1.02.2019

Сяньби нар анх хаан цол хэрэглэсэн нь


Төв Азийн нүүдэлчид дотроос сяньби нар хамгийн анх хаан цолыг хэрэглэж эхэлсэн нь нэгэнт тодорхой болоод байна. К.Ширатори “Хаан ба хатан цолны судалгаа” өгүүлэлдээ “ Табгачийн Вэй улсын хаад хаан цолыг хэрэглэж байсныг батлах баримт “Вэй улсын судар”-т тэмдэглэгдэн үлдсэн байна гэж үзсэн бөгөөд хожим “Вэй улсын судар”-ыг бичихдээ хуанди хэмээн сольж бичсэн ажээ. “Вэй улсын судар”-т Табшач Ливэй-гийн хүү Шамохань-ий хань нь хаан гэсэн үг мөн хэмээн К.Ширатори үзжээ.  Харин И.Д. Рахевильз, А.Вовин нар Хүннүгийн Үжүлю шаньюйн үед зүүн сэцэн ван дараалан нас барсанд, цолонд барцад тохиов хэмээн “сэцэн” цолыг халж, оронд нь “хуюй” цол бий болгосон нь хожмын хаан цолны үүсэл болсон гэж үздэг. Гэхдээ төрийн тэргүүнээ хаан гэж нэрлэсэн нь Сяньбийн үетэй холбогдоно.

“Зинь улсын судар”-ын 125-р бүлэг “Цифү Гожэний намтар”-т цифү зэрэг сяньбийн 4 аймаг говийн араас Иньшань уул руу нүүж явах замд нэгэн аварга хорхой тааралдаж байгааг өгүүлдэг. “Тэд тахилга өргөөд сайн савдаг бол зам нээж өг. Муу савдаг бол зам битүүр хэмээсэнд даруй алга болж,нэгэн нялх хүүхэд болон хувирчээ. Цифү аймгийн нэгэн хүүхэдгүй өвгөн үрчлэн авч, Хэгань хэмээн нэрлэсэн байна. Хэгань арваад настай байхдаа морь унаж, харваж намнахдаа гарамгай, 500 жингийн нум татах болсонд 4 аймаг нийтээр түүний баатар дайчныг бишрэн ноёлогч эзнээр сонгон, цифү хаган Тодо мохэ гэж нэрлэв. Тодо гэдэг нь савдаг ч биш, хүн ч биш гэсэн үг ажээ” Энэ мэдээ цифү сяньбичүүд Иншань ууланд нүүж ирсэн 265-274 оны үед холбогдоно. Төрийн тэргүүнээ хаан хэмээн нэрлэсэн хамгийн эртний мэдээ гэж үзэж болох бөгөөд  Сяньбичүүд төрийн тэргүүнээ хаан гэж нэрлэж байсныг нотолдог.

Табгачийн Умард Вэй улс төрийн тэргүүнээ хаан гэж нэрлэдэг байсан ч “Вэй улсын судар”-т хятадын уламжлалт нэр хуанди гэж сольж бичсэн байдаг нь батлагдсан. Түгүхүнь сяньби нар төрийн тэргүүнээ хаан хэмээдэг байсан ч сурвалжид тэмдэглэгдсэн нь нэлээн хожуу үед холбогдоно. “Вэй улсын судар”-ын “Түгүхүний шастир”-т “Куалюй өөрийгөө анх удаа хаан (кэхань) хэмээн өргөмжилж, Хөхнуурас баруунш 15 ли газарт буй Фуци хотод суув. Хот суурин байвч суухгүй эсгий гэрт байнга амьдарч, ус өвс даган малжина.  Тэдний газар нутаг нь зүүнээс баруунш 3000 ли, урдаас хойшоо 1000 ли хүрнэ. Ноёд түшмэдийн ван, гүн, пүшэ, шаншу, ланзян, жанжин гэх мэтийн цол хэргэм бий. Өөрийн эхнэрээ кэзунь (хатун) хэмээн нэрлэх болсон” гэжээ.

Хүннүгийн шаньюй өргөмлөх ёслолын талаар сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн зүйл байхгүй бол харин Сяньбийн тоба нарын хаанд ширээнд өргөмжлөх ёслол нь хожмын молголчуудтай маш адилхан байжээ. Энэ талаар сурвалжид “532 оны шар хулгана өдөр Сяо Уди хаан Лоян хотын зүүн дүүргийн гадна ширээнд суув. Дай улсын хуучин ёсыг хэрэглэн хар эсгийг долоон хүнд бариулав. Тэдний дунд Гао Хуань байв. Эзэн хаан эсгий дээр хойд зүгт хандан тэнгэрт мөргөв” гэж дурджээ. Чингис хаан болон Хайсан хүлэг хааныг өргөмжлөхдөө алтан ургийн долоон хүн хар эсгий (Хайсан хааныг цагаан эсгий дээр) дээр залж ёслол үйлдсэн байдаг.



No comments:

Post a Comment