12.28.2013

Тусгаар Монгол улс

 12-р сарын 29.  1911 оны энэ өдөр монголчууд бид  200 гаруй жилийн манжийн дарлалаас салж  8-р богд Жавзандамба хутагтыг наран гэрэлт түмэн наст хэмээн  шашин төрийг хослон баригч хэмжээлшгүй эрхт хаанаар өргөмжлөн  дорно дахины уламжлалаар оны цолыг Олноо өргөгдсөн гэж  зарласан хэрхэвч мартаж үл болох бахархалт өдөр билээ.
 Анхдугаар богд Занабазар Түшээт хан Гомбодоржын хүү бөгөөд монголчуудын оюун санааны удирдагч болж чаджээ. 2-р богд Лувсандамбийдоми бас л алтан ургын язгууртан  гэр бүлээс төрсөн бөгөөд Хотгойдын шадар ван Чингүнжавын бослогод туслалцаа үзүүлж байсан тул түүний дараагийн дүрийг манжийн хаан Тэнгэрийг тэтгэсэн Түвдээс тодруулж байжээ. Энэ цагаас монголын богдууд дандаа Түвдээс тодрох болж.



8-р богд Жавзандамба хутагт буюу Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу бол бас л түвд хүн. Тэрээр 1869 оны 10 сарын 13 нд Түвдийн Лхасын ойролцоо эцэг  Гончигцэрэн, эх  Ойдүвдулам нарын хүү болон мэндэлж  таван настайдаа Жавзандамба хутагтын хойд  дүрээр тодорч Их хүрээнд иржээ.Тэр бидний багын үздэг кинонууд дээр гардаг байсанчлан тэмбүү өвчинд идэгтлээ зугаа цэнгэл хөөсөн харалган нэгэн байсангүй монголын төлөө цохилох зүрхтэй нэгэн байжээ. Түүнийг халхууд монголд  элэгтэй болгон хүмүүжүүлж чадсан ба  тиймээс тэр өөрийгөө Чингис хааны угсаа, Халхын Түшээт хаан Гомбодоржийн хөвүүн I Жавзандамбын хойд дүр тул Монголын төрийн хэрэг, хувь заяа өөрт нь хамаатай гэж үздэг байв. Манжаас тусгаарлан салъя хэмээсэн Халхын ноёдын санаачилгыг эхнээс нь дэмжиж эл хэргээр хаант Орост элч зарж байв.

 Манжийн шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн Халхын ноёд түүнийг тойрон хүрээлсэн бөгөөд Богд гэгээн монголчуудын дунд үлэмж нэр хүндтэй байснаа ашиглаж, “монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох” лүндэн буулгажээ.  Хятадад нийлэхийг ятгаж байсан Хятадын ерөнхийлөгч Юань Шикай-н ятгалга, сүрдүүлгийг Богд хаан эс зөвшөөрч, бүх монголчуудыг нэгтгэж нэгдмэл Их Монгол Улсыг сэргээн мандуулахыг зорьж байв. Түүний засгийн газрын сайдууд төрийн тусгаар тогтнолоо хүчирхэг улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхийг оролдож байсан боловч энэ оролдлого Хиагтын гурван улсын хэлэлцээрээр таслагдсан билээ.
1919 онд хятадууд цэргийг хүчээр монголын автономыг цуцлахад Богд хаан гарын үсэг зураагүй юм. Харин ч төрийн тусгаар тогтнолоо сэргээхийг эрмэлзэн АНУ, Зөвлөлт  Орос улс, Япон болон Колчакийн засгийн газраас тусламж дэмжлэг эрэлхийлж байсан хүчнийг дэмжиж байв. Тиймээс хятадууд дээрх хэрэгт сэжиглэн түүнийг баривчлан Манзуширын хийдэд хорьжээ. 1921 оны хоёрдугаар сард Хүрээг эзлэн авсан Барон  Унгерн монголын автономыг сэргээн мандуулснаа тунхаглаж Богд гэгээнийг дахин Монголын хаан ширээнд залсан бол таван сарын дараа ардын намынхан Нийслэл Хүрээнд орж ирэн  1921.11.01-д Ардын засгийн газраас Богд хаантай “тангаргийн гэрээ” байгуулж хааны улс төрийн эрх мэдлийг хасч хэмжээт эрхтэй хаан болгожээ.
1924 оны 5 сарын 20 нд  Богд гэгээн   Нийслэл хүрээнээ таалал төгсжээ. Зарим судлаачид  Богд хааныг хорлогдож өөд болсон гэж үздэг. Түүнийг жанч халснаас хойш 21 хоног гашуудал зарласан бөгөөд Хүрээний лам нар түүний хойд дүрийг тодруулахыг оролдож байв. 1925 онд МАХН-ын IV их хурлаас Богдын хөрөнгийг улсын санд хурааж, түүнийг ардын боловсрол, эрүүлийг хамгаалах, соёлын хэрэгцээнд зарцуулахаар шийдвэрлэж байв.

Богд хаант Монгол төрийн тамгыг 1911 оноос тогтсон Монгол Улсын засгийн газраас боловсруулан гаргасан “Залигаар тогтоосон Монгол Улсын хууль”-иар батлан тогтоосон юм. Уг тамгыг “Хар гарт” Гомбо гэдэг дархан хүн хаш чулуугаар сийлж, харин Эх дагинын тамгыг Сэцэнхан аймгийн Дархан Барайшир ван урлажээ.
Төрийн тамганаа Монголын эртний төрийн бэлэгдлийг сэргээн хэрэглэж, үсгийг нь соёмбо, дөрвөлжин хоёр үсгээр бичсэн байна. Дөрвөлжин үсгээр бичсэн хоёр мөр нь Жавзандамба хутагт болбоос эртний Юань улсын Хубилай Сэцэн хааны адилаар төр, шашны хэргийг хослон барьж, лам, харын засгийг нэгтгэн явуулж буйг билэгдсэн утгатай, харин соёмбо үсгээр бичсэн найман мөр нь Монголын анхдугаар Богд гэгээнээс хойшхи найм дахь Богдын үед Монгол улс тусгаар болсныг билэгдсэн утгыг агуулдаг байжээ. Тамганы төв дунд уйгаржин монгол бичгээр эзэн хааны алдрыг “Шашин, төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны тамга” гэж бичжээ. Ийнхүү хаш эрдэнийн тамгыг олонд тархаах аливаа зарлиг, хэлтрүүлэх зарлиг, ухуулах, сургах лүндэн, жуух, шар торгон бичиг дээр дардаг байлаа. Түүнээс гадна, Монголын шашны тэргүүний нь хувьд Богд гэгээнд тусгай тамга хэрэглүүлжээ. Тамганы үгс нь “Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч, аврал итгэл хамгийг айлдагч, оройн чандмань очирдарь Жавзандамба ламын алтан тамга” гэсэн бичигтэй байсан ажгуу.
Бусад олон яам, аймаг, хошуудын гуулин тамганд дан монгол үсэг хэрэглэж, уг газрын нэрийг бичихийн дээр голд нь соёмбо сүлд урлаж, бариулыг нь хүслийг хангагч чандмань эрдэнийн дүрстэй үйлдэн, уул яам, газар, ноёдын эрх ямбанд тохируулан элдэв хэмжээ ба жинтэй цутгадаг байжээ. Богд хаант улсын үеийн тамга нь дөрвөлжин нүүртэй байсан бөгөөд энэ нь 1930-аад онд дугуй (резинэн) тамга гарах хүртэл хэрэглэгдэж байв.
Монголчууд тамгыг төрийн билэгдэл хэмээн машид хүндэлж, улаан халзтай тусгай өргөө бариулан, хойморт нь тусгай хайрцаганд хадгалдаг байв.

 Богд хаант монгол улсын төрийн далбааг бүтээх тухай тэр үеийн албан баримтад тэмдэглэсэн нь: "Олон улсад өөр өөрийн туг далбаа буй, бидний монгол болбоос  эзэрхэх эрх хэмжээ бүхий нь мөн тул тусгайлан далбаа байгуулж, тусгаар эрх бүхнийг илэрхийлбэл зохимой" хэмээжээ.
Богд хаант монгол улсын төрийн туг далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харъцаатай, дөрвөлжин хэлбэр бүхий шар өнгийн дэвсгэртэй, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний бусад гурван талдаа улаан хөвөө эмжээртэй байх ба хөвөө нь хагас ам өргөнтэй байна. Далбааны төв дундад хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий суурьтай, соёмбо тэмдэг сүлд буюу "Э" "БАМ" үсгийг тусгай мөргөлийн ном бичсэн дэвсгэр дээр урлан байрлуулсан, далбааны төгсгөлийн гурван улаан хээний дээдэд "Ум", дундад "Аа", доодод "Хум" хэмээх үсэг байхаар тогтжээ. Тугны дээрх үсэг бичиг нь тэр цагийнхаа утгаар манжийн үед туганд хэрэглэж байсан манж, хятад үсэг тэмдгийг халж, оронд нь монгол үсэг болон буддын шашны хүндэтгэлийн бичиг ланз, төвд үсгийг арвин хэрэглэсэн байна.
Энэ нь монгол орон манжийн эрхшээлээс ангижирч тусгаар улс болон төр шашнаа ариунаар мандуулна хэмээсэн тухайн үеийнхээ үзэл санаагтусган илэрхийлсэн хэрэг юм.
Энэхүү төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил бүрийн цагаан сарын шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах зэрэг төрийн их баяр ёслолын өдөр, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван гүн, хамба цорж, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэлийн газар хийсгэхээр болсон байна. Богд хаант Монгол улсын засгийн газраас төрийн далбааг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрсөн лүндэн буулгажээ. Мөн Төрийн далбаанаас гадна цэргийн тугтай байхыг чухалчлан тогтоож байжээ.



12.25.2013

Алаг адуу



Миний эхнэр Алаг адуу овогтой. 1990 оноос овог удмаа сэргээж  янз бүрийн л ургийн овогтой болж байлаа. Би эхнэрээ танайх  олон алаг адуутай айл байх нь чиний хувь хэд хэчнээн адуу хаа байна, очиж хурааж ирье гээд л явуулдагсан. Тэгээд энд тэндээс сонирхоод уншаад байсан чинь Алаг адуу бол Сартуул түмний олон овгоос нилээн зонхилох овог бөгөөд  эртний  Монгол  аймгуудаас гаралтай МЭ-Vll зууны үед Байгаль нуур, Енисей мөрний сав  болон   Дархад  нутгаар  нутаглаж явсан  нанхиад сударт  БО-МА  буюу  алаг адуутан,  алагчин  нэрээр тэмдэглэгдсэн   их  эртний овог байх юм.                                            



 Сартуул гэдэг үгийн гарал нь сарт буюу  худалдаачин жинчин гэсэн утга бүхий  энэтхэг үг байх нь. Зарим хүмүүс Сарт толгой гэж  Завхан аймгийн Дөрвөлжин суманд байх ойр хавьдаа сүр бараатай алсын хараатай нэгэн толгойн нэр гэх. Гэхдээ энэ бол нилээн хожуу үеийн хүмүүсийн  л бодол юм шиг байгаа юм.
                                                                                                           Их эзэн хаан Чингис 1219-1225 оны хооронд Хорейзмын Шах Мухамедын  улсыг дайлах явцдаа Ургенч, Бухар зэрэг хотуудаас голчлон бүрдсэн 100000 гаруй иргэнийг олзлон Хар Хорум зэрэг монголд цэцэглэн хөгжиж байсан хотуудыг бариулахаар ашиглаж байгаад 1250-иад оны үед одоогийн Завхан аймгийн нутаг Завхан голын орчим байсан Чингай балгасны орчим нутаглуулж баруун гарын их чинсан Чингайд захируулсанаар Сартуул ястан  үүссэн гэж ихэнх хүмүүс ойлгодог.
 Гэхдээ  “Монголын нууц товчоо” болон Рашид-ад-дины  “Судрын чуулган”-аа сартуул гэж хэд хэдэн удаа гардаг ба манай улсын Ховд, Баян Өлгий, Увс, Завхан аймгуудын нутагт Сартагтай баяны гэрийн бууц, Сартагтай баатарын морины мөр, Сартагтай баатарын харвасан чулуу, Сартагтай цэцний суваг зэрэг Сартагтай цэцэн баатар, Сартуулуудтай холбоотой түүх домгийн зүйлс биетээрээ оршдог нь сартуул  түмэн нь  мал аж ахуй, газар тариалан, дорно өрнө рүү жин тээж, худалдаа арилжаа хийж торгоны замын хөгжлийг бий болгосон төдийгүй  зарим хэсэг нь суурьшмал амьдралд шилжин бөс бараа, даавуу нэхэж алт мөнгө, чулууны дархан, гар урлал хөгжүүлж тухайн үед соёл боловсоролоороо бусад овог аймгуудаасаа ялгарч  онцлог өвөрмөцөөр оршин сууж байсан уугуул Монгол угсаатан болох нь  тодорхой болжээ.

Монголын Нууц Товчооны 177-р зүйлд "...Чи улсаа орхиж, цөөн хүнтэй амь хорогдон дутааж, хар Хятадын гүр хааныг Сартуулын нутаг Чуй мөрөнд байхад хүрч очоод тэнд нэг жил бололгүй бас салж Уйгар нутаг ба Тангудын газраар тэнэж, 5 ямаа шөрөглөн сааж, тэмээний цус ханаж идсээр сохор халиун морьтой явж ирэв чи..." гэж Тоорил ханд Чингис хаан хэлж байна
 198-р зүйлд "... Найманы Хүчүлүг хан, Уйгарын Харлугийг дайрч Сартуулын газар Чүй мөрөнд байгаа хар Хятадын Гүр ханд нийлэн очив..." гэж гардаг.  Энд  Чуй мөрөн бол  одоо ч энэ нэрээрээ Хятадын Шинжаан Уйгар болон ОХУ-ын Алтайн өөртөө засах орны нутагт буй Чуй, Чулышман зэрэг хоёр томоохон голыг хэлж байгаа бөгөөд тухайн үеийн Дундад ази, Хорезмийн Шахын улсад харьяалагддаггүй тэднээс  алс хол орших Монгол  Найманы эзэмшил нутаг.

Монголын нууц товчооны 181-р зүйлд: "...Саяхан намайг Тогтоа бөөгийн сартуул хонины сүүлийг дагаж явсан ..." гэж Сэнгүм хилэгнэсэн байдаг. Мөн Лу Алтан Товчид: ...Чингис хаан зарлиг болсон нь: Арамза Сартуул чи зэрмэд загас бол, Урианхайн Зэлмэ чи хүчит хүй шонхор бол... хэмээн цэц булаалдуулж байгаа нь сартуулууд  Их Хаанд  эртнээс хүчин зүтгэж байсан нь тодорхой. 

 Манж  засгийн үед   Сартуул вангийн хошуу гэж Засагт хан аймгийн томоохон хошуу байлаа. Манж хаан халх түмнийг хошуу болгон хувааж байх үед Сартуул ван “надад жижигхэн гурван толгойн дундахь газрыг өгчих, жаахан юм... надад болно “ гэсэн гэдэг Тэр гурван толгой нь Дөрвөлжин сумын Хомын талын Сарт толгой,Алдархаан сумын Алдар толгой, Сонгино сумын Цавдангийн Хөх толгой юм гэнэлээ.  Хожим нь   бас элжигэн ноён адуу түм хүрлээ  нутаг өгөөч гэхэд Сартуул ноён манай хошуу түмэн сартуул, мянган  тайжтай л даа нэг нь нэг, хоёр нь хоёр унаатай хаана яаж адгуулдаг юм бол доо. Би мэдэхгүй, олон түмэн л мэдэх байх гэж хариулсан  гэнэлээ. Тэр цагаас л Цэцэн сартуул хошуу гэж алдаршсан гэж байгаа.  Халхад тодорсон хутагтуудаас найман хутагт ,монгол улсын дөрвөн ерөнхийлөгчийн  хоёр нь  Сартуул  хүмүүс байна. Эдгээрийн ихэнх нь Алаг адуу овогтой байх юм.  Тэгээд ч зүгээр  нэг  ганц хоёр домог ярианд болоод  Цэцэн Сартуулын Хошуу гээд нэрлэчиxээгүй байх л даа.

 
Хэлмэгдэлийн хэцүү үед  эд хөрөнгөө хураалган амь насаа алдаж  явсан,  Дилов хутагт Жамсранжавын  "Ар Монголын тухай дурьтгал" хэмээх дурсамжандаа  жинхэнэ монголын төлөө цохилох зүрхтэй эх оронч хэмээн халуунаар дурсаж бичсэни  Цэцэн сартуул хошууны сүүлчийн засаг ноён  төрийн чин ван, Засагт хан аймгийн захирах жанжин Насанбуянжаргалын Жалцангомбоцэдэн



 Цэцэн Сартуул хошуу нь  нь хонины өвчүүний хэлбэртэй ба Сонгино  хайрхан, Шотой, Шар нуруу, Хавцгайт, Алаг, Аргалант, Таван лам, Цогт хайрхан, Их буурал, Тасын суудал, Хомын тал, Завханы ба Монголын үргэлжилсэн их элсэн манхан, Хунт холбоо, Хар нуур, Баяннуур, Айраг, Цавдан нуурууд, Завхан, Хүнгүй зэрэг том гол багтсан хангай, говь хосолсон Хангай, Алтайн их нурууны завсарт, Хан хөхийн хормой, Булнайн нурууг түшсэн өргөн их нутагтай  байжээ. Уг хошуунд одоогийн Завхан аймгийн Түдэвтэй, Цэцэн-Уул, Сонгино, Яруу, Сантмаргац, Завханмандал, Эрдэнэ-хайрхан, Алдархаан, Ургамал, Дөрвөлжин, Увс аймгийн Завхан, Ховд аймгийн Чандмань зэрэг сумд багтаж байсан байна. 




12.23.2013

Ижилээс эх нутгаа зорьсон түмэн

 1600-гаад оны эхээр Ойрдын дотоодын тэмцлээс залхан  баруун Монголоос  нүүдлэсэн Хоо өрлөг тэргүүтэй 50000 өрх буюу 250000 торгуудууд  Алтан ордны улс,Цагаадайн улсуудын хилийн зааг байсан  Ижил мөрөн очмоор суурьшав. Эцэг өвгөдийнхөө эзэмшил байсан нутагт ирж суусан энэ үе бол Оросод Романовынхны  хаанчлал эхэлж байсан үе байлаа. Түрэг хэлэнд ойрдуудыг халимаг гэдэг нь  хальж гарсан гэх утга агуулах үг болох ба 1670 -аад оноос Оросууд Ижил мөрөнд нүүдэллэн очсон торгуудуудыг Халимаг гэх болсон нь эх нутгаасаа гарч  нүүдэллэн ирснийг  хэлж буй биз.  Нүүж очсон торгуудын Хоо өрлөг, Дөрвөдийн Далай тайш  нар эв нэгдэлтэй байж Алтан ордны үлдэгдэл ногойчууд болон башкир, крымын татаруудыг номхотгон дарж байлаа. Оросын хаанаас татвар өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч торгуудууд “Бид нүүдэллэж яваа улсууд, хаа очно, тэнд л хүрнэ. Хэнд ч татвар төлөхгүй “ гэдэг байжээ. 1639 онд анх Оростой мөргөлдөн  Самараг авахад Хоо өрлөг 20000 морьт цэрэгтэй байж. 1644 онд Оростой  дайтсан   Астраханы төлөөх тулаанд Хоо өрлөг алагджээ. 

1645 онд Оросууд торгуудуудыг бууж өгч дагаар орохыг шаардаж байсан ч харин  эсрэгээр тэд улам хүчирхэгжин 1658 онд догшин Иван хаан Хоо өрлөгийн ач Пунцаг хаантай холбоотон болох гэрээ байгуулж байжээ. 
Халимагын Аюухи хаан  1677 онд Оттоманы цэргийг ялж, 1678-1679 онд Оттоман Крымын хамтарсан цэргийг дараалан бутцохиж, 1681 онд Башкирыг хурааж орост нэгтгэн Хар тэнгист тэдний эрх ашгийг дархалж байв.
Ер нь халимагууд 1709 оны Орос Шведийн дайны  Полтавын тулалдаанд Швед пруссийн армийг, 1710 оны Орос-Оттоманы дайнд, 1-р Екатрина хатан хааны хүсэлтээр 1728 оны Орос Персийн дайнд, 2-р Екатрина хатан хааны хүсэлтээр 1786 онд Кавказ хавийг Оросод нэгтгээд, 1-р Александр хааны хүсэлтээр 1810-1814 оны Орос Францын дайнд Напеолоныг тус тус ялж Монголчуудын байлдах ур чадварыг дэлхийн гүрнүүдэд  харуулж байсныг Пруссын 2-р Фридрих хаан "оросын арми нь халимаг, башкир, татар цэргүүдээрээ л биднээс хүчтэй байдаг юм" гэж захидалдаа бичиж байсан бол,
 Францын Напеолон Бонапарт "Соёлт хүн төрөлхтөн байлдахдаа жигд цэмцгэр формтой цэргийн хайрцагласан жагсаал, сүрт бөмбөрийн нижигнээнд алхах зэргээр цэргийн урлагаа харуулах ёстой. Гэтэл оросын арми хүн иддэг зэрлэгүүдийг дайнд оруулснаас цэргийн урлагийг үзүүлж чадахгүй болоод байна. Та зэрлэгүүдийг турхирчихаад Оросын армийн хүч чадал гэж бардамнаж буй чинь инээдтэй хэрэг. Би тэр зэрлэгүүдтэй бус тантай, оросын армитай тулалдахыг хүсэж байна" гэж  Оросын хаанд  бичиж байжээ.
     1722 онд Аюухи хаан нас барснаар Оросууд тэдний дотоод хэрэгт илт оролцон олон тооны цагаач илгээн шашны номлогчдоороо далимдуулан ёс заншил уламжлал руу нь халдах боллоо.  Эл бүгдийг үл тэвчин халимагууд эх нутаг руугаа нүүх тухай ярих болов. 150-аад  жил олон цэрэг эрсийнхээ амиар оросын дайсныг даран мөхөөсний хариуд барьж буй Орос хаадын бодлогын эсрэг халимагын ихэс  ноёд монгол уламжлалт хурилдайгаа ёслол төгөлдөр хуралдан эцэг өвгөдийн уугуул нутаг болох  Монгол руугаа  нэгэн зэрэг нүүхээр шийдвэрлэж нууцаар бэлтгэж эхэллээ .
1771 оны нэгдүгээр сарын таванд Уваши тэргүүтэй ижил мөрний зүүн эргийн 200 гаруй мянган ойрадууд ачааллаа.  Торгуудын их нүүдэл гэж түүхэнд тэмдэглэгдсэн энэ нүүдэл Монгол Алтай хүртэл 6000 км газрыг 9 сар  туулахдаа  оросын хатан хаан 2-р Екатринагийн турхирсан эртний өст дайсан хасаг, башкир, киргиз  цэргүүдтэй цаг наргүй  цавчилдан байлдсаар хахир өвөл бөөн бөөнөөр хөлдөж үхэн,   халуун зун  их цөлийг туулахдаа харангадаж үхэн хоргодсоор  Тэнгэр уул,  Илийн голдоо ирэн Манж хааны монгол цэргүүдтэй учрахад дөнгөж 60 гаруй мянга нь л үлдсэн байсан гэдэг.
Туйлдаж ирсэн торгууд,хошууд, дөрвөд, хойдуудын тэргүүлэгч Уваши хан манжийн хаан тэнгэр тэтгэгч Цяньлунтай 1771 оны 10 дугаар сарын 15 нд уулзан Өргөн гуу хэмээх газар  3 хоног хамтран  их ав хийцгээжээ.
Уваши хан нэгэн  миссир сэлмийг (Аюухи хаан оттоманы султаны дүү пашагаас олзолж авсан) Цяньлунд бэлэглэж, манжийн хаан Цяньлун түүнд  Үнэн сүжигт Зоригт хан цол шагнаад манжийн төрөөс цалин пүнлүү олгож,  харьяат торгуудуудыг нь 5 хэсэг хувааж хоорондоо 10 өртөөний зайтай Хар шаар, Ховог сайр, Жин, Булган голд тараан нутаглуулжээ. Харин тус бүрт нь хошуу болгон тамга олгох гэсэнд Уваши дургүйцсэн ч түүнийг дөрвөн жилийн дараа 30 гаруй насандаа  амьсгал хурааснаас хойш тус тусад нь хошуу болгон тамга олгож манж хаан монголчуудыг хагаралдуулах дотор муу санаагаа хэрэгжүүлжээ. Уваши хаан цагаасаа эрт нас барсан нь ч Зүүнгарын сүүлчийн хаан Даваачын үргэлжлэл байх вий, зүүнгарын нутгийг дахин алдах вий гэсэн манж хааны санаа биз.
Энэ их гунигт, хүнд хэцүү нүүдлийн тасархай торгуудын үр сад одоо Булган голдоо  өөрсдийн торгууд ёс заншлаа хадгалан Уваши ханыхаа хөшөөг хоймортоо залан нутаглаж байна.


12.17.2013

Аавыгаа санаж байна, би... Миний аавыг Ядамын Нархүү гэдэг




Хүн бүрт л аавын тухай сайхан дурсамж зөндөө л байдаг. Миний аав геологич, геохимич хүн . Монголын анхны геохимичдын нэг . Биднийг бага байхад  бага гэлтгүй хэдэн жаахан хүүхдээ дагуулаад  л хөдөө их явдагсан. Зарим хүмүүс багын явдлаа хэлд орсноосоо  эхлээд  л  тэгж байсан, ингэж байсан гээд л ярьдаг. Минийх бол өөр, их сүүлд. Дөрөв тавтай л байсан байх нэг сайхан өвстэй ургамалтай, цэцэгтэй  навчтай уулын оройд тоглож байгаад миний өнхрүүлсэн  бөмбөг  дүүгийн маань хөлний дундуур гараад доошоо өнхөрчихөж билээ. Их л том бөмбөг байсан санагддаг юм, лав л хаяагүй байх, тэрийг авчирсан хүн нилээн алхсаан.

Эгч маань намайг гараасаа салгадаггүй хүүхэд байж билээ.  Нэгдүгээр  ангийнхаа ёолконд намайг дагуулаад яваваа. Манайх зуун айлд есдүгээр дэлгүүрийн тэнд,  эгчийн сургууль  зургаан буудалд. Хоёулаа  автобусанд чихцэлдэж явж очоод ёолкоо үзчихлээ. Буцаад харих гэтэл автобусандаа сууж чаддаггүй ээ. Тэр үеийн автобус бол сүртэй байлаа.  Буудлаасаа өмнө  зогсож нэг хуйлруулаад л,  буудлаа өнгөрч  зогсож нэг  уралдуулаад л, зогсохоороо баахан хүн чихэж аваад хэдэн удаа  тормос гэдэг юм  гишгэж  чигшиж,  чигшиж  л явдаг байлаа. Ийм л их үймээн дунд эгч автобусанд сууж би үлдэж, хоёулаа салчихлаа. Би төөрөв.  Яахав  уйлаад л зам дагаад алхлаа. Нэг морин тэрэгтэй өвгөн таарсан. Одоо бол хүний наймаанд явсаан. Гэтэл намайг хараад хэн нэгэнтэй нь адилхан санагдсан шиг байгаа юм,  гэртээ аваачин цай цүү болон жаахан дулаацуулж аваад   шалгааж шалгааж гэрийн чиг олж авсан биз  намайг хөтлөөд зам дагаад алхаж явтал нэг хүн толгой өргөн  “за энд юу хийж яваа билээ” гэхэд,  харсан аав.  Би гэж хүн газар ширтээд л уйлж явахгүй юу. Эгч гэртээ уйлж унжсан амьтан ороод л хавийг сандаргаж, тэгээд л  хуваагдаж аваад  хайж явсан нь  энэ байж.  Аавтайгаа байх сайхан шүү...

Миний аав Ядамын Нархүү  Ховд аймгийн Дарви сумын уугуул.  1943 онд  Ядам, Аюур нарын наймдахь  хүү болон мэндэлж 1951 онд  буюу есөн настайдаа Улаанбаатар хотноо шилжэн ирж  23 дугаар сургуульд орж суралцан төгсөөд 1968 онд Москва хотын Ломоносовын нэрэмжит их сургуулийг дүүргэсэн социализмын үеийн  сэхээтнүүдийн нэг.
Аавын минь найз ШУА-ын бага чуулганы гишүүн эрдэс судлалын ухааны доктор профессор П.Дугараа гуай ингэж дурссан байдаг.

Бидний дунд Улаанбаатар хотын 23-р сургууль төгссөн Я.Нархүү гэж бяцхан борхүү геохимичээр суралцаж байлаа. Тэрбээр авъяас  билэг тэгш нэгэн, ихээхэн оролдлоготой, хөдөлмөрч хичээнгүй, цаг хатуу баримталдаг, урлаг спортын төрөл бүрийн авъяастай, ялангуяа хөлбөмбөгийн хорхойтон “Торпедо” багийн тууштай дэмжигч байсан юм. Бидний оюутан цагийн олон сайхан дурсамжит үйл явдлын дундаас  манай Нархүү  амьдралын ханиа сонгон физикийн факультетын С.Сэлэнгэтэй хуримласан тэр мөчийг мартахын аргагүй. 1966 оны нэгдүгээр сард Москвагийн их сургуулийн “Г” корпусын амралтын өрөөнд дотно найзуудын хамт хуримаа хийж гал голомтоо бадрааж байж билээ.




Олон жил үерхсэн найз нь найзынхаа тухай ингэж дурссан байдаг. 
Аав минь  1968-1974 онуудад Чойрын геологийн удирдах газрын Монгол-Болгарын хамтарсан Дэлгэрэх,Буянтын анги  мөн  Улаанбаатар хотын геологийн удирдах газрын Жанживлангийн ангид инженер , ангийн дарга, ерөнхий инженерээр ажиллаж байлаа.
Энэ үед аав маань “Хайгуулчин” сэтгүүлийг санаачлан гаргаж нарийн бичгийн даргаар нь ажиллан мэргэжлийн эрдэм шинжилгээний хэд хэдэн өгүүлэл нийтлүүлсэн байдаг. "Хайгуулчин" сэтгүүл гарснаар аавын минь мэргэжил геологичид тэр үеийн соц орнуудын геологийн эрдэм шинжилгээний материалуудыг эх хэлээрээ уншихаас гадна өөрийн орны геологчдын судалгаа шинжилгээний тухай санал солилцох өргөн боломж нээгдсэн байх. Энэ сэтгүүлийн  дугаарууд манай  гэрт үргэлж л байдагсан.


Аав минь 1974 оны аравдугаар сараас Түлш Эрчим Хүч Геологийн яамны  ЭЗХТЗ-ын геологийн салбарын байнгын комиссын Монголын төлөөлөгчийн газрын нарийн бичгийн даргаар ажиллан 1982 оноос  Эрчим Хүч Уул Уурхайн Үйлдвэр Геологийн Яамнаа гадаад харилцаан газрын дарга, 1988 оноос тус яаманд гадаад харилцаан хэлтсийн  даргын ажил  хийж байгаад 1990 оны шинэ цагтай золгосон.

Миний аав Монгол улсын болон  ЗХУ, БНПАУ, БНСЧСУ-ын тэргүүний геологич хүн.











Таван хүүхэд төрүүлэн алдарт эх болсон миний хайрт ээж аавыг минь дурсан өөрөө ая зохион ийнхүү шүлэглэсэн.

                             Хайгуулчны аян
Зүйргүй сайхан энэ л нутгийнхаа
Зүйлийн гоёмсог эрдэнэсийг хайгаад
Хонгор жаахан чамайгаа би чинь
Холын аяндаа дуулж л явна аа
Аа аа аа
Алсын аяндаа сайн явна аа
Үлгэрийн сайхан энэ л нутгийнхаа
Үзэсгэлэн төгс эрдэнэсийг нээгээд
Үлэмжийн хайртай чамайгаа би чинь
Өр зүрхнээсээ үгүйлж явна аа
Аа аа аа
Аяны зам минь олзтой явна аа
Тавилан ерөөлтэй энэ л нутгийнхаа
Тансаг баян эрдэнэсийг нээгээд 
Дотны хайртай чамайгаа би чинь
Догдлох сэтгэлдээ мөрөөдөж явна аа
Аа аа аа
Амраг чамдаа яарч явна аа

Гоё дуулсан байгаа биз. Үнэхээр сайхан аав ээжийн хүүхдүүд бид.
Аав минь ид бүтээж хийх дөчин есөн насандаа бурханд чухалчлан биднийг орхин одсон ч гэлээ энхрий хайрт  ээжтэй  минь,  үр болсон бидэнтэйгээ, үлдэж хоцорсон төрөл төрөгсөдтэйгээ  үргэлж л  хамт л байгаа гэж боддог.

Таны хайрт  хань тань, төөрч гүйж явсан таны хоёр  хүүхэд,  тэр бөмбөг хөл нь дундуур нь гарсан дунд охин чинь  , түүний дараахь мэнгэтэй бор хүү ,  үргэлж эрхүүлдэг хэнзхэн  бага охин чинь, таны анхны хайртай ач тань  бид бүгдээрээ л  таныг үгүйлж сууна. Таны үр ач чинь улам олон болж байна даа, ааваа...

12.16.2013

Тоорой банди

             
 Халхын  шилийн сайн эрсийн нэг "Төрийн бөөс " хэмээн алдаршсан Тоорой банди буюу Нанзад 1834 оны үед Бударын чулуу гэдэг газар төржээ. Чойном гуайн уянгалсан алдарт сүмтэй Бударын чулуу.
Нанзад цахар хүн бөгөөд 1860-аад онд  цахар найман хошуу төдийгүй халх даяар нэр нь  түгсэн шилийн сайн эр байлаа.Тоорой бандийн тухай бичиж үлдээсэн зүйл үгүй бөгөөд олны ам дамжсан домог хууч элбэг. Багаасаа ээжтэйгээ ядуу тарчиг өссөн ба эрийн цээнд хүрээд эр чадлаараа баяд ноёд, харийн худалдаачдын эсрэг тэмцэн олсон олзоо дан ганц амин хувьдаа бус нутгийн олонтойгоо  хуваадаг байсан нь олон түмний хүндлэл хайрыг хүртжээ. Мөн тэр  дуулж хуурддаг авъяаслаг нэгэн байжээ. Насан өндөр болоод Нанзад гуай Бударын чулуу ,Таван толгой , Шартын хад хавиар нутаглаж байгаад 1904 онд нас баржээ. Түүний нэрийг  хоёр янзаар буюу Торой эсвэл Тоорой гэж ихэвчлэн бичдэг. Торой гэсэн нь  гахайн үр төл торой бол  яавч биш алсаас ганцаар тодрож торойхын л торой биз. Тоорой бол ойлгомжтой  говь цөлд өөрийн тэсвэр тэчээрээр  олон жил ургадаг тоорой модны нэр.  Аль нь ч байсан Нанзад бол  шилийн эрсийн дундаас торойж тодорч  үлдсэн  ард түмний хайртай Тоорой банди билээ.
 Ганга нуураас зүүн хойшоо 6 км-т Гангын Цагаан овоо хэмээх уул бий. Гангын цагаан овоо уулыг эрт цагт тахиж шүтдэг байжээ. Түүний нэгэн жижигхэн довцог дээр Тоорой бандид зориулж нэгэн  хөшөө босгожээ.  Энэ хөшөөнд Торой бандийг суугаа байдлаар нэг гараараа өвдгөө тулж, нөгөө гартаа аягатай зүйл барьж хажуудаа малгай, буу, богц зэргийг тавьснаар дүрсэлсэн аж. Эр хүний жаргал эзгүй хээрээ гэсэн сайхан хөшөө.

 Эдүгээг хүртэл Дарьгангачууд  Тоорой бандийн тухай олон домог түүхийг хүүрнэн өгүүлсээр байдаг.

Домог.
 Нэг удаа Тоорой банди баяд ноёдын адуунаас авсан адуу малаа үгээгүй ядуу дорой ардуудад тарааж явахдаа нэг ядуу хүнд морь өгчээ. Тэгээд тэр хүнд энэ морийг....газрын ....түшмэлийн адуунаас авсан юм шүү. Адуучин нь ирээд морио үзэж танивал Тоорой өгсөн" гэж хэлээрэй. Хэрэв морио авч явбал надад хэл хүргүүлээрэй гэж хэлээд явжээ. Удалгүй нөгөөх түшмэлийн адуучин ирээд морио үзэж таниад авахад нь "Тооройгоос авсан" гэж хэлсэн боловч нэмэр болсонгүй. Тэр хүн энэ тухай Тоорой бандид хэл хүргүүлжээ. Үүнийг сонссон Тоорой банди өөрийн нөхдийн хамт нөгөө түшмэлийн адуунаас шилж байгаад 20 адуу авсан гэнэ. Түүнээс хойш Тоорой банди "Төрийн бөөс" хэмээн алдаршин  баяд ноёдууд алдсан адуу малаа үзэж таниад "Тоорой өгсөн"  гэвэл буцааж авдаггүй байсан гэдэг.

Домог. Тоорой банди хүрээний шоронгоос ардуудын тусламжтайгаар гараад Дарьгангаа чиглэж мордсон гэнэ. Түүний оргож зугтсаныг мэдээд арван тавны цагдаа
 цэргүүд нэхэн хөөсөн гэх. Тоорой банди баригдахгүйн тулд зугтасаар л. Хойно өмнөө орж хөөцөлдсөөр байгаад  Дарьганга нутагт хүрчээ. Тоорой банди Алтан-Овоо буюу Дарь Овоонд нуугдах гэж бодсон бололтой, тэр ууланд гарсан гэнэ. Цагдаа нар ч  хэдийн  мэдээд Дарь Овоог гурван талаас нь бүсэлжээ.  Дарь Овооны өмнө тал нь эгц тул морьтой хүн бууж чадахгүй хэмээгээд, зүүн, баруун, хойно гурван талыг нь бүслээд уул өөд мацацгааж гэнэ. Гэтэл моринд сайн, арга самбаатай Тоорой банди цагдаа нарын бодлыг хөсөрдүүлэн, Дарь Овооны эгц уруу ажигч үгүй буугаад арилаад өгч гэнэ.  Алтан овоо буюу Дарь Овооны эгцхэн урд уруу нь буусан тод замыг Дарьгангачууд "Тооройн зам" хэмээн нэрлэдэг

Домог. Тоорой банди Баяндэлгэрийн баруун биед хоёр сайн эр байдгийг дуулаад эрж сурж явсаар олж уулзжээ. Тоорой тэдэнтэй уулзаж мэндэлж, улмаар танилцаад та хоёрт авч чадаагүй юм байдаг уу? хэмээн асуужээ. Тэгэхэд цаад хоёр нь баруун хойно нэг баян тангадынхаас хурдан шарга морийг нь авч чаддаггүй юм гэжээ.  Ингээд Тоорой банди тэр айлаас хурдан шарга морийг нь нийлж хулгайлахаар тохиров. За тэр айлаас морийг нь авахаас өмнө нэг хонийг нь авч ирье! Та хоёрын нэг нь миний мориор яв! Миний морь хотных нь захад хүрээд л мөлхө
өд явчих нь. Тэгэхлээр нь хоттой хониноос нь нэгийг шүүрч аваад гараарай! харин чөх! гэж хэлж болдогтүй юм шүү! гэж захижээ. Нөгөө сайн эр хэлсэн ёсоор очиж нэг хонь шүүрч аваад дүүртэл нохой боорлож, сандрахдаа "чөх” гэтэл морь нь суга үсрэн хулгайч маань хонио тэврээд хотонд нь үлджээ, Морь нь эмээлтэйгээ эзэн Тооройдоо давхиад ирж, Тоорой ч нөгөөх маань баригдаж дээ гэж мэдээд маргааш нь үлдсэн нөхрөөр нь баахан жижиг чулуу түүлгэж богцонд хийж ганзагалаад ноён хүний хувцас гаргаж өмсөөд баян тангадынх руу бараалхжээ. Тэр айлынхан за ноёнтон, хаанаас хаа хүрч явна вэ? манайд хулгай ороод барьж авсан гэх зэргээр л баахан юм ярьж байна гэнэ. Аа! Би эзний сангийн мөнгө хураагаад явж байна. Өнөө орой хөсөгнөөсөө салчихлаа, энд саатна л гэж  гэнэ.  Тоорой - тэр хулгайчаа илүү гэрт оруулаад, манаа гаргаад сайн харж бай! Миний юмыг ч гэсэн манаатай, хүлээтэйгээр тэнд оруулчих гэж. Тэгээд мөнгөндөө ойр унтана гэж илүү гэрт ор дэр засуулжээ. "Ноёнтон" дэрэн дээр толгой тавингаа унтаж хоёр манаа харсаар байгаад үүрээр дуг хийжээ. Тэр хооронд нь нөгөө нөхрийнхөө хүлээсийг нь тайлж, морио унуулаад богцтой чулуугаа ганзагалуулан явуулчихаад  өөрөө  унтаж  байсан чинь өглөө сүйд майд болжээ. "Ноёны морь алга”, "хулгайч алга", "мөнгө алга" хэмээн үймж байна гэнэ. Ноёнтон сая л сэрж байгаа хүн болон босож, за эзний сангийн мөнгө алддаг ч зэвүүн хэрэг байна даа! Мөн ч тоогүй юм болж дээ! Толгойгүй гэсэн үг! Надад нэг хурдан морь байвал арга байна гэж хэлжээ. Гэтэл ноёнтон минь! аргалж үз! Аминд минь ор! Манайд нэг хурдан шарга морь байдаг юм. Түүнийг унаад яв, амь өршөөхийг л та хичээгээрэй гэж хэлээд Тоорой бандид баахан өргөл барьц өгч хурдан шарга морио унуулаад явуулжээ.