үлдсэн ганц долоон давхар 22 метр өндөр суваргийг  сэргээн засварлах ажил хийгдэж байна.

Хэрлэн барс хотын туурь бол манай тооллын есдүгээр зууны үед хүчирхэгээр мандаж явсан Киданы үеийн Төв Азидаа ганц үлдсэн хотын туурь юм. Энэхүү туурь нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Тогоонтөмөр хааны Барс хотын тууриас  баруун тийш 12 километрт Улаанбаатар хотоос Чойбалсан хот хүрэх зам дагуу  Хэрлэн голын эрэгт оршино.

 Тэр үед Киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааснаар ийн нэрийдсэн хэмээн домоглодог.

1953 онд хийсэн хайгуул судалгаагаар  Хэрлэн Барс хоттой  холбогдох хоёр ч хэрмийг ойролцоо нь илрүүлсэн ба суварга бүхий их хэрэмт хотыг  нь хэмжихэд хааш хаашаа 1600-1800 метр , зузаан нь 4 м, өндөр нь 1,5-2 м байсан хэмээн тогтоосон. Хэрмийн дотор болон зүүн талд тав болон долоон давхар хоёр суваргатай байжээ.

Археологич Х.Пэрлээ гуай Хэрлэн барс хотын их  хэрмийн доторхи дөрвөн барилга, бага хэрмийн орчин тойрны жижиг барилгын суурь, мөн шохой шатааж байсан зуухны ор зэргийг малтан шинжилж олсон ба мөн том бурхны сэнтий, дээврийн хөх тоосгон ваар, том жижиг хэмжээний угалзтай, угалзгүй тоосго, шавар баримал, ур хийц сайтай бурхны үлдэгдэл, бурхны баримал чимэглэлийн хэсэг,  мал адгуусны дүрс, цац, сийлбэртэй мод, яс, төмөрлөг зүйл илрүүлэн  уг газар бурхан шүтээний сүм хийд  байсан болохыг тогтоосон байна.

Хэрлэн Барс хотын хөх тоосгоор барьсан тав, долоон давхар хоёр суварга нь хийц маягийн хувьд Энэтхэгийн суварганы хийцтэй  бөгөөд 1940-өөд он хүртэл хананд нь том бурхны зураг  байжээ. Таван давхар суварга нь 1940-өөд онд нурж, долоон давхар суварга нь өнцөг булангаасаа нурсаар өдий хүрчээ.


Судалгаанаас харахад  энд чулуугаар барьсан дөрвөн сүм байсны гол их сүм нь их хэрмийн хоймор байжээ. Дуганууд нь 4-6 баганатай өнгийн паалантай шатаасан хөх тоосго ба шавар баримал хээ угалзаар нарийн чимэглэгдсэн тансаг сайхан зүйл байжээ.  Уг хот болон сүмийг 1731 онд Монголоор явсан хятад жуулчин Гүн-чжи-яо үзэж өөрийн тэмдэглэлдээ тэмдэглэжээ.


Энэ хот нь киданчуудын байгуулсан олон хотын нэг бөгөөд энэ улсад Бүддийн шашин их дэлгэрч олон лам нар бүхий сүм хийдүүдтэй байсан гэж түүхийн тулгар бичгүүдэд гардгийг баталж байгаа ба Хэрлэн Барс хотын малтлагаас олдсон олдворуудын ихэнх нь бурхан шашны зүйл боловч эрдэмтэд  чухамдаа энэ газар Киданчууд өөрсдийн  эзэлсэн баруун хойд зүгийн аймаг угсаатны эсэргүүцлийг дарангуйлж, Хэрлэн голд гол төлөв нүүдэлчдээс дайчлан бүрэлдүүлсэн олон анги цэрэг суулгаж, байсны нэг анги нь Барс хотын их хэрмэнд түр сууршин сууж байсан гэж үздэг.

No comments:

Post a Comment