Орхоны хөндий бол монголын бахархал. Эртний түрэгийн гэрэлт хөшөө, 8-9 дүгээр зууны Уйгарын нийслэл Хар Балгас, эртний Монголын эзэнт
гүрний нийслэл Хархорум, монголчуудын оюун санааны төв байсан Эрдэнэзуу хийд, анхны богд Занабазарын
бүтээлийн сүм Төвхөн хийд зэрэг түүх соёлын дурсгалт газрууд зөндөө. Орхоны хөндий орчмын нутаг нь Хангайн нурууны зүүн хойд төгсгөл хэсгийг хамарна. Хутаг уул далайн түвшнээс дээш 2377м Өндөр овоот 2312 м, Шивээт улаан 2227м, Их бэрх 1863м, Их арцат 1646м өргөгдсөн байдаг. Эдгээр уулсын огцом ба налуу хажуу намссаар
Орхоны хөндийг үүсгэнэ.
Хар Балгас
хотын туурь
Орхоны хөндий Архангай аймгийн Хотонт сумын
нутагт байдаг. Энэ хот МЭ-ний 761 онд Уйгарын хаан Пейлогийн ордныг барьж
эхэлснээр үүсчээ. Хар Балгас нүүдэлчин Уйгарын эзэнт гүрний засаг захиргааны
төвөөр барахгүй худалдаа, эдийн засаг, соёлын төв, Ази, Европыг холбох гүүр болж байсан
ажээ. Хот нэлээд том 5 х 10 километр
газар нутгийг эзэлж байжээ. Хар балгасын туурь дахь хааны ордон 412 х491 метр
хэмжээтэй. Энд сүм хийд, иргэдийн хороолол, гар урчуудын болон наймаачдын
хороо байрлаж байжээ. Уйгарууд хотоо тойруулан цамхаг хэрэм босгож байсны ул мөр одоо ч
мэдрэгдэнэ.
Эртний Хархорум хот
Нэгдсэн Монгол улсыг байгуулагч их Чингис хаан
1220 онд энэ газар Хархорум хотыг байгуулахаар шийдсэн нь тохиолдлын чанартай зүйл биш. Хот байгуулалтын ажлыг
Өгөөдэй хааны үед эхэлж 1235 онд дуусгаад Хархорумыг Монголын эзэнт гүрний нийслэлээр зарлан
тунхагласан байна. Хархорум хот Монголын эзэнт гүрний нийслэл засаг
захиргаа, худалдаа, соёлын төв байсаны хамт Өрнө-Дорныг холбосон харилцааны гүүр болж
байлаа
Эрдэнэзуу
хийд
16-р зууны
эхээр Орхоны хөндийг шашны төв болгох зорилгоор алтан ургын Автай сайн хан Бурханы шашны Эрдэнэ зуу хийдийн суурийг тавьжээ. Энэ
хийд нь буддын шашны соёл, уламжлал, сүм дуганы
уран барилгын тод илрэл юм.
Төвхөн хийд
Чингис хааны
алтан ураг Өндөр Гэгээн Занабазарын бүтээсэн Төвхөн хийд нь анх 1648 онд үндэс суурь нь тавигдсан байх юм. 1760, 1786 онд сэргээн засварлагдаж байсан байна. 1992 онд
үлдсэн нэг сүмийг түүхийн баримт, хадгалагдан үлдсэн гэрэл зурагт тулгуурлан сэргээн засварласан бөгөөд 1997-2001 онд
улсаас сэргээн засварлаж анхны байдалд нь оруулжээ.
Дойт толгойн ордны туурь
Архангай
аймаг,Хотонт сум, Хархориноос хойш 40км-т 45 х 60 метр талбайд орших нэлээд хэдэн
барилгын суурь бүхий туурь юм. Энэ газар хавар шонхороор ан хийхдээ буудалладаг байсан
Өгөөдэй хааны Гэгээн цагаан ордны туурь гэж үздэг
Хутаг уулын булш
Архангай аймаг Хашаат суманд 8 эсвэл 9-р зууны үед хамаарах булшууд юм.
Эдгээр булшны гуравд нь археологичид малтлага хийж бүсний чимэг,сийлбэртэй
мөнгөн чимэглэл, төмөр хутаг, алтан ээмэг, морины хэрэгсэл, S хэлбэртэй морины
амгайвч,эмээлийн оломны төмөр арал, төмөр дөрөө, ясан дэгээ зэргийг олжээ.
Талын Дөрвөлжин дэхь эртний хотын туурь
Архангай аймгийн Хашаат сумын нутагт Хөгшин Орхоны ойролцоо оршдог 100 х 80 метрийн хэмжээтэй
дөрвөлжин хэлбэрийн шавар хэрэмтэй, хоёр талдаа хаалгатай хотын
туурь юм. Хэрэмийн баруун талаас 13 метрийн зайд 28 х 19 метрийн хэмжээтэй
хорогдох газартай, хэрэм дотор хүннүгийн маягийн булштай
Хар Бондгорын эртний хотын туурь
Өвөрхангай аймаг,Хархорин сумын төвөөс зүүн хойш 15км-т оршинов Энэ газраас олдсон зүйлийн дотор 13-р зууны үеийн барилгын дээврийн
шаазан, бусад барилгын материал, шавар болон төмөр эд зүйлс
олдсон.
Баянголын амны эртний хотын туурь
Өвөрхангай аймаг, хархорин сумаас баруун хойт зүгт 13
км-т байдаг.Хоёр шавар барилгын туурьтай. Нэг нь Мэлхий толгойн ордны туурьтай их төстэй, 110 х 80 метрийн хэмжээтэй, нөгөө нь
140 х 125 метр хэмжээтэй нэлээд хэдэн жижиг барилгыг багтаадаг. Хөх, саарал
тоосго дээврийн шаазан олдсон. Хөндийн төгсгөлд бие биеэсээ 100-300 метр тусгаарлагдсан
зургаан шавар барилгын туурь буй.
Мойлтын амны хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгал
Өвөрхангай аймаг Хархорин суманд Хархорум хотын
ойролцоо оршдог ба Төв болон Хойд Азийн хэмжээнд археологийн хамгийн
сонирхолтой дурсгалуудын нэг. Удаан хугацааны турш хүн амьдарч байсныг гэрчлэх олон
зуун чулуун зэвсгийн дээжис эд өлгийн зүйлс, түүний дотор чулуун хусуур,
хутаг, сүх олдсон.
Мэлхий толгойн ордны туурь
Өвөрхангай аймаг Хархорин суманд Мэлхий чулуу толгойн
оройд 106 х78 метр хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй шавар хананы үлдэгдэл
бий. Өргөн хананы дотор хоёр жижиг ханатай бөгөөд яст мэлхий хад, шавар
хананы дотор зүүн хэсгийн багахан өндөрлөгт байрладаг.
Захын булгийн хэрэмийн туурь-
Өвөрхангай
аймаг Хархорин сумаас зүүн ургаш 5 км-т байх 120 х 85 метр
хэмжээтэй шавар хэрэм. Майхан толгойн зүүн урд хэсгийн
хоолойн оройд байрладаг. Юань
улсын эх сурвалж, рашид ал Диний түүхээс үндэслэн 1238 онд Өгөөдэй хааны
байгуулсан Тосху хот байсан гэж үздэг.
Гүмбийн дэнжийн буган хөшөө болон эртний булшууд
Өвөрхангай
аймаг Хархорин сумаас баруун тийш 10 км. Энд нэг дөрвөлжин
булш, нэг дугуй булш, 10 гаруй зууван хэлбэртэй сийлсэн чулуун далантай
булш байдаг. Эдгээр булшны голд хүрэл зэвсгийн үеийн нар, сар, бамбай, илд,
сүх, буга дүрсэлсэн буган хөшөөтэй.
Нарийний амны дөрвөлжин ба овгор булш
Өвөрхангай аймаг Хужирт сумаас хойш 25 км. Хоолойн толгойд орших Дөрвөлжин булш болон
10 гаруй булш, шарил буй.
Мэлхий чулуу дурсгал
Өвөрхангай аймаг Хархорин сумаас 25км. Энэ Мэлхий чулуун
дурсгал Хархорум дахь Өгөөдэй хааны ордны дэргэдэх мэлхий чулуутай яг
ижил бөгөөд энд чулууны дарханы газар байжээ.
Майхан толгой Хүннүгийн ба дөрвөлжин булшууд
Өвөрхангай аймаг Хужирт сумаас 30 км. Энд 30 гаруй
Хүннүгийн булш, дугуй чулуун далантай 2
том
хиргисүүр, мөн хүрэл зэвсгийн үеийн нилээд хэдэн дөрвөлжин булш байдаг.
Бэрхийн булан дахь эртний булшууд
Өвөрхангай
аймаг Хужирт сумаас зүүн хойш 20 км. 10 орчим хүрэл
зэвсгийн үеийн дөрвөлжин булш,хиргисүүр, Хуушин хөтөлийн ойролцоо Хүннүгийн үеийн 23 булш байдаг.
Булшны малтлагын үеэр олсон эд өлгийн зүйлсийн дунд морины янз бүрийн
яс, хөөнд харласан шаазан савны хэлтэрхийнүүд, морины төмөр амгайвч, морь уналгын
басад хэрэгсэл байв.
Хужиртын ам дахь Ордны туурь
Өвөрхангай аймаг Бат-өлзий сумаас баруун хойш 10 км. Энэ ордон Монголын эзэнт гүрний үед хамаарагдана гэж үздэг.
Тэмээн чулууны буган хөшөө болон дөрвөлжин булшууд
Өвөрхангай аймаг Бат-өлзий сум. Энд 30 орчим гантиг
чулуун дөрвөлжин булш, гурван буган хөшөөний цогцолбор юм. Эдгээр булшны
заримд нь малтлага хийхэд үхэр, хонины яс, Түрэг ба Уйгарын үед хамаарах хээлсэн
шаазан эдлэлийн хэлтэрхий олдсон.
Шанхын баруун хүрээ
Өвөрхангай аймаг Хархорин сум Шанхын баруун хүрээний зарим хэсгийг шашин шүтлэгийн үүднээс сэргээн засварласан. Тус хийд Монголчуудын шүтээний нэг Чингис хааны
үеийн Төрийн сүлд тугийг 1937 он хүртэл хадгалан тахиж байсан чухал ач
холбогдолтой газар юм.
Шунхлай уулын эртний булшууд
Өвөрхангай
аймаг Хужирт сумаас хойш хүрэл зэвсгийн хожим, төмөр зэвсгийн түрүү
үед хамаарах зуу орчим булш буй. Зарим булшинд хийсэн малтлагаар сумны ясан
зэв, шавар ваар, хүрэл гоёл чимэглэл бусад зүйлс олдсон.
No comments:
Post a Comment