Аажуухан хөдөлсөн бид Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод ирж хонолоо.
Бид гэдэг маань эгч дүүс нийлсэн 15 хүн. Хамгийн бага нь ой гарантай , ахмад нь 50 шүргэж
яваа гурван
машинд хуваагдан суусан, аялах
дуртай хэсэг бүлэг хүмүүс Монгол Алтайн мөнх
цаст оргил Алтай таван богдын уулсыг зорьж яваа нь энэ.
Маргааш өглөө нь бол их чухал өдөр. Олон жилийн өмнө аав минь мөнх
тэнгэрийн орныг зорихдоо бидэнд нэг овоо үлдээгээд явсан юм. Тэр нь Арвайхээр хотоос дөнгөж гараад л... Тэр
овоогоо бид Цагаан овоо гэж нэрлээд , очих бүрдээ аль болохоор цагаан чулуу олж
нэмдэг юм. Тэр ажлаа сайхан амжуулчхаад, Монгол түмний морины их шүтээний дэргэд
очиж өглөөний цайгаа уучхаад, зам харгуй төвөггүй дардан болсон болохоор Баянхонгор
аймагт эрт ирэв. Хонгор нутаг ээжийн минь нутаг, сайхан нутаг... Энэ удаа элсээр
шууран тухгүй угтсан ч үүнийг нь эс
харгалзан Хөх толгойн хормой доорх үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэнгээр
зугаалан хэдэн хүүхдээ баясган хэсэг зураглав. Аймгаас Хөх эргийн гармаар гарч
Шалын хоолойгоор давхин Говь-Алтайн Дэлгэр хүрч засмал замтай нийлэн баруунш
одох төлөвлөгөөтэй байсан ч бодлоо өөрчлөн Байдрагийн голыг гүүрээр гаран
Бууцагаан сумаар Алтай хот хүрэхээр Бөмбөгөр сумын Хөх толгойн багийг чиглэн
гарлаа. Хэсэг будилсан ч Нарийны голыг гүүрээр биш хойгуур гармаар гарч хоймор харагдах Дааган дэл уулыг харан давхисаар Бөмбөгөр сумын төв оролгүй
шууд Байдрагийн гүүрэн дээр ирэхэд нар
бууж, Ухаа толгойн зэсэн бөмбөгөр уулс
байгалийн гоёмсгийг өмнө минь дэлгэн угтах нь тэр. Хэсэгхэн зураглаж аваад шинэ сум төслийн загвар сум
Бууцагаан суманд ирж хонолоо. Их нүүдлийг сааруулахад энэ төсөл өгөөжөө өгөх нь
илт харагдаж байна. Цэмбэгэр, цэгцтэй, цомхон... Өглөө эртлэн давхиж Үнээн усан дээр Говь-Алтай
аймаг, Ховд аймгийг холбосон шинэ цардсан замтай нийлж аваад, Дэлгэрийн хүрэн
талыг хялбархаан туулж Алтай хотод хүрэв.
Бид аавынхаа төрсөн газар Дөргөн нууранд Говь-Алтай аймгийн Хөхморьт сум
талаас хүрэхээр зорьж яваа тул Хантайширын нуруу, Хасагт хайрханыг зааглах
Баарингийн даваагаар даван хавцал дундуур шинэ замаар уруудан давхисаар нэгэнт
салаа замын эрхээр засмал замаа орхин Хасагт хайрханаа даган өгсөж, Улаан эргээр
Баян-Уул суманд ирж, тэндээ нэг их удсангүй, нэг их ч хол явсангүй нутгийнхний
ганц алжаалаа тайлдаг Урд голын эх хэмээх сайхан газар хоноглохоор буулаа. Шувууд чуулсан, мал
амьтад идээшсэн үнэхээр үзэсгэлэнтэй газар юм. Өндгөө дарсан эх хун, өл
залгуулах эцэг хун. Нутаг нь гандуу ч энэ хавьдаа ус ургамал нь жигдэрсэн
зуншлага сайтай үзэсгэлэнт газар хоног тааруулжээ.
Бид Голын эх гэх энэ сайхан газар өглөөнийхөө цайг уучхаад Хөх морьт сум,
Хүйсийн говийг зорин хөдөллөө. Эндээс 10 гаран км яваад уулын нугачаанаас
гарахад баруун урагшаа Сутай хайрхан алсад мөнгөрөн харагдах нь юутай сүртэй. Хүйсийн
говийн зүүн захаар захлан давхихад өвчинд нэрвэгдэн үгүй болж буй гэх Монгол
бөхөн хаа нэг таарах. Хөхморьт сумаас
Монгол элснийхээ урд хөвөөгөөр эмжин явахад байгаль яруу тансаг юм аа.
Бөхөн ч элбэг тааралдах боллоо. Хавчиж гэж нэг сайхан газар байна аа.
Эртний нуур, далайн ёроол байсан газар юм уу даа. Талбайн хэмжээ нь бага
болохоос Хэрмэн цав л гэсэн үг. Улаан,
цагаан суварга, пирамид хэлбэрт жижиг уул толгод, ногоон, цагаан цав гээд л үзэмжтэй
газар байна аа, энд. Харин энэ сайхан газраас гараад дэржигнүүртэй зам гэж юу
байдгийг ёстой нэг үнэн утгаар нь үзүүлж байна шүү. Нэг машин маань явдал
дундаа гэнэт унтраад нам зогссон нь аппаратурын тэжээлийн утас дэржигнүүрт
тасраад бүрээсэндээ баригдаад байсныг нь
олохгүй хэсэг л юм болов. Машин тэрэг элбэг явахгүй газар, айл амьтангүй эзгүй
талд бас л тиймхэн юм билээ шүү...
Машинаа асааж авсан бид Монгол элсэн дээр хүүхдүүдээ хэсэг баясгаад, их
элсэн дундах сувд лугаа Цоохор нуурыг зорьж, хүрсэн боловч эрэгт нь хүрч чадалгүй баахан дэрс сүлжиж тойрсоор их цаг авав. Нар их буусан тул оройтохоос
өмнө амжиж Жанжин овоо хүрч төвхнөхөөр шууд цаашлан Дөргөн нуурыг зорилоо. Таван жилийн
өмнө давхар солонго татан угтаж байсан аавынхаа нутагт таван хүүхэд нь салхи
татуулан буув. Жанжин овоондоо ч мөргөлөө. Жаргаж хэд хонохоор майхан саваа
буулгаж кэмпэлж авлаа. Маргааш нь бүтэн
өдөржингөө Дөргөн нуурандаа шумбаж, дур дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж,
баясаж өнгөрөөв. Эндээс Сутай хайрхан, Бумбат хайрхан, Жаргалант хайрхан сайхан
харагдана.
Аавынхаа төрсөн газар Дөргөн нуурын хөвөөнд хоёр хоног жаргасан бид Сутай
хайрхан зүг Цэцэг нуур зүглэв. Замдаа Тунгалагийн булгийн овоонд мөргөн хэсэг
саатсан нь бидний өвөг дээдэс Бумбат хайрхан, Жаргалант хайрхан, Жанжин овоо,
Дөргөн нуур, Тунгалагийн тал, Тунгалагийн булгаар нутагласаар өнөө үед ирснийх.
Талын дундах энэ овооноос хавийн газар сайхан харагдана. Сутай хайрхан бүр
үзэсгэлэнтэй үзэгдэнэ. Энэ их хайрханыг өдөр бүр харж өссөн аав минь энгүй байх
нь аргагүй юм байна. Ай сайхан хайрхан минь.
Дарви сум орж машин тэргээ цэнэглэж аваад засмал замаараа Хөшөөтийн голоо
гараад Хөшөөтийн уурхай руу салж даваагаа даван уурхайн дэргэд Барлагийн
засмалтай нийлж Цэцэг сум хүрч төвөөр нь захлан Цэцэг нуурынхаа баруун биед
гарч нууртайгаа, Сутайтайгаа хамт зургаа татуулах гэсэн ч нуур маань ширгэн
жижгэрч, зам нь шаварлаг, дэрс ихтэй тул тойрч явсаар ихээхэн цаг зарцууллаа.
Бүрэнхийтэй уралдан Мөст сумын зам дээр гарч, газрын зурагт Таван амт уул
хэмээн тэмдэглэгдсэн уулын ард нэг жижигхэн толгойн өвөрт отоглов.
Өглөө тэнгэр сайхан ч Сутай хайрхан маань униартаад бүдэгхэн үзэгдэнэ.
Сайхан газар хоноглосон бид Алтайн уулсын гүн лүү цаашлан зүтгэлээ. Баруун гар
талд Баатар хайрхан, зүүн гар талд Мянган угалзатын нурууны салбар уулс...
Сайхан нутгаар явсаар Ховд аймгийн Мөст сум хүрэв. Энэ сайхан газраас Бооржийн
голоо гарч 18 км яваад л Бодончийн хавцлын, Ховд аймгийн бас нэг бүтээн
байгуулалт шинэ замтай нийллээ. Эртний алдарт Бага Улаан давааг сэтэлж нилээн
багасгасан ч Улаан даваа Улаан даваагаараа л байна. Давааны оройн тэр үзэмж,
бас тэр их салхи, ай сайхаан...
Монголын минь өнө эртний түүхийн гэрч болсон буган чулуун дурсгалын нэгэн
цогц Баянзүрхийн буган чулуун цогцолбор нь Бодончийн хавцлын эхэнд замын дэргэд
үзэгдэнэ. 30 орчим буган чулуу байх ч Хөвсгөл аймгийн Уушигийн өврийн буган
чулуун цогцолбороос илүү онцлог нь Баянзүрхийн буган чулуунд таван өнцөгт дүрс,
чичлүүр хутга бас элдэв зүйлийн зэвсэг мөн үл ойлгогдох дүрс зураг ч их бий гэж эрдэмтэд
тэмдэглэжээ. Буган чулууд бөөнөөрөө байхаас гадна энд тэнд ганц нэгээрээ
үзэгдэнэ. Элбэг юм аа.
Бид цаашлан Бодончийн хавцлаар байгалийн үзэмжийг бишрэн байнга л зогсож
зурагласаар явлаа. Бодончийн хавцал бол 100 гаруй км үргэлжлэх ч урьдын
хонон өнжин туулдаг газар биш болжээ.
Байгалийн үзэмжийг л харж саатахаас өөр саатах зүйлгүй зам харгуйг нь жижиг
гэлтгүй гольдролыг тооцон гаргаж, сэтгэлд нийцтэл барьжээ.
Саатан баяссаар Бодончийн хавцлаа гарч, Алтай сумын араар захлан Үенч сум
руу гишгэв. Ихэнх сумд алсаас харагддаг ч Ховд аймгийн Үенч сум гэнэт дэргэд
минь гарч ирэх нь сонин. Үенч голынхоо хөндийд нуугдан орших захчин түмний
нутаг Үенч сум бас л сайхан газруудын нэг юм аа. Эндээ хонож төвхнөхөөр болж,
хуучин АИХ-ын депутатуудын хурлын тамхим, одоо
буудал болсон саруулхан том өрөөнд бөөнөөрөө хонож, бас зүгээр ч үгүй
халуун ус ажиллуулдаг эзнийг нь дуудуулж хотынхоо амьдралаар нэг оройг сайхан
өнгөрүүллээ.
Үенч нутагт эртний нэгэн улсын хилийн зааг, дохио тэмдэг дамжуулдаг байсан гэх
Харуул овоо хэмээх нэгэн сэтгэл татам байгууламж байх. Жаргалан уулын оройд буй
эл байгууламж сууриараа 7 орчим метр диаметртэй, дээшээ налуу шувтан болох
бөгөөд 10 гаруй метр өндөр. Далайн түвшнөөс дээш 1942 метр, хавийн бараа
харагдахуйц өндөрт байрлана. Яг ийм байгууламж өөр 2 бий гэх ч улсын хилийн
гадна гарчээ. Үдээс өмнө Харуул овоотой тулж танилцан дээш доош бишгүй явсан
бид даваа уруудан Хойд Жаргалант голынхоо хөндий рүү бууж давхисаар Ховд
аймгийн Булган суманд хүрэв. Их том суурин, аймгийн дайтай сум юм. Олон ястны өлгий нутаг, Ховд нутгаар аялж явахад таарсан, уулзсан хүн болгон сэтгэлээсээ хандаж байсанд Монгол түмний зочломтгой, цайлган зан чанар энэ хязгаар нутагт үлдэж хоцорчээ хэмээн ихэд баяртай явлаа.
Торгуудын Хө өрлөг тэргүүтэй нүүдэл төв Азиас хөдөлж замдаа таарсан бүгдийг
мөхөөсөөр Ижил мөрөн хүрч суурьшсан нь 17-р зууны эхэн үе. Оросын хааны өмнөөс олон дайн тулаанд орж
гавъяа байгуулж явсан тэд Аюух хааны үед ихэд алдаршиж Европ дахинаа нэрээ
дуурсгаж явав. 18-р зууны сүүлээр Оросын хааны элдэв хавчлагыг тэсэхээ больсон
торгуудууд Увш хаанаараа удирдуулан Монгол нутгаа зорьж түмэн бэрхийг туулан
ирэхэд Манжийн хаан угтан авч Зүүнгарын говьд тархаан суулгасны нэгэн хэсэг нь
бидний зорин ирсэн энэ Булган голын хөндийд суурьшжээ. Домог түүхээр арвин, байгалийн
үзэсгэлэн төгөлдөр торгууд түмний нутаг Булган суманд машин тэргэндээ ойр
зуурын засвар үйлчилгээ хийж, хүнс хоолоо нөөцөлж маргаашийнхаа аялалд базаан
хэрэндээ л бужигнаж хоноцгоолоо. Маргааш биднийг Булган голоо даган өгсөх,
заримдаа ганц машин л багтах, голоор шахагдан хашсан хясаан дээгүүр гарах, ус
ихтэй байгаа бол олон гол горхи гаталж гарах гээд л Баян-Өлгий аймаг руу зорих адал явдал дүүрэн,
адармаатай аялал хүлээж байх ёстой. Аялах сайхаан.
Маргааш өглөө бид эртлэн хөдөлсөн ч нүүдэлчид аль эрт замдаа гарчээ. Бидний
аяллыг ивээж нүүдлийн улирал эхэлж байгаа тул зам анги гарч, хаврын шар усны
үерт эвдэрсэн замыг янзлахаар гараад хоёр хонож байгаа гэнэ. Голдуу ЗИЛ-130
машин дээр гэр бараагаа ачаад оройд нь хэдэн хүүхдүүдээ бөмбийтэл суулгачихсан
нүүдэл явах ч хаа нэг ердийн хөсгөөр нүүцгээж байна. Зам заримдаа голд тулан
хоёр машин зөрөмгүй нарийхан болох ч хонь мал, ачаа хөсөг, машин тэрэг бие
биенээ хүлээж байгаад найрсгаар цувж гарсаар, аажуухан ч гэсэн урагшилсаар л
явна. Сайн өдөр таарсан бололтой, айлуудын нүүдэл элбэг байлаа. Булган голд
нийлдэг голуудаас Хар усны гол ширүүхэн урсгалтай ч төвөггүй гарцгаачихлаа.
Нүүдэлчдээс хэсэг холдохоор голын нэгэн үзэсгэлэнтэй тохойд буудаллан өглөөний
цайгаа ууцгаахаар буув. Тансаг байгальд сайхан цай уугаад, өглөөний аниргүйг
эвдэх, голын шаагих чимээг сонсон модны сүүдэрт суух ч жаргал шүү.
Индэртийн хясааны наахна нь зам ангийнхантай таарч, цаашлан өөрсдөө
чулуугаа засан хясаагаа гарсныг эс тооцвол бид дажгүй явсаар Баян-Өлгий аймгийн
нутаг руу орж Улаан хусын гүүрээр Булган голынхоо баруун биед гарлаа.
Баян-Өлгий аймаг ороход андашгүй Дундад Азийн стануудын нутагт ороод ирсэн
аятай намхан намхан дөрвөлжин байшин элбэг тааралдана. Сөхөл багийн дэргэд
Булган гол гүүртэй ч аль ч замаар нь явсан Өлгийн Булган сум хүрнэ. Бид гүүрээр
гарч Сөхөл баг руу дөхөн өндөр уулын араас цухуйх Мөнххайрханы цаст оройд бага
ч гэсэн ойртохыг хүсэв. Энэ сайхан өдөр Баян-Өлгий аймгийн Булган сумын төвөөс
гарч Булган голын эрэгт отоглосноор өндөрлөлөө.
Алтайн их уулс дунд хоноглосон бидний зам Алтайн уулс дундуур л цааш хөвөрлөө.
Улаан давааны голоо нааш цааш гарч, цас мөс нь хайлж амжаагүй Улаагчны голоо
даган өгссөөр тарвага гэж амьтан бэлчих алдарт Улаагчны даваан орой дээр
гарахад өмнө минь байгалийн сайхныг урнаар дүрсэлсэн гайхалтай нэгэн зураг
угтаж билээ. Үгээр хэлж, үсгээр бичихийн аргагүй сайхан мэдрэмж. Цаашлан Ганц модны рашаанаас эх аван урссаар
Буянт голд нийлэх Ганц модны гол, Дэлүүн сумын дэргэдэх Чигэртэйн гол, Дэлүүний
гол, Ямаатын хөндийн цаагуур сүндэрлэн цайрах Баян-Өлгий, Ховд аймгийг зааглах
Хөх сэрхийн нуруу гээд л сайхан бүхэн
үргэлжилнэ. Тэгээд болоогүй ээ, Дэлүүн сумаас гараад хэсэг давхиад нэг
хөтөл дээр гарахад Сайр хайрхан хэмээх нэг сайхан мөнх цаст уул угтана. Өдөржин
л уулсын сүрлэг, усны тунгалгийг магтан дуу алдсаар явсан бид Толбо нуурын
хөвөөн дэх жуулчны баазад казак гэрийг сонгон хоног төөрүүлэхээр шийдлээ.
Толбо нуур Монгол Алтайн уулс дундах томоохон цэнгэг уст нууруудын нэг. Бас
ч үгүй, 1921 оны намар Монгол Зөвлөлтийн
дайчид Хасбаатар, Байколов нарын
удирдлага дор цагаантны давуу хүчинд бүслэгдсэн ч 42 өдөр тэссэн түүхэн
газар. Эндээс аймгийн төв Өлгий хот ойрхон, засмал замаар 70 хүрэхгүй км
гүйгээд л орно.
Өлгий хот. Явуулын бидэнд их л сонин содон газар юм. Хүн машин ихтэй,
худалдаа дэлгүүр элбэг, монгол, орос, хятад, казак гээд л төрөл бүрээрээ байна.
Хаана ч орсон танихгүй хэлээр ярьсан хүмүүс. Бид Алтай таван богдын тусгай
хамгаалалттай газрын зөвшөөрөл, Хил хамгаалах газрын зөвшөөрөл зэрэг бичиг
баримтаа цэгцэлж аваад Бай-Өлке хэмээх төв талбайн дэргэдэх буудалд бууж, казак
түмний хоол ундыг амтлахаар зоогийн газарт нь тухлав.
Аяллын арваннэг дэх өдрөө бид Өлгий хотоос Сагсай чиглэлд гарч баруун өмнө
зүг Бага түргэний хүрхрээ чиглэн хөдөлсөн юм. Сагсай сумаас гараад 30 гаран км
яваад нэг мундаг даваа давлаа. Газрын зурагт Ачаа гардаг даваа гэж тэмдэглэсэн
ч нутгийн залуу өөр нэр хэлсэн юм, мартжээ. Даваа уруудаад Харганатын голын
хөндий орж, зүүн гартаа Цэнгэл хайрханы мөнх цаст оргилыг харан баясаж, голоо
даган давхисаар нэг хөтөл давж Хар нууранд хүрч цайлав. Эндээсээ Годон голоо
Хар чулуутын гүүрээр гарч, Хурган нуурынхаа өмнө этгээдэд гарч Сыргаль чиглэн
хөдөллөө. Зам харгуй дардан биш, бартаа ихтэй. Мод нь ихэд муудаж, эвдрэх
дөхсөн гүүрээр эвийг олоод хоёр ч уулын түргэн урсгалтай голоор гаран аажим
урагшилсаар. Харин байгаль бол жинхэнэ гайхамшиг. Дархадын хотгор лугаа хонхор
болгонд нуур цөөрөм тогтсон. Алсад Хурган нуур цэнхэртээд, дэргэд ногоорон
гэрэлтэх ойн дундаас мөнгөрөн цайрах уулс
хөглөрөөд, янзтай. Бага түргэний голд тулж ирэхэд гүүр нь эвдэрсэн, доогуур
гармаар гол гарч байгаа болтой. Гарам нь
нилээн өргөн ч ширүүн урсгал нь зөөлөрсөн, нарны туяанд нилээн тогтуун
боломжийн харагдаж байна. Гурвуулаа ээлжлээд гарчихлаа. Бага түргэний голд
ирчихсэн юм чинь хүрхрээ рүүгээ очоод, ядаж л дөхөөд хоночих юмсан гэж бодож
байсан ч, тийм амар биш юм байна. Баян-Өлгий нутагт нэг бэрхшээл байнга тулгарч байсан нь монгол
хэлтэй казак хүн ховор, бараг байхгүй юм. Зам асуухад мэдэхгүй ээ гээд л толгой
сэгсрээд инээнэ. Энэ үзэгдэл их олон давтагдсан даа. Бага түргэний голд харин
бидэнтэй монгол хэлтэй, тусархуу казак залуу таарч цаг орой болсон тул өнөөдөр бол хүрч амжихгүй, зам богино ч бартаа
ихтэй учир Их түргэний голынхоо хөвөөнд
хоноглосон нь зөв болохыг ойлгууллаа.
Тэгээд ч зогсохгүй, өглөө өөрөө мотоциклтэй замчилж хүргэж өгье, саяхан
хэсэг хүмүүс хүрхрээ зорьж яваад машинаа эвдэж хот хүрээ рүү сэлбэг захиж олон
хоносон хэмээн ярьж, хүсвэл нутгийн фургон олж өгч болох тухай ч хэлэв. Дүүгийн саналыг уриалгахан зөвшөөрөөд, бид
майхан саваа буулган 2, цаг агаар сайхан байвал 3 ч хонохоор төвхнөлөө. Бидний
буусан газар үнэхээр сайхан, ширүүн урсгалт Их түргэний голын хөвөөнд. Маргааш
дүүгийн олж өгсөн нутгийн фургон руу өөрсдийнхөө тэргээр дөхөж очоод, суудлуудаа
авчихсан хонины машинд казак хивс дэвсүүлж аваад л бүгд зуллаа. Бидний буусан
газраас хүрхрээ хүртэл 12 км ч, зам бол үнэхээр овоо юм аа. Чулуу ихтэй юм,
шавартай ч юм. Нэг горхи гарах гэж байгаад шаварт суулаа. Гэхдээ биднийг машин
явж болох замын төгсгөл хүртэл хүргэж өгсөн дөө. Цаашаа 500 орчим метр алхаж
хүрдэг юм байна. Байгаль эхийн гайхалтай нэгэн бүтээл. Үнэхээр дуу алдам. Цас
мөс, өндрөөс шуугин урсах их усны дуу чимээ, уулын цавчим өндөр хавцал, ногоон
ойн дунд халиурах өндөр өвсөн дундах ялаа шумуул. Өвөл үү, зун уу?... Газар
ойрхон ч энэ өдөр сайхан бүхнийг үзэж, содон бүхэн рүү үсчсээр ихэд ядарцгаасан
манайхан казак залуугийнхаа гэрт зочлон дайлуулчхаад майхандаа ирэхэд нар хэдийн бууж орой болсон байв.
Цааш аялах зам урт тул өглөө эртлэн босож цайлчхаад хөдөллөө. Хотон нуур, Хурган нуурыг холбосон
хоолойн дэргэд байрлах Сыргалийг дайран Цэнгэл сум хүрэх, тэндээсээ Алтай таван
богд руугаа нилээн дөхөж хонох төлөвлөгөөтэй. Зам зуур байгаль ч ярих юм биш,
янзын сайхан. Сыргалийн дэргэд хэсэг өгсөж Хотон нуурыг тольдлоо. Хурган нуурыг
байнга л харж явав. Могойтын гол, Ховд голын бэлчрийн дээхнэ Ховд голоо гүүрээр
гарчхаад, дагаж уруудсаар яваад Цэнгэл сум хүрлээ. Ер нь Бага түргэн дээр
байхад л хүмүүсийн ярианаас Бага Ойгороор явбал зам нь арай цагаан гэсэн
ойлголт авчихсан байсан болохоор Улаанхус суманд банкнуудаа дүүргэж аваад шууд
Согоог чиглэн гарсан юм. Зам дэржигнүүр ихтэй болохоос торох юм алга. Хөх хөтөл баг хүртэл өндөр
хүчдэл татчихсан, багийн төв гэхэд багахан шиг сумын төв аятай томхон
суурингууд угтан өнгөрнө. Маргаашийн сайн өдөр Монгол орныхоо дээвэр Алтай
таван богдод хүрнэ гэсэн сайхан бодлоо тээгээд энэ өдөр эртхэн амрахаар Бага
Ойгорын гол хүрэлгүй бууцгаалаа.
Өглөө ч сэтгэл өндөр хөдөлцгөөв. Хөх хөтөлөөс Бага Ойгорын голоо дагаж
явсаар Ямаатын голд тулаад, голоо гаралгүй Цагаан эрэг уулаа хойгуур нь
ороонгоо сая Ямаатын голоо гармаар гарч, даваа өөд шууд өгсөн оройд нь гарахад
алсад Алтай таван богд уулсын орой
үзэсгэлэнтэйеэ гялалзаж угтана. Сэтгэл алдам сайхан юм аа, миний Монгол. Даваа
руу буугаад Жалпак гэх Их Ойгор баг хүрэв. Баг дөнгөж өнгөрөөд Усайн голыг гармаар
гараад нэгэн улаан уулыг ороон тэгшхэн сайхан хөндийгөөр хэсэг давхив. Ямартаа
ч Их Ойгорын голоо олж авлаа. Багаас цааш тусгай хамгаалалттай газрын хил
хүртэл ямар ч айл амьтан байхгүй, GPS дээр ч, газрын зураг дээр ч зам байхгүй, тэгсэн хэрнээ тэр хөндийгөөр
дүүрэн хөндлөн гулд замтай, ийм л юм. Бид харин төвөггүй Их Ойгорын голдоо
хүрч, сөрж өгссөөр өндөр уулсын дунд чимэг болон номин өнгөөр туяарсан Ногоон
нуур хүрч хэсэг саатав. Цааш айл амьтан ч ихсэж, төд удалгүй тусгай
хамгаалалттай газрын пост дээр ирлээ. Эндээс 9 км яваад ерөнхийлөгчийн овоо
хүрэхэд л Алтай таван богд маань нүдний өмнө ирэх нь байна. Даанч том том
цэргийн хүнд техникүүд яваад замыг ёстой там болгосон гэх. Бид ч өөрсдийн
тэргээр өгсөж цаг алдахыг хүссэнгүй, нутгийн залуугийн фургонд суугаад шууд
дээш өгслөө. Бага түргэний дэргэд суусан хонины фургоныг бодвол тансаг ангиллын,
суудалтай, хөгжимтэй их эд байна аа, энэ фургон маань. Нээрээ, зам бол үнэхээр
их эвдэрсэн, намаг шавар их, нутгийн хүнтэй явсан нь оножээ. Манай залуу хаана зөөлөн явах, хаана нь
дайруулах, хаагуур нь тойрох гээд л гаргаахгүй юм аа. Ерөнхийлөгчийн
овоонд хүрэнгүүт л урьд нь олонтоо зургийг нь харж байсан мөнх цаст Алтай таван
богд Хүйтэн, Найрамдал, Малчин, Бүргэд, Наран оргилууд.
Мөнх цас нь наранд үзэсгэлэнтэй гялалзана.
Үзэмж төгс Монгол Алтайн уулсын эдгээр оргил бидний энэ аяллын эцсийн цэг. Эндээс
нутгийн зүг хүлгийн жолоог эргүүлнэ. Миний нутгийн баруун хязгаар үнэхээр
сэтгэл хорогдом сайхан юм. Үзлээ, харлаа, бахархлаа. Эргэн тойрон ганцаараа,
бөөнөөрөө, хэсгээрээ гээд л зургийг ч нэг авахуулж өглөө. Харин Потанины мөсөн
голоос амсана гээд явсан 3 маань ирдэггүй дээ. Харахад уг нь гайгүй харагдсан
болохоор юм хэлээгүй явуулчихсан юм. Тэгсэн харин гүвээ нугачаа их, талдаа
бараг л цаг гаран явсан юм аа даа. Байж байж, юу ч болоогүй аятай, ядарч үхэх
нь гэсэн хүмүүс, санаа зовж ар өврөөс нь
гүйлдсэн бидэнтэйгээ нийлж нэг юм бөөгнөрцгөөлөө. Тэнгэр хангай биднийг ивээж их сайхан өдөр
заяажээ. Тэр холоос зорьж ирэхэд шуураад угтсан бол яана аа. Өдрийн сайхныг
магтсаар, дуу дуулсан шиг ээ бууцгаалаа. Зам бол үнэхээр эвгүй юм. Постон дээр
буцаж ирээд казак гэр хөлсөлж аваад бүгд сайхан цуйван захиалсан ч хэлний
бэрхшээлээс болж ихэнх нь шөлтэй хоол идсэнийг эс тооцвол энэ өдөр гайхалтай
өнгөрлөө. Маргааш нь элдэв адал явдалгүйгээр, ирсэн замаараа шахуу буцан Өлгий хотод
ирж, Бай-Өлке буудалдаа өөрийн гэртээ ирж байгаа аятай тухлав.
Нутгийн зүг эргэсэн бид Увс, Баян-Өлгий аймгуудыг зааглах Ачит нуурыг
чиглэн эртлэн гарлаа. Өнөөдөр Гоожуурын хүрхрээ хүрч хонох ёстой. Өлгий хотоос
гарч, Ховд голоо хэсэг дагаж давхисаар Ачит нуурын хөвөөнд өглөөнийхөө цайг уучхаад
Усан хоолойн гүүрээр Увс аймгийн Ховд сум хүрлээ. Ачит нуур нь цэнгэг уст нуур
бөгөөд Сийлхэм, Түргэний уулсаас буух гол горхиор тэжээгдэн усаа Ховд голд
юүлэх ба нуурын дэргэдээс алсад мөнх цаст уулсын сүрлэг оргилууд харагдана. Бас
Дэвэлийн арлын шагшуурганд ховор шувууд элбэг чуулах юм. Ачит нуураас Улаан
лонх уулын хөтөлөөр давахад Ховд голынхоо өмнө этгээдэд Цамбагарав хайрхан бүр тод гоёмсог харагдахыг
яана. Ховд сумаас зүүнш чиглэн Шивэрийн голыг гүүрээр гарч, нуурын арын
даваагаар Шаазгай нуур хүрэхэд зам
саатах юмгүй, харин Цагаан хөтөлөөр давахад чулуу элбэг, нугачаа гүвээ нь бартаа
ихтэй юм. Хөтлөө давчихвал хэсэг зам гайгүй ч Гоожуурын голоо гараад хүрхрээ
хүртэлх зам богино, гэхдээ бас л
бартаатай. Зам харин хүрхрээндээ бараг тулж очно, үнэхээр гайхалтай газар. Гоожуурын хүрхрээ нь Хархираа Түргэний уулсын
баруун биед буй Олон нуурын уулсын дунд орших ба 17 метрийн өндрөөс унана. Энэ
үзэсгэлэнтэй газар хоног төөрүүлж, байгалийн сайхныг биширч, хүрхрээн дэргэд ширээгээ
заслаа.
Дараагийн өдөр нь зураг хөрөг гэсээр байгаад хүрхрээнээс аажуухан хөдөлж,
харин Шаазгай нуур хүрэлгүй баруун салж Шивэрийн голынхоо хөндий рүү хялбархаан
орчихлоо. Гоожуурын хүрхрээ хүрэхдээ Ховд сумаас 80 км явсан бол буцахдаа 60
гүйгээд л сумын төв орчихлоо. Ховд
сумаас Рашааны ам гэж өнгө өнгөөр алагласан олон нууртай, вансэмбэрүү битүү
ургадаг үзэсгэлэнтэй газар очихыг нутгийнхан зөвлөсөн ч вансэмбэрүү цэцэглэх
цаг нь таараагүй учир дараа тухтай ирэхээр Ачит нуурынхаа нилээн хойгуур Багануураар
дайран Хотгорын нүүрсний уурхай чиглэн замаа хөөсөн юм. Увс аймгийн Бөхмөрөн
сумын нутагт орших хүрэн нүүрсний эл уурхайд хур бороо дагуулан буусан бид шууд
Байрамын даваа чиглэн цаашлав. Баруун аймгуудын бас нэг мундаг даваа. Бас л
өгсөнө шүү. Давааны ар руу ч бас эвгүй. Тормоз гишгэсээр наклад улайсаад
барихаа болиод л бууна, хэсэг амраахгүй бол ч...
Даваанаас буугаад л Түргэний уулс, Цагаан шувуутын уулсаар хашигдсан
хотгорт тогтох Үүрэг нууранд хүрнэ. Байгалийн үзэмж цөм бүрдсэн энэ сайхан нуурын
дэргэдэх жуулчны бааз энэ өдрийн бидний эцсийн зогсоол боллоо. Сайхан
амарцгаачхаад өглөө нь бас л нуурын эргээр хэсэг зугаалж аваад, Увс аймгийн төв
Улаангом хотыг зорив. Зам асуудалгүй, нэг хөтөл даваад л цаашлан Сагил, Түргэн
сумдын зааг ДТД2580 метрийн өндөрт өргөгдсөн алдарт Улаан даваа даваад, уруудаж
өнхөрсөөр Боршоогийн боомтын засмалтай нийлж, төвөггүйхэн Увс аймгийн төв орно.
Бид Улаангомд хоноглох буудалдаа төвхнөчхөөд, аймгийн төвөөр хэсэг дарцгаалаа.
Дэлгүүр хоршоо хэсэв, “Увсад үйлдвэрлэв” ч сонирхов, ус хүнсээ ч нөөцөлж авав.
Харин үдээс хойш Улаангом хотоос 30 км алслагдсан, цайран харагдах, Монгол
орныхоо хамгийн том нуур болох Увс нуурын хөвөөнд хэсэг саатлаа. Зах нь үл
харагдах, их бага 38 гол цутгах, Их нууруудын хотгорын хойд зах болох намуухан
долгилох Увс нуур. Гадна дотныхон битүү шавжээ. Хүн амьтан, хүүхэд шуухад
цуглахаас ч аргагүй гүехэн, чулуугүй, бүлээхэн, усанд ороход таатай газар юм.
Цахлай шувууд энд хүний гараас хооллон ихэд ээнэгшин дасчээ. Гайхалтай энэ
газар оройг өнгөрөөгөөд буцаж буудалдаа ирж амарцгаалаа.
Оросын жуулчин “Хуучин ба шинэ Монголд”-ыг бичсэн Бурдуков “Хэцүү хад бол
байгалийн сонин тогтоц бөгөөд үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм”
хэмээн дуу алдан биширсэн энэ өвөрмөц содон газар бидний энэ өдрийн зорьж очих,
ганц нэг хонож алжаалаа умартах газар билээ. Улаангом хотоос 230 орчим км алс хол ч, дэд бүтэц сайтай
Хяргас нуураа хөвөөлж давхисаар нуурынхаа төгсгөлд байх гэр гуанзаар баруун
салж, 45 км шороон замаар харайлгасаар давсархаг усан давалгаанд нүдүүлсээр
шохойн цагаан өнгөтэй болсон эгц цавчим хадан цохио бүхий болор тунгалаг эрэгт тулж ирэх нь олны нэршсэн
Хэцүү хад. Зам зуур олон өнгөөр алаглах зосон хүрэн улаан уулын өвөрт байх Хар
тэрмэсийн рашаан хүртэж, хар цагаан шавар түрхэн амарсан ч болно.
Хэцүү хад бол үнэхээр л үзэсгэлэн төгөлдөр өвөрмөц газар юм. Арал мэт усны
дундаас цухуйх хадан цохионд үй олон шувуудын үүр байх нь шувуудын диваажин
байсан нь илт. Одоо харамсалтай нь, хүний хөлөөс эзэд нь дайжиж эзгүй олон үүр
л үлджээ. Хадан дээрээс харахад том жижиг загас багширалдан бэлчих нь хараад л
баймаар тансаг. Биднийг энд хоёр хоноход салхи үгүй тогтуун байсан ч шуургатай
үед нуурын давалгаа хадан цохио нүдэх нь далайн хар шуурга шиг сүртэй сайхан
гэх нутгийнхны яриа нүдэнд харагдан төсөөлөгдөж суулаа.
Хорвоогийн жаргалтай сайхан хоёр өдөр өнгөрч, дараачийн өртөө рүүгээ
хүлгийн жолоо залах цаг болов. Төлөвлөгөө ёсоор бол Хэцүү хад, Ойгон нуур, Бүст
нуур гэж явах ёстой байсан ч хоног шахамдуу болсон болохоор ярилцаж хэлэлцээд энэ
өдөр Тэлмэн нуур хүрч хонохоор шийдэн ирсэн замаараа гишгэсээр нуурын Үзүүрийн булагийн
гэр гуанзны дэргэд төв замтайгаа нийлж аваад, наран мандах зүг чиглэлээ. Олон
жилийн өмнө Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдаар их явдаг байсан
болохоор дурсамж сэргээсэн танил нутгаараа довтолгосоор Завхан нутаг хүрэлгүй шороон зам
дээр гарч тонгочуулсаар Сонгино суманд
машинуудаа цэнэглэчхээд, элдэв адал
явдалгүй Түдэвтэй сумын өмнүүр гарч Нөмрөг сумын төвөөр дайран Хүрэн шовх уулын
өвөрт Тэлмэн нуурыг тольдон өвөлжөөнөөс аргал хөрзөн авчирч овоолж байгаад их
гал өрдөн нэг оройг зугаатай сайхан өнгөрөөв.
Өглөө нь цайлчхаад Тосонцэнгэл, Их-Уулаар дайран Солонготын даваагаа давж Архангай
аймгийн Цахир сумын цайны газар өдрийнхөө хоолыг идчихээд Тэрхийн цагаан нуур,
Чулуутын хавцал гэж дуртай нь бууж зураглан тааваараа явсаар Тайхар чулууны
дэргэд Тамирын голын хөвөөнд өдрийг үдэж
шөнийг угтлаа. Нэг хоногийн нөөц гарсан тул маргаашийн өдрийг Өгий нуурт
өнгөрөөхөөр шийдэн аажуухан хөдөлцгөөж, Цагаан даваагаа даван эртний нийслэл
Хархорум зүг эрчтэйхэн гишгэж хүрэв. Билгэ хааны зам гэх Туркуудын барьсан
нарийхан замаар Хөшөө цайдам хүрч дурсгалын музей үзчихээд Өгий нуур хүрэхүйеэ шингэх
нарны туяа нуурын усанд бууж өнгө нэмэн үзэсгэлэнтэйеэ угтан авлаа. Өгий нуур
Улаанбаатар хоёр 330 км зайтай. Үүнээс 20 хүрэхгүй нь л шороон зам. Бас шууд
давхиад байхгүй. Хар бухын балгас, Чин толгойн балгас, Баяннуурын зэгс, Долоон
даваа, Туул гол гээд л үзэж харах зүйл арвин, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур,
Лүн, Аргалант гээд Булган, Төв аймгийн овоо хэдэн сумдын нутгаар дайрна. Олон
хоног аялаад Шар хөвийн дөрөлж даваад орж ирэхэд улсын маань нийслэл
Улаанбаатар ч сайхан даа.
Красивые у вас места
ReplyDeleteСпасибо @Дикий блог Желаю вам счастья
Delete