11.14.2014

Толбо нуур

Тус нуур нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших үзэсгэлэнт нуур ба Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур юм. Эргэн тойрондоо өндөр хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдсэн ба одоо хир нь Толбо,Хүнгүй  зэрэг зарим уулын оргилд бага зэрэг мөнх мөс цас ч харагдана.
Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь Гичгэний толгой ба энэ нуурт түрж орсон хошууны үзүүр цухуйж байгаа нь тэр. Энэ нуур уулсын ам хавцлаар урссан арваад гол горхийг өөртөө нийлүүлж усаа бүрдүүлэх ба илүүдэл усаа Түргэний голоор дамжуулан  Ховд голд өгөх боловч хуурай гандуу үед гадагш урсгалгүй болдог байна. Хэдий тийм боловч маш цэнгэг устай.
Толбо нуур байгалийн үзэсгэлэнт газраас гадна манай түүхийн нэгэн үйл явдлын гэрч болсон газар билээ. Энэ бол Толбо нуурын бүслэлт гэж алдаршсан Ц.Хасбаатарын удирдсан журамт цэргүүд цагаантны давуу хүчинд бүслэгдэн 42 хоногийн турш баатарлагаар тулалдсан тулаан юм
 Хасбаатарчууд 1921 оны есдvгээр сарын 17-нд Толбо нуурын захад оршх Саруул гүний хүрээнд   ирж энд урвагч ноёдын уршгаар цагаантны 3000 орчим цэрэгт бvслэгдсэн байна.
1921 оны 9 сарын 19-нд цагаантны толгойлогч Бакич, Кайгородов нар Саруул гүний хүрээг явуут эзлэх төлөвлөгөө гаргаж  21-ний шөнө гэнэтийн дайралтанд оржээ. Журамт цэргүүд Байколовын улаантны хамт хүчтэй шуурган гал нээсэн боловч цагаантнууд гэнэтийн довтолгооны ачаар хүрээний баруун хойт хэсгийг эзэлсэн авчээ. Улаан цэргүүд зугтан нэгэн сүмд орж бэхлэн суужээ. Цагаантанд эзлэгдээгүй хэсгийг ардын журамт цэргүүд хамгаалж чадсан бөгөөд хүрээний баруун хойт хэсэгт 20 орчим монгол цэрэг цагаантны ар талаас гэнэтийн цохилт хийн гар бөмбөгөөр цагаантныг цохисон байна. Үүнд зоригжсон улаантнууд сөрөг давшилтанд орж цагаантнуудыг эзэлсэн байрлалаас нь цохин гаргасан байна. Цагаантнууд энэ шөнийн дайралтанд тун их хохирсон байна.
Амжилтгүй довтолгооны дараа Кайгородов өөрийн отрядын аван салан одож  Саруул гүний хүрээнд генерал Бакичийн гол хүч, Казанцевын отрядууд үлдэн дахин 2 удаагийн дайралт хийсэн боловч бүслэгдсэн цэргүүд тухай бүрт нь амжилттай няцааж байжээ.
Хасбаатарчууд хэдий бүслэгдсэн боловч өлсгөлөн өвчин, цаг уурын хэцүү бэрхийг туулж, генерал Бакич "... зэвсгээ хураалган бууж өгвөл амь бие, эд хєрєнгєд чинь халдахгүй. Эсэргvvцвэл байран дээр чинь буудаж ална!" гэж тулган шаардсанч бат цайз хэвээрээ байлаа.
Бүслэлтийн үед Хасбаатар жанжин дайсныг нэвтрэн дайран гарч Хөшөө модонд  байсан Зєвлєлтийн улаан цэрэгтэй холбоо барих, нутгийн ардуудаас цэрэг дайчлан дайсныг цохиж үлдсэн нөхдөө аврахаар эрэлхэг тэмцэл хийж яваад дайсанд харамсалтайгаар алагдсан байдаг.
Бүслэгдсэн цэргүүд эцсийн цохилт хийхээр шийдсэн үед Зөвлөлтийн улаан цэрэг  Хөшөө модноос хүрэлцэн ирж дайсныг хөөснөөр олон хоног үргэлжилсэн бүслэлт монголчуудын ялалтаар дуусчээ.



No comments:

Post a Comment