6.02.2015

12.Бага хаад - - Түмэн засагт хан

Дарайсун Гүдэн хаан нас барсны дараа түүний хүү Түмэн тайж 1558 онд хаан ор сууж монгол төрийн нэгдлийг дахин сэргээсэн бөгөөд Батмөнх даян хааны удмын хаадын дотроос хамгийн ухаалаг нэгэн байлаа.

Урьдын хаад  баруун түмнийг хүчирхэгжих тутам тэдний зохион байгуулалтыг эвдэж  хүчээр зүүн түмэнд нийлүүлэхийг оролдож байсан бол Түмэн хаан төвлөрсөн төв засаг байгуулах шинэчлэлийг явуулж  эхлэв.

Түүний засагт баруун зүүн түмний төлөөлөгчид хамтран оролцох болж төв засгийн газарт зөвхөн алтан ургийн ноёд тайж нараас томилох эрх тогтоов. Түмэн хаан энэ мэт олон цаазыг явуулсан тул олноо Түмэн засагт хаан хэмээн алдаршжээ.

Түмэн засагт хаан 1576 онд Түвдээс  илд зангидагч хэмээх Гармаа ламыг залж авчиран бурхны шашныг дэлгэрүүлэн өөрөө шавь барилджээ. Энэ үед Түмэдийн Алтан хан мөн баруун түмэнд шарын шашны тэргүүн Содномжамцыг урьж авчран шашныг сурталчилах болжээ. Түмэн засагт хааны урьж авчирсан Гармаа багш нь улаантны шашны төлөөлөл байсан бөгөөд  шарын шашны хүч нөлөө бага бишийг ойлгосон Түмэн засагт хаан Далай ламтай холбоо тогтоохыг чухалчлан Алтан ханыг нас барсны дараа Далай лам Содномжамцыг хоёр ч удаа нутагтаа урьсан бөгөөд  хоёрдох айлчлалын өмнө 1588 онд Далай лам жанч халжээ.

Түмэн засагт хааны үед Мин улс Түмэдийн Алтан ханыг хөхүүлэн дэмжиж монголчуудын эвлэлдэн нийлэхэд аль болох саад тотгор учруулахыг хичээж байв. Нөгөөтэйгүүр Алтан хан ч Мин улсад удаа дараа захидал илгээн “ Мин улс надтай найрамдваас Ляодунд  удаа дараа хохирол учруулж байгаа Түмэн хааны эсрэг тэмцэхэд бэлэн” “ Надад ван цол олговоос  миний бие бүхнийг эрхэндээ оруулж чадна. Миний эсрэг тэмцэх монгол ноён нэг ч байхгүй”  “Мин улс надтай найрамдахгүй аваас Түмэнтэй нийлж Мин улс руу довтолно” хэмээн бичиж суув.

Улмаар  Алтан хан Мин улстай найрсаг харьцаа тогтоож чадсан бөгөөд Түмэн хаан Мин улсын харилцаа цэрэг дайны шугамаар шийдэгдэж байлаа. Түмэн засагт хаан удаа дараа Мин улс руу халдаж  түүний ширүүн довтолгооныг дийлэхээ больсон Мин улс найрамдах хүсэлт тавьж, Алтан хан ч өөрийн зүгээс Түмэн засагт хааныг ятгана хэмээн амлсан ч Түмэн хаан хятадыг саналыг хүлээн авсангүй. Мөн элч илгээж “ Миний толгой дээгүүр харайлан албат боолтой харилцав. Эр нь эмээ захирдагын адил Алтан над  захирагддаг” хэмээн Мин улсыг зэмлэсэн байдаг.

Түмэн засагт хаан монголын төрийг 35 жил жолоодон дотоодын эв нэгдлийг бататган, гадааддаа Мин улстай худалдаа арилжаа хийн энх тунх зэрэгцэн оршихыг зориж байсан алсын хараатай хаан байлаа. Тэрээр 1592 онд нас баржээ.


Түмэн засаг хааны дараа 1593 онд түүний хүү Буян тайж төр барьж эцгийн хэргийг үргэлжлүүлэн төр шашныг хослуулан дайн дажингүй байсан гэдэг.  1603 онд нас барсан түүнийг “Шар тууж”-д Даян сэцэн цолтой байсан гэжээ.  

0 comments:

Post a Comment