9.04.2014

Чингисийн хоёр манлай

Чингис хаан нэгэнтээ “Би дөрвөн хошууч ноходоо зорьсон газраа явуулчихаад, дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах дайны тэргүүнд мангуудын Хуйлдар, уруудын Зүрчидэй хоёрыг мордуулбаас сая сэтгэл минь амардаг юм“ хэмээн хэлж байжээ.

Энэ дөрвөн хошууч ноход бол Урианханы Зэлмэ, Баруласын Хубилай, Бэсүдийн Зэв, Урианханы Субээдэй баатар бөгөөд дөрвөн хүлэг нь Аралудын Боорчи, Жалайрын Мухулай, Жүрхэний Борохул, Сүлдүсний Чулуун нар билээ.

Зүрчидэй Хуйлдар нар “Арван гурван хүрээ”-ний байлдааны дараах Жамухын харгис хэрцгийг жигшиж түүнээс салан Тэмүжинтэй нийлсэн ба  түүнээс хойшхи бүхий л тулалдаанд урууд, мангууд нар оройлон оролцдог байжээ. Урууд, мангуудууд бол Хабич баатрын долоон хөвгүүний нэг Начин баатарын хоёр хүү Уруудай, Мангудай нарын удам юм.

Хуйлдар өөрийн ахтай маргалдан мангууд аймгаа дагуулан Чингистэй нийлэхэд их хаан түүнээс       “Ах чинь Жамухын дэргэд байхад чи юунд энд үлдэх? ”  гэж асуухад Хуйлдар хэлэх үгээ олж ядан нэгэн сум авч хугалаад “ Энэ биеийг эцэслэтэл эзэн чамд эс зүтгэвээс энэ сум мэт болтугай” гэжээ. Чингис хаан түүний үнэнч шударгыг биширч “Сэцэн” цол олгож анд бололцжээ.

1203 оны “Муу өндрийн тулалдаан”-нд Хуйлдар сэцэн Зүрчидэйн хамт Хэрэйдийн эсрэг “ Андын өмнө бид хатгалдая, үлдэж хоцорсон үр хөвгүүдийг асрамжилахыг анд мэдтүгэй” хэмээн хэлж дайран орсон ба энэ тулалдаанд Хуйлдар шархдан унахад Чингис хаан ихэд харамсан мянган лангийн ховор эмээ шавж түрхээд майхандаа авч хонолоо гэдэг.

Үүнээс хойш сар орчмын дараа ан агнах үед шарх нь хүндрэн нас барсан  Хуйлдарыг Халх голын Орнугын хэлтгий хад хэмээх газар оршуулжээ. Хэрэйдийг дарсны дараа Хадаг баатар тэргүүтэй зуун жүрхэнийг ургийн ураг хүртэл Хуйлдарын боол болгон өгч их монгол улс байгуулагдсаны дараа түүнийг  наян найман гавъяатны хорин нэгдүгээрт хөхүүлэн шагнаж мянганы ноён болгожээ.

Зүрчидэй бол эрэлхэг баатар мэргэн харваач бөгөөд дайн тулаанд алаг туг мандуулан эрэмгий тулалддаг нэгэн. Хуйлдар сэцэн нас барснаас хойш Зүрчидэй  түүний хүү Мөнх, Халз нарын хамт их монгол улсыг байгуулахад хүчин зүтгэн явжээ.

1206 онд их монгол улс байгуулагдахаёд  их хаан Зүрчидэйд “ Чамайг би өндөр уулын нөмөр мэт өмөг болгон санаж явлаа” хэмээн өөрийн татвар хатан Ибагийг соёрхон наян найман гавъяатны зургадугаар шагнан мянганы ноён болгожээ.


Уруудын Зүрчидэй  баатар өөрийн дөрвөн мянган уруудаа захиран их хааны дүү Хасарт харъяалагдан Алтан улсыг дайлах дайнд Хасарын хамт зүүн гарын цэргийг захирч  Жижү, Люиши газрыг эзэлж улмаар  Алтан улсын умард нийслэлийг авч Зөрчидийн нутгаар нутаглаж яваад тэндээ өвчний учир үхсэн гэдэг.

No comments:

Post a Comment