9.17.2014

Мянга нэг зуун настай монгол гэгээн

Ази царайтай нэг ахимаг насны эр өглөө бүр Жон Хоупкин их сургуулийн өмнөх талбайг өнгөрч Гилман Холлын дөрвөн давхарт орших ажлын өрөөгөө зорино. Энэ бол монголын түүхэн дэх 14 хутагтын нэг “мянга нэг зуун” настай Дилов гэгээн ажээ.

Сайн байна уу? Баяртай гэх хэд гурван үгнээс өөр англи хэл мэддэггүй ч түүний нүүр дүүрэн зөөлөн инээмсэглэл нь оюутнуудтайгаа ойлголцоход нь тус дэм болдог аж.

Дилов хутагтын 1100 нас гэдэг нь ёс төдий ойлголт юм. Шавь нар нь түүнийг 1100 жилийн тэртээ мэндэлсэн Дилов нэрт хутагтын 19 дэх хувилгаан дүр гэж итгэдэгтэй нь л энэ тоо холбоотой. Уг ёсоороо 67 нас хүрч байгаа юм. 

Тэрбээр 1883 онд Нарванчин хийдийн ойролцоо малчны гэрт төрсөн агаад 300 лам хурдаг Нарванчин хийдийг толгойлж хутагт гэгдэх болов. 18 насанд нь өвөрмонголын хоёр ч хийд түүний мэдэлд ирэв. 1931 онд томоохон хуврагуудын зарим нь цаазлагдан, ор сураггүй болж Дилов хутагт амь хэлтэрхийн эрхээр эх нутгаасаа зугтан гарчээ.

Тэр үеээс хойш 18 жилийг цагаачийн амьдарлаар туулсан Дилов хутагт Бээжинд доктор Латтимортой уулзан улмаар сайн нөхрийн харьцаа тогтоожээ. Дотно сайхан харьцаа нь зөвхөн тэдний дунд төдийгүй Латтиморын гэр бүлийнхэн ч түүнийг хайрлан хүндэлдэг байжээ. 
“Манай хүү Дэвид чинь Дилов хутагтын хуурай хүү шүү дээ” Латтиморын хатагтай хэлж байсныг санаж байна.

Хятадад өнгөрөөсөн он жилүүдийнхээ тухай Дилов хутагт:
-Би Бээжингийн нэгэн хийдэд олон жил өнгөрүүлсэн. Чан кайшийг олон жилийн өмнөөс мэднэ. Тэр миний төлөө багагүй зүйл хийсэн шүү гэж байв.

Буурал сор суугаагүй үсээ хусуулсан энэ хүнийг хэн ч 67 настай гэхээргүй. Тэрбээр гэртээ богино ханцуйтай даавуун цамц өмсөх агаад орж ирсэн зочныг зөөлөн буйданд урих мөртлөө өөрөө энгийн модон сандал дээр завилан сууна. Дилов хутагт зөөлөн дуугаар үгээ салган, удаан ярьдаг хүн бөгөөд хэлмэрчээ орчуулж байх хооронд дараагийн үгээ бодож суудаг. Түүний хамгийн их ярьдаг зүйл бол төрөлх сүмийнх нь тухай дурсамж байлаа. Тэр тухай ярихдаа өөрийнхөө гараар зурсан сүмийнхээ зургийг заавал үзүүлнэ.

“Нарванчин маань одоо устгагдсан байх даа” гэж тэр гунигтайхан өгүүлж байсан юм. Дилов хутагт өрөөнийхөө нэг ханыг бурхан шүтээний индэр болгон хувиргаж, гүнгэрваатай бурхнаар дүүргээд мөнгөн цөгцтэй зулуудыг түүний өмнө эгнүүлэн тавьжээ. Бас тэнд олон лонх хэлбэтэй сав байх ба түүндээ шар, цэнхэр, ягаан өнгийн цаасан цэцэг суулгажээ. Энэ бүхний гол хэсэгт жижиг мөнгөн гүнгэрваанд завилан суусан Будда бурхны баримал байх аж. Харин түүний ард улаан өнгөтэй том хайрцаганд ном судраа хадгалдаг гэнэ.

Дилов хутагт өглөө бүр бурхныхаа өмнө сөхрөн сууж мөргөл  үйлдээд хоёр мөнгөн аягандаа сүү юмуу цай, найман алтан цөгцөндөө ус хийдэг. Энэ ямар учиртай вэ гэвэл цай ундныхаа дээжийг бурхандаа өргөн барьж байгаа хэрэг юм.

Мөргөлөө дуусган цай ундаа уусны дараа тэр сургууль руугаа явна. Дилов гэгээн европ хувцсанд дасаж чадахгүй тул ихэвчлэн бор өнгийн урт дээл өмсөж, харин баяр ёслолын үеэр улаан өнгэтэй торгон дээлээр гоёно.

Дилов гэгээн хэдийгээр монгол маягаар амьдардаг ч гэсэн америкийн нийгмийн амьдралд түүний сонирхлыг татдаг зүйлс багагүй бий. Жишээлбэл зарим нэг түүхийн сэдэвт кино, гудамжинд мянга мянгаараа шуугилдан давхих автомашинууд, шөнийн гэрлэн чимэглэл, том дэлгүүрүүд гэх мэт.

Гэвч америкт түүний бодлоор хамгийн сайхан зүйл бол Эрх чөлөө гэнэ. Дуртай газартаа очиж, таалагдсан ажлаа хийх бүрэн боломжтой агаад хийдийн тэргүүн байхад ч ийм байгаагүй гэж дурсана.

Дилов хутагтад шавь орох хүсэлтэй олон хүн дэлхийн өнцөг булан бүрээс түүнд захидал ирүүлдэг. Харин түүнд төрөлх Монгол орон, Нарванчин хийддээ нэг удаа ч болов очих боломжийг бурхан багш заяах байгаа хэмээн найдсаар, түүгээрээ амьдарсаар яваа ажээ.

1950 онд АНУ-ын нэгэн сонинд гарч байсан Бен Херманы нийтлэлээс хэсэгхэн...

  

0 comments:

Post a Comment