9.30.2014

Хүннү

Монголчуудын өвөг дээдэс хүннү нар МЭӨ 400 оны орчим Шар мөрөн буюу Хатаны голын өмнөдөд болон одоогийн Ордос газраар нутаглан байсан ба хятадын байлдаант долоон улсын үед Жао, Янь, Цин улсууд хүч хавсран хүннү нарыг хойш хөөж тэднийг дахин довтолж төвөг болохоос эмээн их цагаан хэрмээ байгуулж байжээ.

Хүннү нарын анхны хаан Түмэн шаньюй байсан ба МЭӨ 209 онд түүний хүү Модунь хаан сууснаар төв Азийн өндөрлөгт төр ёс үүссэн хэмээн үздэг ба энэ үе бол хүннү нарын хүчэрхжилийн үе байлаа. Модун шаньюй эцэг өвгөдийн алдсан бүх нутгаа эргүүлэн авч умарш Байгаль нуур хүрч, урагш цагаан хэрэм, зүүнш Түркестан хүртэлх өргөн уудам нутгийг захирч Хан улсыг чичрүүлэн 50 жилийн турш алт мөнгө, торго тариагаар алба авч байв.

Модун шаньюй МЭӨ 174 онд нас барснаас хойш хүннү нар 100 гаруй жил хүчирхэг хэвээр байв. МЭӨ нэгдүгээр зууны дундаас тэдний хүч суларч хоорондын тэмцэл самуунд автан харъяанд байсан Сүмбэ нар Хан улстай нэгдэн эсэргүүцэн тэмцэх болсноор МЭӨ 48 онд Ар хүннү, Өвөр хүннү гэж хуваагдсан.

Өвөр хүннү нар Хан улстай нийлэх болж харин МЭ 85, 87 онд Сүмбэ нар ар хүннү нарыг бут ниргэсэн учир тэд дахин сэхэж чадаагүй юм. Мөн Өвөр хүннү нар хятад цэрэгтэй хүч хавсран ар хүннү нарыг хэд хэдэн удаа хавчин тулж тэднийг довтолж байв.

Ар хүннү нар МЭ 93 оноос бие даан тогтохоо больж нэг хэсэг нь хядуулж, хэсэг нь баруунш нүүдэллэн одож, үлдсэн бум гаруй хүннү нар Сүмбэ улсыг дагажээ.

Харин Өвөр хүннү нар хятадад дагасан гэх боловч МЭ 215 он хүртэл оршин тогтнож байгаад нэг хэсэг нь бусад аймгийн дунд шингэж нөгөө хэсэг нь умард хятадын зүгт нүүн шилжиж аажмаар уусан шингэжээ. Хятадын нэгэн шаштирт өвөр Хүннү нарын үр сад нэг бус удаа бослого самуун өдүүлж, Нангиадын Сүй улсын хаан ширээг Лю Юань хэмээх хүннү угсааны этгээд булааж хаан суув хэмээн дурьдсан байдаг.

9.28.2014

Монголчууд ба нүүдэлчдийн өв уламжлал

Монгол гэж нэрлэгддэг энэ улс, монголчуудын тухай дэлхий ертөнц мэддэг болохоос бүр олон зуун жилийн өмнө нүүдэлчдийн уугуул эх орон байжээ. Дэлхийн бөмбөрцгийн умард хагасын Унгараас ойн зурвасын өмнө орших Манжуур хүртэл үргэлжилсэн тал нутгийн онцгой зурвас бүсэд энэ орон хамаарна. Урд талаас нь дотоодын тэнгисүүд ч биш, уул нурууд ч биш, гагцхүү Ордосын говь цөл, Шар мөрний дунд бие дэх хятадын тариалангийн бүс нутаг хязгаарлаж байдгаараа өрнөдийн тал нутгаас энэ газар орон ялгаатай юм.

Умард хятадын оршин суугчид болон монголчуудын хооронд бие бялдрын ялгаа нэг их байдаггүй боловч соёлын хувьд өнө эртнээс ихээхэн ялгаатай байв. Үүний нэг жишээ нь тэдний хэл яриа бөгөөд монгол хэл бүрэлдхүүнд нь багтдаг алтай язгуурын хэлтэй адил төстэй зүйл хятад хэлэнд өчүүхэн ч байдаггүй.

МЭӨ хоёрдох мянганд нүүдэлчид тогтмол, ялангуяа дайн дажны үед морьд унах болжээ. Харин МЭӨ 1000 жил гэхэд морьтон эрс бүхий л тал нутаг даяар тархсан билээ. Дугуйт тэргээ орхиж морьт  цэрэгтэй болохоос өөр аргагүй байдалд хятадуудыг оруулсан морьтонгуудын талаар МЭӨ 400 он гэхэд хятад сурвалжуудад дурдах болсон байна.

МЭӨ 300 оны эцсээр Цин улсын халааг авсан Хан улс Шаньюй хэмээх удирдагчдаа захирагддаг хүннү сүннү аймгуудын холбоо гэдэг хүчирхэг өрсөлдөгчтэй болжээ.Олон олон нүүдэлчид түүний дотор монголчууд ихээхэн хэмжээгээр өвлөн авсан соёлын уламжлалын үндсийг хүннү нар тавьсан байна. Тэд цэргээ 10000 буюу нэг түмт болгон зохион байгуулж улмаар мянгат, зуут, аравт болгон хуваадаг байжээ.

Дайн байлдааны үед хүннү нар морины давхиан дунд нумаар харвадаг байсан бол тайван цагт хийх юм багатай, хятадууд тайван цагт ажилладаг, харин дайн байлдааны бэлтгэлгүй байсан тухай хятадын түүхчид бичдэг. Нүүдэлчид мах идэж, сүү уудаг, мал амьтдын арьс ширээр хийсэн хувцас өмсдөг байжээ. Тэд хятадуудаас үр тариа торгоор алба авдаг, тэр нь хангалттай биш байвал тариалсан талбайг нь морьдоороо гишгэчүүдэг байж.

Умард хятад нэг хэсэг үе хүннү, түрэгийн таба, 937 онд Ляо улсыг үнэдэслэсэн монгол кидан, кидан нарыг шахан түрж 1135 онд Цин улсыг үндэслэсэн тунгусын зүрчид нарын эрхшээлд орж байлаа. Гэхдээ монголчууд дараа нь манж нар хятадыг эзэлсэн шиг тэдгээрийн хэн нь ч энэ орныг бүрмөсөн эрхшээлдээ оруулан захирч чадаагүй юм.

Монголчуудаас өмнө тал нутагт хамгийн лут хүч нь хятадын Тан улстай ана мана байсан МЭ 6-7 зууны үеийн түрэгийн янз бүрийн төр улсууд байлаа.  Түрэгийн нөлөөний гол төв нь говиос хойш Сэлэнгийн нэгэн цутгал Орхон голын сав газарт монголчуудын нийслэл Хархорин хавьцаа байжээ. Тэдний цэргүүд ч бас мянгат, зуут, аравтад хуваагддаг хаад нь өөрсдийгөө мөнх тэнгэрээс заяагдсан хүмүүс, тиймдээ ч нийт нүүдэлчдийн удирдагч гэж тооцдог байсан нь Орхоны хөндийгөөс олдсон эртний бичээсээс илт байдаг.

Өөрсдөд заналхийлж  эхлэхээс  бүр хэдэн зуун жилийн өмнө л хятадууд монголчуудын талаар мэддэг байжээ.Тан улсын зургадаар зууны түүхэн он дараалалын бичигт нийтэд нь Шивэй гэж нэрлэдэг байсан умардын бусад оршин суугчдын дундаас тэднийг ялган Мэн-у хэмээдэг байжээ.


Жинхэнэ буюу язгуурын монголчууд гэдэг нь түрэг болон бусад угсаатнуудаас ялгахын тулд монголчууд хэмээн нэрлэдэг угсааныхан байлаа. Тэд дотроо овог аймгуудад хуваагддаг ч өөр хоорондын ялгаа, харьцааг мэдэх аргагүй байдаг.

Аль ч монгол аймгийн үндсэн нэгж нь эцгийн удмыг дагасан овог байсан. Нэг дээд овгоос гаралтай овгуудыг ойрын буюу төрлийн хэлхээтэй гэж үзэн хоорондоо гэрлэхийг хориглодог байлаа. Овгийн хүн болгон заавал садан төрлийн хэлхээтэй байсангүй, харь гарлын олзны зарц боолууд ч байх ба тэднийг өтөл боол гэнэ. Овгууд нийлж “ястан” болох ба өөр өөр ясны овгууд тохиролцон хоорондоо гэрэлцгээдэг байжээ.

Мөн янз бүрийн овгууд нийлж аймаг болно,  аймгууд нийлж улс болно. Бүхэл бүтэн овгууд болон аймгууд нутаг бэлчээрийнхээ хамт өөр бусад овог юмуу аймгийн эрхшээлд захирагдах явдал ч байжээ. Ийм тохиолдолд тэд унаган боол нэр авна.

Тэр монголчуудын ахуй амьдрал нь туйлын энгийн байжээ. Тал нутгийн нүүдэлчин монголчууд үхэр, хонь, ямаа болон улам үржин өсөж байсан адуун сүргээ арчилж малладаг байсан. Хуурай гандуу нутаг орны монголчууд бас тэмээ өсгөж үржүүлдэг байжээ. Тэд цөм тал нутагт амьдардаггүй зарим нь ой хөвчөд оршин суудаг байсан аж. Бүх л монголчууд гарамгай анчид байсан...

Э.Д.Филлипис “Монголчууд” номноос хэсэгхэн...

Нарванчин гэгээний тухай

Намайг долоо найман настай байхад Нарванчин гэгээнийг залах яриа гарч, хийдэд маань бөөн ажил боллоо. Хуучин Нарванчин гэгээний жасад нэн ядуу шавь ардын эхнэрээс шинэ гэгээн мэндэлжээ.

Тэр бүсгүй нэг монгол хүнтэй ханилж байгаад хожим нь Тинг хэмээх хятадыг дагаж Ховд руу оджээ. Тинг эхнэрийнхээ өмнөх нөхөрт жаахан мөнгө өгч, хүүг үрчилж аваад Шинжааны Или нутаг руу явсан байна.

Тэр хүүг Нарванчин гэгээний дүр гэж тодруулмагц түүнийг олж ирүүлэхээр Или нутагт элч илгээхэд хятадууд тэр хүүг 35000 лангийн барьцаанд авчээ.

Хүүг залж ирэхээр морь тэмээ бүхий дөчөөд хүн илгээсэн ба  аз болоход Алтайн торгууд нар манай хүрээтэй сайн харьцаатай байсан тул тэд унаа залгуулж байв. Энэ зуур элчийг нааш цааш явуулсаар нэг жилийг өнгөрөөсөн бөгөөд мөнгө амласан авч түүнийг нь цаад тал хүлээн авахаас татгалзжээ. Тэгээд цөхрөнгөө барж эргэж иртлээ зуныг нь Бор талд, өвлийг нь Илид өнгөрөөсөн.

Дараахь намар нь хиа нарын хамт арван хоёр хүрэхгүй хүнийг илгээсэн бөгөөд тэд нь Или хүрч удтал ярилцсаны эцэст хандиваар хуримтлуулсан 10000 лан мөнгийг өргөж  хүүг эргүүлэн авчирсан.


Дилов хутагт Б.Жамсранжавын дурсамжаас... 

9.20.2014

Баянцагааны гурвалсан домог

Ховд аймгийн Дарви суманд Баянцагааны нуруу гэж нэгэн сайхан уул байх.

Амбан толгой
Баянцагааны нурууны баруун талын Авдрантын нурууны зүүн тал дахь өвс ургамал тэгш сайхан хоолойд  ундарга ус сайтай гар худагтай Амбан толгой гэж бий. Энд худаг  ус гаргаж нутгийн ардуудаас мал сүрэг цуглуулан хошуундаа төдийгүй Ховд, Улиастайд  зартай баян эр амбан болсон учир уг бяцхан толгойг нутгийнхан “Амбан толгой” гэдэг домогтой болсон төдийгүй худгийг нь “Амбаны худаг” гэх болсон ч  одоо Баян толгойн худаг гэх болжээ.  

Хойд,Урд Бааст толгой
Амбан толгойн зүүн хойд талд баруунаасаа зүүн тийшээ хоорндоо  4-5км зайтай хоёр толгойг нутгийнхан  Хойд Бааст, Урд Бааст толгой гэж нэрлэдэг. Амбаны адуун сүргээс гүйсэн ороо цавьдар морь харайж явахдаа эхлээд урд толгойд дараа нь хойд толгойд  нь ихээхэн хомоол үлдээснээс  Бааст толгой гэж нэрлэжээ.

Харайдагийн үзүүр

Баянцагааны нурууны баруун талд зүүн тийш сунаж тогтсон нэгэн хадан үзүүр бий. Үүнийг Харайдагийн үзүүр гэнэ. Амбан толгойн баян амбаны адуунд нутгийн ардаас өр төлөөсөнд авсан салхинаас хурдан ороо цавьдар морь байжээ. Уг морийг барьсан хүнд амбан их хэмжээний шан өгнө гэж зар тараажээ. Хошуу нутагтаа нэртэй хэсэг адуучид ороо цавьдар морийг Харайдагийн хадан үзүүр хүрээд харайлгаад барааг нь алдсан гэдэг.

9.19.2014

Модун шаньюй

Манай эриний өмнөх гурван зуу гаруй жилийн үеийн  хүннү нарын эзэн Түмэн Шаньюй их хатнаасаа Модун хэмээх ахмад хөвгүүнтэй байсан учир тэр хөвгүүн эцгийн орыг залгамжлах ёстой байжээ. Гэтэл Түмэн өөрийн хайртай бага хатнаас төрсөн хөвүүнээр угсаа  залгамжлуулах бодолтой байж. Арга сэдэж  Модун хөвгүүнээ Юэчжи аймгуудын холбоонд энхийн барьцаанд явуулаадчихаад  тус аймгийн эсрэг гэнэт довтолжээ. Юэчжи нар ч Модунг алахаар завдахад  ихээхэн ухаалаг тэрээр  самбаа гарган  хурдан  морь олж унаад нутагтаа эсэн мэнд зугатан иржээ. 

Түмэн Шаньюй арга буюу түүний ухаан, зоригийг үнэлж, нэг түмэн морьт цэрэг өгч захируулжээ.
Модун цэргүүдээ хатуугаар сургаж би өөрөө хаашаа юу харвана, тэр зүг ямарч эргэлзэлгүй харваж байх ёстой, хэрэв тэгээгүй хүн гарвал толгойг нь авна хэмээн тушааж, хатуу журам тогтоожээ.

Домогт  Модун нумаа татаад тавимагц сум нь исгэрэн дуугарч оддог байв хэмээдэг. Нэгэн өдөр Модун ан хийж явахдаа гэнэт өөрийн хүлэг морины зүг сум тавьжээ. Тэгэхэд цэргүүдийнх нь дийлэнх нь түүний хүлэг морийг харвасан боловч зарим нь харваж зүрхэлсэнгүй аж. Харин Модун харваагүй цэргүүдийнхээ толгойг тас цавчжээ. Мөн дараа нь  Модун өөрийн хатандаа сум зооход  зарим цэргүүд  нь айж балмбагдан харвалгүй бас л толгойгоо авахуулжээ.

Нэгэн удаагийн ангийн үед Модун өөрийн цэргийг одоо юунд ч хэрэглэсэн болох боллоо хэмээн үзээд  эцгийн зүг дуут сумаа харважээ. Цэргүүд нь ч бас цөм эцэг шаньюйн зүг сум харваж алжээ.

Энэ бол МЭӨ 209 он байлаа. Модун МЭӨ 234 онд төрсөн бөгөөд 25 насандаа хүннүгийн хаан болсон. Түүний засаглал МЭӨ 209-МЭӨ 174 оны хооронд үргэлжилсэн бөгөөд энэ үе хүннү нарын хамгийн хүчирхэг байсан ба  мөн төв Азид анхны төрт ёс үүссэн үе.

Модун  хаан болоод өөрсдийн шаньюй цолыг аваад эхлээд засаг захиргааны томоохон өөрчлөлт хийсэн.  Улсаа 24 түмд хуваан үе улиран зархирах баруун, зүүн цэцэн ван, баруун, зүүн гули ван, баруун зүүн жанждыг томилжээ. 24 түмтийн дарга нар мянгат, зуут, аравтын дарга нарыг томилно.

Модунг шаньюй болоход дорно зүгийн нэг аймаг дарамт үзүүлж  элч илгээн  шаньюйн мянган газрын гүйдэлтэй сайн морийг гуйсанд дуугүй л өгч түүний дараа дахин элч илгээж, хатныг нь гуйхад Модун бас л өгчээ.  Даварсаар  өөрийн аймагтай залгаа хүннү нутгийн үржил шимгүй хүн амьтангүй хэсэгхэн газрыг нэхэхэд  Модун  ихэд хилэгнэж цэрэглэн довтолж өөрийн улсдаа нэгтгэжээ.  Энэ дайнд мордохын өмнө Модун шаньюй "Газар бол улсын үндэс мөн" гэх алдарт үгээ хэлсэн гэдэг.

Модун өөрийн улсыг төвхнүүлчихээд МЭӨ 200 онд 30000 цэргээр өмнө зүгт оршиж байсан Хан улс руу довтолжээ. Урьд нь Цинь улсад алдсан Хүннүгийн харъяаны Ордос нутгийг эргүүлэн авав. Модун Хань улсын хилийн Май цайзыг дайран эзэлж, түүнийг хамгаалж байсан Хань улсын цэргийн жанжин Хань Синийг буулган авчээ.

Хан улсын хаан Лю Бан үүнийг сонсоод 300000 цэрэг дайчлан Модуны эсрэг хөдөлжээ.  Модун ялагдсан дүр үзүүлж, зугатжээ. Лю Бан түүний хойноос хөөж, их цэргээсээ хол тасарсан байна. Модун үүнийг ашиглан Пинчен хотын дэргэд гэдрэг эргэж, Лю Баны цэргийг бүслэн авчээ. Хань улсын цэрэг долоон хоногийн турш эсэргүүцэн байлдсан боловч Хүннү нарын бүслэлтээс гарч чадсангүй. Лю Бан Модун шаньюйд найрамдлын гэрээ байгуулах санал тавив. 

Модун Лю Баны гэрээ байгуулах саналыг хүлээн авч, Хүннү  Хан улсын хооронд найрамдлын гэрээ байгуулж, бие, биенийхээ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.

Үүгээр Хан улс Хүннү улсад жил бүр алба өгч байхаар болжээ. Энэ явдлын тухай "Ши цзи" зохиолд:
Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлиг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид  Лю Бан надад захирагдана... Хань улс, Хүннү улс хоёр бол мөр зэрэгцэх, хүчирхэг хөрш улсууд юм... хэмээжээ.


МЭӨ 174 онд Модун шаньюй нас барж түүнийг хүү Цзиюй залгамжилж, Лаошан шаньюй хэмээх цолтойгоор Хүннү улсын  шаньюй болжээ. 

9.18.2014

Сэлэнгэ мөрөн

Сэлэнгэ мөрөн нь монгол улсын  гол мөрдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том жижиг бүх цутгал голуудыг оролцуулбал энэ сүлжээний уртын нийлбэр 20000 км хүрнэ.
Дэлгэр, Идэр хоёр голын бэлчрийг Сэлэнгийнх гэж үзвэл Сэлэнгэ мөрний нийт урт 1024 километр болох ба түүнээс 615 км нь манай улсын нутагт урсана. Сэлэнгэ мөрөн нь ОХУ-ын  Байгал нуурын хамгийн том цутгал юм. Байгал нуурны усны 50 хувийг нь хангаж өгч байдаг юм.
Сэлэнгэ мөрний адаг нь маш өвөрмөц бөгөөд нуур луу орохдоо задарч, маш олон салаа үүсгэн цутгадаг байна.
Сэлэнгэ мөрөн нь маш үзэсгэлэнт хөндийгөөр урсдаг юм. Ялангуяа Эг-Сэлэнгэ, Орхон-Сэлэнгийн бэлчир нь маш их үзэсгэлэнтэй ба энэ бүс газарт аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой. Сэлэнгэ мөрний үржил шимт уужим хөндий  татам дагууд нь шинэс  улиас бүхий өтгөн бургас, бут сөөг ургана.

Энэ их  мөрөн  26 зүйлийн загастай бөгөөд үүнд: цурхай, зэвэг, алгана, булуу цагаан, хадран, улаан нүдэн, гутаарь зэрэг олон зүйл бий.. Агнуурын үнэт загас сибирь хилэм, тул, омуль ч бий.  Мөн Сэлэнгэ мөрөн нь хилэм загасны гол нүүдэллэдэг, түрсээ шахдаг газар.

Сэлэнгэ мөрний тухай нэгэн сонирхолтой яриа бол Чингис хааны шарилын тухай хамгийн түгээмэл найман домог таамгийн  талаар оросын http://smartnews.ru сайтад бичжээ. Түүний нэг нь   Сэлэнгэ мөрний ёроолд байгаа гэнэ. Энэ таамгаар бол монголчууд том далан барьж мөрний усыг хааж байгаад эзэн хаанаа оршуулаад ёслол дуусмагц далангаа эвдсэн гэнэ. Иймд Сэлэнгэ мөрөн эзэн хааны шарилыг мөнхөд нууцлан урссаар байгаа юм байна.