12.27.2019

Шиби хааны үеийн зүүн Түрэг улс


609 онд нас барсан зүүн Түрэгийн Киминь хааныг түүний хүү Дуги шад залгамжлав. Шиби цол авчээ. 615 хүртэлх түүний хаанчлалын мэдээ баримт ховор.
Түрэгийн сүүлчийн хаадын үед бараг тасралтгүй үргэлжилж байсан дотоодын дайн байлдаанд чирэгдэж байсан түрэгүүд 603-615 оны үед хэдийгээр Суй улсын хилд ойр нутаглаж, хаад нь тэднээс ямар нэг байдлаар хараат явсан хэдий ч элдэв байлдаангүй хэсэг зуур амгалан суусан бололтой. Шиби хааны харъяат ард иргэдийн тоо олширч аажмаар хүч чадал нь сэргэж ирэв. Энэ явдал эсрэгээр Суй улсын шүдний өвчин боллоо.

Суй улсын түшмэл Пэй Цзюй эзэн хаандаа “уг нь түрэгүүд энгийн ойлгомжтой тул та ядах юмгүй тэдний дунд хагарал үүсгэж чадах ч харамсалтай нь тэдний дунд олон ху (согд) нар амьдрах болжээ. Харин тэд их зальтай, хортой аргатай. Тэд нар л түрэгүүдийг сургаад байна. Би Шишухусы гэгч нэгэн Шиби хааны дэргэд байж олон хорлонтой үйл сэтгэж хаанд үйлчилдэг гэж сонссон, түүнийг устгавал зохилтой” гэж нэг удаа айлтгажээ. Суй улсын хаан Ян Гуан түүний хүсэлтийг зөвшөөрсөнд Пэй Цзюй ... Шишухусы-д “Тэнгэрийн хүү олон тооны үнэт эд агуурс худалдаалахаар гаргалаа, тэр одоо Ма И хотод байна. Бүдүүлгүүдтэй хөлтэй наймаа хийх амой. Хэн эрт ирнэ, тэр сайныг авна” гэж хэл хүргүүлжээ.

Шишухусы сувдаг бөлгөө. Шиби хаанд хэлэлгүй хамгийн түрүүнд худалдаа хийх хүсэлдээ автан өөрийн хүрээг авч, мал сүргээ туун шөнө хүртэл зогсолтгүй явсаар хэлсэн газар нь хүрч Пэй Цзюй түшмэлийн урхинд орж алагдсан байна. Үүнээс болж Шиби хаан дотроо Суй улсад дургүйцэх болов. Пэй Цзюй бас Шиби хааны дүү Чицзи шадад Суй улсын хааны ургаас хатан буулгаж хооронд нь яс хаяхаар оролдсон нь Шиби хааны дургүйг улам хүргэжээ.

Суй улсын эхний хааны үед хуримтлуулсан баялаг сан, улсын хүч чадал дараагийн Ян Гуаны хаанчлалын эхэн үед маш богинохон хугацаанд дундарч багасах болжээ. Хамгийн гол нь жирийн иргэдийн өчүүхэн ч эсэргүүцлийг цус урсган дарж, хүй элгээр хядах болсон нь эргээд томоохон бослого хөдөлгөөн гарахад нөлөөллөө. Үүнээс гадна Ян Гуан хойд 3 хөрш Когүрю, Тугухунь, Түрэгтэй дайтаж эхэлжээ.

Байнга гарах болсон нэгэн бослогын үеэр Ян Гуан хаан хил хязгаар шалгах нэрээр 615 оны 8 сард нийслэл Лоянаас гарч Фэньянгун ордонд иржээ. Энэ үед Шиби хаан түүнийг цэрэглэж гэнэт довтлохыг оролдсон байна. Түүний санааг 599 онд Киминь хаанд өгсөн хожим нь Шиби залгаж авсан Ичэн гэх хятад хатан задалж элч илгээн мэдэгдсэн байна. Ян Гуан яаралтай зугтаж, Яньмэнь-д очсон ч Шиби хаан хотод нь бүслэн хаажээ. Шиби хаан Ян Гуаныг бүслэхийн хамт Яньмэнь, Госянь хоёр хотоос бусад 39 хотыг эзэлжээ. Яньмэнь-д Ян Гуан түгжигдсэн үед Госянь-д ханхүү Ян Цянь нөөц цэргийн хамт түрэгүүдтэй тулалдаж байв.

Суй улсын хаан хотод бүслэгдэн суух үедээ модонд зарлиг сийлж, голын усанд хаяж ойр орчмын захирагч нарт мэдэгдэж, туслах цэрэг дууджээ. Тэд цэрэг авч туслахаар ирэхэд Түрэгийн Шиби хаан цэргээ татаж буцжээ.

Энэ үеэс эхлэн Суй улсад хямрал нүүрлэж, энд тэндгүй тариачдын бослого гарч үүнийг далимдуулан язгууртнууд бие даах болов. Шофаныг мэдэж байсан Лян Шиду түшмэл Түрэгийн Шиби хааныг дагалаа. Шиби түүнд Даду Бицзя хаан цол өгч чонын толгойт туг олгожээ. Лян Шиду зарим түрэг овгийг Шофанд суулгажээ. Яньмэнийг захирах Лю Учжоу мөн Түрэгээс цэрэг агтны тусламж авч байлаа. Шиби хаан түүнд Динянь хаан цол өгч бас чонын толгойт туг өгчээ. Түүнчлэн Увэйн захирагч Ли Гуй, одоогийн Хэбэйн зарим газрыг захирч байсан Доу Цзяньдэ, Ланьчжоу-д сууж байсан Се Цзюй мөн Ван Шичун нар Түрэгтэй холбоо тогтоолоо. Хожим Тан улсын анхны хаан болсон Ли Юань бас 617 оны 6 сарын 19 нд зүүн Түрэгийн Шиби хаанд Лю Вэньцзинийг элчээр илгээж холбоо тогтоон тусламж хүсчээ. Ли Юань захиандаа “цэрэг босгохыг хүсч байна... эзэн та (Шиби хаан) чадвал надтай нэгдэж өмнө зүг хөдөлнө үү” гэж бичиж байв. Түүнийг Лунмэнд байхад Шиби хаан тегин Кан Шаоли-д 500 цэрэг 2000 морь өгч илгээв. Кан Шаоли тегин, Ли Юань-тай 10сарын 15 нд нэгдэж дараа нь тэд Ханьчэнийг эзэлжээ. Чананийг эзлэхэд дэмжиж, Ли Юань-д нэмж 2000 морьт цэрэг өгчээ. Ли Юань удалгүй хаан болж Тан улсыг байгуулснаа зарлав.

Тэр үед Түрэг улс дахин хүчирхэгжиж Киданаас баруун тийш Тугухунь, Гаочан хүртэлх бүх улс, овог аймгууд Түрэгийг дагах болжээ.

618 оны 6 сард Суй улсыг Тан улс халсны дараа урьдын холбоотнууд санал зөрж хоорондоо дайсагнах боллоо. Шиби хаан 619 оны 2 сард цэрэглэн гол гаталж, Сячжоу-д ирж буув. Шофаны захирагч Лян Шиду түүнтэй нэгдсэн бол Шиби хаан, Ма И-гийн захирагч Лю Учжоугийн цэрэгт нэмж 500 морьт цэрэг өгч, одоогийн Шаньси мужийн Дайсянь-аас баруун хойш буй Гоучжу уулнаас Тайюань-ийг идэхээр мордуулжээ. Гэвч энэ төлөвлөгөө хэрэгжсэнгүй. Тан улсын золоор Түрэгийн Шиби хаан 619 оны 3 сард гэнэт өвдөж үхэв.Түүний хүү Шибоби хаан суухад нас нь хэтэрхий бага байсан тул Нибу шад болгож, Ючжоу тойргийн чанх ард өргөөлж, зүүнгарыг захируулж байхаар илгээжээ. Шиби хааны дүү Эльтебер шадыг хаан өргөмжилж, Чуло хаан хэмээн нэрлэв.
“Монголын эртний түүх”

12.24.2019

Киминь хааны үеийн зүүн Түрэгийн улс


588 оны 8 сард болсон Гератын тулалдаанд алагдсан Чулохоу хааны хүү Жаньгань эцгийн адил Тули хан болж Түрэгийн хаант улсын дорнод хэсгийг захирахын хамт хил залгаа кидан, кумоси, байси, гучин татар, шивэй зэрэг хөрш аймгуудыг хянаж, тэднээс татвар хураах хэргийг хариуцдаг байжээ.

Суй улстай 597 онд ураг барилдсны дараа тэрээр нэг хэсэг түрэгийн хуучин бууц Дуцзиньд нутаглахыг оролдсон ч Юнюйлюй, Даду хоёрт байнга довтлуулж, арга буюу говийн өмнүүр Шочжоу тойрогт байгуулсан Даличэн хотод суух болжээ. Юнюйлюй, Даду нарын довтолгоо ширүүссэн тул Жаньгань дахин нүүж Хэнаньд шилжэн суув. 607 онд Тули хан Жаньгань улс орноороо аялж явсан Суй улсын хааныг одоогийн Хөх хотын өмнүүр урсах Цзинхэ голын дэргэд хүлээн авч уулзсан байдаг.

Юнюйлюй, Даду хоёр нэг удаа Жаньганийг довтлоход тэрээр зугтаж Суй улсын нийслэлд 599 оны 5 сард хүрэлцэн очжээ. 7 сард нь Суй улсын хаан Ян Цзянь түүнийг Түрэгийн хаанд өргөмжилж, Иличжэньдоу Киминь цол өргөмжлөв. Суй улсын энэ бодлогын улмаас Түрэг улс түүхэндээ анх удаа хоёр хаантай болж хүн ард нь хуваагдахад хүрчээ. Гэвч хятад сурвалжийн мэдээгээр Жаньганийг 10-20 мянган хүн дагаж байсан тул түүнийг 599-603 оны үед нөлөө бүхий хаан байсан гэж тооцох аргагүй. 

Харин өндөр тэрэгтнүүдэд ялагдан сураггүй болсон Даду хааны дараа Киминь хааны эрх мэдэл аажмаар нэмэгдэж хуучин Юнюйлюй, Даду нарт захирагдаж байсан зүүн түрэгүүд түүнийг дагах нь ихэсжээ. Зүүн Түрэгийн хаант улсын голомт ингэж говийн өмнө шилжсэн бөгөөд  Жаньганиас хойшхи хаад гол төлөв одоогийн Өвөр Монголын төв хэсгээр суух болсон байна.

Даду хаан ялагдаж зугтсны дараах хэдэн жилд Зүүн түрэгийн нутагт ямар үйл явдлууд болж өнгөрснийг мэдэх аргагүй. 603-607 оны үед холбогдох сурвалжийн мэдээ баримт байдаггүй.

Баруун Түрэгийн Чурын хаан Зүүнгарын өндөр тэрэгтнүүдтэй байлдаж  байх 605 оны орчим говийн умардад, Туул голын араар нутаглах пугу, тунло, баегу аймгууд Түрэгээс тусгаарлажээ. Тэгээд ч энэ үед говийн арын нутагт жинхэнэ түрэг овог аймгууд нутаглаж байсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь 597-601 оны үед холбогдох хятад сурвалжид хэд хэдэн удаа 10, 20 болон 90 мянган түрэгүүд удаа дараалан говийн өмнөх нутагт нүүн ирж Жаньганийг дагах болсон гэж тэмдэглэсэн байдаг.

Киминь хаан Монгол орны өндөр тэрэгтэн нарыг буцааж хураахыг оролдоогүй бололтой. Гадаад харилцааны хувьд ч бие даасан бодлого алга болжээ. Урьд элч илгээж байсан Когүрё улсаас 607 онд элч ирэхэд Киминь хаан Суй улсад мэдэгдэж байлаа. Тэр зөвхөн Суй улсын шинэ хаан Янди-тай хэдэн удаа уулзсан, түүнд талархсан гэх мэдээ байна. Киминь хаан 609 оны 12 сард үхжээ.

12.21.2019

Даду хааны үеийн Түрэг улс


Даду хан хаан ширээнд суугаад Бугя хаан цол авчээ. Энэ үед Даду хан Туу ябгу-ийн удам дотроос хамгийн ахмад нь болоод байв. Хятад сурвалжид Даду хааныг бас Дяньгю гэж нэрлэдэг бол визант сурвалжид  Тарду гэж тэмдэглэх боловч зарим тохиолдолд зүгээр хаан гэж дурдах тал бий.

Грек сурвалжийн мэдээгээр баруун түрэгийн Тарду ябгу түрэгийн хаан ширээнд суухаасаа өмнө их төлөв Кучагийн арын Эктаг уулнаа өргөөлж байсан билээ. Хаан болоод 600 оны 6 сард одоогийн Хөх хотын чиглэлээр Суй улсын хил руу довтлов. Шочжоу хотоос Ши Ваньсуй Даду хааны цэргийг угтаж мордлоо. Далан хар уул хүрэхэд Тардугийн цэрэг зууралдан байлдалгүй буруулав. Араас нь мөшгөсөн Суйгийн цэрэг 2 мянгаад хүнийг алсан байна.

Суй улс бас Линчжоу руу ханхүү Ян Су-гийн цэргийг илгээв. Дациньшаньд Суй улсын цэрэгтэй зууралдан байлдахаас зайлсан Тарду хаан дүүгийнхээ хүү Эльтеберийг илгээж Жаньганийг говийн зүүн талаас довтлуулав. Ян Цзянь хаан Жаньгань руу туслах цэрэг илгээж чухал боомт, гарцуудыг хаасан байна. Амжилт олоогүй Эльтебер эцсийн эцэст ухарчээ.

Өөрийнх амийг аварсанд Жаньгань талархаж Суй улсын хаанд захидал илгээсэн байдаг. Даду хаан дахин Тули хан Жаньганийг довтлох байх гэж эмээсэн Суй улсын хаан Чжао Чжунцинд 2 түмэн цэрэг өгч түүнийг хамгаалав.

601 оны хавар Даду хан 1 буман цэрэг авч Хэнань-д Дай тойргийн цэргийн захирагч Хань Хуныг хотод нь бүсэлж бутцохижээ. Энэ үед Чжао Чжунцин жанжин Лэнинчжэнээс гарч түрэгүүдийг отоонд оруулж, 1000 гаруй түрэг цэрэг хороов.
602 онд Түрэгийн Аусыли иркин гол гаталж, Тули ханыг довтолж 6000 хүн, 2 буман толгой мал булаажээ. Суй улсын ханхүү Ян Су түрэгийн Аусыли иркиныг довтолж, Тули ханаас булаасан бүхнийг буцаан авч өгөв. Суй улсын цэрэг гол гаталж буцмагц Аусыли-гийн аймаг дахин Тули хан Жаньганийг довтолсон боловч Ян Су цэрэг илгээж тэднийг ухраав.

Даду хаан Тули хан Жаньганийг байнга шахуу уулгалах болсон учир нь Юнюйлюй хааныг амьд байхад 599 онд Суй улсад зугтаж очсон Тули хан Жаньганийг, Суй улсын Ян Цзянь хаан Түрэгийн хаанд өргөмжилж, Киминь цол өгсөнд байлаа. Даду хаан түрэгийн хаан суурин залгамжлах ёсыг зөрчиж, чуулган зарлалгүй дураараа хаан болсон учир Тули ханыг устгахыг удаа дараа оролджээ.

Даду хан Суй улстай ид байлдаж байсан 602 оны эхний хагаст Баруун түрэгийн өндөр тэрэгтэн аймгууд Нили хан, Еху хоёрыг довтолж бутцохижээ. Түүнчлэн өндөр тэрэгтэн нарын дарамт шахалтаас болж түрэгүүд улс орноо орхин нүүж эхлэв. Түрэгээс 90 мянган хүн Суй улсыг зорьжээ. Түрэгийн захиргааг хүлээн зөвшөөрч байсан аймгууд ч нүүж суух болов. Өндөр тэргтний бослого 603 онд ид хүчээ авч, сыцзе, фулицзюй, хунь, хуса, аба, пугу гэсэн арваад аймаг нэгдэж Даду хааныг довтолсонд аймаг улс нь бутарч Даду хаан өөрөө Тугухунь улс руу зугтааж, сураг алдарчээ.

Түрэгийн Түмэн хаанаас хойш хаан ширээнд суусан 8 хаан бүгд түүний удмаас гарсан хаад. Харин Даду хаан бол Түмэн хааны дүү Истеми ябгу-гийн ахмад хүү билээ. Түүний 4 жилийн хаанчлалын дараа Түрэг улс хоёр салж, 460 оноос хойш тэдний нутаг болж байсан Алтай нуруу хоорондынх нь хил хязгаар боллоо.
Түрэг улс Орхон голын сав газар ба Талас голын саваар төвлөрсөн зүүн, баруун хоёр улс болон хуваагдан салж, зүүн нь Төлж, баруун нь Тардуш гэж нэрлэгдэх болжээ.   

11.30.2019

Юнюйлюй хааны үеийн Түрэг улс


Чулохоу хааны дараа Шаболюэ хааны ахмад хүү Юнюйлюй 588 онд хаан сууринд сууж Сега Шидона Дулань цол өргөмжилжээ. Хаан сууринд заларсан тухайгаа Суй улсад мэдэгдэхэд түүнд 3000 боодол торго бэлэглэв.

Өмнөд Хятадын Чэнь улсыг 588 онд мөхөөсөн Суй улсын Ян Цзянь хаан олзолсон эд өлгийн зүйл, халх шүхэр зэргийг Юнюйлюй хааны хатанд илгээсэнд Да И хатан цочирдож нэгэн шүлэг зохиосон нь хоёр улсын хойшдын харилцаанд сөрөг нөлөө үзүүлжээ. Шүлгийг олж мэдсэн Суй улсын хаан Да И хатанд дургүйцэх болж, Юнюйлюй хаанд өгч байсан бэлгийн тоог аажмаар багасгаж эхэлжээ. Юнюйлюйгийн Да И хатан бол Умард Чжоу  (Юйвэнь аймаг) улсын гаралтай гүнж бөгөөд Ниету хааны хатан байсан юм. Да И хатан бас Юнюйлюйгээс далдуур баруун Түрэгийн Нили хантай холбогдсныг мэдсэн Суй улс 593 онд хатан цолыг нь үгүй болгожээ. Гэхдээ Юнюйлюй хаан дургүйцэж магад хэмээн Нюданийг элчээр илгээхдээ царайлаг 4 дууч бүсгүйг хамт илгээсэн байна. Улмаар Суйгийн хаан энэ хятад хатанг зайлуулах бодлого явуулах болсонд Юнюйлюй хаан ч далдуур Суй улсад дургүйцэх болсон байна.

Гэсэн хэдий ч аль аль нь элч харилцан солилцсоор байлаа. 591 онд Юнюйлюй хаан өөрийн дүү тегин Жуданийг элчээр илгээж, Хотан газрын хашаар хийсэн бэрээг Суй улсын хаанд бэлэглэжээ. Суй улсын хаан Жудань-нд Чжуго цол өгч Самаркандын гүнд өргөмжлөв.

Түүнчлэн Түрэгт зугтан ирж, худал цуурхал тараан, Суй улсыг довтлох хэрэгтэй гэж байсан Ян Цинь-ийг 593 онд Юнюйлюй хаан баривчлан Суй улсад хүргүүлжээ. 594 онд Юнюйлюй 10 мянган адуу, 20 мянган хонь, 500 тэмээ, шар илгээж,  хилийн худалдаа нээхийг хүсэхэд Суй улсын хаан зөвшөөрөн хилийн худалдаа нээсэн байдаг.

Юнюйлюй хаан дотооддоо 593 онд дүү Циньюй шадыг довтолж, толгойг нь авсан бол 593-597 оны хооронд үеэл Тули хантай хэд хэдэн удаа байлджээ. Эдгээр дотоодын тэмцэлд Суй улс ихээр оролцож байв. Суй улсын хаанаас түрэгийн зарим язгууртан нарт санаатайгаар цол хэргэм нэмэх болж, Чулохоу хааны хүү Тули ханд гэхэд л олон удаа элч мордуулсанд Тули хан зөрүүлээд ураг барилдахыг гуйжээ. Суй улсын хаан хятад гүнж Да И-г устгавал гүнж өгье гэж хэлүүлжээ. Тули хан арга олж хятад гүнжийг гүжирдэв. 

Түүний мэхэнд автсан Юнюйлюй хаан хилэгнэж хатнаа хөнөөжээ. Удалгүй мэхлэгдсэнээ мэдсэн Юнюйлюй Тули хантай хэдэн удаа байлдсан байна. 597 онд Суй улс 500 морьтон илгээж Ань И гүнжийг Тули ханд өгч ураг барилджээ. Тули хан нүүж, Түрэгийн хуучин бууц Дуцзиньд ирж суужээ. Суй улс түүнд өгөх бэлэг сэлтээ ч нэмэв. Үүнд хилэгнэсэн Юнюйлюй хаан Суй улс руу элч илгээхээ зогсоож, хил хязгаарт нь байнга уулгалах болов.

599 онд Тули хан Суй улсын хаанд бичиг явуулж, Юнюйлюй хаан цэрэг зэвсгээ бэлдэж, Суй улсын Датун хотыг довтлох гэж байгааг мэдэгджээ. Энэ чимээг сонссон Суй улсын хаан цэрэг бэлтгэн Түрэг рүү довтлохыг тушаажээ.

Хатныг нь гүжирдэж, Суй улсыг довтлох төлөвлөгөөг нь задалсан зэрэг шалтгаанаар Юнюйлюй хаан баруун Түрэгийн Даду хантай холбоолон эхлээд Тули ханыг довтлов. Ах дүүс гэр бүлийг нь хядаад дараа нь Юйчжоу тойрогт халджээ. Тули хан Суйгийн элч Чаньсун Шэн-тэй дагалт 5 морьтны хамт арайхийн амь мултарч цэргийн Тунханьчжэнь хүрээнд хүрэлцэн ирэхэд Чжао Чжунцин жанжин 1000 морьт цэрэг авч яаравчлан очиж тусалжээ. Тули ханыг мөшгөж байсан Даду нэхэж байлдаж зүрхэлсэнгүй. Далимаар нь Суйчууд нууцаар Тули ханы албатуудыг дагаар орохыг ятгахад 20 мянга илүү түрэгчүүд Суй улсыг дагажээ. Энэ үед Юнюйлюй хааны дүү Дусулу 10 мянга орчим түрэг дагуулж Тули хан Жаньганьтай нийлэв.

599 оны 4.5 сард Даду хан Суй улсын хилийг уулгалахад Ши Ваньсуй тосч байлджээ. 7 сард Суй улс Гао Гун, Ян Со нарт цэрэг өгч Даду хантай байлдуулжээ. Тэдэнтэй цуг явсан Чжао Чжунцин 3000 цэрэг авч манлайлан явж байгаад Цзулишань ууланд түрэгүүдтэй таарч 7 хоног тулалдан байж зугтаалгав. Араас нь хөөж Цифуцзи хэмээх газарт гүйцэж 1000 хүн, түм гаруй мал олзлов. Яг энэ үед Түрэгийн нэмэлт хүч ирж тулалдахад Чжао Чжунцин дөрвөлжин жагсаал байр хийж 5 өдөр хамгаалж байтал Гао Гун ирж хамтдаа Түрэгийг довтолж  ухраажээ. Даду хан тулалдаанд шархадсан болотой. Зугтсан Түрэгийн цэргийг  Байдао өнгөртөл хөөж, 10 мянган түрэг өрх айл булааж, Хэнаньд шилжүүлэн суулгажээ.

Юнюйлюй хаан Тули хан Жаньганийг уулгалах нь зогсохгүй байсан тул түүнийг Хатан голоос өмнө Хэнань-д  нутаглах зөвшөөрөл өгч, Хатан голын зүүн, баруун эрэг хоорондох нутгийг бэлчээр болгож ашиглуулах болов.

Суй улсын Ян Цзянь хаан Юнюйлюй хааныг 4 замаар довтлохоор шийдэв. Тэд хөдөлж амжаагүй байхад  Юнюйлюй хаан 599.12.24 нд дэргэдийн хүмүүстээ алуулжээ. Даду хан чуулган зарлалгүй шууд хаан ширээнд суув.

"Монголын эртний түүх"

11.25.2019

Чулохоу хааны үеийн Түрэг улс


Шаболюэ хааны үед кумоси, байси, кидан аймгийн хэргийг хамаарч ч байсан Тули шад Чулохоу 587 оны 8 сард Шаболюэ хааныг үхсэний дараа хаан ширээ залгамжилж, Еху Мохе хаан цол хүртэв. Хаан болоод Шаболюэ хааны хүү Юнюйлюй-г ябгу өргөмжилж, дараагийн хаан хэмээн зарлав. Эртний хятад сурвалжид Чулохоу-г урт эрүүтэй, бөгтөр нуруутай, хөмсөг багатай, өнгөт нүдтэй, эрэлхэг, бодлоготой нэгэн гэж тодорхойлсон байдаг. Чулохоу гэх нэрийг эрдэмтэд янз бүрээр тайлбарлажээ. Эрдэмтэдийн саналаас үзвэл хятад сурвалжийн Чулохоу бол “Бухарын түүх”-ийн их хаан Чурин (Кара Чурин), түүний ябгу (еху) чимэг перс сурвалжуудын Биягу, Шава юм байна.

Түрэгийн шинэ хаанд өмнөх хааны үеэс улбаатай томоохон асуудал тулгарсан нь мөнөөх Або хан Далобяний хэрэг байлаа. Эхлээд Шаболюэ хаанд орд өргөөгөө хоослуулж, дараа нь Даду, Таньхань, Дицинь нараас дэмжлэг авч, Шаболюэ хааныг бут цохьсон ч дараа нь Шаболюэ, Ли Чэ-гийн цэрэгт цохигдсон Або хан үлдсэн хүмүүсээ дагуулан зугтжээ. Тажикийн Наршахи (899-959 он) –ийн бичсэн “Бухарын түүх”-д Бухар нутаг ус мод элбэг, гөрөөлөхөд таатай нутаг тул Туркестанаас ирсэн хүмүүс энд суурьшив. Эхэндээ тэд гэр майханд сууж байв. Сүүлдээ хүмүүс олноор ирэх болсон тул байр сууц барих болжээ. Олон хүнтэй болоод дундаасаа эмир сонгов. 

Түүнийг Абруй (Або) гэдэг. Хааны сууж байсан сууринг Пайкенд гэнэ. Хэсэг хугацааны дараа Абруй хүчжиж, энэ мужийг харгис ширүүнээр захирах болсон нь тэвчишгүй болжээ. Баян худалдаачид нутаг уснаасаа явж, Талас-д ирж, Хамукат гэдэг хот байгуулж суув. Бухарт үлдсэн олон түмэн Биягу гэж нэрлэдэг Түрэгийн захирагч Кара Чуринд элч илгээж, Абруйгийн харгислалаас аврахыг хүсэв гэсэн мэдээ үлдээжээ.

Нэгэн цагт Шаболюэ хаан ахынхаа эсрэг тэмцэж байсан Чулохоу хаан Шаболюэйтэй өсөлдөн байлдаж байсан Або ханыг устгахаар шийдвэрлэв. Энэ үед Суй улс Чулохоу хаанд хаан болсонд баяр хүргэж түүнд Суй улсын хэрэглэдэг туг далбаа, бүрээ бөмбөр нэлээдийг бэлэглэжээ. Чулохоу бэлгийг хүлээн аваад баруун зүгт Або-г дайлахаар мордов. Або-гийн суугаа газар очихдоо Чулохоу Суй улсын туг далбааг хийсгэж очсонд Або хууртаж, Суй улсын их цэрэг ирж байна гэж бодоцгоож,  Або-гийн цэргүүд олноор Чулохоу-гийн талд оржээ. Чулохоу Або-г баривчлав.

587 оны 8/9 сараас 588 оны 7/8 сарын хооронд Або ханыг устгасан Чулохоу хаан цэргээ авч цаашлан Ираныг довтлохоор аян дайнд морджээ. Ираныг довтолсон Чулохоугийн цэргийн тоог сурвалжуудад янз бүрээр тэмдэглэсэн байдаг. Табарын түүхэнд Шава хаан 300 мянган цэрэгтэй гэсэн бол Фирдоусийн “Шахнаме”-д Савэ шах 1200 заантай 400 мянган цэрэгтэй байсан гэж, Абу Сансур Ал-Та”алибигийн Персийн хаадын түүхэнд Шаба шах Ираныг эзлэхээр 100 мянган морьт цэрэгтэй Балхыг чиглэн айсуй гэж бичжээ.

Түрэгийн хаан Ираны пахлаван хоёр биечлэн тулсан Гератын байлдаанаас өмнө Ираны Хормизд хаан уран арга хэрэглэсэн байна. Тэрээр Бахрамын цэрэг тулалдах газраа сонгох хүртэл Түрэгийн хааныг мэхлэхээр шийдэж ордны шадар Хоррад Борзиныг Шава руу илгээжээ. Энэ үед Ираныг захирч байсан Хормизд Туркзад (Hurmuz 579-590 он) хаан бол Баруун Түрэгийн Истеми ябгу-гийн зээ хүү байлаа.

Ираны өмнөөс дайнд мордохдоо Бахрам зөвхөн дөчөөд настай хашир туршлагатай 12 мянган цэрэг сонгож, хааны сангаас зэр зэвсэг авч, хүн морио өвч хуяглаж морджээ.
Бухарын Пайкенд цайзаас Чаржоугаар дайрч Амудъяаг гаталсан түрэгүүд Хоррад Борзины уран ургад автаж, өрнө зүг давшилгүй, өмнө зүг эргэж, Герируд мөрнийг өгсөж Гератын Герийн талд ирэхэд Бахрамын цэрэг хэдийнээ тэнд ашигтай байр эзэлсэн байв.

Гэнэт ийнхүү Ираны цэрэгтэй тулгарсан түрэгүүд Бахрамын бодлого, төлөвлөсөн байрт автаж, 9 цаг хэртэй нөрлөн байлдсаны эцэст хавцалд шахагдан ялагдсан бөгөөд Бахрамын харвасан суманд Чулохоу хаан оногдож үхэв. Ялагдсан түрэгүүд эмх замбараагүй зугтлаа.  Бахрамын гарт хэмжээлшгүй их олз орсны дотор хааны алтан титэм хүртэл байжээ. Гератэд  нэг сар саатахдаа Бахрам олсон олзоо 250 мянган тэмээнд ачуулж Хормизд шах руу илгээсэн гэдэг.

Хаанаа алагдсныг сонссон Пармод бас л 100 мянган цэрэгтэй Жэйхун мөрнийг чиглэж давшжээ. Бахрам цэргээ авч Хорасан мужаас нэмж цэрэг аваад Балхаас 2 өдөрчийн газарт Пармодын цэрэгтэй тулгарчээ. Гэвч Пармод ялагдан олзлогдож Хормизд руу очин гэрээ байгуулан нутагтаа буцжээ.

Персийн сурвалжуудад Пармодыг Чулохоу хааны хүү гэдэг. Табарын түүхэнд Пармодыг Нили хан гэдэг. Хэрэвзээ Нили хан бол хятад сурвалжид түүнийг Або хан Далобяний хүү гэж тэмдэглэжээ. Нили ханыг 602 онд Зүүнгарын өндөр тэрэгтнүүд довтолж бутцохисон билээ.  

Нйету хааны үеийн Түрэг улс


Тобо хаан Муханий хүү Далобянийг хаан суулгахаар гэрээсэлсэн ч эх нь язгууртан биш тул түрэгийн язгууртнууд чуулж түүнийг хаан суухыг эсэргүүцжээ. Тобо хааны хүү Аньло-г түрэгүүд хүндэтгэдэг байлаа. Хамгийн сүүлд чуулганд хүрэлцэн ирсэн Кело хааны ууган хүү Нйету “ та бүхэн Аньло-г хаан болговол би ах дүүсийн хамт түүнд зүтгэх болно, хэрвээ Далобянийг хаан болговол би нутгаа хамгаалж хурц илд, урт жадаа бэлдэж түүнийг хүлээх болно” гэж хэлэв. Эр бие нь жагссан эрэлхэг дайчин түүний үгийг сөрөх язгууртнууд гарсангүй. Ингэж Аньло хаан болов. Хаан болж чадаагүйдээ эгдүүцсэн Далобянь Аньло руу байнга хүн явуулж  үг дайх болжээ. 
Түүнийг номхруулж эс чадаад аргагүйдэж Аньло хаан ширээнээсээ буув. 

Түрэгийн ихэс дээдэс дахин чуулж зөвлөлдөөд дөрвөн ханхүүгээс Нйету арга бодлоготой хэмээн түүнийг хаан болгож, Илиг  Күл цол олгож, Шаболюэ гэж нэрийджээ.

Шаболюэ хаан суугаад Аньло-г гуравдугаар хан болгоход Далобянь “чи бид хоёр хоёюулаа хааны удам, одоо чи хаан боллоо. Яагаад надад цол хэргэм өгөхгүй байна” гэхэд Шаболюэ сандарч түүнд Або хан цол өгчээ. Далобянь ч нутаг буцав.
Византын сурвалжийн мэдээгээр тэр үед түрэг 8 том эзэмшилд хуваагдаад байжээ. 

Найман эзэмшлийн 3 нь Зүүн түрэгт, 5 нь Баруун түрэгт байснаас 2 нь хожим Хазарын хаант улсад багтсан нутагт байжээ. Зүүн түрэгт 1.Шаболюэ хаан (Өтүгэн Дугинь) 2.Аньло хан (Туул гол) 3.Далобянь хан (Өтүгэн Алтай) Баруун Түрэгт 4.Даду хан (Эктел уул) 5.6. нэр үл мэдэгдэх хоёр ханхүү (Эртний Усуний нутаг, Чачийн умард этгээд) 7.8.Турксанф, Бохан нар (Ижилийн доод бие, Кубань) нутаглаж байлаа.

Түрэгийн таван хан Суй улсыг дайлсан нь. Умард Жоу улсыг түлхэн унагааж, Суй улсыг 581 онд тунхагласанЯн Цзянь хаан Түрэгүүдийг үл тоомсорлох болов. 564 онд Мухань хаантай нийлж, Умард Ци улсыг довтолж ирээд Умард Жоу улсын хаанд “түрэг цэрэг шагнал, цааз алийг нь ч үл хайхардаг, захирагч нараа хүндлэх нь бага, ихэнхдээ дүрэм журам сахихгүй. Тэдний учрыг олох хялбар, тэднийг хүчирхэг гэж хэлэлцэх нь дэмий үг” гэж хэлж байсан Ян Чжун бол Ян Цзяний эцэг юм.

Ян Цзянь хаан болоод өмнөх Умард Жоу улсын Юйвэнь ургийг бүрэн устгасан билээ. Тиймээс Шаболюэ-гийн Умард Жоу улсаас авсан хатан Ян Цзяниас өшөө авч өгөхийг байнга шаардах болжээ. Шаболюэ хаан Даду, Аньло, Або, Таньхань гэсэн Түрэгийн том хан нарт элч илгээж, цэргээ бэлдэв. Суй улсын сударт Түрэгийн 5 хан нийлээд 4 буман цэрэг дагуулж ирсэн гэж тэмдэглэсэн байдаг ч Шаболюэ хааны дүү Чулохоу, Паньна зэрэг хангууд бас энэ дайнд оролцжээ. Түүнчлэн Суй улсын зүүн хязгаарын захирагч Гао Баонин Түрэгт урважээ. 582 онд бэлтгэлээ хангасан Түрэгийн их цэрэг Суй улс руу хөдлөв. 

Түрэгийн энэ удаагийн (582 оны 6-8 сар) дайралтанд ялагдсан Суй улсын хаан хамгаалалтанд бэлдэж, 11 сард нийслэл хотынхоо умард этгээдийн Сяньян-д угсаа залгамжлагч ханхүү Ян Юныг их цэрэгтэй байрлуулав.

582 оны 12 сард Шаболюэ хаан Чулохоу хан, Паньна хан нарын дүүгээ дагуулан 1 буман цэргээр Суй улсын хилийг дахин давав. Гэвч замд нь Суй улсын цэрэг саад болж чадсан юм. Юуны өмнө Суйгийн хаан хил нэвтэрсэн түрэгийг угтан байлд гээд Юй Цинзэ, Чанжу нарыг илгээжээ. Юй Цинзэ-г Хунхуа хүрч байрлаж, Түрэгийн довтолгоог эсэргүүц гэж зарлигдсан байна. Чанжу-г өөр замаар илгээв. Юй Цинзэ-гийн цэрэг замдаа төөрч осгоод 1000 цэрэг хуруугүй болжээ. 2000 морьт цэрэгтэй Чанжу Чжоупань хот орчим түрэгүүдтэй тулгараад хүчрэхгүйгээ мэдэж, Юй Цинзэгээс тусламж гуйжээ. Тэр тусалсангүй. 

Чанжу дасигийн цэрэг түрэгийн олон цэргийг хараад айхад Чанжу хилэгнэж өөрийн эр зоригоо харуулж тулалдахыг уриалжээ. Чанжугийн цэрэг түрэгүүдтэй  3 өдөр тулалдаад зэвсэггүй болж, гардан тулалдаанд орсон ч 10 хүний 9 нь үхжээ. Чанжу биедээ 5 шарх авсаны 2 нь сумны шарх байсан гэдэг. Гэсэн ч түрэгийн их цэрэг довтолгооноо зогсжээ.

583 оны 2 сард түрэгүүд дахин Суй улсын хилд халдав. Түрэгүүд их хүчээр олон газраар зэрэг довтлох болсонд Суйгийн хаан зарлиг буулгаж улс даяар түрэгүүдтэй байлдахыг уриалсан байна. Хаан өөрөө 4 сард 200000 орчим цэрэг дайчилж Түрэгийн эсрэг илгээжээ.

Түрэгтэй хэрхэн байлдах тухай ярилцсан зөвлөгөөн дээр Ли Чун урьд өмнө түрэгтэй байлдаж ялагдсан жанждын алдааг цохон дурдаад, одоо түрэг хаан чухал газруудад цэргээ байрлуулаад биднийг довтолж чадахгүй хэмээн басамжилж суугаа, тиймээс шилдэг цэргээр гэнэт довтлоход амжилт олно гэхэд олон жанжин эргэлзсэн ч Вэй ван Ян Шуан зөвшөөрч, Ли Чун, Ли Чэ нар 5000 шилдэг цэрэг авч Байдао-д буй Шаболюэ хааныг гэнэт довтлоход тэр алтан хөө хуягаа хөсөр хаяж, өвс ногоонд нуугдан амьд гарсан гэж хятад сурвалжид тэмдэглэжээ.

Байдаогийн тулалдааны дараа зүүн жигүүрт шилжин байрласан Ли Чун түрэгүүдтэй арваад өдөр байлдаад хүч нь суларсан тул Шачэн хотод байрлав. Тэр үед нь түрэгүүд бүсэлж, хотыг түгжив. Ли Чуны цэрэг хоол хүнсгүй болоод нэг шөнө түрэгүүдийг гэнэдүүлэн довтолж, бүх малыг нь хуу хамжээ. Дараа дахин шөнөөр довтлоход түрэгүүд бэлтгэлтэй байсан тул Ли Чуны цэргийн олонхийг нь олзлов. Энэ үеэр түрэгүүд Ли Чунд тегин цол өгье, дагаар орогтун гэхэд тэр, үхэх нь тодорхой гээд үлдсэн цэргээ зугтаалгаад өөрөө илдээ сугалан дайрч хоёр хүн алахад түүнийг зэрэг зэрэг харваж алжээ.

Инь Шоугийн захирсан нэг түмэн Суйгийн зүүн замын цэрэг Түрэгтэй холбоолж Суйг довтолсон Гао Баониныг устгахаар Хэбэй боомтоор гарч довтолжээ. Хүч мөхстсөн Гао Баонин түрэгүүдээс тусламж гуйсан боловч Шаболюэ яг Байдаод Вэй ван Ян Шуантай байлдаж байсан тул өмгөөлөх цэрэг илгээж чадаагүй юм. Гао Баонин ухарч Кидан руу зугтсан ч тэндээ доорд шадар хүндээ алагдсан байна.

Үүнээс гадна 5 сард Мона гарам дээр Ли Хуан түрэгтэй байлдсан бол мөн сард Лянчжоу-д Ду Жундин Або нарын түрэгүүдтэй байлджээ. Нийт 3 түмэн явган, морин цэрэгтэй 9 анги цэрэг захирсан Ду Жундин жанжин Аботэй тулгаран байлдахад талууд өөр өөрийн байрлалаа сайтар хамгаалж байв. Усгүй болоход цэргүүд агтныхаа гүрээг ханаж цусыг нь ууж байлаа. 10 хүнээс 3 нь үхжээ. Гэнэт бороо асгарч Суйгийн цэрэг далимаар нь түрэгийн харуулыг довтолж устгав. Айсан түрэгүүд холбоо барьж, найрамдаад буцжээ. Ду Жундинтэй хамт явсан Хэлу Зигань өөр замаар давшиж бас нэг замын түрэг цэрэгтэй тулалдаж мянгаадыг нь устгажээ.

Суй улсын хаан Түрэгийн цэрэгтэй шууд байлдахаас гадна гадаад бодлогын уламжлалт аргаа хэрэглэхээр шийдэж, тоба гаралтай түшмэл Чансунь Шэн-ийг дуудаж, түрэг хаадыг хагаралдуулах бодлого боловсруулахыг даалгажээ. Умард Жоу улсын гүнжийг Түрэгийн Тобо хаанд хүргэж байсан Чансунь Шэн түшмэл Шаболюэ, Даду, Або, Чулохоу нар хоорондоо түнжин муутайг мэдэх тул эхний удаа их цэрэгтэй боловч Шаболюэгээс дор байр суурьтай Даду болон Шаболюэгийн дүү Чулохоу нарт элч илгээхийг зөвлөжээ. Түүний бодлогыг сайшаасан Суй улсын хаан Хами хавьд сууж, Цзюцюанийг довтолж байсан Даду-д Юань Хуй тайбуг элчээр илгээж чонын толгойтой туг бэлэглэв. Чансунь Шэнийг Хуанлун руу явуулж Чулохоутой уулзуулж, Суй улсад дагахыг ятгажээ. Энэ арга үр дүнгээ өгч 583 оны дундуур дайн ид өрнөж байхад Баруун түрэгийн Даду хан хил залгаа Хотан, Перс, Эфталит нар бослого гаргалаа хэмээн шалтаглаж, цэргээ татан буцав. Кумоси, Байси, Киданы хилийн харалдаа сууж байсан Тули хан Чулохоу Суй улсыг дагахаа илэрхийлжээ. Чансунь Шэн уран арга хэрэглэж, эртнээс таарамжгүй байсан Шаболюэ(Нйету), Або (Далобянь) нарыг бас хагаралдуулж амжив.

Чаньсун Шэн мөн дараахь төлөвлөгөөг боловсруулжээ. Юуны өмнө Шаболюэ хаан их хартай үл итгэмтгий болохыг мэджээ. Хамгийн гол нь гуйвамтгай Або хан Далобянь түүнд дургүй хэрнээ тэр хүчтэй байгаа тул Даду хан руу элч илгээж түүнийг Аботай нэгд гэе! Тэд нараас сэргийлэхийн тулд Шаболюэ хаан цэргээ татаж нутгийнхаа баруун захад суух болно. Дараа кумоси, байси, киданы талд Чулохоу ханыг урвуулъя! Шаболюэ зүүн жигүүрээ хамгаалахын тулд цэргээ арагш татах нь гарцаагүй. Ингээд тэд хагаралдах нь дамжиггүй гэж тооцоолжээ. 

583 оны 6 сард Ду Жундин, Хэлу Зигянь нарт ялагдсан Або ханыг хатгаж, Даду хан Суй улстай найрамдсан чи бас Суй улстай найрамдах хэрэгтэй гэж ятгасаар Або ханыг дангаар найрамдлын гэрээ байгуулахад хүргэжээ. Энэ үед Ян Шуанд ялагдсан Шаболюэ хааны цэргүүд Байдаогоос хойш нутаглаж хоол хүнсгүй болж, яс нүдэж идэж байсан ба тэдний дунд өвчин гарч олон цэрэг үхжээ. Шаболюэ хаан Або ханыг Суй улстай дур мэдэн харилцаж эхэлсэнд дургүйцэж, Өтүгэн Алтайн завсар байсан Або ханы гэр өргөөг довтолж, эхийг нь алав.

584 оны төгсгөлөөр Түрэг улс бий болсноос хойш анх удаа 10000 хүнтэй Суни аймаг нүүж, Суй улсыг дагажээ. Лянчжоугийн хавьд нутаглаж байгаад харьсан Або ханыг хоосон буурь угтав. Або хан шууд Баруун Түрэгийн Даду хан руу очжээ. Або хантай санаа нэг Таньхань хан бас энэ үеэр Шаболюэ хаанд аймгаа булаалгаж, хан цолоо хураалгасан тул бас Даду хан руу зугтаж очив. Түүнчлэн жижиг аймагтай Шаболюэ-гийн үеэл Дицинь түүнтэй сөргөлдөж байж дийлдээд, салж нүүн Даду хантай нэгджээ. 

Суй улсын бодлого амжилт олж, Шаболюэ гандцаардав. Даду хан Або ханд нэг буман цэрэг өгч дорно зүг илгээв. Нутагтаа ирэхэд нь хуучин харъяат цэргүүд нь нэгдэж, хүч нэмсэн Або хан Шаболюэ хааныг довтлон ялж, хуучин нутгаа эргүүлэн авлаа.
584 оны 10 сарын 19-ны өдөр Шаболюэ хаан Суй улсын хаан Ян Цзяньд захидал бичсэн нь Суй улсын сударт тэмдэглэгдэн үлджээ. Суйгийн хаан Юй Цинзэ-гээр хариу захидал илгээв. Хятад сурвалжид Шаболюэ хаан Суй улсын хааны бичгийг сөгдөж авсан, түшмэг харъяат гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэжээ.

Энэ удаа Шаболюэ хааныг говийн өмнө нүүж ирэх тухай хэлэлцсэн байна. Тэр үед Шаболюэ-г баруун талаас Даду хан, зүүн талаас киданчууд довтлон сандаргах болсон тул тэрээр Суйгийн хаанд Өтүгэнээс нүүж, говийн өмнө Байдао-д нутаглах хүсэлтээ илэрхийлж, нүүхэд хамгаалах цэрэг гуйжээ. Суйгийн хаан Ян Цзянь, ханхүү Цзинь ван Ян Гуаныг туслах цэрэгтэй илгээж, Шаболюэ-д хоол хүнс, хувцас хунар, тэрэг, хөгжмийн зэмсэг хүргүүлэв. Шаболюэ 585 оны 5 сард Байдао-д нүүж ирлээ.
Суй улсын хаан 585 оны 7 сард Ли Чэ-д түмэн цэрэг өгч, Шаболюэтэй хамт Або ханыг бутцохиж, олзолсон эд зүйлээ Шаболюэ хаанд өгсөнд тэр ихэд баясаж, Суй улсын түшмэг болсноо илэрхийлж бичиг өргөв.

Даду хан, Або хан болон киданчуудын хүчийг ашиглан, Шаболюэ хааныг шахамдуулж байсан Чулохоу нараас дайжиж, Байдао-д ирсэн Түрэгийн хаан Шаболюэ 587 оны 2 сард Суй улсын хаанд бэлэг хүргүүлэхийн ялдамд Хэнчжоу, Дайчжоу тойргийн нутагт гөрөөлөх зөвшөөрөл хүсчээ. Ян Цзянь хаан зөвшөөрч хариу хүнс, дарс илгээхэд Шаболюэ хоёронтоо сөгдөж мөргөн авав. Нэгэн өдөр тэрээр 18 буга авлаж, хэл сүүлийг нь Суйгийн хаанд илгээгээд буцахдаа Цзыхэжэнь цайзад саатжээ. Гэнэт түүний гэр шатав. Үүнд сэжиглэсэн Шаболюэ хаан сар гаруй болоод 587 оны сүүлчээр нас баржээ.
“Монголын эртний түүх”

11.08.2019

Тобо (Татпар) хааны үеийн Түрэг улс


Тобо хааныг Бугатын бичээст Мага Татпар хаан гээд түүний ах Мухань хаан тэнгэрт халихад туулай жил буюу 571 онд хаан болов гэж тэмдэглэжээ. Мухань хааны үед төрийн хэрэгт тусалж байсан Тобо хаан суугаад Кэло хааны ууган хүү Нйету –д хан цол өгч Зүүн Түрэгийн зүүн гарыг захируулав. Өөрийн бага дүү Жудань-ний хүү Були ханд Зүүн Түрэгийн баруун гарыг мэдүүллээ.

Нэг буман цэрэгтээ эрдэж Тобо хаан хятад орныг үл тоож байв. Зөвхөн Умард Жоу улс гэхэд л түүнд жил бүр 100000 боодол сиймхий торго, хоргой өгч байжээ. Түүнчлэн түрэг элчийн тоо заримдаа 1000 хүрч байв. Умард Ци улс бэлэг сэлт хүргүүлсээр байгаад улсынх нь сан хөмрөг дундрахад хүрсэн байна.

577 онд Умард Ци улс мөхөхөд Динчжоугийн захирагч Гао Шао-и, Ма-и хотоос гарч Түрэгт зугтаж ирэв. Умард Ци улсын Гао Ян Вэньсюань хааны хүү Гао Шаои-г Тобо хаан Умард Ци улсын хаанаар өргөмжлөв. 578 онд Тобо хаан Ючжоу мужид халдахад Умард Жоу улс Тобогийн эсрэг эхлээд Лю Сюн гээчийг илгээсэн ч тэр нь ялагджээ. 578 оны 6 сард Умард Жоугийн хаан 35 настай Юйвэнь Юн хаан өөрийн биеэр 6 корпус цэрэг авч Түрэгтэй байлдахаар хөдөлсөн ч зам зуур үхсэн тул цэрэг буцсан байна. Тэр жилийн өвөл Тобо хаан цэргээ дагуулан Умард Жоу руу довтолж, их дээрэм хийж буцжээ.

579 оны эхээр Тобо Умард Жоу улстай харилцаагаа сэргээж ураг барилдахыг санал болгоход Умард Жоугийн хаан Чжао вангийн охинг түүнд өгч хариуд нь Гао Шаои-г гаргаж өгөхийг шаарджээ. Тобо зөвшөөрсөнгүй цэргээ авч Бинчжоу мужийг довтлов.
580 онд хятадын гүжийг авахаар элч илгээсэн ч дэргэдээ Гао Шаои-г байлгасаар байв. Умард Жоугийн хаан элчээр Хэ Жои-г илгээж Тобо хааныг ятгажээ. Тобо хаан Монголын өмнөд хэсэгт ан хийхээр явахдаа Гао Шаои-г авч явав. Түүнийг ан хийж байхад Хэ Жои Гао Шаои-г баривчилж, 580 оны 8 сард нийслэлдээ хүргэжээ.

582 онд Тобо хаан өвдөж үхжээ. Үхэхийнхээ өмнө Аньло хүүгээ дуудаж, үеэл ах Далобяньд хаан ширээ өгөх ёстойг сануулсан байна. Бугатын бичээст Тобо хааныг 11 жил төр барьсан гэж тэмдэглэжээ.

"Монгоын эртний түүх"

10.24.2019

Мухань хаан Истеми ябгугийн үеийн Түрэг улс


Гол дайсан монгол угсааны Нирун улсыг мөхөөж, Тогон улсын хүчийг сулруулсан түрэгүүдийг Төв Азид үндсэндээ дийлэх хүч үгүй болж, тэдэнд ялагдсан овог аймгуудын зарим нь ийш тийш дайжин нүүх болов. Энэ үеэр л Төв Ази эсвэл Зүүнгараас 20000 цэрэг бүхий аварууд түрэгээс зугтаж Азов-Каспийн хооронд иржээ. 

Удаан тэнэсээр Аланд ирсэн аварчууд аланы эзэн Саросийгаар дамжуулан Лазик дахь ромын цэргийн захирагч Юстинд Византын хаантай уулзах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Зөвшөөрөл аваад аварчууд Кандих-аар толгойлуулсан элчийг Константинополь руу илгээсэн байна. Аварын сүлжиж гөрсөн урт гэзэгтэй элч нар 557 оны 12 сарын 15-наас 558 оны 2 сарын хооронд Юстиниан хаанд бараалхжээ.

Харин түрэгүүд 556 оноос хойш гол анхааралаа өрнө зүг торгоны зам дагуух улсууд руу хандууллаа. Түрэг улсыг байгуулсан Буман хаан 552 онд Алтайгаас зүүн тийших нутгийг өөрөө авч, анх мандсан Алтай болон Зүүнгар нутгийг тэнд оршин суугч өндөр тэрэгтэн өөр бусад түрэг хэлт аймгуудын хамт дүү Истемидээ өгч өөрийн зүүж явсан ябгу цолоо өгсөн билээ. 603 он хүртэлх Түрэг улсын Зүүн Баруун хоёр хэсэг анхнаасаа тус тусдаа эзэдтэй байж, хаадын гадаад бодлого нь дорно өрнө гэсэн хоёр өөр чиглэлд явагдснаас гадна Баруун Түрэгийн хаад төвдөө хэрхэн захирагдаж байсан талаарх мэдээ ховор. Бараг хоёр улсын холбооноос Түрэгийн хаант улс бүрэлдэж байжээ.

Эфталитыг мөхөөв. Сырдаръяа мөрөн Ташкент хүртэлх нутгийг захирах болсон Баруун түрэгийн Эстими ябгу Ираны Хосроу хаантай найрсаг харилцаа тогтоохоор хятад газрын бараа таваар ачсан зуугаад тэмээ хөсөг илгээжээ. Тэр цагын Эфталит улсын хаан Гатфар “биднийг тэдний найрамдал мөхөөнө” хэмээгээд Түрэгийн элчдийг довтолж, ачаа барааг булааж, ганцаас бусдын толгойг авсан байна.

Эфталитыг дайлахаас өмнө Истеми 557-562 оны хооронд Долоон гол, Талас голын хөндий, Хотан газрыг өөрийн болгов. Үүний дараа Истеми харъяат цэргээ аван Качгар башигаас Эфталитыг дайлахаар мордлоо. Эфталитын Гатфар хаан яаравчлан цэргээ цуглуулахад их цэргийн хөлөөр боссон тоос нарыг халхалж байсан гэдэг. Хангалттай цэрэг цуглуулж чадсан ч Түрэгтэй хэрхэн байлдахаа төлөвлөх явцад Эфталитын язгууртнуудын санал хуваагдаж, Катулф гэгч Түрэгийг тосч байлдах хэрэггүй нийслэл хавьдаа дайснаа хүлээх хэрэгтэй гэж хаанаа ятгав. Тэдний нийслэл Амударъяа мөрний өмнөд этгээдийн Балх байлаа. Зөвлөгөөг нь сонсоогүйд Катулф урваж, Иран руу зугтаажээ.
Гатфар Балхаас түрэгүүдийг угтаж Бухар руу хөдөлжээ. Качгараас хөдөлсөн Истемийн их цэрэг мөн Бухарт ирлээ. Хоёр тал 7 хоног тулалдсан ч хэн нь ялах нь тодорхойгүй байтал наймдахь өдөр Гатфарын цэргийн жагсаал руу шороо босч харанхуйлсныг далимдуулан түрэгүүд давшиж Эфталитчуудыг бут цохив.

Эфталит Түрэг хоёрын Бухарын тулалдаан дууссаны дараах нь Хосроу шах мөн цэрэглэж Тохаристан, Забулистан, Кабулистан, Чаганианыг дотолж эзэлсэн байна. Ираны шах Түрэгийн эзний минийх гэж бардамнаж байгаа Кушан нутгийн эзэн нь хууль ёсоор би биш билүү? гэж өөрийн сэцдээс асуухад тэд:”одоо Гатфар, эфталитуудыг март хаантаан. Таныг цэргээ аван Хорасан орох төдийд ромчууд биднийг довтолж сүйд хийнэ” гэж хариулжээ. Ираны хаан сайд түшмэдүүдээ амар жимэр байж, хялбарыг харах болж гэж зэмлээд цэргээ авч Хорасан орох болно. Эфталит ч бай, Түрэг ч бай хамаагүй хэн ч Иран руу өнгөлзөх ёсгүй гэж хариулаад цэргээ цуглуулжээ. 

Яг гэнэ үед түүнд түрэгүүд дуу бариулан элч илгээсэн ба эфталитын тусламж хүссэн захидал мөн ирчихсэн байлаа. Хосроу аль алинд нь хариу өгөлгүй цэргээ авч Горган хүрч ан гөрөө хөөцөлдөн байв. Ираны хаан цэрэглэн ирж явааг мэдсэн Истеми дахин Иран руу 10 хүнтэй элч явуулж хэлэлцээр байгуулахыг зорив. Истеми зорьсондоо хүрч гэрээ байгуулж, баталгаа болгож худ ураг барилджээ. Эфталитын газар нутгаас Түрэг улсад Чач, Ферган, Согд (Самарканд, Бухар, Насеф) оногдов.

Эфталит улс хэдэн онд мөхсөнийг заасан сурвалжийн мэдээ байдаггүй ч эрдэмтэд Түрэгүүд 563 оны намар өвөл эфталитыг мөхөөж, 564 оны хоёроос аравдугаар сард умард Ци улсыг довтолсон гэж үздэг.

Мухань хааны үед түрэгүүд улам хүчирхэгжиж Азийн тал хээрийн бүсэд дангаараа ноёрхож эхэллээ. “Умард Жоу улсын судар”-т Түрэг өрнөдөд Эфталитыг цохиж, дорнодод Киданыг мөшгөж, умардад Киргизыг эзлэв. Дорно зүгийн Бохайн булангаас баруун тийш Баруун тэнгис хүртэл түмэн газар (4590 км) өмнөдийн говиос умардын тэнгис хүртэл 6000 газар (2754 км) үргэлжлэх өргөн уудам нутгийг эзэмшиж, хүч чадлаараа Умард Жоу, Умард Ци улстай эн зэрэгцсэн гэж тэмдэглэжээ.

556 оноос хойш Түрэгийн гол анхаарал өрнө зүгт чиглэж байсан ч энэ удаа дорно зүгт Умард Ци улсыг чиглэж 545 оноос холбоотой байгаа Умард Жоу улсыг дэмжив. 564 оны 1 сарын 15 нд Умард Жоу улсын Ян Чжун тэргүүлэн Мухань хааны хамт бүгд 2 буман цэргээр Умард Ци улсын хилийг Датунаар нэвтэрч гурван замаар давшжээ. Мухань нэг буман цэрэг гаргажээ. Умард Жоу, Түрэгийн нэгдсэн цэрэг хүчтэй цохилт өгсөн тул алагдсан хүн малын хүүр зуугаад газар (46 км) дүүрсэн гэдэг. Гэвч Умард Ци улсын нийслэл Цзиньяныг эзлэх байлдаан амжилтгүй болсон тул Түрэгийн цэрэг түрүүлж буцжээ. Умард Ци улсын хаан У Чэнди Пинюаний ханхүү Дуань Шао-д тэднийг нэх гэж тушаав. Дуань Шао хил хүртэл тэднийг гэзэг дарж мөшгөөд эргэж ирсэн байна. Тэр жилийн 9 сард Түрэгүүд дахин Умард Ци улсын хилд нэвтэрч Ючжоу мужид халджээ.
Истеми ябгу Эфталитыг мөхөөж, Ирантай гэрээ байгуулж, Баруун түрэгийн хилийг Амударъяа мөрөн хүртэл тэлсний дараа амласан ёсоороо өрнө зүгт Хар тэнгисийн зүг давшжээ. Эфталит нарыг толгой дараалан бутниргэсэн Истеми дараа нь “аварчуудыг” боолчилжээ. Истемийн байлдан дагуулсан аварчуудыг Европт Паннони нутагт сууж байгаа бүдүүлгүүдтэй хольж хутгаж болохгүй аж. Ал-Табарын түүхэнд “Эфталитын Гатфартай байлдаж ялсан Истеми ябгу дараа нь Хазар, Банжар, Баланжар нартай байлдаж эзлээд Персийн хаанд энэ тухайгаа мэдэгджээ. Тэр үедээ 110000 цэрэгтэй түрэгийн ябгу Ираны захын Шул хүрсэн ч хэрэм бэхлэлтийг нь давж чадалгүй зогссон байна” гэж тэмдэглэсэн байдаг байна. Истеми Дербентийн хэрмийг давж чадаагүй нь Ираны Хосроу хааны авч хэрэгжүүлсэн бодлоготой холбоотой. 

562 онд Византтай энхийн хэлэлцээр байгуулж чадсан Хосроу суларсан хүчээ ашиглаж, Ираны умард хязгаарыг тохинуулж, хазар савир, банжар, баланжар нараас олзолсон 10000 хүнээр 562-567 онд Дербентийн хэрмийг барьж дуусгажээ.

Ал-Табарын өгүүлснээр Истеми иранчуудыг харилцаагаа муутгасанд буруушааж, бараг тулган шаардсан өнгө аястай сүрдүүлсэн бичиг илгээгээд 568 оны эхээр Византын хаан Юстинианд согдын Маниах тэргүүтэй элч нарыг харилцаа тогтоохын тулд илгээсэн байна.

Феофилакт, Менандер болон Ал-Табарын түүхүүдээс үзвэл Истеми ябгу 563 -567 оны хооронд Ижил мөрөн болон Хар тэнгис, Каспийн тэнгисийн хооронд, Кавказын уулсын ар этгээд болон баруун үзүүрт нутаглаж байсан вархонит, огор, хазар, булгар, баланжар зэрэг улс аймгуудыг байлдан эзэлжээ. Үүнийгээ Ираны Кисра хаанд мэдэгдэх далимаар өмнө нь хоёр ч удаа түрэгийн элч нарыг их л хүйтэн хүлээж авсан, нэг удаад нь иранчуудад худалдсан торгыг элч нарынх нь нүдэн дээр шатааж, нөгөөд нь элч нарыг нь хордуулсан өсийг санаж Истеми ябгу тулган шаардалт хүртэл явуулж байжээ.

565-568 онуудад Түрэгүүдийн гол анхаарал зөвхөн баруун зүгт чиглэж байсныг эртний хятадын сурвалж нотлох ба учир нь Зүүн Түрэгийн Мухань хаан зөвхөн алба барив эсвэл охиноо Умард Жоу улсын хаанд өгсөн гэх хэдхэн мэдээ 564-572 оны хооронд хятад сурвалжид тэмдэглэгдсэн байна.

Византын элч Земарх Түрэгт байх үеэр Истеми ябгу Ирантай байлдахаар шийджээ. Хожим түрэгүүд Ираныг довтолсон тухай цухас мэдээ Менандерийн түүхэнд үлджээ. 570 онд түрэгүүд иран руу довтолж хоослов, тэгээд Юстинианд элч илгээж Персийн эсрэг дайнд нэгдэхийг уриалсан тухай өгүүлдэг.

570-576 онд түрэгүүд Алан, Утигур, Аккара нарыг захиргаандаа оруулснаар Баруун түрэгийн хил Умард кавказ, Кубань хүртэл тэлэгджээ.

572 онд хорин жил төр барьсан Мухань хаан нас барж, түүний дүү Тобо (Татпар) хаан ширээнд суулаа. Мухань хааны үед Түрэг улс ихэд баян болж, хүчирхэгжсэн гэдэг.

"Монголын эртний түүх" 

10.17.2019

Түрэгийн хаант улс байгуулагдсан нь


Төв Ази, Монголд нутаглаж байсан нүүдэлчдийн ертөнцийг хоёр ч удаа нийтдээ 125 жил тэргүүлж байсан түрэгүүдийн угсаа гарвал, түрэг хаадын язгуурын домгууд “Чжоу улсын судар” “Суй улсын судар” “Умард төрийн түүх” зэрэг сурвалжуудад бичигдэн үлджээ. Тэдгээрт сурвалжуудад “түрэг бол хүннүчүүдийн ондоо төрөл. Тусдаа овог болсон ч хөрш улсдаа устгагдав. Тэр овог сөнөв. Арваад настай нэг хүүг цэрггүд өрөвдөж, алалгүй хөлийг нь огтлоод хээр хаясанд, өлөгчин чоно олж махаар тэжээв. Тэр өсч том болон өлөгчинтэй учирч чоно хээлтэнэ. Тэгээд өлөгчин 10 хөвгүүн төрүүлэв. Хөвгүүд томорч, гадны эмэгтэйчүүдтэй гэрлэцгээн хүүхэдтэй болцгоон олширч, бүгд өөрийн гэсэн овогтой болов. Ашина бол тэдний нэг юм” гэх зэргээр бичиж үлдээсэн байдаг. “Суй улсын судар”-т “ Түрэгийн дээдэс Пинляний олон ху. Ашина овогтой. Умард Вэй улсын Тай-у Цзюйцюй-г сөнөөхөд Ашина нар 500 өрхтэй Жужан руу зугтаж, үеийн үед Алтан ууланд сууж, төмрийн ажил хийх болов. Алтан уул яг дуулга шиг харагддаг ба олон түмэн дуулгыг түрэг гэдэг, тиймээс тэд өөрсдийгөө түрэг хэмээн нэрлэв” гэжээ.

Түрэгийн уг гарвалын домогт ч тэр, эртний бичгийн сурвалжын мэдээгээр ч тэр Пинляний олон ху нараас гаралтай “төмөрчдийн хүрээ” Турфанд ирээд үр сад нь нутгийн иргэдтэй нийлж, эхийн талаар өөрсдийн яс ургаа нэрлэж эхэлсний нэг нь Ашина нар гэж тодорхой өгүүлсэн байна. Ашина гэдэг нь тохар хэлний хөх бараан, хотан хэлний хөх гэсэн үг гэж эрдэмтэд тогтоожээ.

Жужан улсын Тогочин хааны үе 460 онд Турфаныг Жужанчууд довтолж, Цзюйцюй Аньчжоу ванг бутцохиж, Каньбочжоуг ван болгов. Нируны цэрэг буцахдаа 442 онд Турфанд нүүж ирсэн “төмөрчдийн хүрээ”-г авч явжээ. Турфаны төмөрчид арын Богд уулаас төмрийн хүдэр малтаж, хайлуулан баруун хязгаарын 36 улсын хэрэгцээг хангаж байсан ба тэдний дунд ашина нар ч байлаа. Төмөрчдийн ашина хүрээг олзолсон Жужанчууд тэднийг Алтайд суулгаж, төмрөөр алба авах болжээ.

Ашина түрэгийг Алтайд нутаглаад гучаад жил болж байхад 492 онд Афучжило, Цюнци нар 100000 хүнтэй 12 хүрээ өндөр тэрэгтэн аймгаа дагуулан нүүж ирэв. Тэдний нүүж ирсэн шалтгаан нь Тоба Вэй улсын хаан 492 онд 7 түмэн морин цэргээр Жужаны Түлүн хааныг довтолсноос үүджээ. Түлүний аймгууд дайны хөлөөр бутарч сарнисныг далимдуулан фуфуло аймгийн Афучжило, үеэл Цюнцигийн хамт буман хүнтэй аймгаа авч нүүсэн нь энэ. Зүүнгарт ирээд Афучжило умард этгээдэд, Цюнци өмнөд этгээдэд суурьшжээ. Эдгээр өндөр тэрэгтнүүд  жинхэнэ түрэг хэлтнүүд байсан гэж эрдэмтэд үздэг. Өндөр тэрэгтнүүд Алтайд нүүж ирснээр Пинляний ху нараас гаралтай 500 өрх ашинагийн үр удамд түрэг хэл, нүүдэлчдийн соёл угсаатны хувьд гол шинж нь болов.
Өндөр тэрэгтний баруун бүлэгт тэргүүлэх байр суурьтай явсан Тэнгэр уулын тэлэ аймгийн зарим эзэд 541 онд Жужанд алагдаж, үлдсэн нь Зүүн Вэй улсад зугтан очив. Ийнхүү өндөр тэрэгтнүүд доройтож эхэлсэн үеэс түрэгүүд Баруун Вэй улсын хилд халдаж эхэлжээ.

Энэ нөхцөл 545 онд огцом өөрчлөгдөв. Хаан эзнээсээ ч илүү эрх мэдэлтэй Баруун Вэй улсын төрийн сайд Юйвэнь Тай 545 оны 3 сард Цзюцюаний ху (согд) хүн Аньнопаньто-г анх Түрэгт илгээв. Вэй улсын зараал ирсэнд түрэгүүд хотлоороо баярлан “их улс элч илгээв, манай улс мандах нь” хэмээн хөөрцгөөж байсан гэдэг. Энэ үед баруун Вэй улсад Жужаны Амгай хаан болон зүүн Вэй улсын хамтарсан эвслийн эсрэг тэмцэхэд холбоотон зайлшгүй хэрэгтэй болж байсан нь түрэгүүдэд завшаан болж, тэр цагийн томоохон улсад хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын тавцанд гарч ирж чаджээ.

540-550 оны үед өндөр тэрэгтнүүд байнга Жужаны эсрэг бослого гаргаж байлаа. 551 оны нэг удаагийн бослогын үеэр түрэгийг захирч Түмэн ягбу 5 түмэн цэрэг гаргаж чадах зүүн баруун бүлгийн 3 хэсэг өндөр тэрэгтнийг өөртөө нэгтгэж амжжээ. Баруун Вэй улсын Вэньди хаан 551 онд төрийн сайд Юйвэнь Тай-гийн зөвшөөрснөөр Чжанлэ гүнжийг Түмэнд хатан болгон өгөв. Гадаад харилцаагаа бэхжүүлж, 5 түмэн цэргээр хүчээ нэмэгдүүлсэн Түмэн Жужаны хаан Амгайд ураг барилдах тухай элч илгээжээ. Энэ нь зүгээр л дайн эхлүүлэх шалтаг төдий байв. Түмэний энэ үйлдэлд хилэгнэсэн Амгай хаан “чи миний төмөрчин боол мөн байж, яахан зүрхлэн ийм үг хэлнэ” хэмээн хариу элч илгээсэнд Түмэн шууд элчийг нь алаад 552 оны цагаан сараар Амгай руу гэнэт довтолжээ. Амгай хаан дийлдэн амиа хорлов. Жуажн улс гурав, дөрөв хуваагдав.

Амгайг ялсны дараа Түмэн ягбу өөртөө Или хаан, эхнэртээ хатан цол олгов. Гэвч Түмэн удалгүй нас барж, хаан ширээнд ахмад хүү Кэло сууж, Исицзи цол авчээ. Кэло хаан 552  оны өвөл Умард Ци улсыг довтолж шахахад тэд бэхлэлт хэрэм босгон хамгаалж байв. 553 онд Кэло Жужаны Дэншуцзы хааныг довтолж олон мал сүрэг олзлон хавар нь Баруун Вэй улсад 5 түмэн агт бэлэг болгон өргөжээ. Тэр жилдээ Кэло өвчнөөр нас барсанд түрэгүүд Кэлогийн хүү Шэту-г алгасч дүү Сыцзинь-ийг хаан болгож Мухань цол өргөв.

554 онд түрэгүүд дахиад Жужаныг довтлоход Годой тэргүүтэй хааны угсааныхан өмнө зүгт Умард Ци улс руу зугтаажээ. Мөн онд Умард Ци улсын хаан Вэнь Сюань түрэгүүдийг довтлохоор Тайюанаас мордож зам зуур Жужанчуудыг дагуулан Годой хааныг халж, Амгай хааны хүү Амаржинг хаан өргөмжилсөн байна. Вэнь Сюань зугтсан Жужанчуудыг хөөж явсан түрэгүүдийг Шаньси-д гүйцэж, байлдан хөөж явуулсан байна. Үүнээс хойш түрэгүүд Умард Ци улстай найрсаг харилцахыг хичээх болжээ.

555 онд Умард Ци улсын хаан Жужаныг дайлахаар Тайюанаас мордоод зам зуураа түрэгийн элчтэй таарсан байдаг. Ингэж Умард Ци улс, Түрэгтэй хавсарч, 555 онд Жужан улсыг мөхөөжээ.

Жужан улс мөхөж, Түрэг улс улам хүчирхэгжиж эхэлсэнд  урьдын холбоотнууд нь ч гэсэн сэргийлэх арга хэмжээ авч эхэллээ. Умард Ци улс Жужаныг мөхөөсөн жил 1,8 сая хүн дайчилж одоогийн Бээжингээс баруун тийш Датун хүртэл 413 км үргэлжилсэн хэрэм байгуулав. Хойтон жил нь Хатан голын Циншуйгаас далайн Бохайн булан хүртэл 1377 км бэхлэлт байгуулахдаа 27 км тутам 1 хамгаалах цонж, нийт хэрэм дагуулаад 25 цэргийн хүрээ байгуулжээ.557 онд 183 км үргэлжилсэн бэхлэлт хэрмийн хоёрдохь шугамыг Кулобагаас Ухэшу хүртэл босгосон байна.

Түрэгийн Мухань хаан Жужаныг мөхөөдөг 555 онд Баруун Вэй улстай хамтарч монгол угсааны өөр нэг улс болох Тогон (Тугухунь) улсыг довтолсон байдаг. Түрэгийн Мухань хаан Тогон улсыг гэнэт довтлохын тулд Лянчжоугаар дайрчээ. Баруун Вэй улс өөрийн жанжин Ши Нин-гээр хөнгөн морьт цэрэг захируулан хавсарган нийлүүлжээ. Нэгдсэн цэрэг Фаньхэ хүрэхэд Тугухуньчууд аюулаас зугтаж Наньшань уул руу ухарчээ. Ши Нинтэй Хөх нуурт уулзахаар болзоод Мухань хаан Тугухуний хаан Куалюйн суудаг Хэчэнь хот, Ши Нин Тугухуний Чжэннань вангийн сахисан Шудунь хот руу хуваагдан довтолжээ. Тугухунь улс хүнд хохирол амсан 10000 хүнээ алдав. Эвсэгчид хэдэн арван мянган мал, эд агуурс олзлон буцжээ.

  

6.18.2019

Хар булган дах

Лян улсын түүхэн мэдээгээр 515 онд Жужанчууд Вэй улсад элч илгээн хар булган дах барьжээ. 520 онд өөрсдийн бүтээгдхүүн бүхий алба барьсан элчийг дахин илгээсэн байна. Яваандаа Жужанчууд жилд хоёр удаа зун цагаар Тоба Вэй улсад элч илгээж хар булган дах мэтийн ангийн үнэт үслэг эдлэл бүхий бэлэг барьдаг болжээ.

Хар булган дахаар алба барьсан тохиолдол үүнээс өмнө хэд хэдэн удаа давтагдсан байна. Тухайлбал, Жужаны Ижин хаан 477 онд, Богд хаан 508 онд захидлын хамт тус тус хар булган дах барьж байсан байдаг. Жужанчууд ийнхүү удаа дараа хар булган дах барьж байсан нь нутгийн гаралтай бүтээгдхүүнд ихээхэн хүндтэй байр эзлэхийн дээр үнэ цэнэтэй байсныг дам харуулна.

Энэхүү хар булган дах нь Жужанчуудаас эхлэн Монголчуудын төр ёсны уламжлал болон гадаад харилцааны чухал хэрэгсэл болон төлөвшиж тогтсон нь хожим Түмэжин, ван хан Тоорил нарын харилцаагаар илэрч харагддаг.
“Монголын эртний түүх” ном, гутгаар дэвтэр “Жужан”

6.17.2019

Жужан (Нирун) улсын төгсгөл


552 онд Амгай хааныг тэнгэрт хальсны дараа түүний хүү Амаржин Умард Ци (549-577 он) улс руу зугтан оджээ. Амьд үлдсэн Жужанчууд Амгайн эцгийн бага дүү Дэншуцзыг өргөмжлөн удирдагч болголоо. Удалгүй түрэгийн хаан Түмэн нас барж, түүний сууринд хүү Коло нь Исиги хаан цолтойгоор суусан ба тэр Жужаны Дэншуцзы хаантай Му Лай ууланд тулалдан ялсан байна. Гэвч түрэгийн Коло хаан нас эцэслэв. Ингээд Коло хааны дүү Кигинь Муюй хаан цолтойгоор сууринд суужээ.

Үйл явдал ингэж өрнөжээ. Амгайн хүү Амаржин явахдаа үеэл ах сэлифа цолт Дэнчжу болон түүний хөвгүүн Годойн албат нарыг авч явсан. Зугталгүй үлдсэн Жужанчууд  552 онд Дэнчжугийн хоёрдугаар хөвгүүн Тибэдийг өргөмжлөн удирдагчаа болгосон байна.

553 онд Умард Ци улсын хаан Вэн Суан Ти, Дэнчжу болон түүний хөвгүүн Годой нарыг нутагт нь буцаажээ. Удалгүй Тибэд хааныг Хятан нар довтлон хороосны дараа Жужанчууд Дэнчжу сэлифаг өргөмжлөн удирдагчаа болгов. Гэвч өндөр тэрэгтний Афути нарын эрчүүд түүнийг хороож, Годойг хаан ширээнд суулгасанд түүнийг эсэргүүцэгчид Амгайн авга ах Дэншуцзыг хаанд өргөмжилсөн бөгөөд ийнхүү Жужан улс нэгэн үе хоёр хаантай болсон байна.
553 оны сүүлээр Түрэгийн удирдагч Коло Жужан улсад довтолж, ялалт байгуулснаар Годой хаан албат нарынхаа хамт Умард Ци улсад очиж хорогдоход Умард Ци улсын хаан Түрэгүүдийг довтлон хөөж, Жужанчуудыг ивээлдээ аваад зогсохгүй Годойг алж хаан ширээнээс буулгаад, Амгайн хүү Амаржинг Жужаны хаан болгож, бэлэг сэлт болж, хорогдож хоолохыг нь хариуцсан байна.

Гэвч удалгүй 554 оны 3 сард Амаржин хаан Умард Ци улсын эсрэг босоход Ци улсын хаан Вэнь Сюань өөрийн биеэр цэрэглэн Амаржинг ихэд дарсан ч түүнийг олзолж чадсангүй. Мөн энэ үед Жужанчууд түрэгүүдтэй хэд дахин байлдсан ч ялагдал хүлээсээр байв.

554 оны 4 сард  Жужанчууд дахин Умард Ци улсад довтолсон ч цохигдон ухарчээ. Ци улсын цэрэг тэднийг араас нь мөшгөн хөөж, Амаржин хааны эхнэр хүүхэд тэргүүтэй 3 түмэн хүнийг олзлон авсан байна. Амаржин хаан сураггүй алга болжээ. Энэ үеэр Жужаны Ичжань дархан  Баруун Вэй улс руу довтолсон ч мөн ялагдан хэдэн мянган хүнээ алдав.

Үүнээс хойш 554 оны 5 сард Умард Ци улсын хаан Вэнь Сюань умард зүг довтлон Жужаныг бутцохисон.
554 оны 6 сард 5 түмэн цэрэгтэй байсан Жужанчууд аймаг олноороо дорно зүг рүү нүүж, өмнө зүг рүү дайран орохыг завджээ. Ци улсын Вэнь Сюань хаан урьдаас бэлтгэлтэй байсан тул сонин хэлбэрийн халхавч бариулан байлдснаас ихэд ялжээ.

Амаржин хаан сураггүй алга болсноос хойш Жужаны цорын ганц удирдагч болоод байсан Дэншуцзы хаан, түүний талын Жужанчуудыг Умард Ци улсын хаан 555 оны 6,7 сард довтлон, тэдний селифа цолт Айяньди, Лоуади, Тутоуфа нарыг 2 түмэн иргэдийн хамт олзолж, хэдэн буман үхэр, хонь дээрэмджээ. Ялагдан доройтсон Жужаны язгууртан Лицзяти гэгч өөрийн аймгийн хамт Умард Ци улсыг дагав.

Үүний дараа түрэгийн Муюй хааны довтолгоонд ялагдал хүлээсэн Дэншуцзы хаан 1000 гаруй өрх иргэдээ дагуулан Баруун Вэй улсын нутагт зугтан очжээ. Энэ тухай сурвалжид: “Жужан Түрэгт шахагдан бүх улсаараа дагаар орохыг хүссэнд Ли Би цэрэг дагуулан тэднийг угтсан. Шувууны өдөөр сүлжин хийсэн асар бүхий бүрээ гишгүүр, цан хэнгэрэг болон ихэд хүндэтгэн хүлээж аваад янз бүрийн торго дурдан 6000 толгой шагнажээ” гэжээ.    

Гэвч энэ үед Баруун Вэй улсыг Умард Ци улсаас хамгаалах гол өмөг түшиг нь Түрэгүүд болж байсан учраас түрэгийн Мухань хаан Баруун Вэй улсад удаа дараа элч довтолгон Жужанчуудыг хядахыг шаардан шахалт үзүүлж байлаа. Баруун Вэйн хаан Табгач, Ко Чжоу Вэнь хатны ятгалгаар хүндэтгэн хүлээж авсан Дэншуцзы хаан тэргүүтэй 3000 хүнийг олзлон Түрэгийн элч нарт өгчээ. 

Тэднийг Чаньань хотын Цинмэнь хаалганы гадна толгойг нь цавчин цаазалсан бөгөөд эрийн цээнд хүрээгүй хүүхдүүд харин энэ цуст хядлаганд өртсөнгүй. Тэднийг Баруун Вэйн хаан хан хөвгүүд болон бэйсүүдийн гэрт зарц боол болгон өгчээ. Энэ үйл явдал 556 онд болсон бөгөөд Жужан улс бүр мөсөн мөхсөн байна.