9.03.2014

Дарвийн нуруу

Ховд аймгийн Дарви сумаас Говь-Алтай аймгийн Дарви сумын нутгаар баруун хойноосоо зүүн урагш сунаж тогтсон Дарвийн нуруу хэмээх нэгэн сайхан нуруу бий.
Манжын дарангуйлалын үед Өөлдийн Шар баатар гэж атаатныг дарахад ялалттай ирдэг, авд явахад ганзагатай явдаг, жолоо юугий нь татахад жороолонхон бөмбөлздөг, цулбуур юугий нь татахад цулгуйхан хатирдаг давирсхийгээд хөдлөхөд давхийгээд цойлдог Дарви хээр нэртэй даамай сайхан ажнай хүлэгтэй юмсанж.
Гэтэл манжийн хааны Хар баатар гэгч харагдаж үзэгдсэн бүхнээ хурмын төдийд хиаруулж устгадаг далдын ид шидтэй, тун ч олон цэрэгтэйгээ довтлон ирэхэд нь Дарви хээр нэртэй даамай хурдан хүлэг морио эмээллэн унасан Өөлдийн шар баатар одтой шөнө ч тулалдана, нартай өдөрч дайтна хэмээн домогт Хүйсийн говийн захад дайчин нөхдийнхөө хамт амдан тосож байлджээ.
Тэрсэлдэгч хоёр баатар эр чадал, эрхий мэргэнээ сорилцон, эрэгчин эмэгчнээ үзэн эрслэн тулалдахад холын хоёр уул нийлэн, хонхор газар овойж, тэнгэр огторгуй нэг харанхуйлж нэг онгойж, ус нэг үерлэн нэг татарч, үй олон түмэн үймэн шуугиж байсан гэдэг.
Өөлдийн Шар баатар дарвидаг хээр морьтойгоо сайн өртөө газар сайварлуулан хулжиж очоод мэхийдэггүй мэргэн нумаа мэхийлгэн татаж, мэнчийдэггүй эрхий хуруугаа мэнчийтэл хантайрч манжийн Хар баатрын өр зүрхэнд нь онилон харваж, ор сураггүй болтол нь намнахад нар нэг мандаж, навч цэцэг нэг дэлгэрч, сар нэг гарч, сайхан бүхэн цогцолжээ.
Ингээд Өөлдийн Шар баатар үлдсэн дайсныг дарахаар урд зүгийг чиглэх болсонд унасан морь нь сульдсан учир хайрт хүлэгтээ зориулан овоо босгож үлдээгээд тэр газраа Дэл цахир гэж нэрлэсэн гэнэ. Учир нь Дарви хээр нь цахир дэлтэй морь байж.
Уул овоог босгоход баатрын тушаалаар цэрэг бүр нэг чулуу тавьж босгосон гэх тул тэр баатрын хичнээн цэрэгтэй явсныг мэдье гэвэл Дарвийн нурууны "Алаг нянгар" гэдэг уулан дээрх овооны чулууг тоолбол мэдэх юм гэлцдэг.
Сульдаж хоцорсон Дарви хээр тэнхэрч хожим нь овоо тахилгын наадамд олон удаа түрүүлж ихэд алдаршжээ. Уг морины нэрээр түүний идээшиж тэнхэрсэн их нурууг Дарвийн нуруу гэж нэрлэх болсон байна.
эх сурвалж. Баруун монголын домог хууч яриа


No comments:

Post a Comment