1.28.2014

Бурхан буудай



Говь-Алтай аймгийн Халиун сумын өмнөд этгээдэд харин Цогт сумын хойно, Бигэр сумын баруунтай сүртэйеэ дүнхийх Бурхан Буудай уул.Далайн түвшнээс дээш 3765м өргөгдсөн мөнх цаст уул. Алтай хотоос   Хантайширын нуруугаа даваад урагшилхад сүртэй сайхан харагдана. Баянхонгор аймгаас Улаан шалын хоолойгоор Бигэр сум руу шууд давхихад  Хөх сэрхийн нуруу  урдхан талд нь Бурхан буудай уул зэрэгцэнэ . Хөх сэрхийн нуруу  Ховдоос гадна Говь-Алтайд  бас  байна. Монгол оронд  нутаг орны  ахуй амьдрал хэв шинжийг агуулж түүгээрээ нэршсэн ижил нэртэй уулс,  газар орон зөндөө л дөө.
 Одоо даанч харийн нутагт орсон Бурхан буудай  нэртэй  өндөр уул байна аа. Манай мөргөлчид , жинчид Хөх нуурын Гүнбэн хийдээс гарч Зуу хүрэх замыг “Зандан Зуугийн зам “ гэж нэрлэж байжээ. Түвдийн нийслэл Лхаст хүрдэг тогтсон зам. Лхас хот Хөхнуураас  баруун урагш боловч аянчид мөргөлчид Баян Хараатын нурууг давж чадахгүй учир эхлээд Гүнбэнээс баруун чиглэж Боохойн тал, Туулайн гол, Цайдамын голыг гатлаад Бурхан Буудай уулаар их нуруудыг давж Муруй усны голыг гатлан цаашладаг байж. Муруй усны гол Хөх мөрөнд цутгадаг, Баян Хараатын нуруунаас эх авдаг гол. Ордосоор дайрахдаа манай түүхийн алдарт Хатан гол, гадаад далайд нийлэхдээ хятадын Хуанхэ мөрөн болдог. Энэ бүгд монгол нэр байгаа биз. Хөхнуурын, Цайдамын монголчуудаас алс зайдуу боловч нэр ус нь монголоороо үлдснийг бодоход тэнд монголчууд өнө удаан амьдарч байсныг гэрчилнэ.Төвдийн өндөрлөгт гарахдаа Бурхан Буудай уулыг давах л хамгийн бэрх байсан гэдэг. Энэ уулыг бүтэн өдөржин мацаж оройд нь гарч хоноод  маргааш нь бэл рүүгээ буудаг байж. Давахад толгой эргэдэг, хамраас цус гарч айж сүрддэг, амраад олон удаа суувал улам толгой дүүрдэг сүртэй өндөр уул гэнэ. Манай Бурхан Буудай уул бол Урд гол, Дунд гол, Хойд гол,Уст чацран гол гээд дөрвөн гол эх аван урсдаг уулын эх бие ам хөндийд эртний мөстлөгийн үеийн ул мөр болох хотгор гүдгэр, тавцандэнж хунх элбэг байхын сацуу асга нуранги ихтэй сүртэй уул. Монгол Алтайн уулсын салбар энэ үзэсгэлэнт ууланд аргаль,янгир, ирвэс, хойлог, ёл тас зэрэг амьтан шувууд элбэгээс гадна вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин, банздоо зэрэг эмийн ургамал чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана.
Уулын хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал хясаагаар хүрээлэгдсэн аль ч талаасаа очиход уулын таг хэмээн нэрлэгдэх байгаль эхийн бүтээл ихтэй. Бурхан Буудай уулын Нам Богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийнхан эрт үеэс тахиж шүтэн өнөөг хүрчээ.
 
Судлаач Ч.Эрдэнэ  нэгэн яриа өгсөнбайх юм.

Адольф Гитлер  Төвд рүү шамбалын орныг хайх хэдэн экспедиц явууллаа шүү дээ. 
Шамбалын орнытухай утга зохиолд удаа дараа  бие биенээсээ хамааралгүйгээр  Энэтхэгээс, Төвдөөс хойгуур гэж заасан байдаг. Төвдөөс хойгуур юм бол хаана байна. Төвд бол төв Азийн хэсэг учраас Төвдөөс хойгуур болохоор Монголын нутаг руу ороод ирнэ.  Шамбалын орныг хайгаад өнөөг хүртэл тэр газар гэж олдсонгүй.  Гэхдээ   Говь-Алтай аймгийн Цогт сум юм байна. Цогт сумын дээд талд Бурханбуудай уул бий. Урагшаа доод талд нь Ээж хайрхан байдаг. Бурхан уул дээд талд нь доод талд нь ээж хайрхан байгаа нь бас л нэг юм хэлээд байгаа биз. Тэр хоёр уулын дунд би төрж өссөн юм.  Оросууд “Цагаан ус” буюу “белый вода”гэж шамбалын орныг нэрлэдэг. Цагаан усыг олохын тулд Монголын цэрэг баруун тийшээ байлдан эзэлсэн тэр мөрөөр буцаад явах юм бол шамбалын оронд хүрэх юм гэсэн домог ярьдаг. Алтайн хязгаарт Оросын хуучин сүсэгтнүүд их элбэг. Алтайн хязгаарын хуучин сүсэгтнүүд домгийнхоо ёсоор яг урагшаа явсан байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголын цэрэг яаж баруун тийшээ явсан замаар. Эхлээд баахан давстай нуур таарсан. Тэр нь мэдээж их нууруудын хотгор. Тэгээд уул дамжаад урагшаа явж байтал том хийд таарсан нь Нарванчин хийд байгаа юм. Урагшаа явсаар байтал Бога гоош хэмээх уул таарна гэж. Тэр нь бурхан буудай уул байгаа юм. Бурхан буудай ууланд хүрэхэд шамбалын орныг оллоо гэж ойлгоод буцсан байдаг. Шамбалын орныг надаас та биднээс өмнө тэр Оросын стара верци буюу хуучин сүсэгтнүүд олоод буцжээ. Энэ номонд бичсэн санагдаж байна. Бурхан буудай уулаас доошоо буугаад цаашаа юу байнав гээд үзэхээр Төгрөгийн голыг уруудаж яваад Үрэлтийн хөндийгөөр даваад орно. Нэг бол  Сагсайн голыг дагаж яваад одоо тэр Сагсайн голын доод талд Азид хоёрт ордог далан байгаа юм. Усан сан байгуулсан далан. Тэр хоёр хөндийн аль нэгээр хатан хайрхан “Ээж уул” хүрдэг. “Ээж уул”-нд хүрээд харсан цул боржин дэлхийн газарзүйн гайхамшигтай сонин үзэгдэл. Нөгөөдөхийг үзээд жаахан дээшээ өгсөнө л дөө. Хуурай сайр байсан газраас гэв гэнэт ус ороод ирж байгаа юм. Тэгэхээр нөгөө хуучин сүсэгтнүүд нэлээд гайхаа биз. Ёстой нөгөө цагаан ус гэдэг чинь энэ байна гэж. Энэ чухам хаанаас гараад байгаа юм бол гээд явна биз. Цул хаднаас ус гараад байхаар чинь. Усыг жаахан дагаад явахаар есөн тогоонд хүрч байгаа юм. Энэ чинь жинхэнэ эд шидийн газар байна. Шамбалын орны нүд нь есөн тогоо байдаг юм байна гэж үзээд цаашаа  яваагүй буцаж өөрсдийн утга зохиолдоо дурдаж үлдээсэн байх юм. Дурдатгалыг том судлаач Рерих олж үзээд хэлсэн байдаг. Тухайн үедээ Рерихийн дурдатгалд бичснээр ер нь энэ бурхан багш Алтайгаар аялсан гэх домог Бурхан багш Алтайгаар аялсан гэх домог тухайн үедээ Энэтхэг, Монгол хоёрт зүгээр түгээмэл. Нэг айлд ороход л домог ярьдаг, судар номоо гаргаж уншдаг байж.Бурхан буудай уул гэдэг чинь буудай гэдэг нь будда гэсэн үг. Уг нэр нь Бурхануул . Хэрэв бурхан багш Алтайгаар аялсан бол бурхануулын нэрийг өөрөө өгсөн юм биз.  Сонирхолтой яриа.

Бас нэгэн сонирхолтой түүх. Хамбын гэгээний сүүлчийн дүр.
Бурхан Буудай уулын Дунд голд Довууч нэртэй эр баян айлын хаяа бараадан амьдарч байж. Довуучын хөл хүнд  эхнэр төрөх дөхсөн үед  баяных нүүхдээ ажилд тусгүй хэмээн Довуучынхыг хар буудал дээрээ хаясан байна. Зусланд буугаад удаагүй байтал адууны манааны хүн үүрээр давхин ирж Довуучын гэрээс ер бусын гэрэл цацарсныг харснаа баянд өчжээ.Баян хэрсүү нэгэн тул “жиг ургалаа, шүү. Тэднийд бурхан төрж “ гэхэд эхнэр нь “ хн тэднийд бурхан төрвөл хошногоороо адис авна” гэж даналзжээ. Тэгтэл Довууч ирээд эхнэр төрчихлөө, шөлний юм хайрлаач гэж ирж. Баян “нүүгээд ир” гэж ачлагын ганц тэмээ, адайр ааштай морь өгөөд явуулжээ. Оройхон Довууч нүүж ирж гэнэ, элдвийн адсаг хөдөс хөглөрүүлсөн атлаа нөгөө догшин морь нь номхон томоотой явж байна гэнэ.
 Хамбийн хийдийн тэргүүн лам нар гэгээний хойддүрийг тодруулах цаг боллоо гээд шогло хаясанд Бурхан Буудай уул таарчээ. Тэгээд гэээний өмнөх дүрийн хэрэглэж байсан даалин хөөрөг тэргүүтнийг өвөрлөсөн нэгэн тандуул лам аялахад  Довуучын хоёр настай хүү миний юмыг ац хэмээн шууд булаацалдсан гэдэг. Таван настайд нь дахин шалгаад долоон насанд нь гэгээний дүрийг ширээнд нь залж их найр наадам үүсгэсэнд бүгд шинэ гэгээнтнээс адис авахаар цуглаж. Нөгөөх баян ч эхнэртэйгээ ирж . Цувсан мөргөлчдөд адис өгч явсан  долоон настай хүү баяны эхнэрийг алгасчихаад болсонгүй. Эхэнд суугаад ч, адагт суугаад ч нэмэр болсонгүй. Тэгээд гутраад хэлгүй болсон гэдэг. Харин Довуучынхыг Бурхан уулнаас нүүлгэн зүүн талд гаргаж одоогийн Хөхморьтын амны хойно нэгэн аманд нутаг олгож буулгасан нь одоо ч Довууч нэртэй.
Нарлаг Алтай нутгийнхаа
Найман зовхист бараатай
Найргийн мөр шиг ижлээрээ
Таван богдод уяатай
Бурхан буудай уул минь
Буяны мөнгөн тавилга
Дээдсийн үеэс ерөөлтэй
Домгийн цэнхэр суварга    
гэж дуунд мөнхөрсөн миний Монголын нэгэн сайхан уул ийм буюу.



1 comment:

  1. Сайн уу. Гоё нийтлэлүүдэд нь баярлалаа. Говь-Алтай аймгийн Цогт сумын Дэвхэний нуруун дээрх том хиргисүүрийн тухай юм мэдэх үү? Мэддэг бол хуваалцаач.

    ReplyDelete